“Ainko entertainment” компанийн захирал Г.Гантуяатай ярилцлаа.
-Анх БНСУ-ыг зорих шалтгаан нь юу байв. Тус улсад хэдэн онд очсон бэ?
-2022 оны дөрөвдүгээр сард гэр бүлээрээ БНСУ-ыг зорин ирж амьдраад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Ханийнхаа ажлын шаардлагаар ирж суурьшин амьдрах болсноо зарим талаар боломж гэж хүлээж авсан. БНСУ-д ирсэн нь үр хүүхдийн минь төлөвшил, боловсрол, хэлний мэдлэг гээд ирээдүйд нь том хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэдэг.
-БНСУ-д тоглолт зохион байгуулдаг энтертайнмэнт компани байгуулж, анхныхаа ажлын ард гарчээ. Энэ бүхэнд эхлэл цэг байгаа даа?
-БНСУ-д анх ирэхэд Монголоос хамтлаг, дуучид ирж энд ажиллаж амьдардаг нутаг нэгтнүүддээ зориулан тоглолт зохион байгуулахад түүнийг нь алгасалгүй үздэг байлаа. Гэхдээ тоглолт болгоноос нэг таагүй зүйл ажиглагдаад байх. Ажиглалтдаа тулгуурлаад эдгээр тоглолтыг арай өөр түвшинд гаргах ёстой гэж бодсон хэрэг.
-Энтертайнмэнт салбартай ямар нэгэн шижмээр холбоотой учраас тоглолт бүрийг үзэж, дүгнэлт хийсэн болов уу гэж бодогдлоо?
-Би багаасаа л дуулж бүжиглэх дуртай, сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцоод түрүүлдэг нийгмийн ажилд идэвхтэй охин байсан. Намайг сургууль төгсөх үед Солонгос урлаг Монголд ид хүчээ авч байлаа. Тэр үед л би Солонгос охидын хамтлагийнхан шиг дуулж, бүжиглэдэг хамтлаг байгуулахаар шийдсэн. Үеэлтэйгээ нийлж “Ocean eyes” нэртэй хамтлаг байгуулаад сургуулийнхаа дөрвөн охиныг ардаа бүжиглүүлдэг болсон. Ингээд хаана л тоглолт болно очиж шалгуулаад л тоглолтод нь оролцдог болов. Нэгэн удаа монголчуудын шимтэн үзэж байсан “Сэргэлэн охин Ян Сунь” киноны од Жан На Ра Монголд тоглолтоо хийх болоход зохион байгуулагчтай нь уулзаад тоглолтод нь оролцож байлаа. Энэ үеэс би энтертайнмэнт урлагийн зах зухаас гадарлаж, сонирхож эхэлсэн.
-Монгол хамтлаг дуучдын тоглолтыг үзээд юу дутагдаж байгааг анзаарав. Өөрчлөхийн тулд хамгийн түрүүнд ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж бодсон бэ?
-Хамгийн түрүүнд хийх зүйл бол хамтлаг дуучидтайгаа холбогдох жим гаргахын тулд албан ёсны компани байх ёстой гэж үзээд 2024 оны тавдугаар сард “Ainko entertainment”-аа байгуулсан. Дуучид дэлхийн хаана ч, аль ч улсад тоглолт хийсэн хөгжим дуугаралт, тайз гэрэл гээд бүгдийг мэдэж ирдэг байх. Тухайн улс оронд тэднийг хүлээн авч, тоглолтыг нь зохион байгуулж байгаа хүмүүс бага ч болов урлаг ойлгодог, хайрладаг, үзэгчдээ хүндэлдэг хүн байвал үзэгчдийн сэтгэлд хүрсэн тоглолт болох болов уу. Зүгээр л дуучнаар мөнгө олж үзэгчдийг хуурсан тоглолт хийгээд байвал удаан оршин тогтнох боломжгүй. Ийм бодол намайг энэ салбар руу орох сэдэл төрүүлсэн.
Монголчууд энтертайнмэнт салбараа хэн нэгний өрсөлдөгч болгох хэрэггүй, өөрсдөө л дэлхийн хэмжээний шоу тоглолтуудаа зохион байгуулж үзээд байхад болохоор санагдсан. Солонгос улсад монголчууд тоглолт зохион байгуулж болох ч яг эх орондоо үздэг энтертайнмэнт тоглолт шиг тоглолтуудыг гаднын улс оронд ажиллаж амьдарч байхдаа яагаад үзэж болохгүй гэж.
-Таны зохион байгуулсан дуучин Т.Ариунаагийн тоглолт БНСУ-д амжилттай болж өндөрлөлөө. Зохион байгуулагчийн хувьд сэтгэгдэл ямар байна?
-“Ainko entertainment” компаниа байгуулаад хамгийн түрүүнд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн тоглолтыг зохион байгууллаа. Т.Ариунаа эгчтэй холбогдоод санал тавихад маш сайхан халуун дотноор хүлээж авсан. Үүний дагуу арваннэгдүгээр сарын 15-нд түүний “Нандин учрал” тоглолтыг БНСУ-д дэглэн үзэгчдэд хүргэлээ. Энэ удаа дуучин, үзэгчийн байр сууринд өөрийгөө тавьж, төсөөлөн бодож дэглэсэн учраас тоглолт маань амжилттай болж чадлаа. Юуны өмнө миний саналыг талархалтайгаар хүлээж авсан дуучин Т.Ариунаа эгчдээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Урлагт олон жил амжилттай, нэр хүндтэй ажиллаж ирсэн дуучнаас авсан зөвлөгөө бүр миний хувьд үнэ цэнтэй байлаа. Т.Ариунаа эгчийн сэтгэл гарган зөвлөсөн зөвлөгөө бүр манай энтертайнмэнт компанийн цаашдын ажилд том түлхэц болох нь гарцаагүй. Эхлэл гарааны цэг дээр байсан “Ainko entertainment”-ийн өмнөх хаалгыг маш томоор цэлийтэл нээж өгөөд буцлаа гэж би бодож байна. Тоглолт болох хугацаанд ээж маань миний зөвлөгч, сургагч багш болсон. Энэ тоглолтыг зохион байгуулахад миний дотнын дөрвөн найз, дуучин П.Баярцэнгэл, Б.Нацагдорж, хөтлөгч Э.Гантулга тэдний эхнэрүүд гээд маш олон хүний зөвлөгөө тусламж, алдаа оноог минь харж, хэлж байлаа. Энэ тоглолтыг зохион байгуулахад маш олон хүний туслалцаа, дэмжлэг, оролцоо бий. Нийт 65 хүн арын албанд ажилласан байна. Үнэхээр том баг бүрдүүлж чадсан учраас л амжилттай дуусгалаа. Тоглолт дуусаад сошиалд дүрстэй мэдээллүүдээ оруулахад сэтгэл санааг дүүргэж чадсан сэтгэгдлүүд уншсан. Үзэж амжаагүй хүмүүс тоглолтын талаар олж мэдээд харамсаж байгаагаа илэрхийлж дараагийн тоглолтын товыг асууж, тэсэж ядан хүлээж байгаагаа бичсэн байсан. Тиймээс дараагийн тоглолтоо арай өөр өнгө төрхтэйгөөр хийхээр төлөвлөж ажилдаа ороод байна. Дараагийн тоглолт маань арванхоёрдугаар сарын 30-нд болно. Тэр өдөр монголчуудтайгаа ахин уулзана гэхээр сайхан байна.
-Солонгосын энтертайнмэнт
Азидаа төдийгүй дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэнэ. Тэднээс санаа авах, сурах зүйл олон байгаа биз?
-Солонгосын шоу урлаг дээд хэмжээнд тултал хөгжсөн. Бидэнд эндээс санаа авч, сурах зүйл их бий. Гэхдээ би даган дуурайхаас илүү сэтгэхийг хүсдэг. Шоу урлагийг тултал хөгжүүлнэ гэдэг том зорилго тавьсан учраас бусдыг хуулбарлах санаа алга. Шинэ санаа, шинэ сэдэл тархинд зурсхийх төдийд л би төсөөлөн бодож, нүдэндээ дүрслэн харж угт нь тултал бодож боловсруулсны эцэст хэрэгжүүлэхээр ажилдаа ордог. Одоохондоо Солонгост үйл ажиллагаа явуулж байгаа ч цаашдаа Монгол хамтлаг дуучдынхаа тоглолтыг дэлхий даяар зохион байгуулах зорилго тавьсан. Дээр өгүүлсэнчлэн Монголдоо үздэг сайхан тоглолтуудаа ажиллаж, амьдарч байгаа улсдаа үзэж яагаад болохгүй гэж. “Ainko entertainment” цаашдынхаа зорилтын хүрээнд баг бүрдүүлэлтдээ 100 хувь болгоход анхаарч ажиллана. Багаа бүрдүүлж гүйцлээ гэж үзэх тохиолдолд Европын улс оронд амьдарч буй монголчууддаа бүрэн хэмжээний тоглолт тавьж үзүүлэх болно.
-Шоу бизнест хөл тавьж байгаа хүн монгол хамтлаг дуучдаа дэлхийд гаргах шинэ санаа, төлөвлөгөөтэй байгаа байх?
-Дөнгөж эхэлж байгаа энтертайнмэнт компани учраас бизнес гэж яримааргүй байна. Эхний ээлжид зүрх сэтгэлийн дуудлагаар шоугаа санасандаа тултал хийж, гадаадад байгаа монголчууд маань ганц өдөр ч болов аз жаргалыг мэдэрч, ажил төрлөө мартагнаж, нутаг нэгтэнтэйгээ уулзан, аав ээж, үр хүүхэдтэйгээ уулзсан мэт болж байвал миний санаа амрах гээд байна. Би уг нь салоны артист чиглэлээр ажилладаг. Манай салоноор үйлчлүүлдэг хүмүүс жаргал, зовлонгоо хүүрнэх нь элбэг. Яриа надад их ойр тусдаг болохоор тэднийг яаж ганц өдөр ч болов жаргалтай байлгах вэ гэдэг бодол намайг их шаналгадаг байлаа. Отгон энтертайнмэнт компани гэхээр хүн баярлуулах сэдлээс төрсөн гэж болно. Энэ мэтээр яриад байвал олон хүчин зүйлээс үүдэлтэй.
Монголчууд урлагт хайртай дууч ард түмэн. Авьяас билигтэй энэ ард түмний төлөөлөл яагаад дэлхийн шоу ертөнцөд орж өөрсдийгөө сорьж болохгүй гэж. Бид дэлхийн тайзанд гарах зам гарцаа мэдэхгүй байгаа юм болов уу. Одоо бас ч гэж энтертайнмэнт хөгжөөд шинэ залуу уран бүтээлчдийг гаргаж ирж байна. Урьд нь хамтлаг дуучид маань “бор зүрх”-ээрээ л явж байлаа шүү дээ. Монголын телевизийн шоу нэвтрүүлгүүд үүнд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Гэхдээ энэ миний л хувийн бодол. Мэргэжилтнүүд өөр өнцгөөр ярих байх. Нэг үеэ бодвол гаднын энтертайнмэнт компаниудтай гэрээ хийсэн уран бүтээлчдийн тухай мэдээ сонсогддог болжээ. Ийм мэдээ сонсоод үнэхээр баярлахгүй байж чаддаггүй. “ The Hu” хамтлаг шиг дэлхийд алдартай дуучин, уран бүтээлч гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
-Танай компани ирээдүйд дэргэдээ шинэ залуу дуучин, жүжигчдийг сургадаг агентлагтай болох уу?
-Одоохондоо тийм бодол алга. Зөвхөн хилийн чанадад байгаа монголчууддаа зохион байгуулалттай, жинхэнэ энтертайнмэнт шоу үзүүлэх зорилготой.
-Танд нэмж ярих зүйл байвал хэлж болно шүү?
-Эцэст нь хэлэхэд тоглолтыг маань ирж үзсэн, тоглолтыг зохион байгуулахад дэмжсэн монголчууддаа чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье. Ийм том ажил төлөвлөөд ороход найдвартай ар талыг минь хариуцсан ханиараа бахархахгүй байхын аргагүй.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24624/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна