Хүнс үйлдвэрлэлийн салбарт технологийн шинэчлэлийг тасралтгүй хийж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгосоор ирсэн “Хүнс комплекс” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал В.Зоригттой ярилцлаа.
-Та Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарт нэр хүндтэй компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хариуцсан захирал. Өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулна уу?
-Намайг Владимирын Зоригт гэдэг. Нийслэл Улаанбаатар хотод 1983 онд төрсөн унаган иргэн нь юм даа. Нийслэлийн Баянгол дүүргийн 10 жилийн 47 дугаар дунд сургуулийг төгсөж, бизнесийн удирдлагаар бакалаврын зэргийг 2005 онд авсан. Төгссөнөөсөө хойш өнөөг хүртэл 20 гаруй жил худалдааны салбарт ажиллаж байна. Сүүлийн 12 жил удирдах ажил хийж байгаа. Үндэснийхээ үйлдвэрлэлийн салбарт хувь нэмэр оруулах зорилгоор “Хүнс комплекс” компанид 2020 онд борлуулалтын албаны даргаар ороод одоо “Хүнс” группийн Борлуулалтын газрын захирлын албан тушаалд ажиллаж байна.
-Борлуулалт хариуцсан захирлын хувьд, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, орон нутгийн менежерүүдтэй харьцах тал дээр хийж, хэрэгжүүлж байгаа ямар шинэ санал санаачилга байгаа вэ?
-Бид хэдийгээр 33 дахь жилдээ үйл ажиллагаага явуулж байгаа арвин туршлагатай хэдий ч зах зээл дээрх болуулалтын өрсөлдөөний хувьд сул байна. Хүнсний үйлдвэрлэл ерөнхийдөө нийтээрээ шууд борлуулалтаар явдаг уламжлалт арга барилаар ажиллаж ирсэн байдаг. Иймээс бид борлуулалтын системдээ захиалгын борлуулалт буюу Пре-сэллинг системийг нэвтрүүлж ажиллаж эхлээд байна. Энэ ажил маань үр дүнгээ өгч одоо борлуулалтын бүтцийн хувьд 80 хувь нь захиалгын систем, 20 хувь нь шууд борлуулалт дээр суурилж байна. Техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхээс гадна, эдгээр дэвшлийг борлуулалтын системдээ нэвтрүүлэхийг цаг үе шаардаад байна шүү.
-Бүтээгдэхүүний маркетингийн үндсэн стратегиудыг хэрэгжүүлж, ашгийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг тодорхойлж, үр дүнг шинжлэх таны үндсэн чиг үүрэг. Чиг үүргийн дагуу менежерүүддээ ямар даалгавар өгч ажилладаг вэ?
-Хүнс үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөгч олон. Тиймээс бид энэ олон бүтээгдэхүүн үйлчилгээ дундаас юугаараа ялгарч, хэрэглэгч, харилцагчдын шаардлагад нийцэж байна вэ гэдэгт илүү анхаарч ажилладаг. Үүний хүрээнд бид хоёр жилийн өмнө Ре брэндинг хийж зах зээлд өөр өнгө төрхөөр гарч ирсэн. Цаашдаа ч хийж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ, зах зээлд гаргах тал дээр ялгаатай байхыг эрхэмлэн, илүү төвлөрч ажиллах төлөвлөгөөтэй байна. Менежерүүдээ ч энэ тал дээр чадавхжуулж, сургалт зөвлөгөө байнга өгч ажилладаг.
-Орон нутаг болон хотын тодорхой хэсгүүдэд зориулсан урьдчилсан дүн шинжилгээ хийж борлуулалтын үнийг тодорхойлдог уу?
-Бид одоогоор нэг үнийн бодлоготой. Энэ нь бидний бүтээгдэхүүн үйлчилгээг хаанаас ч авсан нэг ижил үнээр авах боломжийг бүрдүүлэхийг хичээдэгтэй холбоотой. Борлуулах үнэ мэдээж түүхий эдээс шууд хамааралтай гэдэг нь ойлгомжтой. Хэдийгээр инфляц, түүхий эдийн үнийн өсөлт гэх мэт тулгамдсан асуудал их байдаг ч бид тогтоосон үнийг удаан хугацаанд барих дээр анхаарч ажиллах нь брэндийн үндсэн бодлого гэж болно. Тиймээс ч сүүлийн хоёр жил үнийг тогтвортой барьж ирсэн.
-Одоо байгаа болон шинээр гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн борлуулалтын зах зээлийн багтаамжийг хэрхэн тогтоодог юм бэ. Үүнийг орон нутаг ба хотын тодорхой бүсэд өөр тогтоодог уу?
-Бид бүтээгдэхүүн үйлчилгээний өнгө төрх, савлагааны сайжруулалтыг тогтмол хийж байна. Хэрэглэгч болон харилцагчдын хэрэгцээ, шаардлагын дагуу байнга хөгжүүлсээр ирсэн. Манай хэрэглэгчид болон харилцагчдаас ирж байгаа хүсэлт, шаардлага бидний цаашдаа хийх хөгжүүлэх ажлыг тодорхойлж өгдөг, зах зээлийн багтаамж гэж харахаас илүү бид цаашдаа юу хийвэл илүү эрэлттэй байх вэ гэдгийг олж харж хөгжүүлж чадвал зах зээл хүлээж авах болов уу.
-Одоогийн эрэлт, нийлүүлэлт, нийгмийн өөрчлөгдөж буй хандлагууд, эдийн засгийн индикатор болон өрсөлдөгчийг ажиглах зэргээр борлуулалтын зах зээлийн багтаамж, бүтээгдэхүүний төрөл, борлуулалтын үнэ зэргээр баримжаалж хянах зохицуулалт хийдэг үү?
-Мэдээж зах зээл юу хүсэж байна, өрсөлдөгч юу хийж байна, бид хаана явж байна гэдгийг харж тооцолгүй яахав. Гэхдээ бид өрсөлдөхийг хүсдэггүй, өрсөлдөөний хувьд Red ocean, Blue ocean стратеги байдаг ба түүнээс Blue ocean стратегийг бид баримталж ажилладаг. Өрсөлдөнө гэхээс илүү өөрийн гэсэн онцлог, өнгө төрхийг олж бидэнд тохирсон хэрэглэгч, харилцагчдад хүрч ажиллах нь оновчтой гэж харж байна.
-“Хүнс комплекс” ХХК Монголын хүнс үйлдвэрлэлийн салбар, тэр дундаа хагас боловсруулсан бүтээгдэхүүний чанарт тодорхой дэвшил гаргаж чадсан компани. Хэрэглэгчдээ татах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар хийж байгаа сүүлийн үеийн ажлаа онцолбол юуг нэрлэх вэ?
-Монгол үндэсний хэв шинж, үнэт соёл, эрүүл, соёлч боловсон, органик хэрэглээг дотоодын болон гадаадын зах зээлд нутагшуулан түүчээлж буй Монгол улсын хүнсний манлай үйлдвэр “Хүнс групп” ХХК нь хагас жарныг туулан 33 дахь жилийн ойн баяраа угтан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Монголын рок хөгжмийн түүхийг 30 жил тасралтгүй хөгжүүлж ард түмнийхээ оюун санааг урлагаар дамжуулан соён гэгээрүүлж, хайр хүндэтгэлийг хүлээсэн Төрийн соёрхолт “Хурд” хамтлагтай мастер түншлэлийн гэрээ байгууллаа. Хүнс групп нь “Хүнс комплекс”, “Чингис рөүд”, “Кайлас”, “Хүнс боловсрол” зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулж буй салбар компаниудын нэгдэл юм. Хамтын ажиллагааны гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндээ дотоодын болон олон улсын зах зээлд сурталчлан, зөв хэрэглээний соёлыг түгээхэд чиглэж байгаа юм. Бид цаашид стратегийн ач холбогдол бүхий органик хүнс, боловсруулах үйлдвэрийн үнэ цэнийг сурталчлан таниулах зэрэг олон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн Primeat брэнд, “Хүнс Комплекс” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд 100 хувь үхрийн махан премиум зэрэглэлийн хиам, утсан өвчүүний мах мөн зөвхөн үхрийн болон тахианы махан орцтой өглөөний зайдас зэрэг бүтээгдэхүүнийг цоо шинээр зах зээлд гаргалаа.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна