Онгодын шувуу хөлөглөсөн хайрын захиа


Хоёрдугаар сар дундаа оржээ. Амрагтаа тунирхсан бүсгүйн уйлсан царай шиг захаараа хайлмагтах бараандуухан цастай дүнсгэр гудамж ганцхан шөнө л догдолсон бүсгүйн  шингэрэн гийсэн царай мэт цасанд бөмбийтөл дарагдан хасын өнгөөр гялалзаж хонох. Хайртайгаа учирсан бүсгүйн баярлах, туних нь ойрхон сэтгэл шиг ч юм уу. Ийм л хуйсганасан өдрүүдтэй хоёрдугаар сард хайрын баяр болдог. Хүний хамгийн торгон мэдрэмжүүд хайр гэдэг үгэнд багтдаг учраас гэгээн гэдэг үг хайрыг дагаж байдаг. Хамгийн гэгээн хэрнээ халгамаар, хажууд нь ойрхон зогсоод тэвэрмээр тэр зүйлийг ил галтай зүйрлэхэд ч гэмгүй мэт. Хайр гэдэг хүний хамгийн эртний мэдрэмжийн нэг. Хүний хамгийн эртний мэдрэмж болохоор ийм янаглангуй, ээнэгшингүй байдаг биз. Гэхдээ хайр гэдэг маш өргөн  хүрээтэй, олон янзын утгатай ойлголт учраас яаж мэдрэхээсээ шалтгаалаад хүн бүр өөр, өөрөөр тайлбарлана. Ээж, аав үр хүүхдээ хэрхэн хайрладаг, эхнэр нөхрүүд бие биедээ хэрхэн уусан нэгдсэнээ, амраг хос дурлан догдолсноо, анд нөхөр ээнэгшин дассанаа, ах дүүгийн хайр ямархан нөмөртэй байдгийг, үр хүүхдийн эцэг эхээ ямархан их хүндлэн дээдэлдгээ хайр хэмээн нэрлэх биз. Ийм л олон хайраар хүн төрөлхтөн нэг нэгнээ хайрлан, хамгаалж иржээ.  Хүмүүсийн сэтгэлд хүч өгч, амьдралын үнэ цэнийг ойлгуулдгаараа биднийг нэгтгэж чаддаг хүчирхэг сэтгэл хөдлөл гэхээс яах билээ.


Хамгийн эртний гэснээс анчин түүвэрлэгчийн үеийн хүмүүсийн бууцнаас ясаар хийсэн гоёл чимэглэлийн зориулалттай зүүлт сэлт гарсан тухай уншиж байсан юм. Энэ орчлонгийн эм хүйстний гоёх дуртай зөн нь төрөлхийнх байдаг. Хэн нэгэн анчин таалагдсан түүвэрлэгчдээ мөнөөхөн гоёхон ясан зүүлтийг өгсөн байж болох уу. Тийм л байгаасай. Археологичид өөрсдийнхөө чиглэлээр судалгаандаа улайраад сэтгэл байсан эсэхийг нотлох гэж оролдохгүй нь лав. Харин би энэ олдвороос сэтгэл олж харах гээд байгаа хэрэг. Оюун ухаант хүн үүссэн цагаас л хайрын мэдрэмж бий болсон нь мэдээж. Энэ бодлоосоо улбаалаад эртний нийгмийн соёлын талаар өвгөн профессор, залуухан оюутан бүсгүй хоёрын маш сонирхолтой мэтгэлцээнийг уншиж байснаа саналаа. Соёлын антропологич Margarit Mead-ийг оюутан байх үед нь антропологийн тэнхимийн профессор түүнээс ийн асуужээ.

...Соёл иргэншлийн анхны шинж тэмдэг гэж юуг илэрхийлэх вэ.

Профессор оюутан загасны дэгээ, шавар ваар эсвэл чулуун тээрмийн тухай ярих байх гэж бодтол:

“Эртний соёл иргэншлийн анхны шинж тэмдэг бол эмэгтэйн хүн. Тодруулбал, гэмтэж бэртсэн эмэгтэй бороолж эдгэрсэн яс юм. Хоол тэжээлийн сүлжээний дунд хавьцаа байсан Хомо сапиенсууд, түүн дотроо бэртэж гэмтсэн эмэгтэй араатнуудын хялбархан олз мөнөөсөө мөн. Бэртсэн эмэгтэй хоол хайж, ус уухаар гол орж, зугтааж чадахгүй болно. Тэр бол зүгээр л араатнуудад зориулсан үдийн зоог. Бэртсэн эмэгтэйн хугарсан яс эдгэж бороолсон баримт бол хэн нэгэн түүнтэй хамт байж, хугарсан ясыг нь боож, хооллож ундлахад нь тусалж, хүнд хэцүүг даван туулсны тэмдэг. Хүнд хэцүүг даван туулахад нь туслах гэдэг соёл иргэншлийн анхны шинж тэмдэг мөн” гэж хариулж байжээ. "Хүнлэг" гэдэг үг соёл иргэншил гэдэг утгатай аж. Ингээд би анчин түүвэрлэгчдийн дунд сэтгэл болон  хайр байсныг хоёр эрдэмтний мэтгэлцээнээр нотолж орхилоо. Түүхийн хуудсанд тэдний тэнгэрлэг хайрын түүх тэмдэглэгдэн үлдээгүй учир тийм байгаасай гэдэг сэтгэлээр таамаг дэвшүүлсэн.

Хүн төрөлхтөн уран зохиол, яруу найрагтаа домоглон мөнхжүүлсэн тэнгэрлэг хайрын түүхээр зузаан ботиуд тэрлэн мянга мянган жил хэдэн сая зүрх дамжуулан уншиж ирэв. Түүхийн зарим үеийг яруу найрагчид “Аугаа хайрын эрин” хэмээн  дуу алдан шүлэглэж судар, бичигтээ сүүрс алдан тэмдэглэжээ. Ханхүү Парис үзэсгэлэнт бүсгүй Хелеийн төлөө Трой хотыг золиосолж орхисон гамшигт түүх хэдэн зууны залуусын зүрх сэтгэлийг бадрааж, Ромео,

Жульеттагийн эмгэнэлт драм хэдэн зууны залуусын хайрын захидал дээр тоглогдож байлаа. Хайрын захидал авсан охидын нүд дурламаар гэнэхэн гэрэлтэж, онгодын шувуу хөглөсөн хайрын зурвас “Нис нис” гэсэн дардастай холын өртөө дамжин буухиална.

Энэ орчлонгийн эр хүйстэн бүр бүхий л цаг үед эм хүйстнийхээ зүрхийг татах сэтгэлийн нандин нууцад нэвтрэхийг, халуун хайрыг нь авахыг хүсэж, тэмцэж ирсэн байдаг. Хайрын нандин, халуун дотно үгстэй захидал эрчүүдийн сэтгэлийг тээн нисэлдэж, эр хонгор дуутай шууданчдын ирэх цагийг хүлээн бүсгүйчүүд цонхон дээрээ цэцэг услан гэгэлзэнэ. Сэтгэлээс асгарсан үгс сэвсгэр цагаан цаасан дээр, чиний уруулын будагтай хариултыг хүлээн чагталсан унага шиг цовхчино. Хайрын захиа зөөх нь шууданчдын хамгийн чухал алба байв шүү. Хайрын захианы хариу заримдаа маш том өвдөлт тээн ирнэ.

Захидлын түүх маш эртнээс улбаатай. Бичиг үсэгтэй болсон цагаас дурлалт бүсгүйдээ захидал илгээж эхэлсэн биз. Харин цаас энгийн хэрэглээнд орж ирсэн үеэс хойш хайрын захианы эрин үе эхэлсэн байх. Хэчнээн эрсийн зүрхийг тээсэн дугтуй шууданчдын ширэн цүнхэнд тээгдэж явсан бол гэдэг сонин шүү дээ. XIX зуунд хайртай бүсгүйдээ ил захидал илгээх нь Европын орнуудад моод байлаа. Хайрын баяр ил захидлыг моодонд оруулж шуудан холбооныхны төсвийг бүрдүүлдэг байсан гэдэг. АНУ-ын баярын ил захидал, мэндчилгээний борлуулалт Зул сарын баярын дараа хайрын баяраар эрс өсдөг нь судалгаагаар тогтоосон байдаг. 1847 онд Эстер Хоуланд гэртээ өөрийн гар хийцийн ил захидлыг британи загвараар хийж Вустер, Массачусетс мужид салбараа нээн нэлээд амжилтанд хүрсэн байдаг. Тун ч удалгүй гар хийцийн ил захидлууд байр сууриа алдаж, үйлдвэрийн аргаар хийх нь олширч массыг хамарсан бизнес болон хувирчээ. Ийнхүү ил захидлын үйлдвэрлэл АНУ-д хүчээ авснаар тус улсын баяр худалдаа үйлдвэрлэлийн шинжийг тодорхойлж эхлэв.

Хайр харцаар ярилцана. Зүрх сэтгэл рүү нэвтрэх хамгийн дөт зам нь тэр  учраас. Орчин үед энэ харилцааг харц шидэлцэх зурвас гэдэг болжээ. Цахим ертөнц “Сэсээр улсаас гаралтай сэвсгэр цагаан цаас”-ыг орлон хайрын харц, сэтгэлийн үгс тээн хоосон орон зайд нисэлдэнэ. “Сэсээр улсаас гаралтай сэвсгэр цагаан цаас” гэхээр орчин үеийн залуус ойлгохгүй байж магадгүй. Бидний өмнөх үеийн залуус тийн шүлэглэж хайртай бүсгүйдээ захидал бичдэг байсныг би мэдэх юм. Хайрын илэрхийлэл хүртэл цаг үеэ даган өөрчлөгддөг аж. Хуучны кинонууд дээр эрчүүд нь хайраа илэрхийлэхдээ “Чи надад сэтгэлтэй юу” хэмээн асууж байхыг мөн ч их үзсэндээ. Хожмоо бид Оросоор дамжуулан европ соёлыг суулгахдаа “Я тебя очень люблю” буюу “Би чамд хайртай” гэх болсон юм билээ. Байшингийн хана туурган дээрх орос үгийн товчлол болох “ЯТОЛ” гэдэг үг зүрхэн хэлбэртэй хүрээн дотор зурагдсан байдаг сан. Б+Д=ЯТОЛ орчин цагийн дүү нарын ойлголтоор бол энэ цахим зурвастай адил үүрэг гүйцэтгэдэг байж дээ. Орчин цагт харин “хайр” хэмээн эзэн биегүй дуудах болсон юм билээ.

Хүн төрөлхтний сэтгэл зүрхийг догдлуулж ирсэн олон хайрын түүх дотор монгол гаралтай хаадын гантиг ордноор мөнхөрсөн хайр гайхалтай. Дурлалт бүсгүйдээ бэлэглэсэн энэ нандин хайрын ордныг Таж Махал гэдэг. Монголд ийм гантиг ордныг шүлгээр босгосон хүн бол эгэл дүрээрээ мөнхөрсөн дорнын их найрагч А.Эрдэнэ-Очир. Түүний намуухан хоолойн уянгалаг хэмнэлд зохицсон яруухан мөртүүд олон бүсгүйн зүрх сэтгэлд гүн мөрөө үлдээсэн байх амуй.

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь...

“Голын тохой дээр” хэмээх энэ шүлгийн түүхийг олон арван жил хүүрнэн домог болон яригдах болов уу.

Хайрын тухай яриа хэзээ ч дуусахгүй сэдэв. Хоёрдугаар сард хүн төрөлхтөн хайрын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг учраас хаа байсан холын түүх, шуудангийн бизнес, хажуухан оршиж асан яруу найрагчийн хайрын шүлгийг дуудаад байгаа хэрэг. Хайрын баярын түүх хаанаас эхлэлтэй юм бэ. Эртний Римийн Луперкиас Гэгээн Валентины баярын түүх эхэлдэг. Луперкали бол  “тэчъяадсан” хайрын бурхан Juno Februata  болон жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд тэмдэглэдэг байсан мал сүргийн бурхан Фавнагийн хүндэтгэлд зориулсан эротик наадам юм. Луперк гэдэг нь Фавна бурхны нэг нэр нь билээ.

Дурлалт хосуудын энэ баярыг XVIII зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа хосын тоо нэмэгддэг байжээ. Өмнөд Европт Гэгээн Валентины өдрийг XIII зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж ирсэн байдаг бол оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг долдугаар сарын 8-нд тэмдэглэдэг байв. Харин хоёрдугаар сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу хоёрдугаар сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна. Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь хоёрдугаар сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ. Харин япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь, энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. Мэдээж улс орон бүрийн ёс заншил өөр байдаг ч хайр дурлал бол хил хязгааргүй билээ. Хайр хэзээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг. Энэ баяр бол гэгээн хайрын баяр юм.

Трамп Төмөрөө

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24633/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долл… 2 цагийн өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо 2 цагийн өмнө
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хи… 3 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно 4 цагийн өмнө
Ерөнхий сайд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг танил… 4 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 22 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… Өчигдөр
Дуурийн хатан хаан 2025/03/31
Доктор Л.Түдэвийн долоон үг... 2025/03/31
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” 2025/03/31
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… 2025/03/31
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 2025/03/31
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… 2025/03/31
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ 2025/03/31
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог 2025/03/31
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй 2025/03/31
Арена: Серена Уильямс 2025/03/31