Л.Энхрийлэн: Парисын олимпын аварга болмоор байна


Узбекистаны Ташкент хотноо болж өндөрлөсөн жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын шигшээ баг медалийн иж бүрэн цуглуулгатай эх орондоо ирсэн. Эмэгтэй жүдочдоос ганцаараа медалийн тавцанд зогсож том зорилгынхоо эхлэлийг тавьсан дэлхийн аваргын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Л.ЭНХРИЙЛЭНТЭЙ ярилцлаа. Тэрбээр 12 жил жүдогоор тууштай хичээллэсний үр шимээ хүртэж энэ мөчөөс дэлхийн медальтан гэж дуудуулах болсон юм. Түүний ярилцлагыг хүргэе.

-Мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлж, дэлхийн аваргын медальтан боллоо. Баяр хүргэе. Баярын сэтгэгдэл бол цээжиндээ багтаж ядан байгаа биз?

-Маш их баярлалаа. Энэ бол эхлэл. Тамирчин бүрийн хүсэл мөрөөдөл нь дэлхийн аваргын болон олимпын медаль байдаг. Цаашлаад олимп, дэлхийн аварга болох. Зорилгынхоо эхлэлд хүрч чадсандаа үгээр илэрхийлэхийн аргагүй баяртай байна.

-Бүх хүн таны барилдааныг үзлээ, харлаа. Сугалаа нэлээд хатуу таарсан. Сугалааны дараа ямар төлөвлөгөө боловсруулж байв?

-Тэмцээний гурав дахь өдөр нь би барилдах хуваарьтай. Дөрөв хоногийн өмнө сугалаагаа харлаа. Дэгүчи, Тимна хоёртой нэг хэсэгт багтсан. Гуравдугаар тойрогт ялагдах л юм бол үзэгчдийн суудалд шилжих гээд байдаг. Ер нь бэлтгэл дээрээ жингийнхээ хамгийн шилдэг жүдочдод зориулан бэлтгэл хийж, төлөвлөгөө тооцоо гаргасан. Дэгүчи, Тимна, Белодид, Климкайт, Сара, Силва, Мими, Фүнакүбо гээд л... Тэр утгаараа сэтгэл зүйн хувьд тайван, тогтвортой, илт давуу, ялах чин хүсэл эрмэлзэлтэй байсан. Жингийнхээ шилдгүүдээс Белодидтой таарна гэж огт бодоогүй. 

Гэтэл таарсан. “Арай ч дээ. Хамгийн доод жингийн бөх шүү дээ. Гараад л савна, ялна” гэсэн бодолтой. Гэвч татамид гарахад өөр байсан. Шөрмөстэй, мөч урттай учраас барилдахад эвгүй юм билээ. Цаашид энэ жинд барилдаад, жиндээ дасвал хүчтэй өрсөлдөгч нарын тоонд зүй ёсоор багтана. Нэгэнт 57 кг-ын жин сонгосон л бол бяр, хүч чадал нэмж таараа. Тэр үедээ бол хэцүү өрсөлдөгч байж мэдэхээр юм билээ. Зүгээр ч нэг наймд үлдээгүй шүү дээ, Дарья. Манай жингийн шилдгүүдийн нэг Францын Сараг ялсан гэхээр бас хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор орж байгаа биз. Өндөр учраас үүрэх, жийх зэрэг мэхний хувилбар хийхээр багш нартайгаа ярилцаж байлаа. Үндэсний шигшээ багийн багш нар маань надтай тулж ажилласны үр дүн энэ тэмцээнд гарсан гэж боддог.

 Энэ жил манай жүдогийн шигшээ бараг 60-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр Төв аймгийн Батсүмбэр сум дахь “Champions champ” бэлтгэлийн баазад нэгдсэн цугларалтад гарсан шүү дээ. Нэлээд хүнд бэлтгэл хийсэн. Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар бидэнд хандаж “Хамгийн хэцүү зүйл бол бэлтгэл. Тэмцээн бол амархан шүү” гэж хэлсэн. Энэ үг үнэн байсан. Бэлтгэл дээр зовж, ядарч, өөрийгөө ялан дийлж сурвал тэмцээнд түүртэх юмгүй барилдана гэсэн бодлоор маш их хичээсэн, шамдсан. Дутуугаа сайжруулахын тулд өдөр бүрийг эрч хүчтэй өнгөрүүлж, бэлтгэл дээрээ нэлээд чамбай ажилласан.

-Бараг хоёр жилийн хугацаанд бэртлээс болж татамид гараагүй. Хоёр жил гэдэг асар их хугацаа. Дэвжээндээ эргэн ирэх мэдрэмж ямар байсан бэ. Өөрийгөө мэдэрч чадсан уу?

-2016 оны арваннэгдүгээр сард анх өвдгөндөө гэмтэл авсан. Гайгүй гэж явсаар нэг мэдэхэд гурван жилийг үдсэн байлаа. Хөл нэг л болж өгөхгүй байсан учраас 2019 оны наймдугаар сард хагалгаанд орох шийдвэр гаргасан юм.

 Улмаар 2020 оны дундуур дахин бэлтгэл хийж эхэлсэн. Удаан хугацааны дараа дэвжээнд гарахад айдастай байлаа. Арай гэж эдгээсэн бэртлээ дахиад сэдрээх вий, бэртчих вий гэж айж байснаа нуухгүй. Анхнаасаа л өндөр хэмнэлтэй, хурц, дайчин, эрэмгий барилдах ёстой юм билээ. Бэртлийн дараа тэр мөн чанар минь алга болсон, дарагдсан байлаа. Сүүлд тэр эрч хүч, энергиэ олж авснаар формдоо орж, барилдааны агуулга ч өөрчлөгдсөн.

-Азийн аваргын хувийн барилдаанд урам хугалсан шүү дээ. Тэр тэмцээний дараа Ц.Шийрэв багшаас зэмлэл сонссон юм билээ. Унаган багшийн тань зэмлэл танд хэр нөлөөлсөн бэ?

-Өөрийгөө хүртэл гайхаж байсан юм. Эхний тойрогт Хятадын бөхтэй барилдахдаа “Би ялна, чадна” гэсэн төгс итгэлтэйгээр татамид гарсан. Гэвч нэмэлт цагт вазари алдсанаар ялагдаж, миний нөгөө эрч хүч тэрүүхэн үедээ унтарчихдаг юм байна. Юу билээ, яагаад ялагдав гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд эргэлдсэн. Форм сайтай байсан хэрнээ Хятадын бөхөд ялагдсандаа өөрийгөө гайх­сан. Өөртөө маш их дургүй хүрч, бухимдсан. Хоёр, гурав хоног л барилдааныхаа тухай бодож явлаа. Гэхдээ багийн барилдаанд алдаагаа бага ч гэсэн засах боломжтой гэж үзээд дахин сэргэсэн. 

“Нэгэнт тивийн аваргаас медальгүй үлдсэн юм чинь юу алдах вэ” гэсэн сэтгэл зүйтэйгээр багийн тэмцээнд барилдсан. Момо Тамаокиг ялсны дараа “Би хувийн барилдаан дээр ингэж барилдахгүй яав даа” гэж бодож амжсан. Ямар ч байсан тивийн аваргад багийнхаа амжилтад бага зэрэг хувь нэмэр оруулсан шүү гэж бодохоор тайвширч, сэтгэл арай өег болсон юм.

-Бэртэлтэй өнгөрүүлсэн хоёр жил Л.Энхрийлэнгийн хувьд хэр урт хугацаа байсан бэ. Тэр өдрүүдийг хэрхэн даван туулав?

-Жүдогоор хичээллэж эхэлснээс хойших хамгийн хүнд үе гэвэл бэртэлтэй байсан цаг хугацааг нэрлэнэ. Барилдмаар санагдана, бэлтгэл хиймээр ч юм шиг. Байж суух газраа олж ядсан шүү, нэг хэсэг. Гэхдээ эмч “Нөхөн сэргээх дасгал сайн хий. Эдгэрлийн 60 хувь нь үүнтэй холбоотой” гэж хэлсэн. Хагалгаа хийлгэсэн хөл маань турж, нарийссан байлаа. Ингээд булчингаа хөгжүүлэхийн тулд нөхөн сэргээх эмчилгээ, дасгал хийж эхэлсэн. Өглөөнөөс өдөр болтол, өдрөөс орой хүртэл эмчийн зөвлөсний дагуу сэргээх дасгал хийдэг байлаа. Хамгийн гол нь сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээсэн.

 “Бүрэн эдгэрсний дараа би дахин барилдаж эхэлнэ, зорилгоо эхнээс нь биелүүлнэ” гэсэн бодолтой тулдаа хоёр жилийг даван туулсан даа. Хэчнээн бэртэлтэй ч зүгээр суугаагүй. Гар дээрх дасгал их хийнэ. Ц.Шийрэв багш маань зөвлөж, хүсэлт тавьсны дагуу клубийнхээ өсвөрийн жүдочдод туршлагаасаа хуваалцаж, чаддаг зүйлээ зааж өгч байлаа. Барилдахгүй ч гэсэн бэлтгэл хийж байгаа хүүхдийг харж барилдааны мэдрэмжээ сэргээсэн. Өдөр бүр дүү нартаа чадах зүйлээ зааж өнгөрүүлдэг байсан юм.

-Бэртлийн дараа анхны тэмцээнд оролцох мэдрэмж гоё уу?

-Төсөөлөл өөр байсан. Би чинь тэсэрч, классик барилдах дуртай хүн. Гэтэл яг дэвжээн дээр гарахад бүх зүйл өөр санагдсан. Өөртөө урам хугарсан. Тэмцээний дараа барилдааныхаа бичлэгийг үзээд сэтгэл дундуур байсан. Тэр үед сэтгэлээр унасан шүү.

-Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нарын барилдааны чадвар, агуулга, арга барил өмнөхөөсөө тэс өөр болсныг олон хүний амнаас сонслоо. Энэ эрч хүчийг та Азийн аваргын дараа олж авсан хэрэг үү?

-Тийм гэж хэлэхэд буруудахгүй. Нэг хэмнэлд орохоор гарч чаддаггүй юм байна. Хэмнэлээсээ гарч өөрийгөө эвдэхийн тулд асар их хүч гаргасан. Дуу сонсож, өөрийгөө эрчлэх ёстойгоо мэдэрсэн. Доторх галаа асааж, өөрийгөө хөгжөөж чадвал миний барилдааны хэмнэл өндөр байж, өөртөө итгэх итгэл илүү нэмэгдэхийг мэдсэн. Дотоод сэтгэл минь багтаж ядан оволзож байж би үзүүштэй барилдаан гаргана. Би угаасаа ийм төрлийн хүн. Хувь хүний төрөлх зан чанар нь эрч хүчтэй учраас түүнийгээ л олж авахын тулд зүтгэсэн. Багш нар ч надад хэлж л байсан. 

Миний арыг үргэлж дааж явдаг Ажирахгүйдорж ах маань ч хэлдэг юм. Зан чанарыг маань мэддэг учраас ойр байдаг бүх хүн эрч хүчээ битгий алд, дахин сэргээ гэж зөвлөдөг. Түүний хүчинд би өөрийгөө бүрэн олж авсан шүү. Жоохон унжгар байдалтай дэвжээнд гарчихвал яг л тэр хэвээрээ байх талтай. Тиймээс эхнээсээ л эрч хүчтэйгээр дэвжээнд гарсан даа. Хойшид ч тийм байна.

-Таныг сэтгэл зүй өндөртэй тамирчин гэж багшаас нь сонссон. Хүн робот биш учраас ялж, ялагдана. Энэ бүхэнд сонирхогчдын шүүмжлэл, магтаал зэрэгцэн явдаг. Сошиалаар өрнөж буй магтаал, шүүмжлэлд хэрхэн реакц өгдөг вэ?

-Эхэндээ эвгүй санагддаг байлаа. Харин одоо бол тэр магтаал, шүүмжлэлийг би өөрийнхөө хөдөлгөгч хүч болгон ашигладаг болсон. Нэг ёсондоо миний амжилтын хөшүүрэг болсон. Амжилт гаргахад олон төрлийн хөшүүрэг байдгийн нэг нь магтаал, шүүмжлэл. Муулж, доромжилж, шүүмжилсэн ч би гундахгүй. Харин ч өөртөө ашигтайгаар эргүүлнэ.

-2011 оноос жүдогоор хичээллэж эхэлсэн шүү дээ. Монголд спортын харьцангуй олон төрөл хөгжсөн байсан үе. Яагаад заавал жүдог сонирхох болов. Таны анхаарал, дур сонирхлыг татсан гол хүчин зүйл юу байсан бэ?

-Өвөө, эмээгийн хүүхэд байлаа. Ийм үед өвөөгөө дурсмаар байна. Өвөөтэйгөө байнга цуг явдаг. Багаасаа эршүүд өссөн. Буугаар тоглоно, ноцолдоно. Өвөөгөө бурхан болсны дараа эмээтэйгээ цуг амьдарсан. Багын спортлог, эршүүд охин байлаа. Нэг өдөр эмээтэйгээ цуг Спортын төв ордон явсан нь энэ бүхний эхлэлийг тавьсан. Яг энэ зааланд орж ирээд бэлтгэл хийж байгаа хүүхдүүдийг харж зогсоход Ц.Шийрэв багш маань уулзаж, ямар зорилгоор ирснийг минь асуусан.

Би ч барилдмаар байгаагаа хэлэхэд багш “Маргааш өмсгөлөө аваад хүрээд ир” гэсэн. Ийм хариулт сонссон би мөнгөгүй учраас эмээгийнхээ тэтгэврээр кимоно авч байлаа. Дугуй, мотоцикль унах хоббитой байсан. Өвөө, эмээ хоёр минь маш их дэмжсэн учраас өөр спорт сонирхолгүй жүдотой амьдралаа холбосон юм. Тэгээд ч жүдогоор олимпын аваргатай болсны дараах үе шүү дээ. Тэр ч бас нөлөөлсөн байж мэднэ. 2008 онд Н.Түвшинбаяр аварга олимпод түрүүлсний дараа олон хүүхэд жүдод хөл тавьсан. Тэдний нэг нь би.

-Жүдогоор хичээллэж эхлэхэд шантрах үе бишгүй л байсан биз?

-Тийм ээ, шантрах үе байсан. Гэхдээ жүдогоо орхих тухай бодох хүртэл шантраагүй. Бэлтгэлдээ маш дуртай нэгэн. Гэр Долоон буудалд. Бараг хотын төвд шахам учраас автобус ховордоно гэсэн ойлголт байгаагүй. Миний үндсэн маршрут ерөөсөө гэр-сургууль-бэлтгэл-гэр. Өөр тийшээ хазайдаггүй байлаа. Бушуухан бэлтгэлдээ явах юмсан гэх чин хүсэл эрмэлзэлтэй. 

Өдрийн ихэнх цагийг дэвжээн дээрээ өнгөрүүлнэ. Өөрийгөө огт хуурдаггүй. Хуурмаг байдлаар бэлтгэл хийдэггүй. Аль болох илүү бэлтгэл хийж, хөдөлмөрлөж байж амжилтад хүрнэ гэдгийг багаасаа гадарласан учраас шантарсан ч жүдогоо хаяна гэж огт бодоогүй. Жүдогийн спортыг орхиогүйн хүчинд би өнөөдөр амжилтынхаа эхлэлийг тавилаа шүү дээ.

-Эмэгтэйчүүдийн 57 кг-д манайхан өндөр амжилт үзүүлдэг уламжлалтай жин шүү дээ. Х.Эрдэнэт-Од, Д.Сумъяа гээд л. Энэ мундаг жүдочдын залгамж болсон гэдэг утгаараа сэтгэл зүйн дарамт танд мэдрэгддэг үү?

-Ёстой үгүй шүү. Харин ч эгч нараасаа илүү ихийг суралцдаг. Миний жинд олимп, дэлхийн медальтнууд байгаа учраас би үүнийг нь давуу тал болгон ашиглах ёстой. Д.Сумъяа эгчийнхээ бэлтгэл хангагч байхдаа “Энэ мундаг хүнийг дагаж барилдаанаа улам сайжруулна” гэж боддог байлаа. Эгчээсээ их зүйл сурсан. Дэлхийн хүн хажууд байхаар түүгээр бахархаж, дэлхийн медаль ойрхон юм шиг санагдана. Алдартнуудын хажууд байгаагаа дарамт биш давуу тал болгон ашиглах хэрэгтэй.

-Дэлхийн аваргынхаа медалийг зүүгээд эх орондоо газардаж байх мөчийг одоо дурсвал?

-Хайртай гэр бүл, хамт олон минь угтсан. Гэртээ хурдан харихаар яарч байлаа. Медаль авснаас хойш цаг удаан өнгөрсөн. Цагаа байн байн харж, өдөр хоног тоолоостой. Гэр бүлдээ, эх орондоо их яарсан. Онгоцноос буугаад уулзахаар яарч байсан хүмүүстээ үнсүүлэх хамгийн сайхан жаргал байлаа.

-Ямар ч тэмцээн дээр таны сэтгэл хөдлөл, эмоци тодоос тод ялгардаг шүү дээ. Унаган зан уу?

-Ерөөсөө байгаа нь л тэр. Өөрөө цоглог, эрч хүчтэй учраас өөрийгөө барьж дийлдэггүй. Бүх зүйл дууссаны дараа бичлэг, зураг үзнэ. Тэгээд л өөрийгөө барьж сурна даа гэж боддог. Гэвч сурсан занг сураар боож болдоггүй гэдэг шиг мянган удаа хичээсэн ч цаанаасаа оргилоод байдаг учраас сэтгэл хөдлөл, эмоцио барьж чаддаггүй.

-Том зорилгынхоо эхлэлийг тавилаа. Дараагийнхаа зорилгод хүрэхэд маш том дэм, урам болсон биз?

-Тэгэлгүй яах вэ. Ирэх жилийн ДАШТ Катарын Дохад тавдугаар сард болно. Залгуулаад Азийн наадамтай. Дараа жил нь Парисын олимп биднийг хүлээж байна. Энэ бүхэнд амжилтаа бататгах, цаашлаад ахиулахын төлөө улам их хичээж, бэлтгэлээ тууштай хийнэ. Энэ дэлхийн аваргын медаль ч их урам, урагшлах их хүчийг өглөө. Би Парисын олимпын аварга болмоор байна. Үүнийхээ төлөө зогсолтгүй зүтгэнэ. Дэлхийн аваргын медаль авсны дараа багийн барилдаанд барилдахад цаанаасаа л эрч хүч ундраад байсан. Яг л энэ эрчээрээ явахыг хүсэж байгаа.

-Тамирчин хүн амжилт гаргахад бэрхшээл мундахгүй шүү дээ. Анх спортоор хичээллээд, тэмцээн уралдаанд оролцохдоо санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулдаг байв?

-Олонх тамирчинд тохиолддог бэрхшээл юм даа. Сэтгэлд маш тодоор үлдсэн, мартахыг хүсдэггүй нэг дурсамжаа хуваалцъя. 2013 онд өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор боллоо. Гэтэл надад зардал байдаггүй. Хаанаас зардлын мөнгө хайхаа мэдэхгүй хэсэг бодсоны эцэст ангийн багшдаа хандсан. Би “Монгени” сургуульд сурдаг байлаа. Пүрэвдулам багш маань захиралд хэлтэл сургуулийн анги бүрийн хананд өлгөсөн анонс дээр “Манай сургуулийн сурагч Азийн аваргад явах болсон ч зардлын асуудалтай тулгарчээ. Бүгдээрээ чадлаараа тусалцгаая” гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Захирлын уриалгыг ангиуд маань маш сайхнаар хүлээн авч сэтгэлийн үгтэй, дугтуйтай мөнгө цуглуулан өгч байлаа. Тэр нь одоо болтол надад бий. 

Миний сэтгэлээс гардаггүй учраас хадгалдаг. Сургуулийн багш, ажилчид сурагчдын сэтгэл шингэсэн зардлаар Азийн аваргад оролцож, мөнгөн медальтай ирж байсан юм. Мартагдашгүй сайхан дурсамж шүү. Тэр медаль надад маш үнэ цэнтэй, бахархалтай санагддаг. Гэхдээ манай жүдо бусад спортыг бодвол харьцангуй гайгүй шүү. МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд жүдо бөхөд сэтгэлтэй олон хүн тамирчдад гараа сунгаж байна.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээе.

-Баярлалаа. Өнөөдрийг хүртэл намайг дэмжсээр яваа Монголын жүдо бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нартаа, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Ц.Шийрэв багшдаа, гэр бүл, найз нөхөд, хамтрагчдадаа, ард түмэндээ баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй, үргэлж амжилтаар хариулж, олимпоос медаль авч баярлуулна.

Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24522/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… Өчигдөр
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ Өчигдөр
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна Өчигдөр
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн Өчигдөр
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… 2024/12/25
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… 2024/12/25
Шатрын шинэ хаан 2024/12/25
Хийморийн дарцаг хатгахад сайн 2024/12/25
Улаанбаатарт 17 хэм хүйтэн 2024/12/25
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23