Монголын хувцас загварын түүх хаанаас эхлэлтэй вэ гэдэг хачин асуултаар сурвалжилгаа эхлүүлмээр. Яагаад гэхээр энэ асуулттай зайлшгүй холбогддог нэгэн компанийн 50 жилийн ойн баяр дээр очсон юм. Энд Монголын хувцас загварын ертөнцийн сор болсон эрхмүүд, анхдагчид цугласан байлаа. Загвар зохион бүтээгч, эсгүүрчин, оёдолчноос гадна Монголын топ моделиуд ч ирсэн байв.
“Шилмэл загвар” компанийн 50 жилийн ой тун ч өвөрмөц эхэллээ. Уригдаж ирсэн зочид гүйцэд цугларч суудалдаа тухалсны дараа шууд л хөгжим эгшиглэн загвар өмсөгчид тусгайлан зассан тайзнаа алхаж эхэллээ. “Шилмэл загвар” ХХК үргэлж шинийг санаачлагч байж чаддаг. Бид үзүүлэх тоглолтын дундуур Монголын загварын ертөнцийн “Загалмайлсан эх” гэж хэлж болох “Шилмэл загвар”ХХК-ийн захирал хатагтай Ч.Оюунгэрэлтэй уулзлаа.
Тэрбээр “Өнөөдрийн бидний дэглэн тавьсан энэ үзүүлэх тоглолт одоо манай компанид ажиллаж байгаа залуусын санал, санаачлага идэвх зүтгэлээр боллоо. Манай компанийн загвар зохион бүтээгчид энэ тоглолтод зориулж таван коллекц шинээр хийсэн. Тайз заслыг бид өмнө нь байгаагүй хэлбэрээр засаж тохижуулсан нь үзэгч, загвар өмсөгчдөд онцгой сэтгэгдэл төрүүлжээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хорионоос хойш загварын үзүүлэх тоглолтын хувьд анхных гэдэг утгаараа шинэ содон, сонирхолтой тоглолт зохион байгуулах гэж хичээсэн нь хөрөнгө, хүч шаардсан нэлээд нүсэр ажил боллоо” гэж өгүүлээд ойн баярт тухлан саатахыг хүслээ.
Тус компанийн ойн нээлтэд нэр алдартай загвар зохион бүтээгчид ирсэн байлаа. Анхдагч болоод тэдний дэглэн үзүүлсэн шоу тоглолт, хувцас загварын талаар тэдний бодол надад сонин байсан тул уулзаж ярилцав. “Амур оргил” компанийн загвар зохион бүтээгч О.Энхмаа “Шилмэл загвар” компани загварын ертөнцөд хамгийн удаан оршин тогтнож буй, энэ салбарын үндэс суурийг тавьсан гэж боддог.
Тэр утгаараа эдний зохион бүтээгчдийн дэлгэн үзүүлж байгаа загварууд надад маш тансаг ихэмсэг оршихуйг мэдрүүллээ. Монголчууд маш мэдрэмжтэй ард түмэн. Тийм болоод ч тэр үү загвар зохион бүтээгчдийн маань урласан хувцас дэлхийн түвшинд аль хэдийнэ хүрчихсэн. Загварын ертөнцийн суурийг тавьж, энэ салбарын өнгө төрхийг тодорхойлж байдаг компани гэдэг нэрээ энэ ойн тоглолтоороо дахин харуулж чадлаа. Уламжлалт хэв маяг, дорнын, модерн хэв маягийг уусган нэгтгэсэн загварууд намайг гайхуулж чадлаа” хэмээн ярьж байна.
Түүний яриа “Шилмэл загвар” компанийн баялаг түүхийг өгүүлэн байх шиг. Түүх гэснээс компанийн түүхийг ярихын тулд Монголын орчин цагийн хувцас загвар, хотжих соёлын эхлэл рүү очих хэрэгтэй болдог юм байна. Монголчуудын хотжих үйл явц XX зууны дунд үеэс л эрчимтэй эхэлж залуус хот маягаар хувцаслах, хот маягийн соёлд суралцаж эхэлсэн байдаг. Хотын соёл гэдэг нэлээд өргөн хүрээг хамарсан том ойлголт. Гоо зүй, хувцаслалт, нийгмийн харилцаа, хандлага гэх мэтээр үргэлжилнэ. Үхрийн зэл, адууны бэлчир дээрээс ирсэн залуус хотжиж амжаад, хотын соёлд суралцахыг тэсгэлгүй хүсэж юун түрүүн харагдах гоо үзэмж, хувцаслалтдаа анхаарал хандуулах ёстой гэдгийг ухаарч амжсан үе.
Хөдөлмөр бүтээлийн гавшгайчид, урлаг, уран сайхны одууд олноор төрөн гарч тэдний хувцаслалт, үс засалт, нүүр будалтыг даган дуурайх шүтэн бишрэгчид ч бий болж байв. Хотын соёлыг дагаад европ хэв маягаар хувцаслах, зөвлөлт ёсоор аж төрөх зэрэг нийгмийн үзэгдлүүд дэлгэрч эхэлсэн юм билээ. Ийнхүү бодол ширгээн суух зуур орчныг тольдон харав. Тайзны голд шилэн хорго маягийн гудамласан тайз зассан байх ба үзэгчид тайзны хоёр талаар суух ажээ. Хоёр талд суух үзэгчид бие, биенээ харахгүй байхаар бодож гаднаасаа нэвт харагддаг ч дороосоо гадагш үзэгддэггүй толин материалаар хийсэн тул загвар өмсөгчид ч харьцангуй чөлөөтэй байж болохоор санагдав. Үзэгчдийн сониуч нэг нь гудамласан тайзны аманд очин харж болох аж.
Би ч мөн адил сониуч нэгэнд тооцогдох тул загвар өмсөгчдийг ойроос харахаар очсон боловч ажлаа умартаж болохгүй. Ингээд загвар өмсөгчдөөс нэгийг сонгон сэтгэгдлийг сонсъё гэтэл О.Уянга гэдэг 2009 оны топ модель байх нь тэр. Түүнээс тус тоглолтын талаарх сэтгэгдлийг нь асуувал “Би 20 жилийн өмнө “Шилмэл загвар” ХХК-д орж ажилласнаар хувь заяагаа холбосон байдаг. Манай загварын ертөнцийн салбарын ууган байгууллага 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаад загвар зохион бүтээгч, загвар өмсөгч бид туйлын баяртай байна. Ойн арга хэмжээнд ирээд миний хувьд үнэхээр гайхширсан байдалтай байна. Тайз засал, хөгжим, зураг авалт, дүрсжүүлэлт гээд бүх зүйл мэргэжлийн өндөр түвшинд хийсэн байна. Нэн ялангуяа загвар зохион бүтээгчдийн урласан хувцас гойд сэтгэл хөдлөм байлаа. Энэ бүх зүйл нь нийлээд үзүүлэх тоглолт өндөр хөгжсөн барууны орнуудын түвшинд хүрчээ. Үүгээрээ Монголын загварын салбар нэг алхам урагшилж чадлаа гэж миний хувьд бодож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Хувцас загвар барууны орнуудын жишигт хүрсэн гэх түүний үгийг сонсоод би дахиад л бололд автаж орхив. Загвар урлал, европ хувцас, соёл хэзээнээс монгол оронд үрээ суулгаж, үндэс нахиа нь төлжин дэлгэрсэн юм бэ. Ерөөсөө хүн төрөлхтний хувьслын явц европын соёл, амьдрах хэв маягийг түгээн дэлгэрүүлэх үндэс суурь нь болчихов уу. Энэ талаар тунгаан бодох аваас өнөөгийн бидний түүхийн салшгүй хэсэг болсон европ соёлын эхлэл Монгол улс ЗХУ төвтэй социалист соёлын хүрээнд багтах болсноор л эхлэх байх. Зөвхөн хятадаас улс төр, эдийн засаг, соёлын хараат байсан азийн “Хуучин хүү” хөмөрсөн тогоон дотроосоо гарч европ “Соёлыг гайхав” гэгч болсон тэр үе.
Хуучин хүү соёлыг гайхан шинэ соёлд суралцахад зайлшгүй “Анхны алхам” зам мөрийг гаргагч байх ёстой. Энэ алхмыг тавигчдын нэг “Шилмэл загвар” ХХК-ийн суурь тавигдсан үетэй БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1972 онд гаргасан 57 дугаар тогтоол холбоотой. Энэ тогтоолын талаар мэддэг хүн тун цөөхөн үлдсэн ч нийгэм солигдох үед гарсан 20 дугаар тогтоолын талаар харин олон хүн мэдэх байх шүү. Хоршооллын үйлдвэр, артелиудыг улсын байгууллага болгох тус тогтоолын 16 дугаар зүйлд өгүүлсэн байдаг.
Ийнхүү социалист ёсоор амьдарч, аж төрөх ёс хүчээ авч, хөнгөн аж үйлдвэрийн салбар хэлбэрээ олох явц үргэлжилж аж ахуйн нэгжүүдийн суурь тавигдаж байлаа. Тухайн үеэс л монголчууд хувцас гэдэг хэрэглээ биш урлагийн нэг төрөл гэдгийг мэдэрч эхэлжээ.
Үүнд “Шилмэл загварын ордон”-ынхон чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. “Шилмэл загвар”-ынхан анхдагчийн зангаргаар үнэхээр шинэлэг тоглолт хийж чадлаа. Зарим байгууллагын ойн баяр тайз чимэглэлтэй байх бөгөөд тайзан дээр ажилчдаа дуудан гаргаж шагнал урамшууллаа гардуулж, хундага тавилгүй хөлчүүрч, хутга тавилгүй хүртэж байдаг нь нууц биш. Гэтэл тус компанийн ой Монголын хувцас загварын ертөнцөд бас нэгэн шинэлэг тоглолт, шинэ санаа, шинэ уран бүтээлээ толилуулж, 50 жилийнхээ түүх, туршлагаа үзүүлж шинэ алхам хийж чадлаа.
“Шилмэл загвар” ХХК-ийн суурь болсон “Тусгай дөрөвдүгээр тасаг”-ийг байгуулагчид, ирээдүйд нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх улс эх орны захиалгыг чанартай гүйцэтгэж Монгол Улсын орчин цагийн түүхийн салшгүй хэсэг болсон “Загварын ертөнц”-ийн үндэс суурийг тавих юм гэж тухайн үед хэн мэдээ аж.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна