ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаар ярихдаа ямар сэдвээр тохиролцсон нь олон улсын анхаарлыг татаж байна. Энэ нь хоёр улсын удирдагчдын түүхэн дэх хамгийн удаан утсаар ярьсан тохиолдол. Тэд 2 цаг 28 минут ярилцжээ. Мөн Кремль болон Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдэгдэл гаргасан. Үүнээс харахад улстөрчид Украины мөргөлдөөн төдийгүй хоёр орны харилцааны хэтийн төлөвийг ярилцсан байна. Хэлэлцсэн сэдэв хийгээд Москва, Вашингтон энэ ярианд хэрхэн хандсан талаар ажиглагчид байр сууриа илэрхийлж эхэллээ. Ерөнхийлөгч Владимир Путин Цагаан ордон руу залгахаасаа өмнө Оросын бизнес эрхлэгчдийн холбооны хуралд оролсон. Ингэхдээ Америк, Европын компаниудыг дотоодын зах зээлд татах, ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг хөндсөн байна. Тэрбээр эдгээр хязгаарлалтыг “түр зуурынх” гээд цуцалсан нь өмнөх эдийн засгийн тогтолцоог эргүүлэн авчрахгүй гэдгийг онцлон тэмдэглэв. Дональд Трамп бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр дахь удаагаа утсаар ярьсан нь энэ юм.
ОХУ их гүрнүүдийн клубт эргэн нэгдэх үү
Кремлийн албан ёсны сайтад бичсэнээр, Украины мөргөлдөөнийг зохицуулах ОХУ, АНУ-ын шинжээчдийн бүлгүүдийг байгуулжээ. Владимир Путин дайнд олзлогдогсдыг солилцох тухай мэдэгдэв. Украины 175 цэргийг Оросын 175 цэрэг солилцохоос гадна Москва сайн санааны илэрхийлэл болгож, хүнд шархадсан 23 цэргийн албан хаагчийг Украин руу шилжүүлэх гэнэ. Украинд түр гал зогсоох тухай Трампын саналыг В.Путин хэрхэн хүлээж авах нь олны анхаарлыг татсан. Тэрбээр мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг дэмжиж байгаа бөгөөд хэрэгжүүлж болохуйц төлөвлөгөөг хамтран боловсруулахад Москва бэлэн гэдгээ илэрхийллээ. Энэ төлөвлөгөө иж бүрэн, тогтвортой, урт хугацааны шинж чанартай байхын зэрэгцээ хямралын үндсэн шалтгааныг арилгах, аюулгүй байдлын салбар дахь ОХУ-ын хууль ёсны эрх ашгийг бодолхийлэх зайлшгүй шаардлагатайг цохон тэмдэглэв. Москва Украинд гал зогсоох хэд хэдэн нөхцөлийг тодорхойлсон. Мөргөлдөөнийг хурцатгахаас сэргийлэх, улс төр, дипломат арга замаар шийдвэрлэхийн төлөө ажиллах үндсэн шаардлага бол гадаадын цэргийн тусламжийг бүрэн зогсоох явдал гэж Кремль үзэж байна. Үүний зэрэгцээ Владимир Путин хоёр улс эрчим хүчний дэд бүтцэд 30 хоногийн хугацаанд харилцан цохилт өгөхгүй байх Дональд Трампын саналыг дэмжлээ. Мэдэгдэлд дурдсанаар ОХУ-ын Ерөнхийлөгч ийм үйлдэл хийхгүй байхыг цэргийнхэндээ тушаасан байна. Владимир Путин, Дональд Трамп нар харилцаагаа хэвийн үргэлжлүүлэх сонирхолтойгоо илэрхийлсэн. Улмаар хоккейн тэмцээн зохион байгуулж, харилцаагаа сэргээхийг Оросын Ерөнхийлөгч санал болголоо. Дональд Трамп Путинтэй хэлэлцээр хийхэд бэлэн байгаа нь ОХУ их гүрнүүдийн клубт эргэн нэгдэх чухал алхам гэж дүгнэлээ.
Цагаан ордны үнэлгээ
Хоёр улсын тэргүүнүүд утсаар ярьсны дараа Цагаан ордон Украины асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж эхэлснээ зарлалаа. Мөн эрчим хүч, дэд бүтцийн байгууламж руу гал нээхгүй байхаар тохиролцжээ. Вашингтоны мэдэгдсэнээр талууд стратегийн зэвсгийн тархалтыг зогсоох шаардлага, эдийн засгийн хэлэлцээр зэрэг хоёр орны харилцааны бусад чиглэлээр хэлэлцсэн байна. Энэ удаагийн яриаг НҮБ сайшаажээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак “Хоёр орны удирдагчийн яриа онцгой ач холбогдолтой болсон” гэжээ. “Bloomberg” зэрэг эх сурвалжид бичсэнээр ярианы үр дүнд Вашингтоны улстөрчид сэтгэл дундуур байна. Мөн барууныхан Оросын талд ашигтай яриа болсныг дурджээ. АНУ-ын Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Стивен Виткофф “АНУ, ОХУ-ын тал энэ сарын 23-нд Саудын Арабын Жидда хотод уулзана. Хоёр улсын Ерөнхийлөгч утсаар ярихдаа гал зогсоох, энх тайванд хүрэх асуудлаар техникийн хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн. АНУ-ын төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын туслах Майк Вальц нар ахлах юм” гэжээ.
В.Зеленский юу хэлэв
Ерөнхийлөгч В.Путин, Дональд Трамп нарыг утсаар ярьсны дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский байр сууриа илэрхийллээ. Тэрбээр энэ өдрүүдэд Хельсинк хотод айлчилсан. Эрчим хүчний дэд бүтцэд халдлагыг зогсоох саналыг дэмжиж байгаа ч АНУ, Оросын удирдагчдын яриа хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсжээ. Украины төрийн тэргүүн “Өнөөдөр Путин гал зогсоох саналыг бодитойгоор няцаалаа. Дэлхийн улс орнууд дайныг сунгах гэсэн Путиний оролдлогыг няцаах нь зүйтэй” гэж мэдэгдэв. Мөргөлдөөнийг бүрэн зогсоох эхний алхам бол эрчим хүч болон иргэний бусад дэд бүтцэд дайралтаа зогсоох явдал болохыг В.Зеленский онцолжээ. Украины Засгийн газар уг саналыг дэмжиж байгаа бөгөөд харилцан хэрэгжүүлэхэд бэлэн байна. Мөн Саудын Арабын Жидда хотод болсон уулзалтын үеэр энэ талаар хэлэлцсэн. Ямар ч болзолгүйгээр гал зогсоох саналыг Вашингтон тавьсан юм. Хэсэгчлэн гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх, өргөжүүлэхтэй холбоотой техникийн асуудлыг шийдвэрлэхийг хоёр талын ажлын багт даалгасан. Украин, АНУ-ын төлөөлөгчид ойрын өдрүүдэд Саудын Араб улсад уулзаж, энхийн алхмуудыг үргэлжлүүлэн зохицуулахаар зэхэж байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24638/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна