Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ сарын 5-нд тохиолоо. Засгийн газрын 2004 оны “Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай” тогтоолоор Төрийн хэлний зөвлөлийг анх байгуулж байсан түүхтэй. Ерөнхийлөгчийн 2015 оны Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулах зарлигаар “Төрийн хэлний зөвлөл нь монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үүрэг бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллах Хэлний бодлогын үндэсний зөвлөл” болж өөрчлөгдсөн байна. Өмнө нь Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг салбарын сайд даргалдаг байсан бол 2018 оноос хойш өөрчлөгдсөн байна. Тус зөвлөлийн салбар 21 аймаг, 330 суманд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 20 жилийн ойн хурал Төрийн ордонд боллоо.
Ойн хуралд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш Л.Дашням тавьсан илтгэлдээ “ Монгол хэлээ хайрлаж хамгаалж, цэвэр ариун байлгахын төлөө, цаг ямагт хөгжүүлэхийн төлөө байдаг хичээнгүй ажилтнууддаа Монголын төр цаг ямагт анхаарал тавьж ирсэн. Эрдэнэт хүнийг тодорхойлогч нь хэл юм. Хэлгүй бол орчлонгийн амьдрал утгагүй болно. Орчин цагийн хүмүүс “Хэлтэй бол хөлтэй” гэдэг. Өнөөдөр дэлхийд долоон мянга гаруй хэл байгаа бөгөөд 3/1 нь мөхжээ. Хэл энх тунх байна гэдэг Монгол монголоороо байгаагийн баталгаа. Үнэхээр ч “Чингисийн Монгол” хэмээн алдаршсан энэ улсын баталгаа нь монгол хэл мөнөөс мөн. УИХ-аар Монгол хэлний тухай хуулийг баталсан. Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн тухай хууль, Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого зэрэг монгол хэлний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд хяналт тавин ажиллаж байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөл гадаад дахь салбар зөвлөлийг байгуулж, олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг, үсгийн хэрэглээ, сургалт, судалгааг өргөжүүлэх, гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлд монгол хэл бичиг, уламжлалт зан заншил, түүх соёлын мэдлэгийг дээшлүүлэхэд туслах ажлыг хийж байна. Монгол хэлний нэр, томьёоны тогтвортой хэллэгийг буй болгох зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд Улсын нэр томьёоны комиссыг сэргээн байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжууллаа. Нэр томьёоны комиссын хурлаар 10 гаруй салбарын 50 мянга орчим нэр томьёог хэлэлцэн шийдвэрлэж, Хэлний бодлогын үндэсний бодлогын зөвлөлийн хурлаар баталлаа. 700 гаруй мянган нэр томьёоны сан бүрдүүлж, Нэр томьёоны цахим толийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Манай зөвлөл нийтийн эх хэлний боловсролд анхааран ажиллаж, монгол үсгийн дүрэм, монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг баталж, бүх нийтээр мөрдүүллээ. Нэгдмэл нэг дүрэм, журамласан толь бичигтэй болсноор нийгмийн эх хэлний мэдлэг, боловсролд томоохон дэмжлэг болсон юм. Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь цахим хуудас болон журамласан толь гар утасны аппликейшнээр ашиглах боломж бий болсон. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол бичгийн кодчилол, стандартыг бий болгох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Монгол бичгийн юникод, үсгийн хэлбэр сонголтын дүрмийн төслийг боловсруулж, юникодын техникийн хороонд хүргүүллээ. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн анхны дарга, сайд асан А.Цанжид “Дэлхийн улс орнуудын сургалтын хөтөлбөрүүдийг харлаа. Хүүхдийг бага сургуульд байхад нь эх хэлийг нь эзэмшүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг юм байна. Энэ нь хүүхдийг хэл соёлоо хайрлахад нь анхаарсны илрэл. Мөн эх хэлээ гарамгай эзэмшсэн бол цаашдаа бусад хичээлдээ сайжирдаг юм байна. Тиймээс бид ч үндэсний хэлээ чадамгай эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй ” гэдгийг ойн хуралд оролцож хэлсэн үгэндээ онцоллоо.
Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг үүсгэн байгуулсны 20 жилийн ойн хуралд оролцсон эрдэмтэн, зохиолчдын сэтгэгдлийг сонссон юм.
Л.Дашням: Хүүхдүүд кирил болон монгол бичигтээ анхаарах цаг болсон
/Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш/
-2025 оноос төрийн зарим ажлыг хос бичгээр хөтөлнө. Энэ бол боломжтой, бид ч бэлэн. Манайхан бүх нийтээр гэж ташаа ойлгож байх шиг. Өнөөгийн хүүхдүүд кирил болон монгол бичигтээ анхаарах цаг болсон байна. Эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь гадаад хэлтэй болгоно гээд үндэсний хэлгүй болгох аюул бий болсон. Аливаа хэл хэрэглэгчгүй болсон тохиолдолд мөхдөг жамтай. Тиймээс бид эх хэлээ хэрэглэгчгүй болгохгүйн тулд монгол хүн бүр үүнд анхаарал хандуулах шаардлагатай юм.
Ц.Өнөрбаян: Бичиг, үсэг нь аливаа үндэстний хэлний дархлааг тээж явдаг хүчирхэг зэвсэг
/МУБИС-ийн доктор, профессор/
-Хүн төрөлхтний оюуны соёлын хамгийн гайхамшигтай бүтээл бол хэл, түүнийг дагаж үүссэн бичиг, үсэг байдаг. Бичиг, үсэг нь аливаа үндэстний хэлний дархлааг тээж явдаг хүчирхэг зэвсэг. Тийм учраас монголчууд өнө эртээс бичиг, үсэг, соёлын арвин баялаг өвтэй. Тэр дундаас бидний үндэсний бичиг буюу монгол бичиг, кирил монгол бичиг бол монголчуудын оюуны соёлын маш үнэт өвийг хадгалж байна. Монгол бичиг нь монголчуудын үндэсний дархлаа учир мянга гаруй жилийн турш тасралтгүй хэрэглэж байна.
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хос бичгээр төрийн албан хэргийг хөтлөх сайхан боломж нээгдсэнд баяртай байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон эх хэлээ эрхэмлэн дээдэлж явдаг хүмүүсийн ачаар бэлтгэл ажлыг хангасан гэж бодож байна. Өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа ажилтнууд монгол бичгээ мэднэ. Мөн цахим орчинд монгол бичгийг кирил рүү, кирилээс монгол бичиг рүү хөрвүүлэх ажлыг зохих түвшинд хийсэн. Тиймээс монголчууд монгол бичгээр бичих журам үүргээ сайн биелүүлэх байх гэж бодож байна. Өнөөдөр ӨМӨЗО-д монгол бичгийн хэрэглээ өргөн дэлгэрсэн. Тэнд монгол бичгийн цахим хэрэглээний талаар туршлага бий. Монголчууд бид монгол бичгийн өв соёлоо дээдэлж ирсэн. МУИС, МУБИС монгол бичгээ тасралтгүй зааж ирсэн. Тиймээс өнөөдөр монгол бичгээ төрийн хэмжээнд эргэж сэргээх бүрэн боломжтой.
Т.Галсан: Хүүхдүүдийг үндэсний ухамсраар сэтгэл зүйг нь бэлдэх хэрэгтэй
/Ардын уран зохиолч/
-НҮБ-ын индэр дээрээс Монгол Улсын элч төлөөлөгч нар, төрийн тэргүүн маань монгол хэлээрээ ярьдаг болсон. Өмнө нь гадаад хэлээр ярьдаг байлаа. Гадаадынхан манайхны ярьж байгааг сонсоод “Чингисийн хэлээр ярьж байна. Үгсийн сан нь ямар сайхан баян, яруу дуудлагатай юм бэ ” гэж бишрэн гайхаж байна. Ардчилсан хувьсгал үндэсний монгол бичгээ сэргээж чадсан. Өнөөдөр таван үеийн монгол бичигтэнтэй болсон байна. Манай наймаачид сор бүтээгдэхүүнээ монгол шошготой болгосон нь гадаадынхны нүдийг сэргээж байгаа юм. Монголчууд өөдлөн дэвжих өнгө төгөлдөр болж байгаад баяртай байна. Одоо хүүхдүүдийг үндэсний ухамсраар сэтгэл зүйг нь бэлдэж, монгол бичгийг сургах хэрэгтэй.
Ийнхүү Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ойн хурлын үеэр зарим хүмүүст шагнал гардууллаа. Мөн ойн хурлын үеэр “Эх хэл, үндэсний бичиг” үзэсгэлэнг Төрийн ордонд дэлгэсэн байлаа. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор Н.Нарангэрэл “Манай Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн үе үеийн дарга нарын гаргасан тогтоол, шийдвэрүүдээс эмхэтгэн, үзэсгэлэн нээлээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг 12 дарга, Ажлын албаны гурван дарга удирдан явуулжээ. Зөвлөл 20 жилийн хугацаанд 80 гаруй тогтоол шийдвэр гаргасан байдаг” гэсэн юм. Үзэсгэлэнд Зөвлөлийн түүх, 20 жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажил, тогтоол шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхтэй холбоотой “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаас дэлгэжээ.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна