Тохуурхал


Орчуулсан: Э.Солонго

“Чүндж паблишинг”

Өвлийн цэлмэг өдрийн үд дунд... Хүйтний эрч чангарч, ид тачигнаж байсан тул намайг сугадан явсан Наденькагийн санчигны буржгар үс, дээд уруул дээрх шар үс нь мөнгөлөг цан хүүргээр бүрхэгджээ. Бид өндөр уулан дээр зогсож байна. Уулын энгэрийн цас наранд гялалзан оройгоосоо бэл хүрсэн том толь мэт харагдаж байв. Тод улаан цэмбээр бүрсэн жижигхэн чарга бидний дэргэд хэвтэж байв.

-Надежда Петровна, гулгацгаая. – Ганцхан удаа. Надад итгээрэй, бид бэртэж гэмтэхгүй гэж би гуйлаа.

Гэхдээ л Наденька айна. Гутлынхаа гадуур өмссөн жижигхэн резинэн шаахайнаас нь уулын бэл хүртлэх бүх орон зай түүнд аймшигтай, хэмжээлшгүй гүн ангал шиг санагдана. Намайг чаргаар гулгахыг санал болгоход доош хараад л түүний сүнс нь зайлах шиг болж, амьсгаа нь тасалдав. Гэсэн ч бүсгүй ёроолгүй ангал руу нисэхээр зүрхэлбэл юу болох бол? Үхнэ, галзуурна.

- Танаас гуйя. Айх хэрэггүй дээ. Зүрх алдаж байгааг тань ойлгож байна гэж би хэллээ.

Наденька эцэст нь нэг юм зөвшөөрсөн ч би түүний царайнаас амьдралаа аюул заналд оруулж байгаагаа хүлээн зөвшөөрч буйг нь олж харсан юм. Цонхийж, чичрэх түүнийг би чарган дээр суулган, гараараа тэврээд хамт хөлгүй гүн рүү гулсан одлоо. Чарга сум шиг л ниснэ. Зүсэгдэж буй агаар нүүр балбаж, чихнээ хүнгэнэн исгэрч, хорсгон өвтгөж, толгойгоо мөрнөөсөө салгахыг хүснэ. Салхины түрэлтээс болж амьсгалж үл чадна. Чөтгөр биднийг савартаа атгаж, хүнгэнэн исгэрсээр там руу чирж байгаа юм шиг санагдаж байв. Эргэн тойрны юмс нийлээд хурдан хөдөлгөөнт, урт зурвас болжээ. Энэ хоромхон хугацаанд бид үхэх нь дээ л гэж бодогдлоо.

-Надя, би танд хайртай гэж би аяархан хэллээ.

Чарганы хурд саарч, салхины исгэрээн, чарганы улны шунгинаан тийм ч аймшигтай биш болж, амьсгаа тасалдахаа больсоор эцэст нь нэг юм бэлд бууж ирлээ. Надя дөнгөж л амьтай голтой байв. Цонхийж гүйцээд, арай ядан амьсгална. Би түүнийг босоход нь туслалаа.

-Ахиж хэзээ ч гулгахгүй гэж хэлээд намайг айж, дүрлийсэн нүдээр харав. Юу ч болсон бай ахиж гулгахгүй. Золтой үхчихсэнгүй.

Хэсэг хугацааны дараа тайвширч, нүд рүү минь асуусан харцаар харсан нь тэр дөрвөн үгсийг намайг хэлэв үү аль эсвэл салхины шуугианд тэгж сонсогдов уу гэх шиг. Харин би түүний дэргэд зогсоод, тамхи татангаа бээлийгээ анхааралтай гэгч нь харж байлаа.

Тэр намайг сугадан, бид уулын ойр орчмоор удаан гэгч нь зугаалав. Оньсого шиг зүйл түүнийг тайван байлгахгүй байгаа нь илт. Тэр үгсийг хэлсэн юм болов уу үгүй юм болов уу. Тийм эсвэл үгүй. Тийм эсвэл үгүй. Бардамнал, нэр төр, амьдрал, аз жаргалын энэ асуулт бол үнэхээр чухал, хорвоо ертөнцийн хамгийн чухал асуулт ажээ. Тэсч ядсан, гуниг нэвт шингэсэн харцаар Наденька намайг харж, тэдгээр үгийг намайг хэлсэн эсэхэд хариулт олж үл чадна. Түүний хөөрхөн царай ямар өрөвдөлтэй харагдсан гээ. Үнэхээр өрөвдөлтэй. Түүнийг өөртэйгөө тэмцэж, ямар нэг зүйл хэлж, юу ч юм асуумаар байвч айдас, баяр хөөр нь саад болж нь ам нь эвлэхгүй эвгүй оргиод байгааг би харж байна.

- Юу гээч гээд над руу харалгүйгээр хэлэв.

- Юу  гэж би асуулаа.

- Ахиад нэг гулгая.

Бид уул өөд шатаар өгслөө. Би ахиад л цонхийж, чичрэх Наденькаг чарган дээр суулгаад, ахиад л аймшигт гүн ангал руу салхи зүсэн хүнгэнэж, дахиад л чарганы улны хамгийн хүчтэй шүнгэнэх үед би аяархан

-Наденька, би танд хайртай гэж хэлэв.

Чарга зогсоход Наденька бидний дөнгөж сая гулгасан уул өөд харж, дараа нь миний царай руу удаан гэгч нь ширтэн, хайхрамжгүй, амгалан тайван дууг минь сонсоод, бие нь бүхэлдээ, бүр ханцуйвч, юүдэн нь хүртэл, байгаа байдал нь туйлаас их эргэлзэж байгааг нь илтгэж байв. Бүсгүйн царайнд “Юу болох нь энэ вэ. Тэдгээр үгсийг хэн хэлэв. Тэр үү, эсвэл зүгээр л надад тэгж сонсогдов уу” гэсэн асуулт бичээстэй байлаа.

Тодорхойгүй энэ байдал түүний санааг зовоож, тэвчээрийг нь баржээ. Хөөрхий бүсгүй асуултанд хариулалгүй царайгаа барайлгаж, уйлахад бэлхэн зогсоно.

-Гэр өөдөө буцацгаах юм биш үү? гэж би асуулаа.

-Надад гулгах таалагдаж байна. Ахиад нэг гулгавал яасан юм гэж бүсгүй царайгаа улайлган байж хэлэв.

Бүсгүйд гулгах “таалагдаж” байгаа атал чарган дээр суухдаа урьдын адил царай нь цонхийж, айснаасаа болж арай ядан амьсгалж, чичирч байв.

Гурав дахь удаагаа гулгасныхаа дараа ч бас миний царай өөд харж, уруулыг минь ажина. Харин би амаа алчуураар даран ханиалгаад, уулын дунд ирэх үед амжиж хэлж чадлаа.

-Надя, би танд хайртай.

Таавар таавар чигээрээ л үлджээ. Надя дуугаа хураан, юу ч юм бодно. Мөсөн гулгуурын газраас гэрт нь хүргэж өгөхөөр явахад намайг мөнөөх үгсийг хэлэхийг хүлээн алхаагаа удаашруулж, чимээгүйхэн явахыг хичээж байлаа. Түүний сэтгэл хэрхэн шаналж, “Салхи хэлнэ гэж баймааргүй юм. Салхи л биш байгаасай” гэж хэлэхгүйн тулд биеэ хэрхэн барьж байгааг би харж байлаа.

Маргааш өглөө нь би “Өнөөдөр мөсөн гулгуурын газар руу явахаар бол манайхаар дайраарай. Н.” гэсэн зурвас авлаа. Энэ өдрөөс хойш би өдөр бүр Наденькатай хамт мөсөн гулгуурын газар руу явж, уулын орой дээрээс чаргаар гулгах бүрдээ өнөөх үгсээ аяархан хэлдэг байлаа.

-Надя, би танд хайртай.

Дарс юм уу хар тамхинд дасал болдог шиг эдгээр үгэнд Наденька удалгүй дасаж орхив. Энэ үггүйгээр амьдарч чадахаа больжээ. Үнэндээ уулан дээрээс гулгах нь урьдынх шигээ аймшигтай байсан боловч айдас болоод аюул нь одоог хүртэл сэтгэлийг нь шаналгаж байгаа таавар мэт хайрын тухай үгэнд сэтгэл татах онцгой увдисыг бий болгожээ. Салхи бид хоёр сэжиглэгдэж байлаа. Бидний хэн нь түүнд хайраа илчилдгийг бүсгүй мэдэхгүй ч согтож л байвал ямар савнаас уух нь хамаагүй гэгчээр ялгаагүй болсон бололтой.

Нэг удаа үд дунд би ганцаараа мөсөн гулгуурын талбай руу явлаа. Олон хүн дунд явж байхдаа би уул руу дөхөж яваа Наденька намайг нүдээрээ хайж байхыг олж харсан юм. Надя айсан байртай шатаар өгсөнө. Ганцаараа гулгана гэхээр ямар аймшигтай байсан бол оо. Цаазлуулахаар явж байгаа аятай цас шиг цонхийж, чичрэх ч шийдэмгий, эргэж ч харалгүй алхана. Эцэст нь тэр оролдож үзэхээр шийджээ: намайг байхгүйд тэдгээр амттайхан үгс сонсогдох болов уу. Түүний хэрхэн цонхийж цайсныг, айснаасаа болж амаа ангайсныг, чарган дээр сууж нүдээ аниад, дэлхийгээс үүрд баяртай гэж хэлээд хөдлөхийг би харж байна. Чарганы ул чахрах чимээ л дуулдана. Наденька тэдгээр үгсийг сонссон эсэхийг би мэдэхгүй. Ядарч сульдсан түүнийг чарган дээрээс босохыг л би харж байна. Ямар нэг зүйл сонссон эсэхээ тэр өөрөө ч мэдэхгүй байгаа нь царайнаас нь илэрхий байлаа. Гулгах үедээ айснаас болж сонсох, дуу авиаг ялгах, ойлгох чадвараа алдаж.

Хаврын сар эхэллээ. Нар таатай гэгч нь ээнэ. Мөсөн уул гялалзахаа больж бараантсаар, эцэст нь хайлав. Бид ч гулгахаа больцгоов. Салхи ч исгэрэхээ больж, би Петербург руу удаан хугацаагаар, магадгүй бүр явахаар бэлдэж байсан тул хөөрхий Наденька мөнөөх үгсийг хаанаас ч ахиж сонсож чадахааргүй боллоо.

Явахаасаа хоёр гурван хоногийн өмнө би үдшийн бүрийд Наденькагийн амьдардаг хашаанаас хадаастай өндөр хашаагаар тусгаардагддаг цэцэрлэгт сууж байлаа. Нэлээд хүйтэн, шивх дор цастай хэвээр, модод гөлөглөөгүй ч хэдийнээ хаврын урь орчихсон, турлиахууд хонох газраа бэлдэн чанга гэгч нь гуагчина. Би хашаа руу дөхөж очоод завсраар нь удаан гэгч нь харав. Надя үүдний саравчин дотроо зогсоод гунигтай харцаа тэнгэр өөд ширтэхийг би ажин зогсов. Хаврын салхи түүний гансарч, цонхийсон царай руу үлээнэ. Энэ салхи түүнд уулан дээр байхад нь мөнөөх дөрвөн үгсийг шивнэсэн тэрхүү салхийг санагдуулсан тул түүний царай гунигтай болж, нулимс хацрыг нь даган урсана. Хөөрхий охин энэ салхинаас мөнөөх үгсийг дахин авчраач гэж гуйсан аятай хоёр гараа сунгалаа. Салхи салхилахыг хүлээж байгаад би аяархнаар

-Надя, би танд хайртай гэж хэлэв.

Бурхан минь, Наденька яасан гээч. Тэр дуу алдаад, нүүр дүүрэн инээмсэглэж, салхи өөд гараа сунгахдаа хэчнээн аз жаргалтай, баяр хөөртэй, ямар үзэсгэлэнтэй байсан гээч.

Харин би ачаа бараагаа бэлдэхээр явлаа.

Энэ их эртний явдал л даа. Одоо Наденька хэдийн хүний эхнэр болжээ. Түүнийг нөхөрт гаргасан уу, аль эсвэл өөрөө нөхөрт гарсан уу гэдэг нь хамаагүй, ямартай ч язгууртны асрамжийн газрын нарийн бичигтэй гэрлэж, гурван хүүхэдтэй болжээ. Нэгэн цагт бид хамтдаа мөсөн гулгуурын талбай руу явж, салхи түүнд “Наденька, би танд хайртай” гэдэг үгийг хэрхэн хүргэж байсныг тэр мартсангүй. Тэр явдал одоо ч түүний хувьд амьдралынх нь хамгийн аз жаргалтай, сэтгэлийг нь догдлуулдаг, хамгийн нандин дурсамж болон үлджээ.

Тэдгээр үгсийг яах гэж хэлж, тохуурхаж явав даа гэж одоо өтлөсөн хойноо боддог юм.

Зохиолч А.Чехов

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… 2 цагийн өмнө
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна 6 цагийн өмнө
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна 7 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… Өчигдөр
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… Өчигдөр
Шатрын шинэ хаан Өчигдөр
Хийморийн дарцаг хатгахад сайн Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм хүйтэн Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23