​ УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай юу


Манай улсын парламентын гишүүдийн тоо хэт цөөн, энэ нь эргээд олон сөрөг үр дагаварыг дагуулж байна гэх шүүмжлэл тасардаггүй. Тэр дундаа ээлжит сонгууль дөхөхөөр энэ яриа улам идэвхждэг. Эрдэмтэн, судлаачдын зүгээс ч энэ асуу­далд шинжлэх ухаанч байдлаар хандах учиртайг хэлсээр ирсэн. Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслөө бэлтгэж буй энэ цаг үед парламентын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай юу, энэ нь ямар ач холбогдолтой вэ гэдэг асуултад УИХ-ын зарим гишүүн болон судлаачдын байр суурийг сонслоо.

 

Н.Ууганбаатар:  УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох хэрэгтэй

/МУИС-ийн Эдийн засаг, математикийн тэнхимийн багш, дэд профессор/

-Сонгуулийн хууль батлах болохоор хоёр системийн сайн, мууг л ярьдаг. Эцэст нь аль олон санал авсан сонгуулийн системийг сонгож авдаг. Гэтэл эндээс гарах үр дагавар нь ямар байх вэ гэдгийг өргөн хүрээнд, шинжлэх ухаанч байдлаар судалдаггүй, гарах үр дүнг тооцдоггүй гэсэн үг. Уг нь бол дэлхийд өндөр хөгжиж байгаа орнууд шиг эрдэмтдээ цуглуулаад гарах үр дагаврыг давхар тооцоод судалгаатайгаар асуудлыг шийдэх ёстой. Тоглоомын онолчид нь онолоо гаргаад, мате­матик загварчлалуудыг хийж үзэх ёстой. Улс төрийн шинжлэх ухаанд математик аргачлалыг өргөн ашиглаж байгаа, үр дүнгээ ч өгч байна. 

Парламентын гишүүдийн тоотой холбоотой судалгаа олон бий. Парламентын гишүүдийн тоог хүн амын тоотой харьцуулж үзэхээр парламентын гишүүдийн тоо хүн амын тооны гуравны нэг зэрэгт буюу куб язгуур гаргасантай ойролцоо байх нь зохимжтой гэж үзсэн. Судлаачийн тайлбарт парламентын гишүүдэд харилцаа холбоо чухал. Гишүүн болгон бусад гишүүдтэйгээ харилцах шаардлага үүснэ. Энэ тоог хэт олон тавьчих юм бол тухайн гишүүнтэй харилцах харилцаанд хүндрэл гарна. Гишүүн тойргийн сонгогч гишүүдтэйгээ харилцах ёстой болдог. Тойргийн гишүүдтэй харилцах харилцаа бол олон цэгийг нэг цэгтэй холбох харилцаа. Тэгэхээр гишүүн өөрт байгаа цаг хугацаа, энергиэ 50, 50 хувиар хувааж энэ хоёр харилцаандаа зарцуулдаг.
Монгол Улс дөрвөн сая орчим иргэнтэй гэж тооцож квадрат язгуураар гаргах юм бол ойролцоогоор хоёр мянга орчим гишүүнтэй болох нь. Хэрвээ куб язгуураар тооцох юм бол 150 орчим гишүүнтэй байх тооцоо гарч байгаа. Шинжлэх ухаан, судлаачдын хийсэн ажлыг хараад Монголын нөхцөл байдалтай тулгаад үзэхээр ийм л харагдаж байгаа юм. Миний хувьд УИХ-ын гишүүдийн тоог Скандинавын орнуудтай адилхан куб язгуураар тооцож гаргах нь илүү оновчтой гэж үзэж байгаа. Гишүүдийн тоо нэмэгд­сэнээр эрх мэдэл буурна, нөлөөлөл ч буурна. Би хэрвээ гишүүдийн тоог 152 болгож нэмбэл нэг гишүүний парламентын шийдвэр гаргалгалтад үзүүлэx нөлөө хэр буурах вэ гэдэг судалгааг хийж үзсэн юм. Ингэхэд өнөөд­рийн нөхцөл байдлаас 30 хувиар буурах тооцоо гарч байгаа.

 

Ч.Өнөрбаяр: УИХ-ын гишүүдийн тоог нэмж, Сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй 

/АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч/

 

-Монгол Улсын улс төрийн тогтолцоог өөр­чилж, нийт ард иргэдийн тоог куб язгуураар тоо­цох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож өөрчлөх саналыг эрдэмтэд гаргаад байгаа. АН-ынхан ч эрдэмтэдтэй санал нэг байна. Бид олон яам, агентлаг, ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниудаа цөөлөх ёстой. Харин парламентаа томруулах буюу УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмэх ёстой. Үүнд тийм ч их зардал орохгүй. Ганц жишээ дурдахад Германд очоод би үнэхээр бахарх­сан. Германы хууль тог­тоох үйл ажиллагаа нээлт­тэй явагддаг. Иргэд нь Бун­дестагийн хурал дээр хэн дуртай нь очоод тэдний үйл ажил­лагааг харж болдог. Гэтэл манай Монголд гишүүд тойргоосоо хэдэн хүн авчирч УИХ-ын үйл ажиллагааг 30 минут хүрэхгүй хугацаанд харуу­лаад л гаргадаг. Ийм л хаалттай байна. 

Одоо парламентаа томруулж, нээлттэй болгох ёстой. Ингэснээр парламент гэдэг төр биш, хууль хүчний байгууллага биш, ард түмний төлөөлөл гэдгийг иргэд маань ойлгоно. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоод Сонгуулийн тухай хуулиа бас өөрчлөх хэрэгтэй. Тойрог дээрээ 200 ухуулагч авдаг, баахан цалин пүнлүү өгдөг. Нэг нэр дэвшигч дор хаяж 700 саяас тэрбум төгрөг гаргадаг. Бүр ийм мөнгө гарга гээд аудитын тооцоо ч гаргачихсан байх шиг. Гэтэл ийм их мөнгийг залуу улстөрчид, эмэгтэйчүүд гаргаж чаддаггүй, нөгөө л мөнгөтэй хэдэн хүн УИХ-д орж ирчихээд бэлэг сэлт тараагаад гүйгээд байна. Үүнийг бид халах ёстой.

 

Д.Тогтохсүрэн: Гишүүдийн тоог нэмэгдүүлэх гурван ч үндэслэл бий

/УИХ-ын гишүүн/

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага бий. Нэгдүгээрт, бид 1992 онд Үндсэн хуулиа баталж, УИХ-ын гишүүдийн тоог 76 байхаар тогтоож байхад Монгол Улсын хүн амын тоо хоёр сая орчим байсан. Нэг гишүүнд 24 орчим мянган иргэн оногддог байсан бол өнөөдөр 45 орчим мянгад хүрсэн. Зарим газраа нэг гишүүн 50 орчим мянган иргэнийг төлөөлдөг болсон. Тэгэхээр нэг гишүүний ажиллах цар хүрээ хэр нэмэгдсэн нь эндээс харагдана. Монгол Улсын иргэдийн тоо нэмэгдсэн учраас УИХ-ын гишүүдийн тоог ч нэмэгдүүлэх шаардлага үүсчихээд байгаа юм. Хоёрдугаарт, Монгол Улс хоёр том гүрний дунд оршиж байгаа жижиг улс. 

Тиймээс УИХ-ын гишүүдийнхээ тоог олон болгохгүй бол сүүлийн үед янз бүрийн төрийн бус байгууллагын нэрээр дамжиж, хоёр хөршийн нөлөөлөл орж ирдэг болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, 76-хан хүнийг яаж ч лоббидож болох гээд байна шүү дээ. Тиймээс улс орны аюулгүй байдал талаасаа гишүүдийн тоог нэмэх шаардлагатай. Гуравдугаарт, дэлхий нийтийн чиг хандлагыг харахад манайх шиг 3.5 сая орчим хүн амтай улсад парламентын гишүүдийн тоо 110-150 орчим байна. Тэгэхээр энэ чиг хандлагыг бид харах ёстой. Эдгээр үндэслэл, шаардлагын үүднээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай. 

 

Т.Доржханд: Парламентад нийгмийн бүх бүлгийн  төлөөллийг багтаах хэрэгтэй

/УИХ-ын гишүүн/

-Би хувьдаа УИХ-ын гишүүдийн тоог зайлшгүй нэмэх шаардлагатай гэж үздэг. Ингэхдээ хамгийн гол нь шинжлэх ухааны үүднээс нь энэ асуудлыг авч үзэх учиртай юм билээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн тоог одоогийн 76+76 буюу 152 байх боломжтой гэдэг тухайд маш олон судлаачийн судалгаа, дүгнэлт байдаг. Би ч мөн үүнтэй санал нийлдэг. 

Одоогийн 76 гишүүн дунд нийгмийн бүх төлөөлөл багтахгүй байгаа нь асуудлын гол болчихоод байгаа юм. Залуучууд, эмэгтэйчүүдээс авахуулаад эмч, багш, инженер, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл байна уу гэдгийг эргэж нэг харах хэрэгтэй байгаа юм. Ядаж нийгмийн эдгээр бүлгийн төлөөлөл УИХ-д нэр дэвшиж байгаа эсэхийг эргэж хармаар байгаа юм. Энэ мэтээр төлөөллийн оролцоог хангах үүднээс УИХ-ын гишүүдийн тоог зайлшгүй нэмэх шаардлагатай.

 

Ц.Мөнхцэцэг: Эрх мэдлийн төвлөрлийг саармагжуулахын тулд гишүүдийн тоог нэмэх шаардлагатай

/УИХ-ын гишүүн/

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв. Миний хувьд Үндсэн хууль, гүйцэтгэх засаг­лал, төрт ёсны асууд­лаар сүүлийн 20 гаруй жил судал­гаа хийсэн. Улс төр судлаач, эрдэмтэд, Үндсэн хуулийн эрх зүйчид бид 2012 оны пар­ла­ментаас эхлээд л УИХ-ын гишүүдийн тоог олон улсын жишигт хүргэж, зохис­той хэмжээнд нэмэх нь зүйтэй гэдэг санал, зөвлөм­жүүдийг гаргаж өгч байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уг асуудлыг оруулсан боловч тухайн үед харилцан ойлгол­цол, зөвшилцөл муу байснаас маш цөөн саналаар унасан. Нэгдүгээрт, Монгол Улс жижиг орон. 

Хоёр их гүрний дундах, хүн амын тоо цөөн улс. Тиймээс Монгол Улсын пар­ламентын засаглал, дархлаа хүчтэй байж, гишүүд гаднын болон дотоодын аливаа нөлөө, лоббид автахгүйгээр хуулийг батлах шаардлагатай. Хоёр­дугаарт, цөөн гишүүнтэй парла­ментын хувьд нэг гишүүнд төвлөрөх эрх мэдэл өндөр байна. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийн төвлөрөл өндөртэй, нэг гишүүний жин нөлөө саналын болон бусад төрийн тогтолцоонд хүчтэй байгаа. Тиймээс энэ эрх мэдэл цөөн хүнд төвлөрсөн байдлыг саармагжуулах үүднээс гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үздэг. Гуравдугаарт, тухайн улсын парламентын гишүүний тоо нь зохистой хэмжээгээр сонгогчдоо тэгш төлөөлж байх ёстой. 

Өнөөдөр нийслэлийн гишүүд бид 100-150 мянган сонгогчийг төлөөлж байна. Орон нутгийн гишүүд 40-50 мянган сонгогчийг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, олон улсын түвшин дэх парламентын тэгш төлөөлөл алдагдсан. Энэ нөхцөлд парламентын чадавхыг нэмэгдүүлэх, улс орны аюулгүй байдлыг хангах, парламентын засаглалаа улам бэхжүүлэх шаардлага үүссэн. Нэг гишүүний эрх мэдлийг багасгах, төсөв дэх эрх мэдлийг багасгахын тулд яах аргагүй гишүүдийн тоог нэмэх шаардлагатай.

 М.Өнөржаргал 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24542/ 


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22