УИХ-ын түүхэнд хасах, Засгийн газрын түүхэнд нэмэх оноо авчирсан 7 хоног


Төрийн ордон хөл үймээн ихтэй, шүүх прокурорын бичиг заргатай, УИХ-ын түүхэнд “хар толбо”-той долоо хоног өнгөрч байна. Одоогоос хориод жилийн өмнө Казиногийн хуулиас болон авлига авсан хэргээр УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр “хулгай”-н хэргээр УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал Улсын ерөнхий прокуророос  ирж, энэ саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор найман цаг орчим хаалттай хэлэлцлээ.

Улсын ерөнхий прокуророос Т.Аюурсайхан гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэсэн үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгаж байгаа юм байна.  Т.Аюурсайхан гишүүнийг шалгах явцад 11 хүнтэй уулзахыг хязгаарлаж, нэг хүнийг яллагдагчаар татаж, нийт 119 хүнийг гэрчээр дуудсан байна. Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг дөрвөн зүйлээр яллагдагчаар татжээ. Уг хэрэгт холбогдуулан 66 хүнийг гэрчээр дуудаж, 11 хүнийг яллагдагчаар татсан байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэн яллагдагчаар татжээ. Н.Наранбаатар гишүүний 16 эд хөрөнгийг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудан асуужээ. Хэрэгт холбогдоод байгаа Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ хоёр Өмнөговь аймгаас сонгогдсон. Тиймээс өмнөговьчууд УИХ-д төлөөлөлгүй болно, бүхэл бүтэн нэг аймаг хохирч үлдэнэ, бид бүрэн эрхээ хадгалж үлдмээр байна хэмээн хоёр гишүүн саналаа хэлж байсан юм.  “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт холбогдсон гишүүдийн асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай хэмээн үзсэн. 


Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай хуралдаж, зургаан цаг хэлэлцсэний эцэст Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Өнгөрөгч долоо хоногт УИХ Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэсэн. Ийнхүү 76-уулаа байсан УИХ-ын танхим 73-уулаа болох нөхцөл бүрдэв. Үүнээс гадна А.Адьяасүрэн, Ц.Анандбазар гэх мэт олон гишүүдийн нэрийг АТГ зарласан. Байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол УИХ-ын танхимын хаалгыг олон хүн гаднаас нь хааж магадгүй байна. 

Өнгөрөгч долоо хоногийн хамгийн дуулиантай мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ дах АН-ын бүлэг хоёр хийв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы танхимд “Шулуухан хэлэхэд нүүрс, зэс гэдэг хоёр том бүлэглэлтэй болсон. Бүгдийг худалдан авч, банкаар дамжуулан улс төрийг барьцаалах гэсэн хэсэг нөхөд гарч иржээ. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтийг энэ хүмүүс босгосон. 

Дараа нь шүүхийн томилгоонд нөлөөлсөн. Ордонд биш ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гаргадаг болжээ. Төрийн зарим албан хаагч архи хундагалаад зогсож байдаг ийм нөхцөл рүү манай улс халтирч оржээ. Нүүрс дагасан мафийг ил тод болгохоос өөр сонголтгүй” гэж мэдэгдлээ. Монгол Улс мафи бий болсныг ил тод зарлаж, тэдний эсрэг тууштай арга хэмжээ авахаа Ерөнхий сайд ийнхүү зарлав. Гэтэл АН-ын бүлэг хуралдаж Б.Пүрэвдорж тэргүүтэй гишүүд нүүрсний хэрэгт холбогдсон Д.Бат-Эрдэнийг хамгаалж үлдэнэ гэдгээ ээлж дараалан баяр ёслолын байдалтайгаар мэдэгдсэн нь сошиал орчинд шуугиан тарьж, жирийн гишүүд дэмжигчид нь мэдэгдэл гаргахад хүрлээ.

 Энэ мэдэгдэлд “Эрх мэдлээ, үнэт зүйлээ мөнгөөр худалдсан АН-ыг олон нийт элэглэн шоолж, басамжлан доромжилж, жигшин зэвүүцэж байна. Улс орны ирээдүйг, боломжийг хулгайлж өнөөгийн Монголын эдийн засгийг ингэтэл доройтуулан, шударга ёсыг уландаа гишгэлсэн нүүрсний хулгайтай бүх нийтээрээ тэмцэж эрх баригч нам хүртэл гишүүддээ хариуцлага тооцож чадаж байхад Л.Гантөмөр та нүүрсний хулгайчийн хулгайн мөнгөнд шуналтаж, намаа худалдан, яллагдагчийг хаацайлсныхаа төлөө уучлалт гуйж, энэ гэм буруутай үйлдлийнхээ хариуцлагыг хүлээн АН-ын даргын албан тушаалаас сайн дураараа татгалзахыг бид шаардаж байна” гэжээ. УИХ-ын чуулганаар Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсны дараа  ч энэ хэрүүл үргэлжилж Д.Бат-Эрдэнийг хамгаалагчид нэмэгдэж гарч ирж, олныг гайхшируулсаар байна. Тэдний энэ үйлдлийг харахад АН-ынхан хулгай, луйвар, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг шалгахад тун ч дургүй байгаа бололтой.

УИХ-ын түүхэнд бараан толбо үлдээсэн энэ долоо хоног харин Засгийн газрын түүхэнд тодоор бичигдэж үлдэхээр байна. Учир нь, Засгийн газар хуралдаж Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал өглөө. 

Засгийн газар “Нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байх, жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах, нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжийг олгох зэрэг санал гаргажээ. Жендэрийн эрхийг тэгш хангах, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оруулж ирэх асуудал өнгөрсөн 30 жилийн хугацаанд яригдсан ч олигтой үр дүнд хүрч байсан удаагүй. Харин энэ удаа Засгийн газар маш зоригтой алхам хийж, эмэгтэйчүүдийг дэмжиж хуулинд заалт оруулахаар шийдвэр гаргав. 

Эмэгтэйчүүдийг дэмжихээ илэрхийлж, бүсгүйчүүдийн магнайг тэнийлгэсэн Засгийн газрын хуралдаан залуучуудаа ч бас орхиг­дуулсангүй. Энэ хуралдааны үеэр оюутнуудыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд 2023 онд хамруулах, төрийн өмчийн их, дээд сургууль болон нийслэлийн номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ. Үүнээс гадна их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын сурагч, оюутанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн картыг И-Монголиа систем ашиглан олгох, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тоог нэмэгдүүлэхээр болжээ.  Мөн И-Монголиа систем И-студент цонхтой болсон, оюутнуудад төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг энэ цонхоор авч байх боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна Ерөнхий сайд “Монголын төмөр зам” ХК-д шалгалт оруулах үүрэг өгчээ. Монопол байдлаар үйл ажиллагаа явуулдаг, байнга албан тушаал, авлига, хээл хахуулийн томоохон хэргүүдэд нэр хавчуулагддаг энэ компанийг шалгах цаг болсон гэж олон нийт үзэж байна. 

Өнгөрөгч долоо хоногт олон нийтийг сэрдхийлгэсэн мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас хийлээ. Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд бүлэглэн бусдыг айлгаж дарамтлан эд хөрөнгө, мөнгө төгрөгийг нь хүчээр булааж авдаг, захиалгаар гэмт хэрэг үйлддэг байсныг тогтоож, тэднийг саатуулаад байгаа юм байна.

Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад ам.долларын ханш таван төгрөгөөр бууржээ. Сүүлийн гурван жил тасралтгүй өсөж байсан долларын ханш гуравдугаар сард 20 орчим төгрөгөөр бууж, төгрөгийн ханш чангарах шинжтэй байна.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24543/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22