“Ижагур”-ын амин чанар


Өвөг дээдсийн мандан бадарч явсан XIII зууны түүхэн олдвороос сэдэвлэсэн язгуур дээлийн урланд зочиллоо. “Ижагур” буюу “Язгуур” брэнд таван жилийн замналтай ч монголчуудын омогшил, эв нэгдэл, эрхэмлэн дээдлэх учиртай өвийг тээжээ. Археологиин түүхэн олдвор, зураг бичвэрүүдийг судлаад  үндэстэйгээр түгээн дэлгэрүүлэх зорилготой залуу гэр бүл П.Даланжаргал, Х.Халиун нар  санаачлан хөгжүүлэгчид юм. Тэд монгол дээлээ өдөр тутам өмсүүлж хэвшүүлэх зорилгоор “Ерлөг сүмбэр” компаниа 12 жилийн өмнө байгуулжээ. 

Хүчирхэг дээдэс, омогшлын бэлгэдэл

Дэлхийн талыг байлдан дагуулсан агуу өвгөдийн оюуны бүтээл, нэрийн хуудас бол дээл. Гавьяа байгуулсан иргэнийг хаан дээл, бүсээр шагнадаг байж. Өөрөөр хэлбэл төрийн  хүндэтгэл хүртсэн хувцас бол дээл юм. Хааны ордонд дээл, бүс урлалын алба хүртэл байсан гэдэг. “Ижагур”-ын амин чанар соёлын дархлаа суулгаж, соёлын ой санамжийг сэргээж,  дэлхий ээжтэйгээ хүндэтгэлтэй харилцдаг уламжлалаа тарааж, эцэс төгсгөлгүй шунал хүслийн хор уршгийг хүн төрлөхтөнд таниулахад оршино. Монгол соёлоороо ертөнцийг дайлж буй П.Даланжаргал “Мөрөн дээрээ хатгамалтай дээл бол XIII-XIV зууны үед хамааралтай. Брэндийнхээ нэрийг эвхмэл монгол бичгээр бичин, хорвоо ертөнц орчлонгийн эргэлтийг хас тэмдгээр илэрхийлж,  Хүннүгийн галыг бэлгэдэн  асан дүрэлзэж буй галаар хүрээлэн дүрсэлсэн. Өөрөөр хэлбэл,  язгуур соёлоо мөрнөөсөө дээш хүдлэн залсан юм. Манай дээлийг худалдан авч өмссөн хүн бүр өв тээгч. Өв соёлоо хайрлан хүндэтгэсэн худалдан авагчдадаа ямагт талархдаг. Чингис хаан “Өөрсдийн хийснээ ид,  оёсноо өмс. Эсгэвээс бусдын идэш болно” хэмээн захиж сургасан” хэмээсэн. Дээлээ урлахдаа материалын чанар, өнгөнд хүртэл анхаардаг аж. Хятадын эртний сурвалжид “Цагаан хэрмээс цаашхи нүүдэлчдийн хувцас тод өнгөтэй, чамин” хэмээсэн нь монголчуудын өнгөний бэлгэдэл ямар хүчтэй байсныг илтгэнэ.

 

Оюун санааны кластер

Зах зээлд танигдаж, ашгийн төлөө яваа бизнес эрхлэгчид үйлдвэрлэлийг чухалчилдаг бол “Ижагур”-ынхан оюун санааны кластерыг эрэлхийлсэн. Тэд соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ түүхчид, судлаачдын санаа бодлыг сонсож, загвартаа тусгаж иржээ. Дизайнер буюу хувь хүний үзлийг тусгаагүй “Ижагур”-ыг шинжлэх ухаан, соёлын зүтгэлтнүүдийн хамтын брэнд гэхэд буруудахгүй. Дээлийн хэлбэр хийцлэл, хээ нь хүртэл археологийн олдвороор баталгаажснаараа онцлог. Тухайлбал, бэлгэдэл зүйн талаар зураач,  дизайнер Б.Хишигсүрэн харамгүй зөвлөгөө өгч, хамтран ажилладаг байна. Тэрбээр “Ижагур” нэрийг хайрласнаас гадна брэндийн логог зохион бүтээжээ.  Луу шиг мурилзан харагдах  ганц эвэрт гөрөөс нь цор ганц гэсэн бэлгэдэлт утгыг шингээсэн байна. Зураач Б.Хишигсүрэн “Хү” хамтлагтай хамтран монгол рокийг дэлхийд таниулж буй уран бүтээлч билээ. Оёдол, үйлдвэрлэлийг Х.Халиун ганцаараа хариуцан гар аргаар урлаж байна. Олон жил үйл мэтгэсэн уран бүсгүйн оёдол цаанаа л нямбай аж. Мэргэжлийн дизайнер ч үндэсний хувцсанд шингэсэн агуу бэлгэдлүүдийг алхам тутамдаа судлан, үйлчлүүлэгчдэдээ ойлгуулахыг хичээнэ. Тэдний судалсан, цуглуулсан баримтуудыг дурдаад дуусашгүй. Бүгдийг нь хэрэглэгчдэдээ таниулах их хүсэл байв ч язгуур дээлээ монголчууддаа таниулахыг тэргүүнд тавьжээ. Үүний жишээ бол өвөл цагийн чамин гангараа  хөдрөг хүрэм.  Энэ тухай Х.Халиун “Монголчууд тэсгим өвлийг дулаан давах  дах, ууж гээд давхарлан өмсдөг олон хувцасны соёлтой. Хүйтний улиралд зориулж шинэ загвар гаргахаар нөхөртэйгөө удаан ярилцсан. Манай хүн архитектор мэргэжилтэй учраас надад санаагаа дэлгэрэнгүй хэлж би дизайнерын хувиар зурж, буулгадаг. Хөдрөг хүрмийн ханцуй дээрх хээний зургийг  Б.Хишигсүрэн ах гаргасан.  Давхар ханцуйтай хувцас гаргахдаа бэрэгшиж байлаа. Туршилтын загвараар цөөн тоогоор үйлдвэрлэсэн юм. Тэгтэл худалдан авагчдад таалагдаж, дорхноо дуусаж билээ. Ингэж хөдрөг манай брэндийн ялгарах онцлог, нүүр царай болсон” хэмээлээ. Залуу насны зоригоор бизнес эхлүүлэх сайхан ч үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх, зах зээлээ өргөжүүлэхэд санхүүгийн бэрхшээл тулгардаг. Гэсэн ч шантралгүй зорилгодоо тэмүүлэн ажиллаж байна. 


Монгол туургатны сонголт

Дээл бол бидний эрчим шингэсэн эд. Хэд хэдээр нь  хадгалах биш тогтмол эдлэх нь чухал гэнэ. Тэр нандин чанарыг бодолцон жил сар улирах тусам чанар шингэдэг арьс, даавууг сонгожээ. Ингэхдээ орчин үеийн хэмнэлд нийцүүлэн угаалгын машинаар угаасан ч агшихгүй, ханзрахгүй, өнгөө алддаггүй  материалаар дээлээ оёсон нь худалдан авсны дараах хэрэглээнд тохирчээ. Биеийн хэм шингэсэн, хуучирч гандсан ч өмсөөд л байдаг хувцас гэж бий. Яг л тийм “Эд нь хэврэг, эзэн нь мөнх дээл болж очоосой” гэсэн сэтгэлээр Х.Халиун дизайнер үйлээ урладаг  аж. Эргэх дөрвөн цагт байгалийн аясаар нүүдэллэн амьдрах монголчуудад хувцас нь нар, салхинаас хамгаалах, бэлгэдэл, эрүүл мэндийн гээд олон үүрэг гүйцэтгэж иржээ. Морин дээр олон цагаар явахад бүс бөөр, нурууны хамгаалалт болохоос гадна хэвлийн таргалалтаас сэргийлдэг корсеттэй ижил. Өглөө босоод хүн хамгийн түрүүнд дээлээ өмсөнө. Дотор, гадар бүчээ зангидан бүслэхэд ташаа хөдлөхгүй нуруугаараа хоёр тийш эргэн хөдөлгөдөг. Ингэснээр хэвтрийн чилээгээ гаргаж, хамгийн түрүүнд ажиллуулах ёстой нуруу босоо булчинг өглөө эрт ажиллуулдаг давуу талтай. Нурууны босоо булчин бол төв мэдрэлийн систем, нурууны S хэлбэрийг барьдаг чухал булчин. “Ижагур” брэнд худалдаанд гараад удаагүй байхдаа тэнгэр үзэлтнүүдийн өдөр тутмын гоёл байв. Цаг эргэхийн хэрээр хэрэглэгчдийн сигмент өөрчлөгджээ. Өдгөө тэдний үйлчлүүлэгчдийг залуус тэр дундаа өсвөр насныхан голчилж байна. Энэ талаар Х.Халиун “Өсвөр үеийнхний хандлага өөр болжээ. Үүх түүхээ судалдаг, мэдлэгээ бусадтай хуваалцдаг, аав ээжтэйгээ нээлттэй харилцан ярилцаж байна. Язгуур дээлийн ач холбогдлыг хэдийн мэдээд, аав ээжийгээ дагуулаад ирдэг” хэмээн дээл бүсэн гоёлтой залуус олширсонд  баяртай байлаа. Анхны худалдан авагчид найз нөхөд, ойрын хүрээллийнхэн байсан нь тодорхой. Цахим ертөнц хөгжиж, дэлхийн хаанаас ч хүссэн зүйлээ захиалж авдаг болсон. Хилийн гадна амьдрах монгол туургатнууд, дотоодын худалдан авагчдаас давж байжээ. Өвөрмонгол, буриад, тува, халимаг захиалагчид одоо ч зорин ирж авсаар. Монгол туургатан гэлтгүй язгуур дээл дэлхийн загварын содон чиг хандлага болжээ. Энэ бол “Ижагур”-ынханд ирж буй цаг, цар хүрээгээ тэлэх таатай нөхцөл. Иймд улам бүр нээлттэй болж буй гадаад зах зээлийг сонирхох болжээ. Гадныханд бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд соёлын ялгааг нь судлаж, европ хувцастай дээлний ямар деталийг шингээх вэ зэргээр уялдах сигментийг нь эрэлхийлжээ. Өв соёлоо түгээж, монгол дээлээ өдөр тутам өмсүүлж хэвшүүлэх зорилготой “Ижагур” брэнд дэлхийн дайдад цуурайтах өдөр ойрхон байна. 

 Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24634/


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долл… 2 цагийн өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо 3 цагийн өмнө
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хи… 3 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно 4 цагийн өмнө
Ерөнхий сайд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг танил… 5 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 23 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… Өчигдөр
Дуурийн хатан хаан 2025/03/31
Доктор Л.Түдэвийн долоон үг... 2025/03/31
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” 2025/03/31
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… 2025/03/31
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 2025/03/31
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… 2025/03/31
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ 2025/03/31
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог 2025/03/31
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй 2025/03/31
Арена: Серена Уильямс 2025/03/31