Камерын ард зөвхөн эрчүүд байдаг гэсэн хэвшмэл ойлголт өөрчлөгджээ. Бүсгүйчүүд хамгийн сэтгэл хөдөлгөм, шинэлэг кинонуудыг бүтээж байна. Үзэл бодол, онцлог шинжийг бүрдүүлсэн бүтээлүүдээрээ өнөө цагийн кино урлагт нэр алдраа дуурсгаж буй уран бүтээлч бол Жастин Триет. Тэрбээр Канн, БАФТА, “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын шагналыг хослуулж эмэгтэй найруулагч нарын замналд дээд амжилт тогтоосон юм. Мөн 2024 оны “Оскар”-ын наадмын "Шилдэг найруулагч" төрөлд нэр дэвшсэн анхны франц эмэгтэй болсон. Тухайн жилдээ “Анатомийн уналт” сэтгэлзүйн триллерээрээ “Оскар”-ын таван төрөлд нэр дэвшсэнээс "Шилдэг кино зохиол"-ын шагналыг хүртжээ. Түүний баатрууд ямар ч мэргэжилтэй байсан мэдрэмж, сэтгэл хөдлөл, үүрэг хариуцлага, хүслийнхээ нарийн төвөгтэй ээдрээг тайлахыг хичээдэг. Дүрсний гадуурх харилцан яриа Триетийн зонхилох шийдэл юм. “Холливуд репортер” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр өдөр бүр гэмт хэргийн агуулгыг уншиж, судалдаг тухайгаа ярьсан байдаг.
Дотоод ертөнцийн эрэлчин
Зураг авалтын реалист хэв маягийг баримталж, царай, нүүрний хувиралд төвлөрөн тулгаж авах техникүүдийг ашигладаг учир өгүүлж буй түүхэндээ зохицож, баримтат кино шиг сэтгэгдэл төрүүлнэ. Түүний бүтээлийг уран зурагтай зүйрлэвэл Триет хөрөг зураач. Магадгүй карьераа баримтат киногоор эхэлсэн учир бодит мэдрэмж төрүүлдэг байх. Жастин Триет хувь хүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийг харуулсан бүтээлүүдээрээ олонд танигджээ. Уур хилэн, атаа жөтөө, үзэн ядалт, дургүйцлээр дүүрэн гэр бүлийн харилцаанд хайр, бахдал зэрэгцэн оршдогийг бүтээлдээ тусгаснаараа онцлогтой юм. Ялангуяа эмэгтэйчүүдийн дотоод ертөнцийг уудалж, хариултыг нь үзэгчдэд үлдээдгээрээ түүний бүтээлүүд сонирхолтой байдаг. Парисын Үндэсний урлагийн дээд сургуульд суралцаж байхдаа 2007 онд оюутны жагсаалыг баримтжуулсан “Sur Place” киногоо найруулжээ. Хотод өрнөж буй эмх замбараагүй байдлын хэмнэлийг хальсанд буулгаснаараа шинэлэг бүтээл болсон. Парисын төв талбай, гудамжаар бухимдсан залуус цагдаа нартай тулгарч, улс төрийн хязгааргүй сөргөлдөөний мананд хэрхэн уусаж байгааг камертаа буулгажээ. Түүний удаах богино хэмжээний бүтээл нь Францын нийгмийн сэтгэл хөдлөлийг өгүүлсэн “La bataille de Solférino”. Энэ киногоороо Сезарийн шагналд анх удаа нэр дэвшжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг баримтжуулахдаа хүмүүсийн сэтгэл санааг харуулахыг зорьсон нь үзэгчид төдийгүй шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээлийн гараагаа 2016 онд “Викториятай хамт” эмгэнэлт инээдмийн киногоор эхлүүлэв. Уг бүтээлд ажилдаа өөрийгөө зориулж, үр хүүхдэдээ цаг зав гаргадаггүй эмэгтэйн тухай өгүүлдэг. Гол дүрийг Францын арт-хаус киноны од Виржини Эфира бүтээсэн. Бүсгүйчүүдийн мэдрэмж, бодлыг өгүүлэхийн зэрэгцээ баатруудын харилцаанд үүссэн эмх замбараагүй байдлаараа “Бриджит Жонсын өдрийн тэмдэглэл” киноны франц хувилбар гэлтэй. “Викториятай хамт” кино бол Францын эмгэнэлт жүжиг. Үйл явдал нь хувийн амьдрал болон өөрийгөө чөлөөлөхийг хичээж буй эмэгтэйн тухай юм. Найруулагчийн бусад киног бодвол энэ бүтээл үзэхэд илүү хөнгөн мэдрэмжийг төрүүлнэ. Түүний анхны бүтээлүүд нь бүлэг доторх хувь хүмүүсийн эзлэх байр суурийн тухай асуудал дэвшүүлдэг. 2019 онд Каннын наадамд “Уруу таталт” киногоороо өрсөлдсөн ч шагналаа Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хогийн “Шимэгч” кинонд алдсан юм. Сайн кино хийхэд “Нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол” гэсэн алтан зарчмыг баримталсаар иржээ. Тэрбээр Францын найруулагч Артур Хараритай гурван киноныхоо зохиол дээр хамтран ажиллажээ. Жастин Артуртай зураг авалтын талбайд төдийгүй амьдралынхаа туршид хамтран амьдарсан. Тэд хоёр охинтой. “Уруу таталт” кино бол энэ зарчмын тод жишээ. Сэтгэл судлаач Сибилл бичих сонирхолдоо автана. Гэвч түүний шинэ үйлчлүүлэгч Марго хэмээх залуу жүжигчин, эрч хүчээр тэтгэх эх сурвалж нь болно. Сибилл Маргогийн эрх дураараа, эрээ цээргүй амьдралд гүнзгий орсноор өнгөрсөн амьдралтай нь нүүр тулдаг.
“Гэмт хэргийн шүтэн бишрэгч”
Жастин Триет “Анатомийн уналт” сэтгэлзүйн триллерээрээ кино ертөнцөд цахиур хагалсан. Зохиолч, жүжигчидтэй ажиллахдаа мастер гэдгээ энэ бүтээлээрээ баталжээ. "Шилдэг кино", "Шилдэг найруулагч" зэрэг “Оскар”-ын таван төрөлд Мартин Скорсезе, Кристофер Нолан нартай өрсөлдсөн юм. Англи, франц, герман гурван хэлээр харилцан яриа өрнөдөг, хэл, соёлын ялгаа хэрхэн нөлөөлж, үндсэрхэг үзэл гаргадгийг найруулагч харуулахыг зорьсон. Тэрбээр киноныхоо гол зангилаа болсон Сандрагийн дүрийг герман жүжигчин Сандра Хюллерд тусгайлан зориулж бичжээ. Бүсгүй нөхрөө тагтнаас унаж нас барсныг олсноор үйл явдал эхэлнэ. Цагдаа нар үхлийг амиа хорлолт биш, хүн амины хэрэг гэж тодорхойлон гол сэжигтнээр Сандраг татдаг. Харааны бэрхшээлтэй хүү Даниэлээс гэрчийн мэдүүлэг авахад, ээж аавыгаа байнга маргалддаг байсан талаар ярина. Эл бүтээл дээр гарч буй хэргийн шүүх хурал үргэлжлэх хугацаанд шүүгч, өмгөөлөгчдийн нотлох баримтад тулгуурлан хэргийн үнэн зөвийг олохоор хичээж буй зүтгэл болоод гэрчүүд, ярилцлага зэрэг нь “12 Angry Men” киног санагдуулам. Гэхдээ Сандра нөхрөө хөнөөсөн хэрэгт буруутай юу, үгүй юү. Хуучны танил хуульч Винсент Рензийг өмгөөлөгчөөрөө ажиллуулахаас гадна сээтэгнэж, үзэгчдэд өөрийн эрхгүй хардалт төрүүлж нуугдмал, үл ойлгогдом тайван байдлаа киноны төгсгөл хүртэл дагуулсаар эцэст нь хариултыг үзэгчдэд үлдээнэ. Өнгөцхөн харвал аллагын жинхэнэ эзний хэргийг дэнслэх мэт боловч угтаа эгэл жирийн нэгэн гэр бүл доторх сэтгэл зүйн задлан юм. Уг кинонд харилцан яриа, илэрхийлэмж, эргэлтийг төгс гаргажээ. Триет энэ киногоороо “Алтан дал модны мөчир” хүртсэн. Мэргэжилтнүүд “Жастин Триет бол жинхэнэ гэмт хэргийн шүтэн бишрэгч юм” хэмээн дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ. Амьдрал толгой эргэм ээдрээтэй зүйлээр дүүрэн. Хүмүүс ойлгохыг хэчнээн хичээсэн ч хариултыг нь олох боломжгүй асуулт олон байдаг. Кино урлагийг удаан хугацаанд эрчүүд тодорхойлж ирсэн. Триетийн залуу насанд энэ салбарт эмэгтэйчүүдэд зориулсан сонголт байгаагүй. Гол дүрүүд нь хүйсийн хоорондын харилцааг голчлон харуулдгаараа бусад эмэгтэй баатраас ялгаатай юм. Өдгөө 46 настай Триет кино урлагийг арилжаалах чиглэлд хөгжүүлж байгааг хатуухан шүүмжилсэн. Тэрбээр улс төрийн байр сууриа илэрхийлж, Макроны Засгийн газрын зарим бодлого, тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн билээ. Саяхан өгсөн ярилцлагадаа “Би жендэрийн хэм хэмжээг халахыг хүссэн. Үзэгчдийн тухайд эмэгтэйчүүд орон зайдаа эзэн байж, хамтрагчаасаа зөвшөөрөл авахыг хүсдэггүй кино бүтээхийг зорьдог” хэмээжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна