Хүн бүр өөрийн гоо сайхантай. Тэр бүх байгалийн үзэсгэлэнг тодотгож, хүчирхэг эмэгтэйг бүтээхийг эрхэмлэдэг мэйк ап артист Н.Нарантуяатай ярилцлаа. Цаг ямагт хувьсан өөрчлөгдөж, нэг төлвөөс нөгөө рүү шилжиж байдаг салбаруудын нэг бол нүүр будалт. Энэ өрсөлдөөн дундаас мэйк ап артистууд эзэмшсэн техник, ур чадвараараа ялгардаг.
-Мэйк ап артистаар хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Мэйк ап артистын чиглэлээр 14 дэх жилдээ ажиллаж байна. Анх хуримын будалт буюу “Bridal Make Up”-ыг Хонконгод сурсан. Францын алдарт “MAKE UP FOR EVER” академийн салбар сургалтын төв Хонконгод байдаг. Мэйк ап артистаар дагнасан нь тавдугаар ангиасаа Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төвд сүрлэн наамлын дугуйланд суралцсантай холбоотой. Аравдугаар ангиа төгсөх жил шилдэг сурагчаар шалгарч, Б.Цэрэндорж захирал, Үржинханд багштайгаа ОХУ-д урлангаа төлөөлөн үзэсгэлэн гаргаж байлаа. Дугуйландаа сонирхолтой, амжилт гаргаж хичээнгүйлэн суралцдаг байсан. Монголын хүүхдийн урлан бүтээх төвийнхөө хоёр суралцагчийн хамт орос хүүхдүүдэд сурч мэдсэнээ зааж, хамтдаа суралцсан. Багаасаа зурах, наамал хийх, гар урлалд дуртай байсан минь артист болоход нөлөөлсөн. БНСУ-д 2016 онд гоо сайхны шивээс, хөмсөг, уруул, контурын сургалтад суралцсан. Одоо энэ чиглэлээрээ дагнан ажиллаж, мэргэшиж байна.
-Шинэ жил хаяанд ирлээ. Захиалга ч их ирж байгаа болов уу. Үдэшлэг, цэнгүүнд ямар будалтын хэв маяг зонхилж байна вэ?
-Шинэ жилийн захиалга их байна. Энэ жилийн хэв маягийг хүн бүрд тулгаж, тааруулах нь тохиромжгүй. Үйлчлүүлэгчдээ зохьсон, өө сэвийг нь далдалсан, гоё сайхныг нь тодотгосон будалтуудыг хийдэг. Мөн хүн бүр өөрийн гэсэн арьсны өнгөтэй. Тиймээс арьсны өнгөнөөс хамаарч тохирох өнгийг нь сонгож буддаг.
-Нүүр будахыг урлагийн бүтээлтэй адилтгаж болно. Та ажлынхаа аль хэсэгт хамгийн их дуртай вэ?
-Будалт болгон байгалийн гоо үзэсгэлэн, хэв маяг, хувцаслалт, стиль, оролцох гэж байгаа арга хэмжээний төрөл, орчин бүгдийг уялдуулсан тухайн хүндээ зориулсан байх ёстой. Давтагдашгүй будалт хийхийн тулд үйлчлүүлэгчтэйгээ ярилцдаг. Нүүр будахад артистаас мэдрэмж, ур чадвар шаарддаг. Үйлчлүүлэгч минь сэтгэл ханамжтай, инээмсэглэж байхыг харах дуртай.
-Артистуудын нүүр будалтын арга барил өөр байх. Таны бусдаас ялгарах техник юу вэ?
-Миний үндсэн техник, арга барил бол будалт хоорондын уусгалт. Натурал уусгалт хийснээр үйлчлүүлэгчийн байгалийн үзэсгэлэнг тодотгож, хүчирхэг эмэгтэйг бүтээдэг. Хүнийг танигдахын аргагүй өөрчилж, “Шавар хүүхэлдэй” шиг хэт их будах дургүй. Хэрвээ мэйк апыг дайнтай зүйрлэвэл зөв будалттай эмэгтэй хэрэгтэй зэвсгээ барьсан дайчин шиг өөртөө итгэлтэй байдаг.
-Загварын шоу, улаан хивсний ёслолд тогтмол оролцдог уу?
-Олон улсын загварын шоу, гоо бүсгүйн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй бүсгүйчүүдтэйгээ оролцдог. Тайзны будалт илүү тод байдаг. Загвар өмсөгчийн өгөгдөл, шоуны сэдэвтэй уялдуулж будалтаа хийнэ. Хэд хэдэн киноны нүүр будалтыг хариуцдаг. Зураг авалтын турш “бэлэн байдалд” ажилладаг. Будалтаа сэргээнэ, шинээр будах гээд завгүй ачаалалтай байдаг. Хамгийн сүүлд телевизийн контент дээр ажилласан. Оффис ажилтнуудад зориулж байгууллагын сургалтыг мөн явуулдаг.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна