Гал шиг дүрэлзээрэй залуус минь


Австри улсын Вена хотод латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоод удаагүй байна. Уг тэмцээнд Монгол Улсаас жил бүр хамтлагууд оролцож ур чадвараа сорьж байгаа бөгөөд тэд өнөөдөр зөвхөн тэргүүн байрын төлөө дэлхийн аваргуудтай өрсөлдөх болжээ. Бүтэн жилийн турш хамтдаа байж нэг зорилгын төлөө урагш тэмүүлсээр ирсэн тэдгээр багаас “Мүүн дейнс” хамтлагийнхан энэ жил хүрэл медаль, цомын эзэд болж латин бүжгийн дэлхийн шилдгүүдийн нэг болохоо дахин харууллаа. Стандартад баригдалгүй бүтээлчээр шинийг илэрхийлсэн нь эрсдэлтэй ч тэдний хувьд давуу тал болсон гэлтэй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр үзэгч, хөтлөгч, шүүгчдээс сайшаалын үг сонссон нь “Мүүн дейнс”-чүүдийн итгэлийг улам бадраалаа. 


Хамтлаг=Хамтаараа лаг

Хамтлагийн эхлэлийн цэгийг хатгасан хүн бол бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер О.Саранхүү. Тэрбээр одоогоос 15 жилийн өмнө “Мүүн дейнс” клубийг үүсгэн байгуулсан нь Монголын латин бүжгийн хамтлагийнхан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зорилготой болоход хөтөлжээ. Жилийн дараа клубийнхээ дэргэд хамтлаг байгуулан урьд өмнө нь хэний ч төсөөлөөгүй зүйлийг биелүүлэхийн төлөө зүтгэсэн байна. Бүжгийн спортын амтад нэг л орсон бол гарах тухай бодол огт төрөхгүй. Амьдралынхаа нэг хэсэг болгон цаг л гарвал бүжгийн заал руугаа гүйчихдэг нь гэм биш зан. Ийм мэдрэмжтэй, зорилгынхоо төлөө тууштай бэлтгэдэг залуусаар хамтлагаа бүрдүүлж чадсан учраас “Мүүн дейнс” оршсоор иржээ. Ингэж эхлэлээс энэ цаг үе хүртэлх арав гаруй жилийн хугацаанд бүжгийн спортод хайртай олон залуус “Мүүн дейнс”-ээр овоглож нэгэн үеийнх нь түүхийг бүтээлцсэн. Латин хамтлаг бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх оролцоход нь гишүүн байснаас өнөөдрийг хүртэлх хамтлагийн бүрэлдэхүүнд байсан 60 бүжигчний түүх “Мүүн дейнс”-тэй холбогдоно. Тэднийг бүжигт ингэж гүн автахад дасгалжуулагч багшийн нөлөө их. Хөлийн тавилтаас эхлээд бүгдийг зааж сурган мэргэжлийн бүжигчнийг илүү хурцалж, сонирхогчийг мэргэжлийн түвшинд хүртэл бэлтгэн хичээллүүлсэнтэй холбоотой. Латин хамтлаг бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь удаагаа оролцохдоо хүрэл медалийг ихэрлүүлж зорилгынхоо төлөө тууштай хичээсээр яваа. Монголын бүжгийн спортын түүхэнд оруулсан хувь нэмэр, амжилтыг нь төр засгаас үнэлж “Мүүн дейнс” хамтлагийг Монгол бахархлын өдрөөр “Алтангадас” одонгоор шагнасан удаатай. Үүсгэн байгуулагч бүжгийн спортын улсын шүүгч О.Саранхүүг Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор, хамтлагийн дасгалжуулагч, бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер О.Оюунбатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шаг­нан хөдөлмөрийг нь үнэлж, урам өгсөн үйл явдал одоогоос хоёр жилийн өмнө болж байв. Амьдра­лынхаа нэгээхэн цаг үеийг латин хамт­лаг бүжгийн хөгжлийг шинэ ша­танд гаргах, дэлхийн дайтай хөг­жүү­лэхийн төлөө зориулж яваа тэдний гэр бүлд бүжгийн спорттой амьдра­лаа холбосон хүн цөөнгүй бий.


Энгийнээс тодорсон монгол ондоошил

Арван жил, арван удаагийн тоглолт, арван өөр баг бүрэлдэхүүн болгон өөр өөрийн гэсэн түүхтэй. “Мүүн дейнс” энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо шинэ гишүүдээр хүч нэмжээ. Туршлагатай бүжигчид залуустаа түшиг тулгуур болж хэдэн сарын турш бэлтгэл хийсэн байна. Анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа залуусын хувьд бүх зүйл шинэлэг. Хурдхан л Австри улсад хүрч ах эгч нар шигээ бүжиглэхийг хүссэн байх. Хичээлийнхээ хажуугаар зав л гарвал бэлтгэлээ хийж цаг хугацаатай уралдсан хэдэн сарыг өнгөрөөжээ. Дасгалжуулагчийн хэлснээр өмнөх жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон гарааны тамирчдын олонх нь шинэчлэгдэж, дараагийн үеийн бүжигчдээс бүрдсэн шинэ шахуу бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ эхлүүлжээ. “Туршлага дутахвий, сандарчихвий” гэсэн айдастай  байсан учраас туршлагатай тамирчнаа шинэ бүжигчинтэй хос болгосон байна. Бүжгийн талбайд гарах 16 тамирчны тав нь дунд сургуулийн сурагч. Гэсэн хэдий ч хүүхэд байхаасаа хамтлагийн гишүүн болж бүжиглэхийг хүсэж мөрөөдөн, өөрсдийн ээлж, цаг хугацаагаа хүлээсэн нь талаар болсонгүй. Хичээсэн учраас бүжгийн талбайд гарч, анх удаа оролцсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцлоо. Энэ жилийн тэмцээнд оролцсон залуусын багт Б.Хаш-Эрдэнэ, С.Жаргалхүү, М.Азжаргал, Б.Дэлгэрсайхан, Э.Аминдураал, Э.Хүслэн, О.Эрдэнэ-Очир, Г.Нармандах, Д.Тэмүүжин, Ц.Билгүүн, Н.Отгонжаргал, Г.Гэрэлт-Ирээдүй, Б.Өлзий-Орших нар багтжээ. Харин охидын бүрэлдэхүүнд Б.Золжаргал, Э.Энх-Уянга, Г.Уянга, Т.Нандин-Эрдэнэ, А.Анжи, А.Энхжин, Э.Түвшинзаяа, А.Саруулзаяа, Ц.Эрхсаран, О.Индра нар харьяалагдан тэмцээний бэлтгэлдээ орсон байна. “Мүүн дейнс”-чүүд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байгаа бүжгээ гэр бүл, найз нөхдөдөө үзүүлж, сонирхуулдаг. Энэ уламжлалын дагуу тэд эх орондоо хийсэн сүүлийн бэлтгэлийнхээ дараа удаан хугацаанд бэлтгэсэн бүжгээ ойр дотнынхондоо үзүүлжээ. “Бид монгол өв соёл, ондоошлыг дэлхий дахинаа дэлгэрүүлж, эгэл айлаас төрсөн залуучуудын ур ухаан, авьяас чадварыг таниулна” хэмээн зорилгоо тодорхойлсноо хэлж удалгүй хилийн дээс алхсан юм. Залуучуудтай багш дасгалжуулагчаас гадна эцэг эхчүүдийн төлөөлөл хамт явж үзүүлбэрийн өмнөх бэлтгэл ажил, хоол унд хийх зэрэг арын албанд дэм болохоор нэгджээ. 

 

Латин формейшн бүжгийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багт:

Үүсгэн байгуулагч, дасгалжуулагч: О.Саранхүү

Ерөнхий дасгалжуулагч: О.Оюунбат

Багийн менежер:

Н.Мөнхбаяр, О.Батням

Найруулга /Хөгжмийн найруулга/ бүжиг дэглэлт:

Тон Гретен

Туслах дасгалжуулагч:

Марк Бенжамин Фелбуш

Хувцасны дизайнер: О.Гэрэлтуяа

Багийн эмч:

Ө.Оюунтөгс

Content maker:

П.Энхтүвшин

Make up Artist:

Г.Солонго

Эрсдэлгүйгээр ирдэг амжилт гэж үгүй

“Мүүн дейнс” хамтлаг өнгөрсөн жил ч тэмцээн болохоос өмнө алс нутгийг зорьсон. Энэ жил ч гэсэн цагийн зөрүү гаргаж, цаг агаар, бусад нөхцөл байдалд дасан зохицох зорилгоор тэмцээн эхлэхээс хэд хоногийн өмнө аяллаа эхлүүлжээ. Тэдний хэлснээр энэ нь нэг талаараа сатаарах өөр зүйлгүй, бэлтгэлдээ анхаарал хандуулахад боломж олгодог байна. Гэхдээ энэ удаад тэд зорьсон газраа шууд хүрсэнгүй. Арай хямд өртөгтэйг тооцож Унгар улсад буудаллажээ. Тэмцээн болохын өмнөх өдөр тэндээсээ Вена хотын зүг хөдөлсөн бөгөөд дөрвөн цаг орчим явж зорьсон газраа хүрсэн байна. Латин хамтлаг бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх 2014 онд оролцохдоо шилдэг хамтлагуудын нэг болох л зорилготой байсан. Харин энэ удаад аваргуудыг ялж аварга болох.

Герман болон тэмцээнийг зохион байгуулагч орны багууд манай бүжигчдийн хүчтэй өрсөлдөгчид. Тиймээс тэднээс өөр зүйлийг бэлдэж оролцох нь манай бүжигчдийн хувьд том даалгавар, толгойны өвчин байсан. Аваргын угшил, үндэс суурьтай туршлагатай багуудыг ялах тийм амар ажил биш. Гэхдээ л эрсдэл гаргаж байж амжилтад нэг алхам ойртоно. Үүнийг “Мүүн дейнс”-чүүд мэдэж байсан болохоор энэ жил тогтсон хэв маягийг эвдэхийг хүссэн. “Latin Roots” буюу латин бүжгийн үүсэл гарал гэсэн сэдвийн хүрээнд бүжгээ дэглэн, найруулж оролцсон нь залуусын зоригийг харуулж байлаа. Бэлтгэсэн бүжгээ бүжиглэж нүүр хагарсны дараа тэд “Үзүүлбэрийн хувьд Европын баг тамирчдаас ондоо, онцгой байсан гэдэгт итгэлтэй байна. Стандартыг эвдэхийг бид их хичээдэг, бүх зүйл хувьсан өөрчлөгдөх нь зүй ёсны хэрэг” гэж хэлж байв. Манай бүжигчид бэлдсэн бүжгээ үзүүлж даалгавраа онц сайн биелүүлсэн. Шүүгчдийн сэтгэгдлийг сонсож өнгөрсөн арван удаагийн оролдлого болгон ямар үнэ цэнтэй байсныг мэдэрсэн байх.

Мэдээж латин бүжгийн дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ дахин нотлох тэдэнд хүнд даалгавар байсан. Гэхдээ тэд чадахаа харууллаа, боломж байгааг ойлгосон болов уу. Одоо тэдний хувьд дараагийн аялал эхэлж байна. Илүү бүтээлчээр, илүү цог золбоотойгоор зорилгынхоо төлөө гал шиг дүрэлзээрэй залуус минь...

Б.Сэлэнгэ

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 16 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 21 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 22 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… Өчигдөр
Улаанбаатарт 23 хэм дулаан байна Өчигдөр
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр