Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2022.11.28) Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана” гэж заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр 01/1458 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нэргүйн Батчимэгийг, 01/1459 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Бадамдоогийн Ганболдыг, 01/1460 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Мөнхөөгийн Пүрэвсүрэнг тус тус нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны арван нэгдүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны арван нэгдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар тогтоосон.
Хууль зүйн байнгын хорооноос 20 хоногийн турш нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл, саналыг хүлээн авах талаар олон нийтэд мэдээлсэн бөгөөд нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл, санал ирүүлээгүй байна. Харин сонсголд оролцохоо илэрхийлсэн 6 хүн, сонсголын ажиглагчаар оролцохоо илэрхийлэн 3 хүн бүртгүүлсэн бөгөөд өнөөдрийн сонсголд оролцов.
Өнөөдрийн сонсголыг нээж Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлын үндсэн зорилт бол ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах явдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн болон парламентын засаглалын энэ суурь зарчмыг хэрэгжүүлэх нэг чухал арга зам бол Улсын Их Хурлын шийдвэр гаргах үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, Улсын Их Хурлаас томилох албан тушаалд нэр дэвшигчийг иргэд, олон нийтийн оролцооны үндсэн дээр томилох юм. Энэ нь нэг талдаа тухайн албан тушаалтны хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангадаг бол нөгөө талдаа иргэдийн төрд итгэх итгэлийг бий болгодог” хэмээн дурдав.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар тодорхой өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан бөгөөд зөвхөн мэдлэг, ур чадвартай нь шатлан дэвшдэг, эрх зүйн шинэчлэлийг хийснийг Л.Мөнхбаатар гишүүн тэмдэглэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр “Шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл нээлттэй, ил тод, хараат бус байх, хууль дээдлэх зарчмыг баримтлан зохион байгуулах, шүүгчид нэр дэвшигчийн шалгалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрдэх, хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж 70 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд тус шалгалтад 50 түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэнд тооцож, тогтоол гарган мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оруулдаг байх, мэргэшил, ёс зүй, зан төлөвийг 30 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд 20 түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг уг шалгалтад тэнцсэнд тооцох, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт тус бүрд өгсөн оноо, тэдгээрийн нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэн өөрийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлэх гэх мэтээр сонгон шалгаруулалтыг нарийн тодорхой хуульчилсан.
Энэ шинэчлэлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид Н.Баярмаа, Д.Батбаатар нарын нэрийг дэвшүүлж Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсголыг долдугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж байсан бол өнөөдөр бид Н.Батчимэг, Б.Ганболд, М.Пүрэвсүрэн нартай нэр дэвшигчийн сонсгол хийх гэж байна” гэлээ.
Өнөөдрийн нэр дэвшигчийн сонсгол нь үндсэн хоёр зорилгыг агуулж байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга тэмдэглэсэн. Нэн тэргүүнд, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлагыг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, олон нийтийг нэр дэвшигчтэй холбогдуулан санал шүүмжээ хэлэх боломжийг олгох бол удаад нь Шүүхийн ерөнхий зөвлөл хууль тогтоомжид заасан нээлттэй, ил тод, хараат бус, хууль дээдлэх зарчмыг баримтлан нэр дэвшигчийг тодруулсан эсэхийг олон нийтэд танилцуулах боломжийг хангах зорилготой гэв.
Энэ нь нэг талдаа шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргээ Шүүхийн ерөнхий зөвлөл хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн биелүүлж байгааг харуулах бол нөгөө талдаа шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх чухал ач холбогдолтой аж.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар “Хууль сахиулагчид шударга бус шийдвэр гаргадаг, хууль дээдлэх зарчмаа умартдаг, ашиг сонирхлын зөрчилд автдаг гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд гарсаар байгаа бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгч бол тухайн асуудлыг дэнслэн үзэж эцсийн шийдвэр гаргадаг хамгийн хариуцлагатай албан тушаал төдийгүй шүүхэд итгэх иргэдийн итгэлийн сүүлийн цэг байдаг. Ийм ч учраас энэ албан тушаалд зөвхөн мэдлэг, ур чадвар, туршлагатай хүн шалгардаг байх ёстой.
Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах, мэдээллээр хангах үүргээ хуулийн дагуу чанд биелүүлснээр хараат бус шүүх бий болох учиртай.
Иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай хангах хамгийн эхний алхам бол мэдлэг ур, чадвар ёс зүйтэй шүүгчийг шилж олох ажил юм. Шүүхийн ерөнхий зөвлөл энэ чиг үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж чадаж гэмээнэ Монгол Улсын Их Хурлаас баталсан шүүхийн шинэчлэл амилна” хэмээн хэлсэн. Төгсгөлд нь, өнөөдрийн сонсголоор нэр дэвшигчдийг олон нийтэд таниулсан, мэдлэг ур, чадварыг нээн харуулсан, нэр дэвшигчид Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдвол анхаарах асуудлыг нь сануулсан үр дүнтэй сонсгол болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Ийнхүү сонсгол эхэлсэн бөгөөд эхлээд нэр дэвшигч Нэргүйн Батчимэгийг танилцуулсан юм. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нь 1975 онд Дорноговь аймагт төрсөн. 47 настай, эмэгтэй. Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1983-1993 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль, 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, 2011-2018 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2001 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх, Шүүхийн тамгын газар туслах шүүгчээр, 2001-2010 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчээр, 2004-2010 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр, 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн шүүгчээр, 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан бөгөөд 2016 оны 12 сараас одоог хүртэл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа аж.
Нэр дэвшигч Н.Батчимэг өөрийгөө танилцуулахдаа “Мэргэжлээрээ нийт 24 жил ажиллаж байна. Үүний гурван жил нь туслах шүүгч, 21 жил шүүгчээр ажилласан. Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчээр 3 жил, ерөнхий шүүгчээр 6 жил, Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 12 жил, үүнээс ерөнхий шүүгчээр 6 дахь жилдээ ажиллаж байна. Шүүгч нь ажил мэргэжлийнхээ хувьд өсөж хөгжих боломж нь дээд шатны шүүхдээ тэнцэн ажиллах гэж үздэг бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах болзол, шаардлагыг хангасан хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэв.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нэргүйн Батчимэгээс сонсголын оролцогч Э.Баярхүү, П.Бадамрагчаа, П.Мягмарцэрэн, Б.Батдэлгэр нар асуулт асууж, хариулт авсан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан.
Дараа нь нэр дэвшигч Бадамдоогийн Ганболдын сонсголыг явуулсан. Тэрбээр 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1986-1996 онд Улаанбаатар хотын 34 дүгээр дунд сургууль, 1996-2000 онд Их засаг хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, 2000-2001 онд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Б.Ганболд нь 2000-2004 онд Их засаг хууль зүйн дээд сургуульд багшаар, 2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багшаар, 2009-2014 онд Түшээ дээд сургуульд багшаар ажилласан бөгөөд 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа талаар Л.Мөнхбаатар гишүүн танилцууллаа. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвших болсон үндэслэлийн талаар Б.Ганболд танилцуулсан юм.
Тэрбээр “Төрийн эрх мэдлийн хуваарилалтын онол, практикын асуудал” сэдэвт дипломын ажил бичиж бакалаврын зэрэг хамгаалсан бол “Гэмт хэрэг зүйлчлэлийн онолын зарим асуудал” судалгааны сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. Мэргэжлээрээ тасралтгүй 22 жил ажиллахдаа хууль зүйн их дээд сургуулиудад багшаар ажиллан, тэнхмийн эрхлэгчийн албыг хашиж байсан гэв. Хууль зүйн болон боловсролын салбарт зохих хувь нэмрээ оруулж байсан гэдгээ тэрбээр дурдаад “Мэргэжлийн дагуу жил бүр онолын сурах бичиг зохиож нийтийн хүртээл болгож ирсэн. Одоогоор 22 номын зохиогч. Мэргэжил эзэмшсэн цагаасаа шүүгч болох зорилгыг тавьж, өөрийгөө бэлтгэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлсэн. Улсын дээд шүүхийн шүүгчийн шалгалтад тэнцэж, холбогдох шаардлагыг хангана хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэлээ.
Нэр дэвшигч Б.Ганболдоос оролцогч Э.Баярхүү, П.Бадамрагчаа, Б.Батдэлгэр, П.Мягмарцэрэн, Б.Төрболд нар асуулт асууж, хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, Х.Нямбаатар нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлсэн.
Сонсгол Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэнгийн сонсголоор үргэлжлэв. Л.Мөнхбаатар гишүүн нэр дэвшигчийн талаар танилцууллаа. М.Пүрэвсүрэн нь 1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 40 настай, эрэгтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр арван жилийн сургууль, 1998-2003 онд Их засаг их сургуульд эрх зүйч, бакалавр, 2011-2014 онд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ. 2003-2004 онд “UB даатгал” ХХК-д хуулийн зөвлөх, 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газар шүүгчийн туслах, 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчээр, 2012 онд Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгчээр, 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа гэв. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвших болсон үндэслэлийн талаар нэр дэвшигч танилцуулахдаа “2015 онд Солонгос Улсад шүүхийн тогтолцоо, захиргааны удирдлагын чиглэлээр, 2016 онд Тайланд Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах арга техникийн чиглэлээр, 2020 онд Итали Улсад санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагааны арга техникийн талаарх мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвших болзол, шаардлагыг бүрэн хангасан хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэлээ.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэнгээс сонсголын оролцогч Б.Батдэлгэр, Э.Баярхүү, П.Бадамрагчаа нар асуулт асууж, хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, нэр дэвшигч М.Пүрэвсүрэнгээс хариулт авлаа.
Ийнхүү Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан бөгөөд Лхагва гараг (2022.11.30)-ийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.