Улс төрийн нөхцөл ороо бусгаа, бас шинэ мэдээ хүлээсэн долоо хоног өнгөрч байна. Засгийн газраас АН гарна гэж шийдсэнээ эргэлт буцалтгүйгээр зарлаж, ХҮН нам үлдэх сонирхолтой байгаагаа мэдэгдэж, Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэв. Улс төрийн энэ үйл явц олон гишүүнийг барьц алдуулж байгаа бололтой. Ялангуяа УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүдийн хүсэл сонирхлыг өдөөж, чуулгандаа ч тогтож суухгүй УИХ-ын даргыг бухимдуулаад авлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-д олон сонгогдсон гишүүд чуулгандаа тогтож суухгүй хаашаа гүйлдээд байна вэ. Чуулганы хуралдаандаа сууна шүү" гэж сануулсан ч тусыг эс олж, 2024 оны сонгуулийн үр дүнд жагсаалтаар болон тойргоос анх удаа гишүүн болсон гишүүд л сууж харагдсан. Үүнээс гадна гэрээгээ зөрчсөн гэдэг үндэслэлээр Засагт багтаж шингэхгүй болчихоод байгаа Ардчилсан намынхан “Хамтарсан гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд халдлаа” гэсэн мэдэгдэл гаргаад амжлаа.
Одоо Засгийн газрын хувь тавилан УИХ-ын 126 гишүүний мэдэлд ирээд байна. Үндсэн хуулийн 44-р зүйлд “Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ. Мөн Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэсэн заалт бий. Гэхдээ Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг хурдтай хөгжлийн төлөөх зориг уриан доор хэрэгжүүлж эхний бодит үр дүнг гарган ажиллаж байгаа Засгийн газарт итгэх учиртай гэж цөөн бус хүн найдаж байна. Засгийн газрын энэ үймээн шуугианы үеэр хамгийн их хардлагад өртөж буй хүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх. Тиймээс Монгол Улсын төрийн тэргүүн мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд “Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол Монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй, ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя” гэжээ.
Чоно борооноор гэгчийн үлгэрээр засаг төр бужигнаж байх энэ үеийг нефть импортлогчид тун овжин ашиглаж, АИ-92 автобензиний үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр өсгөв. Уг нь импортолж байгаа бензиний үнэ нэмэгдээгүй. Харин ч дизель түлш тонн тутамдаа 100 ам.доллароор буурсан байхад тэд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн гэдгийг салбарын яамныхан мэдэгдэж байгаа юм.
Өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен анх удаа Монгол Улсад айлчилж, Монгол-Австрийн Хамтарсан тунхаглалыг байгуулаад буцлаа. Айлчлалын үеэр Засгийн газар болон байгууллага хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал, “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэх, Монгол болон Австри улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах эрх зүйн үндэс бүрдсэн байна. Австри улсад Монголын 2600 орчим иргэн оршин сууж байгаа бол манай улсад Австрийн 40 орчим иргэн амьдарч байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байгаа. Худалдааны дайн, геополитикийн хурцадмал байдал, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал зэргээс шалтгаалан дэлхий дахинд тодорхой бус байдал үүсэж, эдийн засаг хүндэрч байгааг олон хүн анхааруулж эхэллээ. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унан, нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурчээ. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар буурч, Улсын төсөв 2.3 их наядаар тасарч магадгүй гэдгийг ч сануулж байна. Түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон энэ байдал 2025, 2026 он дамжин үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна. Гэсэн ч хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах замаар УИХ-аас баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан том төслүүдийг оновчтой, үе шаттайгаар хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас дээш түвшинд хадгалах боломжтой гэсэн өөдрөг төсөөлөл байна.
Монгол Улс цахим мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, зуучлах, бүх төрлийн хэлбэрээр сурталчлах, тоглохыг уриалах, ивээн тэтгэх зэрэг үйл ажиллагааг бүхэлд нь хориглохоор Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Үнэхээр үүнээс өөр гарц байхгүй бололтой. Тодруулбал, 2025 он гарснаас хойш тавхан сарын дотор телеграм аппликэйшнээр дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учиржээ. Зөвхөн 2024 онд цахим залиланд өртөж, 318 тэрбум төгрөгөө алдсан тооцоо байна.
Өнгөрөгч долоо хоногт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Гурван сая гаруй хүн амтай Монгол Улс 2024 оны жилийн эцэст 57.6 сая толгой малтай байсан бол энэ хавар эх малын 73.4 хувь нь төллөж 17.7 сая төл хүлээж авч эсэн мэнд бойжуулж байгаа гэнэ. Ирэх намар гэхэд нийт малын тоо нийт 80.6 сая толгойд хүрнэ гэж мэдэгдлээ.
АН-ын дарга Л.Гантөмөр Хамтарсан Засгийн газраас гарвал намын даргын суудлаа өгнө гэж мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэл АН дотор ч бужигнаан үүсгэж намын дарга болох сонирхолтой олон хүнийг өдөөж өгсөн бололтой. УИХ-ын гишүүн гишүүн Д.Ганбат “Шаардлагатай бол намын даргад өрсөлдөнө. Улс орон, нам, гишүүд нөхцөл байдал шаардвал болохгүй юм ерөөсөө байхгүй" гэдэг байр сууриа илэрхийлжээ. Одоогийн байдлаар АН-ын даргад Д.Ганбат гишүүнээс гадна Х.Тэмүүжин, О.Алтангэрэл, О.Цогтгэрэл нарын нэр хүчтэй яригдаж эхлэв.
УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар залилах болон мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдож, анхан шатны шүүхээс тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн. Тэгвэл давж заалдах шатны шүүх энэ долоо хоногт хуралдаж, “Нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна" гэж дүгнэжээ. Энэ шийдвэр гарснаар алдартай гэр бүлийг тойрсон маргаан дахин шүүхийн босго давж байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна