Н.Батнасан: Зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг татаж байж инфляцын өсөлтийг сааруулна


Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Н.Батнасантай ярилцлаа.

-Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулж, бодлогын хүүг хоёр нэгж хувиар өсгөснөөр 12 хувьд хүргэлээ. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад эдийн засгийн гадаад болон дотоод ямар хүчин зүйлийг харгалзан үзсэн бэ?

-Мөнгөний бодлогын хорооноос гаргаж байгаа шийдвэр нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, гадаад, дотоод орчны болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилготой байдаг. Нөхцөл байдлыг тоймлоод үзвэл хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, манай улсын эдийн засгийн гадаад орчинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Америк, Хятадын худалдааны дайн, Орос, Украины дайн зэрэг геополитикийн асуудал  гэсэн үг л дээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Европ, Канад, Мексикийн зарим бүтээгдэхүүн, мөн гангийн үйлдвэрлэлд өндөр тариф ногдуулах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор урд хөрш гангийн үйлдвэрлэлээ бууруулах шийдвэр гаргачихлаа. Ингэснээр нүүрсний зах зээл, коксжих нүүрсний хэрэглээ буурах төлөв харагдаж байна. Бид 2025 оны улсын төсөвтөө нэг тонн нүүрсийг 129 ам.доллар байхаар тооцсон. Өнөөдөр бодит байдалд нүүрсний үнэ 100 ам.долларт хүрсэн. Үүнээс гадна судлаачдын үзэж байгаагаар нүүрсний үнэ 70 ам.доллар хүртэл буурах магадлалтай. Ийм хүлээлттэй байгаа учраас нүүрсний экспорт бараг байхгүй байна. Хоёрдугаарт, гадаад нөхцөл байдал нь гаднаас орж ирэх урсгалыг бууруулна. Өнгөрсөн жил бид 15 тэрбум ам.долларын экспорт хийсэн. Үүний есөн тэрбум нь нүүрсний экспортоос орж ирсэн. Нүүрсний үнэ бараг хоёр дахин буурснаар экспортын орлого маань ч бас 4-5 тэрбум ам.доллар хүртэл буурах эрсдэл бий. Энэ нь улсын төсөвт хүндрэл учруулна. Мөн гадаад валютын нөөцөд дарамт учруулах эрсдэлтэй. Инфляц одоогоор 9.6 хувьтай байна. Үүнд 2-3 хүчин зүйл нөлөөлсөн. Өнгөрсөн жилийн хугацаанд гаргасан нийт зээлийн бараг гуравны нэг нь хэрэглээний шинжтэй зээл байсан. Хүмүүс гадагшаа их аялснаар аяллын зардал нэмэгдсэн. Автомашины импорт 91 мянгад хүрсэн нь өмнө нь хэзээ ч хүрч байгаагүй тоо. Ийм том өсөлтүүд гарч ирсэн. Эдгээр нь хэрэглээний зээлийг нэлээд их хэмжээгээр олгосонтой холбоотой. Хэрэглээний зээлийг нэмснээр цаана нь гарч байгаа асуудал юу гэхээр бид үйлдвэрлэгч улс орон биш учраас энэ зээлийн олголтууд нь дандаа гадагшаа урсаж байна гэсэн үг. Өнгөрсөн жил 11 орчим тэрбум ам.долларын импорт хийсэн. Үүнээс хэрэглээний зориулалттай импорт бараг таван тэрбум ам.доллар байна. Тэгэхээр хэрэглээний зээлийг ихээр олгох нь импортыг дэмжсэн, валютын нөөцөө гадагш алдахыг дэмжсэн бодлого болчихоод байгаа юм. Тийм учраас хэрэглээний зээлийг хумих шаардлагатай болсон. Хэрэглээний зээлүүд бизнес эрхлэгчдэд очиж, хөрөнгө оруулалт болж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж байвал манай улсад илүү ач холбогдолтой юм.  Инфляцын хувьд төсвийн хуваарилалтын бодлого нөлөөлж байна. Автобусны болон цахилгааны үнэ нэмсэн. Тэгэхээр инфляц оны эцэст 10 гаруй хувьд хүрэх эрсдэл бий. Тийм учраас зах зээл дээр байгаа мөнгөний нийлүүлэлтийг татаж байж инфляцын өсөлтийг сааруулна. Нөгөө талдаа хэрэглээний зээлийг хумих шаардлага бий. Бид макро эдийн засгийг тогтвортой байлгахын тулд инфляцыг тогтвортой түвшинд барих ёстой. Нөгөө талаас цаашид нөхцөл байдал хүндэрч болзошгүй  учраас бид урьдчилж арга хэмжээ авах ёстой шүү дээ. Тийм учраас болзошгүй хүндрэлээс хамгаалах арга хэмжээг урьдчилж авч байна гэсэн үг. 

-Тэгвэл эргээд  мөнгөний бодлогын хүүг бууруулах ямар боломж байна вэ?

-Төсөв болон мөнгөний бодлого нь улсын макро эдийн засгийн хоёр гол бүрэлдэхүүн хэсэг. Бидний хувьд 12 хувийн бодлогын хүү гэдэг бол нэлээд хатуу мөнгөний бодлого гэсэн үг. Хатуу мөнгөний бодлогыг дагалдаад улсын төсвийн зардлыг аль болох бууруулах шаардлагатай. Ингэснээр бодлогын хүүгээ бууруулах боломж бүрдэнэ. Хэдийгээр одоогийн нөхцөлд бид бодлогын хүүг нэмэгдүүлж байгаа ч ирэх жилүүдэд зээлийн хүүг бууруулах нь улсын чухал асуудал мөн. Бид ирэх долоо хоногоос зээлийн хүүг бууруулах стратегийг хэлэлцэхээр бэлтгэж байна. Цаашид ямар үе шаттайгаар зээлийн хүүг ямар байдлаар, бууруулах, инфляцыг хэрхэн бууруулах вэ гэдэгт саналаа боловсруулж байна. Одоогийн нөхцөл байдалд бодлогын хүүг нэмэхээс өөр арга байхгүй. Өнгөрсөн жилийн хувьд манай гадаад төлбөрийн тэнцэл тааруухан гарч, 680 гаруй сая ам.долларын алдагдалтай байна. Гадаад худалдааны тэнцэл дөрвөн тэрбум ам.долларын ашигтай байгаа ч үйлчилгээний тэнцэл, хөрөнгийн тэнцэл дээр бид ихээхэн ам.доллар алдаж байна. Тэгэхээр илүүдэл хэрэглээгээ хумьж байж л дэлхийн эдийн засагт гарч ирж байгаа энэ хүнд үеийг даван туулах дүр зураг харагдаж байгаа.

-Нүүрсний экспортын хэмжээ, үнэ буурч, импортын бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас Монгол Улсын гадаад валютын албан нөөц буурсан. Валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хэрэв мега төслүүдийг дотоодын зээлийн санхүүжилтээр явуулбал манай нөхцөл байдал улам хүндэрнэ. Харин гаднын хөрөнгө оруулалтыг татах замаар шийдвэл валютын урсгал, төлбөрийн тэнцэл, эдийн засгийн өсөлтийн аль алинд нь сайн шийдэл болно. Бидний хувьд цаашид яах вэ гэдэг нь их чухал. Жил бүр түүхий эдээ экспортлоод явахад, Монгол Улс хэдэн жилийн дараа ямар үр дүнд хүрэх вэ гэдэг асуудал их бүрхэг. Байгалийн нөөц баялгаа шавхаад, дараа нь яах вэ гэдэг асуудал гарч ирэх гээд байна. Манай эдийн засгийн дүр төрхийг харахад экспорт нэмэгдэхэд хэрэглээ нь дагаж өсдөг л байдалтай байна шүү дээ. Тэгэхээр хэрэглээг биш хөрөнгө оруулалтыг дэмжих нь чухал юм. Ялангуяа мега төслүүдийн хувьд бид дотоодоосоо санхүүжүүлэх боломж хомс. Энэ нь маш их хэмжээний үнийн дүнтэй, том төслүүдийн тухай асуудал. Үүнийг Монгол Улсад байгаа валютын нөөц эсвэл Монгол Улсад байгаа багахан хэмжээний хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр шийдэх боломжгүй. Тэгэхээр чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн чөлөөт бүс, эсвэл хөрөнгө оруулалтын дэд бүтцийг хөгжүүлэх замаар гаднын хөрөнгө оруулагчдыг татах чиглэл рүү ажиллах нь л чухал. Жишээлбэл, бид Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээртэй. Хэрэв зэс хайлуулах үйлдвэр байгуулаад Япон руу зэсээ экспортолбол татваргүй байгаа шүү дээ. Мөн чөлөөт бүс байгуулаад дэд бүтцийнх нь асуудлыг шийдчихвэл Японы хөрөнгө оруулагч Японд бус Монголд Зэс хайлуулах үйлдвэр байгуулах нь илүү ашигтай болчихсон байгаа.  Ийм маягаар хийж чадвал эдийн засагт үзүүлэх нөлөө нь харьцангуй гайгүй байх юм. Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулсан ч  Монголд ашигтай.  Бид валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх шийдлийг хэрхэн харж байна вэ гэхээр Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад орохдоо дөрвөн салбар дээр нэлээд хаалттай байх зохицуулалт хийсэн байдаг. Тэдгээрийн нэг нь банкны салбар. Харин одоо бид гаднын банкны салбарыг оруулах талд анхаарах хэрэгтэй. Мэдээж болгоомжтой хандах зүйл бий. Гаднын улсын төрийн өмчийн оролцоотой банкны талаар олон нийт нэлээд сөрөг байр суурьтай байдаг. Үүн дээр бид болгоомжтой хандах ёстой. Мөн дотоодын банкны салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх зүйл байж болохгүй. Өөрөөр хэлбэл, гаднын хөрөнгө оруулалтын банкийг оруулж ирэх нь чухал. Ингэснээр бид богино хугацаанд валютын эх үүсвэрийн асуудлыг шийдэх боломжтой. 

-Мөнгөний бодлогын хороо иргэдийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаанд тодорхой зохицуулалт хийсэн. Ингэснээр хэрэглээний зээлийн олголтод ямар нөлөө үзүүлэх вэ? 

-Гарсан зээлийн гуравны нэг нь хэрэглээний зээл рүү гарсан гэдгийг дээр дурдсан. Үүнийг дагаад гадагшаа аялал, эсвэл автомашины импорт гэх зэргээр өнөөгийн цаг үед тийм ч зохистой бус худалдан авалтууд явагдаж байна. Тийм учраас бид хэрэглээнд гарч буй зээлийг бизнес рүү аль болох чиглүүлэх арга хэмжээг авч байгаа юм. Өмнө нь хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа 55 хувь байсан. Үүнийг 50 хувь болгосон. Өөрөөр хэлбэл, иргэн олж байгаа орлогынхоо 55 хувьтай тэнцэх зээлийг банкнаас авч болдог байсан бол одоо 50 хувь болж байна. Зөрүү таван хувь нь бизнесийн зээл рүү л явна гэсэн үг. Ийм байдлаар бизнесийн зээлийг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байгаа. Олон улсын жишгээр хэрэглээний зээл дээр өр, орлогын харьцаа 40-50 хувь байдаг. Бид олон улсын жишгээр хамгийн дээд хязгаар дээр нь л хүргэж байгаа хэрэг.

-Хэрэглээний зээлээс гадна тэтгэврийн зээл дээр шийдвэр гарсан. Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүсэлтийг үндэслэсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч хэвлэлийн хурлынхаа үеэр дурдсан. Тэтгэврийн зээлийн хувьд хязгаарлалт тогтоохдоо өөр ямар үндэслэлийг авч үзсэн бэ?

-Тэтгэврийн зээл авсан хүмүүс нийт тэтгэвэр авагчдын 52 хувьд хүрч байна. Өр, орлогын харьцааг тэтгэврийн зээл дээр авч үзвэл 80 хувьтай байна. Энэ нь цаанаа эдийн засгийн тодорхой үр дагавруудыг бий болгож байна. Нэгдүгээрт, ер нь тэтгэвэр авч байгаа хүний амьдрах эрх гэж бий. Тэтгэврийн зээл юунд зарцуулагдаж байна вэ гэдэг дээр олон улсын байгууллага судалгаа хийж үзсэн. Ингэхэд 80 хувь нь автомашин, оюутны сургалтын төлбөр, байрны зээлд зарцуулагдаж байгаа юм. Тэгэхээр энэ нь эцэг эхийнхээ тэтгэврээр байшин, автомашин худалдаж авдаг, хүүхдийнхээ төлбөрийг төлдөг байдал үүсчихсэн гэсэн үг.  Гэтэл тэтгэвэр олгож байгаа гол зорилго нь тэтгэвэр авагчийн амьдралын баталгааг хангах юм шүү дээ. Гэтэл тэр хүмүүсийн орлогыг нь аваад зориулалтын бус зүйлд зарцуулаад ирэхээр тэр хүмүүсийн амьдрах нөхцөл байдалд яаж нөлөөлж байна вэ гэдэг асуудал. Тийм учраас бид тэтгэвэр авч байгаа хүмүүсийн амьдрах нөхцөл байдлыг хангах ёстой. Тиймээс бид тэтгэврийн зээл авч болно. Гагцхүү цаана нь үлдэж байгаа мөнгө нь дор хаяж амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэлцэхүйц  хэмжээнд байх ёстой гэдэг суурь зарчмаа л барьж байгаа юм.  Энэ нь нөгөө талаас эцэг эхийнхээ тэтгэврийн мөнгийг аваад амьдарч байгаа хүмүүсийг хөдөлмөрийн зах зээл рүү орж ажиллахыг шахаж байна гэсэн үг. 

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долл… 3 цагийн өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо 3 цагийн өмнө
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хи… 3 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно 4 цагийн өмнө
Ерөнхий сайд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг танил… 5 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 23 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… 2025/03/31
Дуурийн хатан хаан 2025/03/31
Доктор Л.Түдэвийн долоон үг... 2025/03/31
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” 2025/03/31
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… 2025/03/31
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 2025/03/31
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… 2025/03/31
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ 2025/03/31
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог 2025/03/31
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй 2025/03/31
Арена: Серена Уильямс 2025/03/31