​ Д.Отгонбаяр Бүтээл хийхийн тулд зүрх сэтгэлээ чөлөөл



Үзэгдэхүйн орчинд харах нүдийг баясгаж цаг үеэс үл хамааран хүмүүний сэтгэлийг хөглөдөг дүрслэх урлагийн олон төрөлт бүтээлүүдээс керамикийг сонгон уран бүтээлчийн эрэлд гарлаа. Дорнын соёлд гал, ус, шороо зэрэг таван махбодын зохист харилцаанд юмс тэнцвэрээ олдог талаар дурдсан нь олонтаа. Тэдгээр элементээс бүрдсэн ховор нандин эд зүйлийг хүмүүн биет аль эртнээс ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн нь өдгөө соёлын үнэт өв болтлоо хөгжин дэлхийн улс орнуудад түгэн дэлгэрчээ. Манай улс ч керамикийн хувьд эртний соёлтой бөгөөд цаг үеийн нугачаанд бүдгэрсэн нь хэдэн жилийн өмнөөс өөрчлөгдөж орчин цагийн төлөөллийг гарган ирсэн. Ховор нандин олдвор, ахуйн хэрэглээнээс хальж хөгжмийн бүтээлтэй хосолсноор урлагийн сэтгэл заслын нэг төрөл болон хөгжиж байна. Цаг хугацааны эргүүлэг, технологийн шинэчлэл, хүний эрэлт хэрэгцээнээс хамааран өөрчлөгдөж буй урлагийн энэ төрлийг авч үлдэхэд хувь нэмрээ оруулан, бүтээлээ туурвиж буй Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлч Д.Отгонбаярыг энэ “Дугаарын зочин”-оор урьж ярилцлаа.  


-Энэ биеийг олохоос эхлээд урлаг хүнтэй хамгийн ойр байдаг учраас хүүхдээс илэрдэг анхны ур чадвар дуу хөгжим, бүжиг, зурагтай холбогддог байх. Ээжийнхээ хэвлийд байхаасаа хөгжим сонссоноор хөгжмийн мэдрэмжтэй болж түүнийгээ хөдөлгөөнөөр илэрхийлэх нь хүүхдүүдийн хувьд түгээмэл. Үүний нэгэн адил багаасаа цаас харандаатай нөхөрлөж элдэв дүрс сараачсанаар хүүхдийн төрөлхийн өгөгдөл нь тодрох тохиолдол бий. Таны хүүхэд насанд эдгээр өгөгдлөөс аль нь давамгай байсан бэ? 
-Мэдээж зураг. Ухаан орсон цагаасаа цаас, харандаанаас салдаггүй хүүхэд байсан гэж ээж маань ярьдаг юм. Тэгэхээр их л багадаа мэргэжлээ сонгосон байгаа биз. Долоо бил үү найман настайдаа зураач болно гээд шийдчихсэн байсан. Ингэж хэлэхээр хүмүүс “Заа, арай ч үгүй байлгүй дээ” гэж хэлэх байх. Гэхдээ зураачаас өөр мэргэжил эзэмшинэ гэж ерөөсөө бодож байгаагүй.

Наймдугаар анги төгсдөг жилээ гэрийнхнээсээ ч асуулгүй Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэхээр шалгалт өгтөл тэнцчихсэн. Хүссэн мэргэжлээрээ сурах эхний даваагаа давсан болохоор ямар их баярласан гэж санана. Гэтэл яг сургуульд орох болоход багш, ээж хоёрын эсэргүүцэлтэй тулгарсан. Дориун сурлагатай байсан учраас арван жилийн сургуулиа төгсөөд дээд боловсрол эзэмших ёстой гэж тэдний хэлсэн үгэнд нь орж есдүгээр ангидаа орсон. Нэг өдөр сургуулийн захирал намайг дуудаж Дүрслэх урлагийн дунд сургуулиас миний хувийн хэргийг явуулахыг хүссэн талаар хэлдэг юм байна. Тухайн үед шалгалт өгөөд тэнцсэн болохоор намайг дуудахаас өөр  аргагүй байсан биз. Ингэж би хүссэн сургуульдаа элсэн орсон юм.

-Таныг элсэж байх үед хүүхдүүдийн олонх нь зураач мэргэжлийг сонгодог байсан. Харин та тэднээс тэс ондоо керамикийг сонгох болсон нь цаанаа шалтгаантай байсан юм уу, эсвэл хэн нэгэн танд зөвлөсөн үү?

-Үнэндээ арван жилийн сургуулийн дугуйлангийн багш маань надад “Зорьсон сургуульдаа орж чадвал графикийн ангид ороорой” гэж зөвлөсөн. Тэр нь ч надад боломжийн сонголт юм шиг санагдсан. Яг анги сонгох үед хайхрамжгүй гэх үү санаандгүйд тооцох уу нэгэн үйл явдлаас болж би керамикийн ангид орсон нь цаанаасаа зурсан зураг гэлтэй. Одоо бодоход хувь тавилан байжээ. Дүрслэх урлаг, уран бүтээлийн орон зайд орж шамдан суралцан багш нараасаа номын дуу сонссоноор керамикийг илүү гүн гүнзгий судлах хүсэл төрсөн. Дүрслэх урлагийн дунд сургуулиа керамик урлагийн зураач мэргэжлээр 1986 онд төгсөөд үргэлжлүүлэн ОХУ-д сурахаар явсан юм. Ингэж өөртөө шинэ ертөнцийг нээснээр өөр орны соёлоос суралцах боломж бүрдсэн. Тэнд керамикийг илүү гүн гүнзгий судалж, аливаа юмс үзэгдлийг өргөн цар хүрээгээр бодож сэтгэх алсын хараатай болсон хэрэг. Санкт-Петербург хотын Штиглицийн нэрэмжит Урлаг, үйлдвэрлэлийн академид суралцсан он жилүүд дуусаж 1992 онд керамик урлагийн зураач, урлаг судлалын магистр зэрэгтэй төгсөөд эх орондоо ирсэн.


Чөлөөт нийгэм нэрээр Монголын соёлын томоохон өвийг устгасан

-Таныг керамикийн зураачаар сурч байх үед манай улс өөрийн гэсэн үйлдвэр, уран бүтээлчид, зах зээлтэй байсан. Харин Орост магистраа хамгаалаад ирэхэд тэс ондоо нийгэм таныг угтсан байх. Уран бүтээлчийн хувьд та тэр өөрчлөлтийг хэрхэн хүлээн авсан бэ?

-Орост сургуулиа төгсөөд Монголд ирэхдээ социализмын үе шигээ санаж “Намайг нэг газар хуваарилна, тэнд нь би очиж ажиллана” гэж бодсон. Гэтэл санаснаас өөр дүр зураг, тэс ондоо нийгэм хүлээж байсныг мэдээгүй. Учир нь, Монгол Улс зах зээлийн чөлөөт нийгэмд шилжсэн байв. Оросоос ирээд Урчуудын эвлэлийн хороог зорин очиход “Чамайг энд тэнд ажилла гэж томилохгүй. Бүхнийг өөрөө мэдээд хий” гэсэн. Тэр үед үнэндээ яах учраа олоогүй. Хэсэг бодсоны эцэст Шаазан ваарны үйлдвэрт зураачаар ажиллах хүсэлтэйгээ очоод хэлтэл орон тоо байхгүй гээд халгаагаагүй. Оронд нь зураачийн туслахаар ажиллах боломж байгааг дуулгасан. Намайг уран бүтээлч гэж харалгүй, үл тоомсорлосон байдлаар хэлсэн тэр саналыг хүлээж авалгүйгээр хаалгыг нь хаагаад гарсан нь зөв сонголт болсон. Тэр үйлдвэр удалгүй хаалгаа барьж Монголын шаазан урлалын нэгэн үеийн түүх төгсгөл болсон юм. Чөлөөт нийгэм нэрээр далимдуулж бүрэн бүтэн, зах зээл нь бэлэн байсан үйлдвэрүүдийг дампууруулсан нь ашиг хонжоо хайгчдын хийсэн хэрэг. Бүтээгдэхүүнүүдийн заг­­варыг нь сайжруулж үйл ажил­лагааг нь дэмжсэн бол амь тавихгүй байх боломжтой байсан юм шүү дээ. Харамсалтай нь тийм зүйл болоогүй. Хувьчилж авах нэрийдлээр дампууруулж олон хүний амь зуулгыг үгүй хийсэн. Тэр үйлдвэрийг дагаад технологи, дизайнаас гадна Монголын соёлын томоохон өвийг устгасан. Яагаад гэвэл тэнд 1950 оноос эхлээд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүний эх загварыг хадгалсан музей байсныг бүгдийг нь зарж үгүй хийсэн. Шаазан цуглуулагчид тэдгээр анхны загварыг худалдаж авсан байдаг. Ямар ч гэмтэлгүйгээр ажиллаж байсан үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг акталж Хятад руу төмрийн хогонд ачуулсныг эмгэнэл гэхээс өөрөөр оноож хэлж чадахгүй юм. 


-Тэр үеийн нийгмийн үзэгдлүүд одоо хүртэл таны ой тойнд тод байгаа бололтой?

-Яаж мартах билээ. Манай сургуулийнхан Шаазан ваарны үйлдвэрт дипломынхоо ажлыг хийдэг байсан. Тэр үед манай улс керамикийн том лабораторитой байсан юм шүү дээ. Монгол Улс плитагаа өөрсдөө үйлдвэрлэдэг. Одоогийн 11 дүгээр хорооллын байрнуудын гадна талыг өнгөлсөн бүх плитаг бид эх орондоо үйлдвэрлэж байв. Барилгын материал, пааланг туршдаг тэр лабораторид очиж дипломоо хамгаалдаг байсан нь дурсамж болон үлджээ. Тэр үеийн хөрөнгө мөнгө зарцуулж бий болгосон бүтээн байгуулалтууд, бэлдсэн боловсон хүчин ашиг хонжоо хайгчдын шуналаар үгүй болсон. Шаазан ваарны үйлдвэр, Төв аймгийн керамикийн үйлдвэр, Налайхын шилний үйлдвэр гээд нэрлэвэл олон газрыг зах зээлийн үед ор мөргүй устгасан. Хэрвээ тэдгээр үйлдвэр байсан бол өнөөдөр бид шавраа өөрсдөө боловсруулж байх байсан. Уран бүтээлчид гаднаас худалдан авалт хийхгүйгээр бүх зүйлээ дотооддоо шийдвэрлэх боломжтой байлаа. Харин одоо бид Япон, Хятад, Солонгосоос шавраа худалдан авч байна. Хөгжих боломжоо өөрсдөө үгүй хийчихээд айлаас түүхий эдээ авч байна. Соёл урлагийн салбарын хөгжил ч цаанаа эдийн засагтай нягт холбоотойг үүнээс харж болно. Соёл урлаг бол эдийн засгаа тэлэх томоохон хөшүүрэг гэдгийн хамгийн ойрын жишээ нь Өмнөд Солонгос улс байна. Харин бид үүнийг мэддэггүй. Мэдсэн ч ойшоодоггүй бололтой. Соёлын салбараас хүртэх эдийн засгийн үр өгөөжийг хайхрахгүй явсаар ирсэн. 

-1992 онд сургуулиа төгсөөд ирсэн танд уран бүтээлчийн хувьд орон зай олдоогүй юм байна. Тэгээд та ямар шийдвэр гаргасан юм бэ?

-Нөхөр маань Орост үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр сураад хараахан төгсөөгүй байсан. Тиймээс Москва руу явж тэндээ хэдэн жил амьдрахаар шийдсэн. Сургуулиа төгсөөд эх орондоо очоод мэдсэн сурснаа харуулна гэж бодож байсан хүн юу ч хийж чадалгүй хойш ухрахад ямар байсан нь ойлгомжтой. Хэдэн жил Москвад амьдрахдаа янз бүрийн л ажил хийсэн. Гэхдээ керамикийн зураачийн хувьд бүтээл барьж аваагүй. Долоон жил өнгөрсний дараа Монголд ирээд Дизайн урлагийн дээд сургуульд багшлахаар болсон нь надаас багагүй зориг шаардсан ажил байв.

-Мэргэжлээрээ ажиллалгүй олон жил болсон учраас хэцүү байв уу.  Багшлахаас яагаад халшрах болов?

-Хүний олон зуун хүүхдэд хичээл заах амархан ажил биш. Тиймээс багшлахаас аль болох зайлсхийж, зугтдаг байлаа. Тэгээд яг цагаа тулахад “Үгүй” гэж хэлж чадаагүй. Харин ч эсрэгээрээ судалгаагаа улам гүнзгийрүүлэх шаардлагатай болсон. Дизайн урлагийн дээд сургуульд багшилж байхад үйл ажиллагаагаа өргөжүүлэх болсон тул шинэ анги нээх зорилгоор дээд сургуулийн керамикийн хичээлийн хөтөлбөр боловсруулах ажилд би маш их хугацаа зарцуулж, судалгаа ч багагүй хийсэн. Сургуулийн бүтэн жилийн хөтөлбөр гаргах тийм ч амархан ажил биш юм билээ. Гэсэн ч тухайн үед хөтөлбөрөө гаргаад Боловсролын яамаар батлуулж байсан. 

-Багшаараа үргэлжлүүлэн ажилласан бол өдийд бие даасан бүтээлээ гаргаж чадах байсан болов уу?

-Хэлж мэдэхгүй юм. Би нөхөртэйгөө дизайн студи байгуулан хэсэг хугацаанд ажилласан. Уран бүтээлч хүнд ч мөнгө хэрэгтэй. Амьдарна, уран бүтээлийн бэлтгэлээ хийхэд хөрөнгө санхүү зайлшгүй шаардлагатай. Хувьдаа студитэй болсноор нэгэн хэвийн амьдрал үргэлжилсэн. Энэ үед бие даасан бүтээлд анхаарал хандуулъя гэсэн ч шатаах зуух, материал байгаагүй. Тиймээс олсон хэдээрээ керамик шатаах зуух авахаар Хятад руу явсан. Зорьсон хэргээ бүтээж зуухтай ч болж хувь бүтээлдээ анхаарал хандуулахаар шийдсэн юм.

 

Уран бүтээлч хүн цэвэр сэтгэлтэй байж бүтээл төрдөг

-Үнэнийг хэлэхэд өдөр тутмын амьдралын талаар бодож явсан толгойд уран бүтээлийн санаа сэдэл шууд төрөөгүй нь ойлгомжтой байна?

 -Аргагүй биш гэж үү. Сургуулиа төгссөнөөс хойш бүтээл ер хийгээгүй. Хүсэл байсан ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байсан. Тэгээд ч уран бүтээл хийхэд цаг хугацаа хэрэгтэй. Уран бүтээлчийн хувьд сэтгэлзүйгээ бэлдэх ёстой. Яагаад гэвэл бизнес хийгээд явж байсан хүн гэнэт бүтээл хийнэ гэвэл боломжгүй. Бүтээл хийхийн тулд зүрх сэтгэл цэвэрлэгдэх ёстой байхгүй юу. Өдөр тутмын амьдралаасаа гарч өөрийгөө чөлөөлөх ёстой. Тэгэхгүй аливаа нэг зүйлд баригдчихсан байх юм бол жинхэнэ бүтээл төрөхгүй. Уран бүтээлчийг цэнэглэдэг зүйл нь байнгын судалгаа, ажиглалт байдаг. Тэндээс өөрийн гэсэн өнцгийг гарган ирж бүтээлдээ шингээн санаагаа дэвшүүлдэг.  

Уран бүтээлч хүн цэвэр сэтгэлтэй байж бүтээл төрдөг. Бас өөрийнхөө дотор байгаа зүйлийг ухаж ойлгосноор өгөгдөл орж ирнэ. Сүнснээс сүнсэнд шилжсэн өмнөх амьдралаас үлдсэн туршлага миний биед хадгалаастай байхыг үгүйсгэх аргагүй. Монголчууд зөн гэж ярьдаг. Дээд өвгөдөөс генээр дамжин ирсэн мэдээлэл бидэнд байдаг. Яагаад гэвэл хүн өөрийгөө ухахаар олон зүйлийн талаар мэдээд байдаг. Харин өнгөцөөр дүгнэвэл бид мэдлэггүй харагддаг. Гэтэл дотоод ертөнцөөсөө эрэл хайгуул хийвэл мэдэхгүй зүйл цөөн болохыг ойлгох боломжтой. 

-Таны хэлснээр авьяастай бол уран бүтээлч гэдэг нь харьцангуй ойлголт болох нь ээ?

-Ерөөсөө л жинхэнэ бүтээл хийхэд уран бүтээлчээс олон зүйл шаарддаг. Боловсрол,олон талын мэдлэг, мэдрэмж, авьяас, ур чадвар, туршлагаас гадна цаг хугацаагаа зөв тооцоолох хэрэгтэй болдог. Энэ бүхэн бүрэлдэж байж бүтээл хийнэ. Түүнээс биш нэг нь дутвал сайн бүтээл төрөх боломжгүй. Жишээ нь, авьяастай байхад боловсролоор яадаг юм бэ гэвэл худал болно. Олон зүйлийн нийлбэрээс сайн уран бүтээл төрдөг.

-Тийм сайн бүтээлээ та хэзээ хийсэн бэ?

-/Хэсэг бодолхийлэв/. Магадгүй одоо ч гэсэн сайн бүтээл хийхийн төлөө яваа юм болов уу. 2011 онд 13 уран бүтээлчийг оролцуулсан “Интерьер аксессуар” үзэсгэлэнгээ санаачлан зохион байгуулсан. Монголын урчуудын эвлэлийн арт галерейд дэлгэсэн үзэсгэлэн хүмүүсийн сонирхлыг ихээхэн татсан. Цөөнгүй хүнийг үзэсгэлэнгийн танхимд зочлуулж чадсан үзэсгэлэн болсон гэж ойлгосон. Түүнээс хойш зургаан жилийн дараа 2017 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан нь “Тэнгэрийн ирвэс” нэртэй байв. Сэдвээрээ шонхор шувууг сонгон энэ жигүүртнийг хамгаалахад бүтээлээ дамжуулан дуу хоолойгоо илэрхийлэхийг хүссэн. Экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн үүрэг оролцоотой энэ жигүүртний үрэгдэхэд нөлөөлөх шалтгаан дэндүү олон. Гэтэл байгалийн тэнцвэрийн хуулийг хадгалахад оруулж байгаа хувь нэмэр хэмжээлшгүй их байсан. Тиймээс шонхрыг бие даасан анхны үзэсгэлэнгийнхээ сэдвээр сонгосон нь нийгэмд дуу хоолойгоо хүргэхийг хичээсэн.


Би хиймэл материалаас татгалздаг учраас бусдыгаа ч тийм л байгаасай гэж хүссэн

-Керамикийг урлагийн түвшинд, дахин давтагдашгүй бүтээл гэдэг агуулгаар ханддаг үзэгч тэр үед хэр олон байсан бол?

-Социализмын үед үзэгчдийг ахуйгаар нь дамжуулан бэлддэг байсан. Айл болгон шаазан эдлэлтэй түүнийг хэрхэн арчлах талаар мэддэг байж. Дурын нэг айлд ороход том жижиг шаазан эдлэлтэй байлаа. Гэтэл нийгмийн шилжилтийн үед энэ бүх зүйл үгүй болсон. Хүмүүс шаазан эдлэлийн талаар мэдэгдэхүүнгүй болж Хятадаас оруулж ирсэн үйлдвэрийн хямд бараа төдийхнөөр урлагийн бүтээлд хандсан. Дээр нь керамикийн цэвэр материалаар бүтээл хийдэг хүн ховор байв. Би хиймэл материалаас татгалздаг учраас бусдыгаа ч тийм л байгаасай гэж хүссэн. Бүгдээрээ мэддэг ч боломж нь хязгаарлагдмал байсан үед би урдаас зуух оруулж ирснээр энэ байдлыг бага ч гэсэн өөрчилсөн болов уу гэж боддог. Залуусын урлагийн бүтээлд хандах хандлага өөрчлөгдөж, керамикийн талаар илүү судлах, сонирхох болсон нь сайшаалтай.

-2017 он таны хувьд сэргэн мандалтын жил байж. Яагаад гэвэл та энэ жил олон улсын симпозиумыг Улаанбаатарт зохион байгуулсан байдаг?

-Тийм ээ /инээв/. 2017 онд Керамикийн олон улсын симпозиумыг зохион байгуулахаар санаачилж Монголын урчуудын эвлэлд үүнийгээ танилцуулснаар дэмжигдэж, мэргэжлийн керамикийн барималчид, сонирхогчид болон бусад уран бүтээлчээс бүрдсэн хоёр тусдаа хэсэг болгон олон улсын симпозиумыг өргөн дэлгэр зохион байгуулсан. Хятад, Нидерланд зэрэг улсаас уран бүтээлчид ирсэн нь бидэнд харилцан туршлага солилцох боломжийг олгосноороо онцлог. Хэл соёл, хөгжлийн хувьд ялгаатай ч бүтээл болгон өөрийн гэсэн түүхийг агуулсан нь нэн сонирхол татаж байлаа. Би бүтээл ямар нэгэн байдлаар үг хэлж байх ёстой гэж боддог. Хүний үзэж туулсан амьдрал туршлага болж бүтээлд нь их бага хэмжээгээр шингэдэг. Өмнө нь нөхрийгөө Орост үйлдвэрлэлийн дизайнаар сурсныг дурдсан. Тэр үед би дизайны хичээлийг эчнээгээр сурсан гэж хэлэхэд нэг их буруудахгүй байх. Дараа нь Монголд ирээд дизайн студи ажиллуулахад төрөл бүрийн материалтай ажиллаж байсан нь бүтээл хийхэд ялангуяа контемпорари бүтээл хийхэд хэрэг болдог.

-Олон улсын биенналиудад оролцсон нь мөн л 2017 он байсан. Ур чадвар болон бусад зүйлээрээ хаахна яваагаа мэдэхэд сайхан боломж болсон байх?

-2017 он өрнүүн, дүүрэн жил байжээ. Бие даасан үзэсгэлэнгээ гаргаж олон улсын симпозиум зохион байгуулснаас гадна Чеонжү, Бээжингийн биеннальд оролцсон нь мөн л 2017 онд юм. Өмнөд Солонгост зохион байгуулагдсан Чеонжүгийн биеннальд Монголын урчуудын эвлэлээс 10 хүн оролцсоны нэг нь би. Олон орны уран бүтээлчийг хамруулсан, сайн бүтээлүүдтэй нь Чеонжүгийн биенналь байсан. Туршлагаас харахад манай уран бүтээлчдийн өгүүлэх гэсэн санаа сэдэл нь сайн байдаг. Ихэвчлэн монгол гэсэн онцлогийг бүтээлдээ шингээсэн байх агаад онцлогоо сайн гаргаж чаддагаараа давуу талтайг олж харж байлаа. Харин Бээжингийн биеннальд оролцоход манай уран бүтээлчид бусадтай харьцуулахад учиргүй хол хаягдсан зүйл байхгүй юм байна гэж дотроо бодож явлаа. Гэхдээ энэ бол одоогоос долоон жилийн өмнө хийж байсан дүгнэлт. Тэр цагаас хойш манай уран бүтээлчдийн гадаад дотоодын үзэсгэлэн, биеннальд оролцох нь нэмэгдэж одоо монгол уран бүтээлчдийн бүтээлийг үзэх гэсэн үзэгчид аль хэдийнэ бий болжээ. Манай керамикийн урлаг сүүлийн таван жилд үсрэнгүй хөгжиж байна. 

-Таны бүтээлүүдээс Монголын урчуудын эвлэлийн оны онцлохоор шалгарч байсан нь нэг бус удаа. Оноож өгсөн нэрнээсээ эхлээд өгүүлэмж нь дахин давтагдахааргүй учраас санаанд тод байна?

-2016 оны “Тодорхой бус орон зай дахь шонхрын мессеж” бүтээлийг хэлж байна уу. Намайг олон хүнтэй холбосон бүтээл. Өөрөөр хэлбэл, үзэгч, уран бүтээлчээс надад хаягласан асуулт цөөнгүй ирсэн нь энэ бүтээлтэй холбогдож байсан. Миний бүтээл зорилгоо биелүүлж хүмүүст хүрч, мессеж өгсөн байгаасай гэж боддог. Удаах онцлох бүтээл нь 2019 оных, “Бүтээгч” нэртэй. Монголын контемпорари арт үзэсгэлэн жил бүр зохион байгууллагддаг. 2021 оныход нь миний “Дэлхий залуудаа” бүтээл шилдгээр шалгарч байлаа. Уг бүтээлээ би хэрэглэсэн кофены филтр цаасыг ашиглан хийсэн. Одоо кофены цаасаар томоохон баримал эхлүүлсэн байгаа. Хоёр, гурван жил цуглуулсан кофены цаасаа ашиглаж байгаа юм.

-Уран бүтээлчдийн олонх нь их дотогшоогоо байх юм. Энэ байдал нь өөрийгөө орчноос тусгаарлахад нөлөөлж заримдаа бүр бүтээлээ хийхгүйгээр зогсчихмоор санагдуулдаг гэлтэй?

-Зураачид дотогшоо хүмүүс, тэр болгон өөрийгөө зарлан тунхаглаад байдаггүй. Чөлөөт орон зай болох урландаа байж орчлонгийн түмэн зүйлийн талаар эндээ баясалгана. Ойролцоо ертөнц, үзэл бодолтой хүмүүс энд байдаг нь орон зайн хувьд хамгийн тохиромжтойг илтгэнэ. Түүнээс биш түмэн хүн холхисон эсвэл олон янзын дуу чимээ тасрахгүй орчинд бүтээл хийнэ гэвэл худлаа. Ядаж төвлөрч ч чадахгүй. Би хатуу төлөвлөгч биш ч цаг хугацаагаа тооцоолж бүтээл дээрээ суудаг. Гаднын эсвэл ямар нэг хүчин зүйлээс шалтгаалан бүтээлээ зогсоож байсан тохиолдол надад нэг ч үгүй. Хааяа “Шал хэрэггүй зүйл хийгээд байгаа юм биш үү” гэж бодогдох үе гарна. Ер нь хэнд хэрэгтэй юм. Яах гэж хийгээд байгаа талаараа эргэцүүлнэ. Магадгүй тэр нь миний хувьд дотогшоо чимээлэх үе нь байх.

-Уран бүтээлчдийн мөнгөний талаарх үзэл харилцан адилгүй. Захиалгын ажилд хандах хандлага нь ч тэс өөр байдаг. Харин таны хувьд?

-Мөнгөнд дургүй хүн байхгүй. Амьдрал ч, уран бүтээлд ч хэрэгтэй. Миний хувьд нэг хэсэг мөнгөний ажил хийе гэж бодсон. Хоёр жилийн хугацаанд захиалгын бүтээл дээр ажиллаж ч үзсэн. Энэ нь нэг талаараа надад амралт болсон байх. Гэхдээ цаагуураа бүтээл хийх бодол үргэлж уяатай байдаг юм шиг санагдсан. Бүтээлийн талаарх элдэв бодол тархинд боловсруулагдаад явж байдаг юм билээ. Тархи, гар хоёр зэрэг ажиллах үед нөгөө шинэ санаа аль хэдийнэ боловсруулагдаад бүтээл болоход бэлэн. Би аль хэдийнэ боловсруулсан мэдээлэл дээр ажиллаж байгаа юм шиг мэдрэмж орж ирдэг тал бий.

Уран бүтээлийн үнэ цэн зөвхөн зарах борлуулахдаа биш. Гол нь уран бүтээлчийн хэлэх гэсэн санааг түгээх. Бидний бүтээлийн эцсийн зорилго нийгмийг сайн сайхан болгоход л чиглэдэг. Зарим нь өөртөө зориулж хийдэг гэдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Яагаад гэвэл бидний бүтээл эцсийн дүндээ хүмүүст зориулагдсан байдаг. 

Баримлын парк байгуулах хүслээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна

-Одоо таны “Завгүй хүмүүс” инстоляцын талаар ярилцъя?

-Энэ асуултыг хүлээж байлаа. Яагаад гэвэл энэ бүтээлээ бага зэрэг тоодог гэх үү дээ /инээв/. 13 өөр хүн, 13 өөр илэрхийлэл бүгд өөр өөрийн гэсэн нэртэй. Эдгээр бүтээл маань хүмүүст маш сайн хүрсэн. Олон зүйлийн талаар “Ярьж чадсан” гэж боддог. Өнөөдөр гар утас бидний цаг хугацааг  хэмнэж, олон зүйлийг хялбаршуулж байгаа боловч нөгөө талаараа цагийн дайсан болж байна. Сошиал орчинд хайран цагаа үрээд зогсохгүй эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг бий болгодог. Бүгд гар утсаа барин хөшсөн байдалтай нүүр нь толь байгаа биз. Энэ нь хүн аливаа мэдээллийг толины тусгал шиг шууд, шүүлтүүргүй хүлээж авч байна гэдгийг илтгэж байгаа хэрэг. Гар утсаараа авч байгаа хэрэгтэй хэрэггүй мэдээллийг зөв буруу гэдгийг нягтлалгүйгээр шууд итгэдэг. Энэ нь хэн нэгнийг шалтгаангүйгээр буруутгах сэдлийг төрүүлдэг. Тэгэхээр энэ мэт агуулгыг “Завгүй хүмүүс” инстоляц бүтээлүүдээр харуулахыг хүссэн. 

-Дараагийн асуух өөр нэгэн бүтээл бол “Өөрийгөө олохуй” нэртэй видео ажил байлаа. Энэ бүтээлийг хамгийн сүүлд “Тусгаар тогтнол” үзэсгэлэнд өгснийг харлаа?

-“Тусгаар тогтнол” үзэсгэлэнд зорьж өгсөн юм. “Бий” контемпорари галерейгаас зохион байгуулсан резиденс хөтөлбөрт хамрагдан Өвөрхангайн Хужирт, Хаалган дэнж гэдэг газарт хийгдсэн перформанс, инсталяц , видео ажил юм. Байгалийн сүр хүчин дунд ороод өөрийн эрхгүй амин гэртээ буцаж ирсэн мэт сэтгэлийн амар амгалан, хязгааргүй их эрх чөлөөг мэдрээд, хэрэгцээгүй олон зүйлсээс тусгаарлагдаж, зөвхөн өөртэйгөө хамт байх торгон мөч байсан. Монголын хувьд гэвэл биднээс өөр системтэй хоёр гүрний дунд арал шиг оршдог онцлогтой бөгөөд эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдлэгч   монгол хүн бүр өөрөө өөртөө эзэн нь байж, дотор орших эртний түүх соёлоо сэрээж сэхээрэх нь чухал гэсэн санааг энэ бүтээлээрээ илэрхийлэхийг хүссэн юм.

-Дюссельдорф хотод нээсэн үзэсгэлэнд та энэ бүтээлээрээ оролцсон бил үү?

-Тэгсэн. Үүнээс гадна хэд хэдэн бүтээлээрээ оролцоод ирсэн. Өнгөрсөн жилийн дүрслэх урлагийн долоо хоногийн үзэсгэлэнд би энэ бүтээлээ өгсөн юм. Тухайн үед Кунстхалле Дюссельдорфын захирал нь өөрийн биеэр хүрэлцэн ирж бүтээлүүдийг сонгоход “Өөрийгөө олохуй” багтсан нь олзуурхууштай байсан бөгөөд өнгөрсөн зургадугаар сард Дюссельдорф хотод нээсэн “Эх дэлхийг анагаах нь” үзэсгэлэн оролцоод ирсэн.

-Таны уран бүтээлийн мессежүүд их сонирхолтой. Тийм бодол тээж явдаг хүнд бүтээхийг хүсдэг зүйл байх нь дамжиггүй. Ярилцлагын төгсгөлд энэ талаар асууж өндөрлөе гэж бодлоо?

-Соёл урлаг нийгмийн бүх салбартай холбоотой. Зөв залуурдвал эдийн засгийн хөгжлийн нэг хэсэг ч байх боломжтой. Боловсрол тэр дундаа хүний хөгжилд чухал үүрэгтэй. Хүмүүжлийн явцад соёл урлагийн мэдлэг олгоогүйн уршгаар өнөөгийн нийгэмд бэртэгчин хүн олон болсон. Тийм хүмүүсээс болж олон зүйл дээр буруудаад байгаагаа хүмүүс ойлгож ухаардаггүй. Үүнд эртнээс анхаарч хүүхдийн хүмүүжлийн явцад урлагийн боловсрол олгох нь ирээдүйд хүн шиг хүн болоход ихээхэн нөлөөтэй.

Ингэж эртнээс бэлдэж чадвал ирээдүйд олон зүйлийг өөрчилж чадна. Би уран бүтээлчийн хувьд Монголд баримлын парк байгуулахыг хүсдэг. Керамик, мод, чулуун барималуудтай цэцэрлэгт хүрээлэнтэй болох энэ хүслээ хэзээ нэгэн цагт биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 Б.Сэлэнгэ

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/    


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН сонгуульд ялалт байгуулж, удирдлагын багаа шинэчилсэн жил Өчигдөр
Ж.Чинбүрэн: “Хавдар судлалын үндэсний II төв”-тэй болсноор монгол хүн … Өчигдөр
Ирээдүй өнөөдрийн залуусынх Өчигдөр
“Монголын үнэн” сониноос захиалагч, уншигчдадаа учирлах үг Өчигдөр
Дөрвөн улиралд ашиглах боломжтой 45 автомашин, техник хэрэгслээр парк … Өчигдөр
Хамгийн урт гүүрэн байгууламжийг ашиглалтад оруулжээ Өчигдөр
Эмнэлэг, сувиллын тусламж үйлчилгээг иргэд рүү ойртуулав Өчигдөр
27 цэцэрлэгийг ашиглалтад оруулав Өчигдөр
17 сургуулийг шинээр барилаа Өчигдөр
Хан-Уул дүүрэгт хамгийн олон бүтээн байгуулалт өрнөжээ Өчигдөр
Б.Цэрэн: Эко дүүргээ "20 минутын хот" болгохын төлөө ажиллаж байна Өчигдөр
Нийслэлд их бүтээн байгуулалтын он жилүүд үргэлжилнэ Өчигдөр
Төрийн тэргүүний тэвчээрийг барсан утааны хэрүүлтэй долоо хоног Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм хүйтэн Өчигдөр
“Яндангүй бүс” байгуулна 2024/12/18
Нийслэлийн агаарын бохирдол, өвөлжилтийн талаар хэлэлцэнэ 2024/12/18
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 2024/12/18
Япончуудын нарийн төлөвлөлт, зохион байгуулах чадвар иргэндээ ээлтэй о… 2024/12/17
​ Д.Отгонбаяр Бүтээл хийхийн тулд зүрх сэтгэлээ чөлөөл 2024/12/17