АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп ам.долларыг хамгаалах зорилгоор Мексик, Канадаас импортлох бүх бараандаа 25, БНХАУ-аас импортлох бараанд 10 хувийн тариф тогтоосон. Дональд Трамп өмнө нь сонгогдож байхдаа ч БНХАУ-аас импортлох бараануудад тариф тогтоосноор “Худалдааны дайн”-ыг “өдөөж” байсан удаатай. Монгол Улсын хувьд БНХАУ нь нүүрсний экспортын голлох гарц, түүнчлэн импортын ч багагүй хувийг эзэлдэг хөрш улс. Энэ утгаараа “Худалдааны дайн”-тай холбоотой БНХАУ-ын эдийн засагт гарах өөрчлөлт нь Монгол Улсын эдийн засагт ч нөлөөлөхөөр байгаа юм. Энэ талаар шинжээчдийн байр суурийг хүргэж байна.
Б.Лхагвасүрэн:
/Монголбанкны Ерөнхийлөгч/
Худалдааны дайн Монгол Улсын инфляц, ханш, төлбөрийн тэнцэлд дарамт, сорилт болно
-АНУ-ын хувьд хоёр хөрш Мексик, Канад болон БНХАУ-ын бараанд татвар ногдуулж байгаа ч энэ нь Монгол Улсын инфляц, ханш, төлбөрийн тэнцэлд дарамт, сорилт болох байх гэсэн төсөөлөл бидний хувьд харагдаж байна. Монгол Улсын инфляцын 3.1 нэгж хувь буюу 30 хувийг нь импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлдэг. Өнгөрсөн оны инфляцын есөн хувийн 2.7 нэгж хувьд импортын бараа бүтээгдэхүүн нөлөөлсөн байдаг. Тиймээс Трампын татварын энэхүү шинэ бодлого нь инфляцад нөлөөлөх эрсдэл бий. Нөгөө талаас, манай улсын экспортын 90 гаруй хувь нь БНХАУ руу хийгддэг учраас тухайн улсын эдийн засгийн өсөлт ямар байхаас хамаарч, төлбөрийн тэнцэлд нөлөөлөх эрсдэл ажиглагдаж байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн өнгөрсөн оны хүлээгдэж буй гүйцэтгэл 4.5 хувьтай байгаа бол энэ онд таван хувьд хүргэнэ гэж зорьж байна. Тэгвэл Дональд Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж байгаа шинэ бодлогын нөлөөгөөр өсөлтийн хувь нь 0.5 нэгж хувиар буурч, дөрвөн хувь руу орж ирэх болов уу гэж эдийн засагчид үзэж байна. Эдийн засгийн өсөлтийн энэхүү удаашрал нь манай улсын экспортын үнэ, тоо хэмжээнд дарамт үүсгэх төлөвтэй байна.
Б.Лакшми: /ЭЗБӨЧСТ-ийн захирал, эдийн засагч/
Манай улсын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах тоо буурах эрсдэл бийэдийн засагт тэр дундаа экспорт, барааны үнэ өсөхөд томоохон нөлөө үзүүлнэ. Экспортыг аваад үзэхэд сүүлийн жилүүдэд ойролцоогоор 83 сая тонн нүүрс гаргасан нь өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр дахин өссөн таатай мэдээ байсан. Харамсалтай нь энэ үзүүлэлтүүд маань эргээд буурах эрсдэл үүснэ. Ингэснээр гадаадаас орж ирэх валютын хэмжээ буурна. Валютын хэмжээ буурснаар төгрөгийн ханш суларч, Монгол Улсын гадаад өр нэмэгдэнэ. Гэхдээ Дональд Трампын нөлөөг ярьж байгаа болохоор манай улсын хувьд “Оюутолгой” гэх мэт төслүүд явж байгаа тохиолдолд эдийн засгийн суурийг бэхжүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлж өгнө хэмээн харж байгаа юм.
Ж.Дэлгэрсайхан: /Эдийн засагч/
Худалдааны дайны эрсдэлээс хамгаалах эдийн засгийн нөөц бололцоо хязгаарлагдмал байна
-Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь сонгогдсон үеийн худалдааны дайныг эргэн саная. АНУ, БНХАУ харилцан хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх бараа бүтээгдэхүүнд тодорхой тариф тогтоосон байдаг. Гэхдээ эдгээр талуудад хожоотой зүйл гараагүй. Харин эсрэгээрээ Вьетнам болон Латин орнууд, Бразил зэрэг бусад улсад том гүрнүүдийн хоорондын асуудлаас үүссэн эдийн засгийн шинэ орон зай руу нэвтрэх боломжууд нээгдэж байсан. Бидэнд нөлөөлөх нөлөөллийг өргөн цар хүрээтэй харж байж тодорхойлох шаардлагатай. Жишээ нь, саяхан гаргасан мэдэгдлийн хүрээнд ган, хөнгөн цагааны татварыг 25 болгох тухай асуудал дурдагдсан. Энэ нь бол манай улсад шууд нөлөөлөл нөлөөлөх харьцангуй бага байж болно. Учир нь, БНХАУ-ын гангийн экспортод АНУ-ын импортын эзлэх хувь харьцангуй бага. Харин энэ худалдааны өргөжвөл дэлхийн болон БНХАУ-ын эдийн засаг удааширч нь түүхий эдийн үнэнд нөлөөлөх нь бидний гол эрсдэл байх болно.
Учир нь, манай орны хувьд эндээс үүсэж болзошгүй шинэ орон зайг нөхөх түвшинд хүрсэн экспортлогч улс биш. Зөвхөн БНХАУ руу гаргаж байгаа экспорт ямар байх вэ гэдгээс хамаарч эдийн засаг хүчтэй хамаарч байдаг. Тийм учраас хэрвээ эдгээр дэлхийн томоохон эдийн засгууд сулрах юм бол эрдсийн зах зээлийн үнэ унаж, бидэнд тодорхой эрсдэл үүснэ. Энэ экспортын орлого татарч, төгрөгийн ханш сулрах, улмаар импортын барааны үнэ өсөж инфляц нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавруудыг дагуулна. Бидний хамгийн том асуудал нь бид эрсдэлээс хамгаалах эдийн засгийн нөөц бололцоо хязгаарлагдмал байдал. Бид энэ олон жилийн хугацаанд эрсдэл гарахад сөхөрч, эдийн засаг сайжрахаар олдсон боломжоо оновчтой бус зарцуулж ирсний үр дагавар нь энэ.
Мөн өнөөг хүртэл мөчлөг дагаж, мөчлөг сөрсөн эрсдэлээс хамгаалсан бодлогыг явуулах ёстой гэдгийг ярьсан ч хэрэгжүүлж чадахгүй байгаа нь сөргөөр нөлөөлнө. Тодруулбал зэс, нүүрсний үнэ, гарц өндөр орлого сайтай жилүүдэд төсвөө дагаж тэлдэг энэ байдлаасаа гарч чадаагүй байна. Тиймээс эрсдэл бодитой тулгарвал бидэнд ирэх цохилт нь өндөр байх болно.
Р.Даваадорж: /Эдийн засагч/
Дэлхийн түүхий эдийн зах зээлд нөлөөлж, нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнийг бууруулж болзошгүй
-АНУ-ын БНХАУ-ын зарим бараанд 10 хувийн гаалийн татвар ногдуулсан нь Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бус нөлөө үзүүлэх боломжтой. Монгол Улсын экспортын орлогын 90 орчим хувийг БНХАУ-д экспортолж буй түүхий эд, ялангуяа нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Миний харж буйгаар АНУ-ын татвар нь БНХАУ-ын экспортын өсөлтийг сааруулж, улмаар тус улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тодруулбал, БНХАУ-ын дотоодын үйлдвэрлэл, барилга, дэд бүтцийн салбарт түүхий эдийн эрэлтийг бууруулах эрсдэл үүсэх магадлалтай. Энэ нь Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн эрэлтэд нөлөөлж экспортын орлого буурч, улмаар валютын ханш, төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх нь тодорхой юм. Цаашид АНУ-БНХАУ-ын худалдааны дайн даамжирвал, дэлхийн түүхий эдийн зах зээлд нөлөөлж, нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнийг бууруулж болзошгүй. Энэ нь Монгол Улсын экспортын орлогыг бууруулна. 2018 онд АНУ-БНХАУ-ын худалдааны маргааны үеэр түүхий эдийн үнэ тогтворгүй байсан нь Монголын экспортын орлогод нөлөөлж байсныг санах хэрэгтэй.
Дүгнэж хэлбэл, экспортын орлого буурах, валютын ханш сулрах төсвийн алдагдал нэмэгдэх, инфляц өсөх зэрэг эрсдэлүүд бодитоор бий болсон.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24633/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна