Хүнсний үйлдвэрлэлийн талаар бичихэд олон чухал зүйлийг орхигдуулахгүй авч үзэх шаардлага үүснэ. Учир нь хүнс үйлдвэрлэл хүн төрөлхтний оршин буйн үндсэн шалтгаануудын нэг. Улаанбуудайг хүн гаршуулсан юм биш улаанбуудай хүнийг гаршуулсан юм гэдэг хэгжүүн тайлбар хүн төрөлхтнийг хүнс үйлдвэрлэл суурин суулгасан гэдэг санаа. За энэ ч яах вэ. Энэ удаад бид Монгол Улсын хүнс үйлдвэрлэлийн салбар түүн дотроо мах, махан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хиамны үйлдвэрүүдийн тэргүүн эгнээнд явдаг Хүнс комплекс ХХК-ийн үйлдвэртэй танилцах юм. Үйлдвэртэй танилцахаас өмнө хиам, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрхэн бий болсон талаарх сонирхолтой баримт, түүхийн хуудаснаас шүүрдэн ирснээ өгүүлье.
Мах, махан бүтээгдэхүүн болон хиам үйлдвэрлэх явцыг боловсруулахаас өмнө хүн төрөлхтөн махыг муутгалгүй хадгалах арга хэлбэрийг зогсолтгүй эрэлхийлдэг байв. Эрэлхийллийн үр дүнд хагас бэлэн болсон бүтээгдэхүүний хөгжлийн суурь тавигдсан юм билээ. Сонирхолтой ч юм уу. Хүн төрөлхтөн олон зуун, хэдэн мянганы турш махыг шинээр нь эсвэл муутгалгүй хэрэглэх арга хайн толгойгоо гашилгасаар л байв. Хэрхэн муутгахгүй, үргэлж шинээр нь, амт шимтийг нь алдуулахгүй хадгалах вэ. Энэ асуудал хөргөгч зохион бүтээхээс өмнө хүн төрөлхтний мөнхийн хүсэл байсан нь лавтай. Гэхдээ хөргөгчнөөс өмнө манай өвөг дээдэс хэрхэн хадгалах аргаа олчихсон байж. Хүмүүс давсаар махыг муутгахгүй хадгалах боломжтой гэдгийг олж мэдсэн цагаас давсны үнэ цэнийг ойлгож, давсны хязгааргүй эрэлт эхэлсэн байх магадлалтай. Ингээд махыг давсалж хадгалах, хол газар хүргэх боломжтой болох нь тэр. Хүний анхны нийгмүүдэд саваагүй, юм бүхнийг туршиж үзэх сонирхолтой хэн нэгэн байсан л байж таарна. Монголоор бол “Хүнс комплекс” ХХК шиг шинийг эрэлхийлэгч гэсэн үг л дээ. Тэр нөхдүүд л давсалсан махны энэ санааг баяжуулан өөр бусад амтлагч нэмж болох юм байна гэдгийг олоод мэдчихэж. Мөнөөхөн хүний анхны нийгмүүдийн аль нэгэнд байсан саваагүй нөхрийн сэдсэн санаа өнөөдрийг хүртэл үндсэндээ өөрчлөгдөөгүй хэвээр боловч түүний эхлүүлсэн хиамны жор технологи маш боловсронгуй болсон байна. Өндөр чанартай хиам үйлдвэрлэл нэлээд нэр хүндтэй хоолны урлаг болтлоо хөгжсөн байгааг харвал саваагүй нөхөр баярлан дэвхцэх нь лавтай.
Монголын хүнс үйлдвэрлэлийн салбарт саваагүй эрийн санаанаас урган гарсан хиам үйлдвэрлэлээр сууриа тавьж өөрийн нэр хүндийг дархлан, орон зайгаа эзэлсэн компани нэг их олон биш. Нэр нь чанар гэдэг үгтэй байнга хамт сонсогдох компанийг дээр цухас дурдсан “Хүнс комплекс” ХХК гэдэгт тэдний нэр хүндтэй маргах учиргүй биз ээ. Тус компани 1992 онд анх байгуулагдан өргөн үүдээ нээж, өндөр босгоо тавьснаас хойш үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ цар хүрээг улам өргөжүүлэн, тасралтгүй ажилласаар 33 дахь жилийнхээ хөдөлмөр бүтээлд ороод явж байгаа юм. Нийгмийн шилжилтээс хойш унаад байсан хүнс үйлдвэрлэлийн салбарт тэдний зориглон гаргасан жим өнөөдөр өргөн дардан зам болсон ажээ. “Хүнс комплекс” ХХК өнөөдрийн байдлаар 190 гаруй ажилтантай гадаад, дотоодын чанарын стандартыг хангасан нийт 100 орчим нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн болон хиам үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэсээр байгаа юм. Тэд бол яах аргагүй үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд хүнс үйлдвэрлэлийг фронтоор зүйрлэх ахул тэргүүн эгнээний дайчид л гэсэн үг.
Хүнсний үйлдвэрүүдээс гарах бүтээгдэхүүн ард иргэдийн хүнсний хэрэглээнд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас орчин үеийн технологи, стандартуудыг ашиглан үйлдвэрлэл эрхэлж байна уу гэдгийг хэрэглэгчид мэдэх эрхтэй. Тэгвэл “Хүнс комплекс” ХХК-ийн мөрдөж ажилладаг нэг дүрэм бий. Тэд хүний амьдралын хэв маягт нийцсэн бүтээгдэхүүнийг мэргэжлийн ур чадвар, эрүүл жор, дэвшилтэт технологиор үйлдвэрлэн, хүнсний зөв хэрэглээний соёлыг түгээнэ гэж ам бардам хэлж байгаа юм. ХБНГУ, Франц, Унгар, Польш зэрэг улсаас оруулж ирсэн дэвшилтэт техник, технологийн дагуу чанартай, эрүүл түүхий эд материалаар гадаад, дотоодын хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг Европ стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг. Нэг эх үүсвэрээр олон төрлийн, өндөр чанартай брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь тус компанийн зорилго болоод байгаа юм.
Үйлдвэртээ Олон улсын ISO 22000:2018, ISO 9001:2015 чанарын стандартыг нэвтрүүлжээ. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Узбекстан зэрэг улсад экспорлож цаашид гадаад худалдаагаа улам өргөжүүлэхээр шамдан ажиллаж байгаа юм. Дотоодын борлуулалт, түгээлтийн өргөн сүлжээгээр дамжин хийгдэнэ.
“Хүнс комплекс” ХХК нь бүтээгдэхүүний түүхий эд, үйлдвэрлэлд ашиглагддаг ус, мөс болон бэлэн болсон бүтээгдэхүүнээ улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулдаг билээ. Энэхүү шинжилгээнд улирал тутам тогтмол хамрагддаг бөгөөд мөн өөрсдийн үйлдвэрийн чанарын албаны лабораторидоо мөн адил шинжилгээнд хамруулдаг юм. Улсын мэргэжлийн байгууллагуудын шинжилгээ болон дотоодын лабораторийн шинжилгээнд хамруулсан бүтээгдэхүүн нь түүхий эдээсээ эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртлэх процесс мэргэжлийн хяналт, шалгалт дор явагддаг нь хэрэглэгчдийн итгэл даах томоохон үнэлэмж болох юм. Орчин үеийн хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарыг хамгийн их эрхэмлэн чухалчилдаг. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн европын орнуудаас татан авдаг түүхий эдээсээ эхлээд гарал үүсэл болон үйлдвэрлэсэн газар нь тодорхой байдаг.
“Хүнс комплекс” ХХК 100 орчим нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн болон хиам үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэсээр байгаа гэдгийг дээр дурдсан. Тус компанийн бүтээгдэхүүний дээж болсон “Зочин” хиамны технологи олон жилийн түүхтэй. Бидний аав ээж, эмээ өвөөгийн үеэс л хэрэглэдэг байсан 10 төгрөг 60 мөнгөний хиамыг иргэд хялбарчлан 10/60 -ын хиам хэмээн нэрлэдэг байв. Нэг хэсэг дэлгүүрийн лангуун дээр үзэгдэхээ байсан энэ хиамыг үйлдвэрлэж байгаа эсэхийг хэрэглэгчдийн зүгээс “Хүнс комплекс” ХХК-д тавьдаг олон асуултын нэг гэнэ. Тийм учраас тус компанийн үйлдвэрлэдэг 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнээс онцлон энэ өгүүлж байгаа юм. Бидний хүүхэд нас хийгээд, аав ээж, эмээ өвөөгийн маань залуу насны нандин мөч, баярт дурсамжийн ширээг 10/60-ын хиам, сэлэнгэ тэрэлж ундаа, баавгайтай чихэр, хотол бялуу болон орос мандарин, алимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон 10/60 хиамыг өнөөдөр “Хүнс комплекс” ХХК “Зочин” нэртэйгээр үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт өргөн барьж буй юм билээ. “Хүнс комплекс” ХХК-ны “Зочин” хиам бусад үйлдвэрийн хиамнаас онцлог, давуу чанар нь 1992 оноос хойш чанар, технологи, жор найрлагад огт өөрчлөлт ороогүй бөгөөд тухайн үеийн бүтээгдэхүүний амт чанарыг нь хэвээр үйлдвэрлэж байгаа юм. Харин хиамны гаднах бүрхэвчийг үхрийн олгойнд хийдэг байсныг сольж орчин үеийн эрүүл мэндийн стандарт шаардлагыг хангасан таван давхарга бүхий нарны гэрлийн туяанаас хамгаалсан бүрхэвчид хийж зах зээлд борлуулж байгаа гэнэ. Эрүүл мэндэд ээлтэй, органик бүтээгдэхүүний эрэлт өсч байгаа өнөө үед “Хүнс комплекс” ХХК-ийн үйлдвэр шинэ бүтээгдэхүүн, технологиор хэрэглэгчдийн хэрэгцээг хангахыг хичээн ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүн, хиамны үйлдвэр хүнс үйлдвэрлэлийн чухал хэсэг бөгөөд чанартай, аюулгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд тасралтгүй хөгжиж, сайжирч байх хэрэгтэй гэдэг шаардлагын улмаас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процесс, боловсруулах явц, бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн үр ашгийг хангах том зорилт өмнөө тавин ажилласаар байна.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24629/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна