Д.Цахилгааны шинэ сонгодог “мэндэллээ”


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч, түүхийн ухааны доктор Д.Цахилгааны орчуулсан ээлжит бүтээл уншигчдын хүртээл боллоо. Энэ удаад Италийн суут зохиолч Данте Алигьеригийн дэлхийн утга зохиолын түүхэн дэх хамгийн агуу бүтээлүүдийн нэг “Тэнгэрлэг туульс”-ыг эх хэлнээ буулгажээ.  Тэрбээр Оросын их зохиолч Ф.М.Достоeвскийн “Мөрийч”, “Газар дороос бичсэн тэмдэглэл” Гомерийн “Илиада”, “Одиссей” туулийг орчуулсан юм. Дэлхийн сонгодог уран зохиолын эх туурвилуудын нэг болох энэхүү туульсыг бүрэн хэмжээнд, яруу найргийн хэлбэрээр, орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэх гэдэг орчуулагч бүрийн барьж авах амар ажил биш ээ. Нүсэр хөдөлмөр. Олон хүнд хүрч байж орчуулагчийн ганц олдох амьдралаасаа харамгүй зарсан хэдэн жилийн үр дүн гарах болов уу. Хэвлэх үйлдвэрээс гараад хэдхэн цаг болсон “будаг нь ханхалсан” номын нээлтэд  Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Хөдөлмөрийн баатар Б.Жигжид, Гадаад явдлын яамны сайд асан, дипломатч, Төрийн шагналт орчуулагч Ц.Гомбосүрэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Дашням, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Д.Төрбат, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав, Монголын Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана, утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь тэргүүтэй утга зохиолын хүрээнийхэн, төр нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн иржээ. Дундад зууны үеийн шашин, ёс суртахуун, итгэл үнэмшлийн талаарх өөрийн бодлыг тусгаж, бурхны мэргэн ухаан, шударга ёс, хүний сонголт, нүгэл хилэнц, авралын тухай гүн гүнзгий асуултуудыг хөндсөн зохиолыг сонгосон дурсамжаар номын хуримаа нээсэн юм. 


“Тэнгэрлэг туульс”-аас сэтгэлгээний эрх чөлөөг мэдрээрэй

Дантегийн ертөнцөд жаргаж бас тархиа шавхаж хэдэн жилийг элээж байж орчуулсан тухайгаа “Дэлхийн уран зохиолын түүхэнд энэ зохиолын оруулсан хувь нэмэр, нөлөөг дурдахгүй байх ямар ч боломжгүй. Бичлэгийн хэв маяг, өгүүлэх хэв маяг, дүрслэх ур, зүйрлэл, ёгтлол бүхэн нь цаашид шинэ дэг сургуулийг бүтээн уламжлуулсан гэж хэлэхэд ч багадна. Агуулга, зохиомж, хэлбэрийн талаар Өрнөдийн уран зохиолд шинэ зүйл болон гарч ирсэн энэ найраглал хүн төрөлхтөнд үлэмж нөлөөлсөн. Энэ зохиол бол зөвхөн нэг хүний сүнслэг аялал төдийгүй хүн төрөлхтний ёс суртахуун, авралын тухай гүн ухааны сургаал юм. Хэдийгээр дундад зууны шашин, улс төртэй салшгүй холбоотой ч эл ном нь өнөөгийн уншигчдад ч ач холбогдолтой. Монголын, дорнын соёлд  ч сүнс, хойд насны ойлголт бий. Тиймээс нинжин оршихуй, сэтгэлгээний эрх чөлөө, ариун цагааныг “Тэнгэрлэг туульс”-аас мэдэрнэ. Энэ зохиолыг анх уншихад "Монголын нууц товчоо" санаанд шууд буусан. Өмнө нь “Илиада”-г орчуулахад монголчуудын үлгэр, туулийн оргил “Жангар” бодолд өнжиж байлаа. “Тэнгэрлэг туульс”-ыг эх хэлнээ буулгаж байхдаа  И.Тургеневийн “Анчны тэмдэглэл” өгүүллэг, "Язгууртны үүр” романыг орчууллаа”  хэмээсэн нь оновчлон орчуулахаас илүү монгол сэтгэлгээнд дөхүүлэн, утга алдагдуулахгүй орчуулахыг зорьжээ. Мэдээж хэдэн зуун, хэл  дамнасан орчуулгуудыг цэгнэн эх хэлнээ буулгахад эргэлзээ тээнэгэлзээ, эрс шийдэл аль алин нь арвин байсан биз ээ. Гэвч эцэс дүндээ эх хэлээрээ унших нэгэн сонгодог бүтээл “мэндэлжээ”. Чансаатай, далайцтай том бүтээлийг орчуулахад ганц үг гэлтгүй ончтой оноолт бас орчуулгын өвөрмөц дүр төрх амин сүнс болдог.  

“Олон хүн уншаасай, үгээ хэлээсэй”

Хүн төрөлхтний уран сэтгэмжийн булгийн нэгэн эх ундарга болсон энэхүү бүтээлийг уншсанаар залуус барууны соёл сэтгэлгээ, утга зохиол, шинжлэх ухааныг ойлгоход тус дөхөм болоод зогсохгүй хүмүүжил, төлөвшлийн асар их ач холбогдолтойг орчуулагч онцлон хэлж байлаа. “Энэ зохиолыг залуус заавал уншаасай, үгээ хэлээрэй. Гол баатар нь 35 настай Данте.  Зохиолчийг Тамын ертөнц, Ариуслын орноор хүний орчлонгийн зөв бодолтны бэлгэдэл болссон Ромын яруу найрагч Вергилий газарчилдаг. Харин  Диваажингийн ертөнцөөр хайрт дурлалын дагина Беатриче дагуулж явна. Хойд насны тухай шашны домог ашиглан бичихдээ цаг үеийнхээ хэрэг явдал, бодит хүмүүс, улс төрийн чухал асуудлыг хурц тод дүрслэн үзүүлсэн байна. Тамын ертөнцөд төрөл бүрийн гэмт хэрэгтнүүд, мөнгө хүүлэгчид, шашны мяндаг хэргэм худалдагчид,  луйварчид, Дантегийн өөрийнх нь улс төрийн дайснууд, урвагчид урд насандаа үйлдсэн гэм нүгэлдээ дүйцэх ял зэм эдэлж шаналан зовох аж.  Ариуслын оронд хүмүүс урьдын хилэнцэт үйлдлээсээ цэвэршин салж, буянт үйлс, шударга явдалтнууд нь Диваажингийн орноо жаргалаа эдэлж байдаг. Ийнхүү хойд насны дүрслэл маягаар  нийгмийн бодит байдлыг дүрслэн үзүүлжээ. Өнөөгийн утга зохиол шүүмжлэгч, судлаачид ч миний бүтээлийн талаар үгээ хэлээсэй гэж бодож байна. Магтсан бай, шүүмжилсэн ч бай би бүхнийг нь эрдэм л гэж хүлээн авна. Аливаа зохиол бүтээл гэдэг өөрөөс гарч байгаа хүүхэдтэй адил учраас өөрийнхөө бүтээлийг хүн бүр л сайхан гэж хардаг. Харин хөндлөнгөөс харахад бүх зүйл өөр харагдана” хэмээв.  Данте Алигеригийн 1308 оны орчим бичиж эхлэн 1320 онд нас барахаасаа жилийн өмнө дуусгасан, баатарлаг тууль юм. Италийн уран зохиолын гайхамшиг болох уг тууль нь дэлхийн уран зохиолын сод бүтээлүүдийн нэгд тооцогддог билээ. Анх зүгээр л "Туульс" хэмээх нэртэй байсан уг зохиолын нэрэнд Жованни Боккаччо "Тэнгэрлэг" хэмээх үгийг нэмсэн түүхтэй. Дантег Италийн утга зохиолын хэлийг бүтээгч гэдэг. Түүний уран бүтээлийн оргил нь дундад эртний соёлыг Сэргэн мандалтын үеийн соёлтой холбосон гүүр гэж болох “Тэнгэрлэг туульс”. Дундад эртний үеийн уран зохиолд ихэд дэлгэрсэн хий үзэгдлийн хэлбэрээр бичсэн эл зохиол гурван хэсэг, 100 дууллаас бүтнэ. Ёгтлол, бэлгэдэл, домог хууч яриа зэргийг чадамгай ашиглан терцина хэмээх гурван мөртөөр шүлэглэн бичжээ. “Хүн номоос л ухаарал авна, ном уншиж байж л ухаан сууна. Өөрөөр хэлбэл, номоос ном төрдөг, номоос ухаан төрдөг. Цахим мэдээллийг үгүйсгэж байгаа юм биш. Цахим мэдээлэл мэдээж хэрэгтэй. Гэхдээ мэдээлэл гэдэг мэдлэг биш шүү дээ. Маш их мэдээллийг цуглуулж, дүгнэлж хийж, задлан шинжилж байж нэгэн тодорхой ойлголт авч, улмаар мэдлэг болно. Хүн тархи, зүрх сэтгэлээ үргэлж л тэжээж байх хэрэгтэй. Үүнд ном тус болох юм” гэсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч, түүхийн ухааны доктор Д.Цахилгааны үгээр нийтлэлээ жаргаая. 

 Х.Заяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж ура… 11 цагийн өмнө
Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмж… 11 цагийн өмнө
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана 14 цагийн өмнө
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв 15 цагийн өмнө
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэ… 15 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж… Өчигдөр
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дах… Өчигдөр
Ерөнхий хяналтын сонсголоор цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин б… Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглоло… Өчигдөр
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулн… Өчигдөр
Э.Амарзаяа: Цаг хугацаа уран бүтээлчийг төрүүлдэг Өчигдөр
Хамтран ажиллах санал тавилаа Өчигдөр
Намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян иргэдийн төлөөлөлтэй уулзав Өчигдөр
Нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд ахмадууд талархаж… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 126 гишүүнтэй шинэ парламент 30 жил гацсан мега төслү… Өчигдөр
“Атар-IV” аяныг хэрэгжүүлнэ Өчигдөр
А.Баяр: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр агаарын бо… Өчигдөр
О.Дашпагам: Папиллома вирусийн эсрэг вакцин ирээдүйн эрсдэлээс урьдчил… Өчигдөр