Монголын циркчдийн мандаж явсан түүх эргэн ирлээ. Залуу уран бүтээлчид дэлхийн тавцнаа цахиур хагалж байна. Шоу бизнесийн өргөн платформ “Нарны цирк”-ийн жүжигчин Э.Лхагва-Очир Франц улсын Гринобле хотод зохион байгуулсан олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд оролцож, Алтан цомын эзэн боллоо. Дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлжээ. Сандалтай, уран нугаралтын үзүүлбэр дэлхийд ганц л байдаг нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Э.Лхагва-Очирын нэрийн хуудас юм.
Мадам Цэнд-Аюушийн отгон шавь
Телевизээр циркийн үзүүлбэр гарах бүрд дуурайж оролдох арван настай хүүг гэрийнхэн нь дэмжиж, циркийн сургуульд акробатын багш Жаргалсайханы шавь болгожээ. Акробатаар хичээллэж эхлээд удаагүй байхад багш нь “Чиний бие уян налархай, байгалиасаа өгөгдөлтэй, авьяастай юм. Уран нугаралтаар хичээллэвэл ямар вэ. Би чамайг Төв циркт Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багшид шалгуулна” гэв. Тухайн үед Т.Цэнд-Аюуш багшийгаа танихгүй ч Төв циркт хичээллэнэ гэдэг онцгой үйл явдал шиг санагдав. Бас ч гэж уян нуруутай, шөрмөслөг гартай, байгалийн өгөгдөлтэй хүүхэд байна гэж Цэндээ багш “Хүн Сарнай” студидээ авчээ. Улсын циркийн тулгын чулууг тавьж, монгол уран нугаралтыг брэнд болгосон хүнд шавь орсноо хүү яаж мэдэхэв. Ийм л зол учралаар Мадам Цэнд-Аюушийн отгон шавь болжээ. Төв циркийн уран нугаралтын дугуйлангийн 20 сурагчийн ганц хөвгүүн нь тэр байлаа. Сайн багштай учрах нэгэн насны ерөөл. Бурхнаас заяасан авьяасыг нь зүлгэж, өнгөлж гялалзуулсан хүн бол Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш. Урлагийн гоо зүйг багшаараа заалгуулж авьяас эрдмийг хослуулж долоон жил хичээллэв. Уран нугаралтаар хичээллэх, суралцах хугацаа харилцан адилгүй. Багш нь түүнийг ганцаарчилсан соло уран бүтээлчээр бэлтгэсэн учир урт хугацаанд дасгалжуулжээ. Хоёр гар дээрээ 5-10 минут зогсох бэлтгэлийг өдөр бүр хийхдээ тэсвэр алдарч уйлна. Цирк бол эрсдэлтэй урлаг. Сахилга баттай, олон бэртэл, гэмтлийг тэсэж, даван туулж байж циркийн жүжигчин болдог. Тэрбээр “Багшийн минь заасан бүхэн өнөөдрийн намайг бүтээсэн. 2000 оны эхэн үед тоглолтод орж эхэлсэн юм. Тухайн үед эрэгтэй хүн нугарна гэхээр шоолдог байлаа. Олон улсад эрэгтэй уран нугараачид байдгийг мэдээд мэргэжилдээ илүү хайртай болсон. Үзэгчид ч сөргөөр биш эергээр хүлээж авч байлаа. Эрэгтэйчүүдэд уран нугаралт бол ховор бөгөөд нарийн мэргэжил. Эмэгтэй хүний биед илүү тохирдог. Хөвгүүд эрийн цээнд хүрэхдээ байгалиасаа булчинлаг болж өсдөг учир уран нугаралтыг биедээ тээж, хадгалахын тулд урт хугацааны бэлтгэл шаарддаг. Тиймээс уран нугаралт бол эрэгтэй хүнээс тэвчээр шаардсан хатуу ажил” хэмээсэн. 15 настай жаахан хүү Т.Норовсамбуу гуайн тавьсан 21 Дарь-Эхийн үзүүлбэр дунд сууж байлаа. Тухайн үед үзэгчид түүнийг эрэгтэй гэдгийг анзаараагүй биз. Гэхдээ эрийн цээнд хүрэхийн хэрээр өөрийгөө нээхийг хичээх болов. Түүний онцлог эрэгтэй уран нугараач гэдэг мөн чанарт оршиж байлаа.
Дээд оюун санааны хүч шаардсан үзүүлбэр
Нугаралт, тэнцвэрийн үзүүлбэрүүд хүний хамгийн ухаалаг булчингуудыг ажиллуулж, хөгжүүлдэг. Хамгийн их хүчин чармайлт гаргаж, таван жил бэлтгэсэн үзүүлбэрээ 2004 онд Монте Карлогийн манежнаа үзүүлэв. Дэлхийн циркийн урлагт “Манеж амилуулдаг Мадам” хэмээн хүндлүүлдэг Цэнд-Аюуш багшийн дэглэсэн үзүүлбэр анхнаасаа шүүгчдийн анхаарлын төвд байлаа. Т.Цэнд-Аюуш багшийн шавь нар Б.Норовсамбуу, Д.Мажигсүрэн, Л.Энхцэцэг нар олон улсын наадмуудад урьд өмнө хэний ч хараагүй, сонсоогүй номеруудыг үзүүлсэн. Тиймээс отгон шавь нь Монте Карлогийн хамгийн хүлээлттэй оролцогчдын нэг байсан юм. Уран нугаралтыг гар дээрх тэнцвэрийн гайхамшигтай хослуулсан үзүүлбэрээрээ циркчдийн олимп гэгддэг наадмаас хүрэл цом, “Чарли Чаплиний нэрэмжит цом” хүртэж, хос шагналтай эх орондоо иржээ. Энэ бол түүний багштайгаа оролцсон анхны бас сүүлчийн тэмцээн байлаа. Таван минут 30 секунд гар дээрээ тулсан үзүүлбэрийг үзэгчид төдийгүй шүүгчид “Энэ бол циркчдийн тэсвэр хатуужил, гоо зүйн оргил байлаа” хэмээн шагшсан гэдэг. Хүний бие, эр зориг, сэтгэлийн тэвчээрийн хязгаарыг түүний үзүүлбэр утгаар нь харуулсан. Манежнаа тавхан минутад багтаасан үзүүлбэрээ төгс болгохын тулд таван жил зарцуулжээ. “Нарны цирк”-ийн мөсний шоунд оролцох урилга 2017 онд ирэв. Гурван жилийн турш Хойд Америкийн 84 хот, Европын 40 гаруй хотоор аялж, үзүүлбэрээ үзүүлжээ. Илүү онцгой, сонирхолтой болгох зорилгоор сандалтай тэнцвэрийн үзүүлбэрээ мөсөн дээр үзүүлнэ. Дэлхийд анх удаа мөсөн дээрх сандалтай уран нугаралтын үзүүлбэрийг үзэхээр “Нарны цирк”-ийн “Кристал” шоуны тасалбарыг худалдан авдаг байсан гэхэд буруудахгүй. Энэхүү үзүүлбэрээрээ тэнцвэрийн төрөлд шинэчлэл хийсэн юм. Циркчид үнэхээр “галзуу” уран бүтээлчид. Тэд үзэгчдийн төлөө, өөрсдийгөө цор ганц гэдгийг батлахын тулд галзуу санаагаа төгс гүйцэлдүүлдэг. Тэнцвэрийг харахад биеийн хүчний мэт боловч дээд оюун санаа шаардсан шаггүй үзүүлбэр. Арван метрийн өндөрт хамгаалалтгүй үзүүлбэр үзүүлж байхдаа өөрийгөө газарт байгаагаар төсөөлж, зоригжуулна. “Энэ бол бэлтгэл, унах боломжгүй” гэсэн бодлыг тархи оюундаа бат суулгажээ. Үзэгчдэд ямар ч айдасгүйгээр үзүүлбэрээ үзүүлж байгаа мэтээр харагдахын тулд 3000 хүний алга ташилтын чимээг сонсохгүй байх хэмжээнд анхаарлаа төвлөрүүлдэг. Үзүүлбэрээ дуусгаад хөшигний ард гарахад булчингаас илүү тархи ядарч, тамирдсан байдаг аж.
Хос морьтой уран бүтээлч
Э.Лхагва-Очир бол хос морьтой уран бүтээлч. “Сити” их сургуулийн кино, драмын ангийг 2014 онд төгссөн. Кино жүжигчин мэргэжлээрээ хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүр бүтээжээ. “Хайрын домог”, “Дангина”, “Торгоны маань хээ” уран сайхны киноны дүрээр кино сонирхогчид эчнээ танил болсон. Ялангуяа “Торгоны маань хээ” киноны үйл явдлыг бүтэн эргүүлэх Эрболдын дүрийг чадварлаг бүтээжээ. Биеийнхээ хөдөлгөөнөөр үзэгчдэд урлагийг мэдрүүлдэг байсан бол үйл хөдлөл, үгээр хүнд хүргэх түүнд шинэ туршлага болжээ. Үзэгчдэд хүрч, хот дамжин үзүүлбэрээ үзүүлдэг учраас циркийн жүжигчид нүүдлийн амьдралтай.
Жилийн ихэнх хугацааг гадаад өнгөрүүлдэг түүнд уран бүтээлийн санал ирдэг ч циркийн гэрээтэй давхцан татгалздаг байна. Ташрамд дурдахад тэрбээр Узбекистаны нийслэл Ташкент хотноо 2021 онд зохион байгуулсан бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон алтан медаль хүртсэн тамирчин юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна