Бөөн баяр, бөөн бэлэг


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр хаяанд ирж, хаалга тогшлоо. Монгол Улс 1952 оноос зургадугаар сарын 1-нийг Хүүхдийн баярын өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэж, хүүхэд багачуудад зориулсан олон талт арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулсаар иржээ. Харин эл өдрийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон хэдий ч иргэд, олон нийтийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэж байна. Бид энэ удаагийнхаа дугаарын сурвалжилгаар энэхүү тэмдэглэлт өдрөөр буюу зургадугаар сарын 1-нд зохион байгуулах арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх мэдээллээс онцлон хүргэж байна.  

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэл, дүүрэг, аймаг, сумын ЗДТГ-аас өөрсдийн онцлог, нөөц боломжид тулгуурлан баярын арга  хэмжээг зохион байгуулдаг. Тухайлбал, Баянзүрх дүүрэг Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг “Бүхнийг хүүхдийн төлөө” уриан дор IV хорооны “Хөл бөмбөгийн талбай”-д 11:00-15:00 цагийн хооронд зохион байгуулах бол Сонгинохайрхан дүүргийн хувьд Улсын хүүхэд, залуучуудын театрын гадна талбайд “Монгол хүүхэд” арга хэмжээг 11:00-18:00 цагт зохион байгуулах гэж байна. 

Тэгвэл Хан-Уул дүүрэг хүүхдийн баярын арга хэмжээгээ "Степпе Арена" төвийн гадна талбайд 11:00-17:00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн бол Чингэлтэй дүүрэг “Монгол хүүхдүүд” арга хэмжээн “Тусгаар тогтнолын талбай”-д зохион байгуулж, хүүхэд залуучуудын “Улаан театр”-ын дэлхийд гайхагдсан циркийн үзүүлбэрүүд, шилдэг алиалагч нар, үлгэрийн баатрууд,  дуучид, бүжигчид, хөгжөөнт тоглоом гээд олон арга хэмжээгээр бэлэг барихаар төлөвлөжээ.


“Монгол хүү” болох боломж

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт зургаадугаар сарын 1-нд 09:30-18:30 цагийн хооронд болно. Энэхүү баярыг үндэсний ёс зан заншлыг хүүхэд залууст сурталчлан таниулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

“Монгол хүү” үндэсний баярт хүрэлцэн ирснээр гэр бүл, найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож, урлагийн тоглолт үзэн нэгэн өдрийг цэвэр агаарт  хөгжилдөн өнгөрөөх боломжтой. Тодруулбал, хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур болон шагайн харваа, дугуй, гүйлт, сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг спортын олон үйл ажиллагаа болохоос гадна морь унах эдлэх Монгол ахуйн соёлыг танилцуулах юм. Мөн “Монгол хүү” үндэсний хүүхдийн баярыг хамтран зохион байгуулагч байгууллагуудын шагналын эзэн болж, супер азтан тодруулж ивээн тэтгэгчдийн шагнал гардуулах аж.

Марафонд гүйсэн хүүхэд бүрд батламж гардуулна

 “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг хоёр дахь удаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд тавдугаар сарын 31-ний өдөр 6-17 насны ангиллаар зохион байгуулна. Оролцогчид бүртгэлийн хураамж төлөхгүй бөгөөд оролцсон хүүхэд бүрд батламж гардуулах юм байна.

Мөн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрийг сонирхолтой зүйлс хүлээж байна. Тухайлбал, барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхлөх, мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулах, үлгэрийн болон киноны баатруудтай гэрэл зураг авхуулах, өөрийн хүсэл, мөрөөдлөө “Хүслийн хайрцаг”-т шивнэх, авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүний эрхийн интерактив контент үзэж сонирхохоос гадна “The Open Mic” арга хэмжээнд оролцох боломжтой.

Хүний эрхийн Үндэсний комисс /ХЭҮК/-оос зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний зорилго нь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх явдал аж.

Сүүн өртөөгөөр аялж, сүүтэй танилцаарай

Олон улсад "Дэлхийн сүүний өдрийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Сүү сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа сүүний салбарын ач холбогдлыг таниулах зорилготой тус өдөрлөгийг Монгол Улс анх удаа “Milk Festival-2025” нэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.

2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO/-ын санаачилсан энэхүү өдрийг манай улсын хувьд тус салбарын мэргэжилтэн, үйлдвэрлэгчид тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол энэ жилээс цар хүрээгээ тэлж, үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгчид хамтран зохион байгуулахаар болсон байна. Тухайн компаниуд өөрсдийн сүүн өртөөг байгуулж, хүүхэд багачуудад бүтээгдэхүүнээ амтлуулж, танилцуулах, гарын бэлэг гардуулах юм. Мөн хүүхэд багачуудад  зориулсан хөгжөөнт тоглоом, жүжигчилсэн тоглолт, Cosplay уралдаан, циркийн үзүүлбэр зэрэг урлаг соёлын олон арга хэмжээгээр бэлэг барихаар төлөвлөжээ.

Энэхүү нээлттэй өдөрлөгийн зорилго нь эрүүл иргэн, тэр дундаа ирээдүйн өнгийг тодорхойлогч хүүхэд багачуудад сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлыг таниулан өдөр тутмын хэрэглээ болгоход оршиж буй.


Урлагаар амьсгалсан өдөр

Зургадугаар сарын 1-нд Сонгинохайрхан дүүрэгт байрлах Улсын хүүхэд залуучуудын театраар зочилж, адал явдал, хайр сэтгэл, зориг, ухаалаг шийдлүүдтэй “Арслан хүлэгт баатар" хүүхдийн жүжгийг үзэж, ухаант хүүгийн ертөнцөөр аялах боломжтой. Энэхүү жүжигт ухаант мэргэн хүүгийн адал явдлаар дүүрэн аялалд аймшигт Рах мангасаас хэрхэн үзэсгэлэнт гүнжийг аварч буй тухай өгүүлэх аж. Дүрүүдийн амьдрал, тэдний дунд үүсэх харилцаа, зан чанарууд нь үзэгчдэд ухаарал бэлэглэж, сайн муу, зөв бурууг ялгах сэтгэлийг харуулдгаараа онцлогтой гэдгийг тус жүжгийн жүжигчид онцоллоо.

Дараагийн сонголт нь мөн тус өдөр Тусгаар тогтнолын ордонд болох “Электрон жаалын гайхамшигт аялал” хүүхдийн агаарын цирк юм. Мэргэжлийн бяцхан жүжигчид тэнгэрээр дүүлэн бүжиглэх зэрэг агаарын олон төрлийн өвөрмөц содон үзүүлбэрүүдийг үзүүлж, үеийн найзуудаа гайхшруулахаар бэлджээ. Тэдний сэтгэл догдлуулам гайхалтай үзүүлбэрүүдийг орчин үеийн тайз, гэрэлтүүлэг, дууны эффект, дэвшилтэт техник технологи ашиглан илүү тодотгон харуулахаар төлөвлөжээ.

Онцлох дараагийн арга хэмжээ бол “The Corporate Hotel and Convention Centre”-д зохион байгуулагдах “ Cinemato” тайлбарт танин мэдэхүйн тоглолт. Энэхүү тоглолт нь Disney, Studio Ghibli, DreamWorks-ийн сэтгэл хөдөлгөм аялгууг поп оркестрын хөгжим чих баясгаж, дурсамжаар аялуулах алдарт бүтээлүүдийн дүрстэй хослуулан бүтээж буйгаараа онцлог аж. Мөн хүүхдийн төсөөлөл, мэдрэхүйг хөглөж, эцэг эх, хүүхдэд хамтдаа дурсамж бүтээх боломжтой.

Мөн хүүхэд багачууд та бүхэн  Улаанбаатар хотын хамгийн том задгай талбай болох "Зайсан хилл" цогцолборын гурван давхарт Z'terrace-д тоглоомын болон дэлгэцийн дүрүүдтэй хамт ид шидийн аялалд гарах боломжтой. Аль эсвэл “Скай ресорт” амралт зугаалгын цогцолборт тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 2 хүртэл болох  “WONDERLAND KIDS FESTIVAL-2025”-ыг зориорой.

 

Зургадугаар сарын 1-ний учир

Бид бүхний ирээдүй болсон хүүхэд багачуудад хүний эрхийн бүх тунхаглал хамааралтай. Ялангуяа, хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг. Тиймээс Женевт “Хүүхдийн эрхийн тунхаглал” 1924 онд  батлагджээ. Улмаар НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг 1959 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр баталсан. Энэ нь хүний эрхийн түгээмэл тунхаглал ба бусад хүний эрхийн талаарх болон олон улсын баримт бичигтэй уялдаж байв. Энэхүү тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж онцлон тэмдэглэсэн аж. Үүнийг үндэслэн  “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ыг 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан бөгөөд үүнд дэлхийн 191 орон нэгдэн оржээ.

Монгол Улс 1990 онд “Хүүхдийн эрхийн конвенц”-д тав дахь орон болон нэгдэж, конвенцын үзэл санаанд нийцүүлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг боловсруулж, 1996 оны тавдугаар сарын 8-ны өдөр батлан улмаар 1996 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.

 С.АЗ

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 8 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 13 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 14 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 16 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 16 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр