Багануур дүүргийн Засаг дарга С.ДАВААСҮРЭНТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
1980 онд Багануур хот хэмээн байгуулагдаж олон мянган илгээлтийн эздийн дуудлага болж байсан тус дүүрэгт өдгөө нийслэлийн 30 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байна. Тэдний нэлээд хувь нь Багануурын уугуул, хотоо байгуулалцсан иргэд юм хэмээн Багануур дүүргийн Засаг дарга Сумьяагийн Даваасүрэн өгүүлж байна. Тэрбээр Багануурт дунд сургуулиа дүүргээд, ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж, “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш дүүргийнхээ ИТХ-ын дарга, Засаг даргаар ажиллаж буй юм. Өдгөө маркетинг менежментийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар сурч байгаа аж.
3000 айлын орон сууц нэмж барина
-Сайхан хаваржиж байна уу. Багануур дүүрэг нийслэлийн дүүрэг ч гэсэн малын тоо толгой олонтой гэдэг. Малчид өвлийг өнтэй давсан уу?
-Багануурчууд өвлийг өнтэй давлаа. Манай дүүрэг 180 мянган толгой малтай, 300-гаад малчин өрхтэй. Газар нутгийн хувьд бага тул малчид Төв, Хэнтий аймгийн газар нутагт оторлох, өвөлжих шаардлагатай болдог. Энэ жил цас их орж зуд нүүрлэж магадгүйг УОК, Ус цаг уурын хүрээлэнгээс сануулж байсны дагуу Багануурт урьд өмнө тохиолдоогүйгээр их хүйтэрч олон удаагийн давтамжаар цас их унасан. Нэлээд олон малчин өрх Хэрлэн Баян-Улааны отрын бүс нутагт өвөлжсөн. Мөн Улсын онцгой комисс, “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтарч малчдад гурван удаагийн давтамжтайгаар малын тэжээл болон бусад зүйлээр дэмжлэг үзүүлсэн. Ерөнхийдөө малчид өвлийг ажралгүй давсан гэхэд болно.
-Сая Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулж хөдөөгийн хөгжлийг хангах зорилготой “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг зохион байгуулсан. Аймгууд үүнийг дэмжиж нээлттэй бодлого баримталж байгаа. Багануур хүн ам цөөнтэй ч нийслэлээс 130-аадхан км-ийн зайтай, дэд бүтэц маш сайн хөгжсөн, орон сууц ихтэй. Тиймээс Багануурт шилжин суурьших хүмүүс холбогдвол та юу амлах вэ?
-Шинэ сэргэлтийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийн хөгжлийн зорилго нь нийслэлийн төвлөрлийг сааруулж орон нутагт ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Багануур дүүрэг нь нийслэл хоттой шууд харилцан хамааралтайгаас гадна Монгол Улсын эрчим хүчний томоохон зангилаа бүс нутаг. 1980-аад онд бүтээн байгуулсан хот учраас хот төлөвлөлт, барилгажилт, зам харилцаа харьцангуй сайн. Эдгээр давуу байдалд тулгуурлан Засгийн газраас Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд дүүргийн хүн амаа 20 хувиар нэмэгдүүлэх чиглэлийг бидэнд өгсөн. Багануур өдгөө 8200 өрхтэй бөгөөд 3400 өрх нийтийн орон сууцанд , 200 орчим өрх төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон амины орон сууцанд амьдардаг. Төв суурин газарт хэрнээ 4600 өрх гэр хороололд амьдарч байна. Саяхан бид дүүргийн өрхүүдийн дунд Орон сууцны хэрэгцээ хангамж, эрэлт нийлүүлэлтийн бодлогын судалгааг хийлгэснээр ойрын таван жилд шинээр нэмж 3000 айлын орон сууц барих хэрэгцээ байна гэсэн дүгнэлт гарсан. Өнгөрсөн жилээс орон сууцны гурван төслийн нийтдээ 660 айлын орон сууц баригдаад эхэлсэн. Эхний ээлжийн орон сууц ирэх долдугаар сард ашиглалтад орно. Цаашид ч орон сууц үргэлжлэн баригдана. Засгийн газар ипотекийн гурван хувийн зээлийг зөвхөн аймагт гэлтгүй Багануур, Багахангай дүүргийн иргэдэд олгохоор саяхан шийдвэрлэсэнд иргэд ам сайтай байна. Тиймээс зөвхөн багануурчууд гэлтгүй шилжин ирж буй иргэд орон сууцанд орох, хүсвэл ипотекийн гурван хувийн зээлд хамрагдах боломжтой гэдгийг хэлье.
Мөн 2016 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн Багануурын дулааны станц маань хэсэг хугацаанд тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалтай байгаад хоёр улсын Засгийн газар зөвшилцөлд хүрснээр станц цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байна. Цаашид шинээр дулааны станц барих төлөвлөгөө бий. Багануур нь байгалийн цэвэр усны нөөц бүхий сантай, цаг уурын тааламжтай бүсэд байрладаг, дэд бүтцийн суурь сайтай учраас томоохон хот болон хөгжих боломжтой. Үйлдвэрлэл, технологийн парк бүрэн баригдсанаар хөгжих ирээдүй бий. Тус паркийн бүтээн байгуулалт өнгөрсөн жилээс эрчимжиж цахилгаан хангамжийн ажил нь эхлээд байгаа. Паркийг ашиглалтад оруулснаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр аж ахуйн нэгж шилжин ирж үйл ажиллагаагаа өргөтгөн, шинэ ажлын байр нэмэгдэх бүрэн боломжтой. Мэдээж үүний цаана иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бүхий л үйлчилгээг чанартай хүргэх боломж бүрдсэн. Жишээ нь, дүүргийн Эрүүл мэндийн төв 2022 оны ажлын үзүүлэлтээр нийслэлд тэргүүлсэн. Мөн ЕБС төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтаар нэлээд дээгүүр амжилт үзүүлдэг.
-Орон нутагт баригдаж буй орон сууцны үнэ ханш мэдээж хямд, бас чанар дагалдах ёстой?
-Багануурт хуучин орон сууцны үнэ хотынхтой бараг адил. Энэ нь эрэлт ихтэй байгааг харуулж байгаа юм. Шинэ баригдаж буй орон сууц үнийн хөөрөгдөлгүй, чанартай, тохилог орчинтой байхаар барилгын компаниудын удирдлагуудтай ярилцаж байгаа.
Оюутны хотхоны зураг төслийг хийгээд байна
-Шинээр дулааны станц барина гэлээ. Одоо ажиллаж буй станцын хүчин чадал ямар байна?
-БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 700 МВт-ын хүчин чадалтай станц барих төсөл эхлээд тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд байгаа. Хэрэв энэ станц баригдаж ашиглалтад орвол Монгол Улсын эрчим хүчний системд томоохон өөрчлөлтийг авчирч хөгжилд хувь нэмрээ оруулна. Одоо ажиллаж буй Дулааны станцын тоног төхөөрөмжүүд нь нэлээд хуучирсан, зардал ихтэй ажиллаж байгаа.
-Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулна гэж олон жил ярилаа. Үүнийг шийдэхэд юу нь болохгүй гацдаг юм бол?
-Багануурт оюутны хотхон байгуулах зураг төсөл нь аль хэдийнэ хийгдчихсэн шүү дээ. Яг бэлэн зураг төсөлтэй нь Багануур дүүрэг, Дорнод аймаг. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах асуудал сөхөгдөхөөр аймаг бүр л их дээд сургуультай, оюутны хотхонтой болъё гэдэг. Гэхдээ нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлогын шинжтэй шийдвэрлэх асуудлын нэг бол яах аргагүй их, дээд сургуулийн заримыг орон нутагт нүүлгэн шилжүүлэх явдал. Минийхээр бол тухайн аймгийн эдийн засгийн бааз суурь, хөгжлийн гарц, байгаль, газар зүйн онцлог, хүн амын тоо зэргийг харгалзан орон нутагт ямар их, дээд сургуулиудыг төрөлжүүлж суурьшуулах вэ гэдгийг оновчтой тогтоох ёстой. Тиймээс БШУЯ маш нухацтай хандах болов уу. Нөгөөтэйгүүр улс төр, эдийн засгийн хөгжлийн тогтвортой бус бодлого, УИХ-ын зарим гишүүдийн зөвхөн тойргоо гэсэн байдал яаманд нөлөөлөөд байх шиг.
Хотын дулааны шугам сүлжээг өргөтгөж шинэчлэх шаардлагатай
-Багануур дүүрэгт шийдвэрлэхэд хүндрэлтэй тулгамдсан ямар асуудлууд байна вэ?
-Амьдрал баян болохоор шийдвэрлэх олон асуудал ургаж гараад байгаа. Тэр бүхнийг төр, засагт тохоод өөрсдөө зүгээр суугаад байж болохгүй. Бид эхнээс нь өөрсдийн боломжийн хэрээр шийдвэрлэж байгаа. Багануурыг 1980 онд хотын статустайгаар Зөвлөлтийн мэргэжилтнүүд барьж байгуулсан. Түүнээс хойш 43 жил өнгөрч байна. Хотын дулааны шугам сүлжээ, орон сууцнуудын сантехник, дулаан холболт, гэр хорооллын зам талбай, гэрэлтүүлэг гээд олон шийдвэрлэх шаардлагатай асуудал байна. Энэ бүхнийг шийдвэрлэхэд дүүргийн зүгээс шаардагдах төсвийг Нийслэлийн ЗДТГ-т захиалан хүлээж байна. Харамсалтай нь дэлхийн эдийн засгийн хямралт байдал улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа тул хангалттай төсвийг шийдвэрлүүлж чадахгүй байна. Гэхдээ байгаа төсөвтөө захирагдан асуудлыг эрэмбэ дараатай шийдэх боломжтой. Жишээ нь, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх зорилгоор бид зургаан тэрбум гаруй төгрөгөөр хэрэгжүүлэх зураг төсөлтэй ажлыг гурван тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин бага зардлаар гэр хорооллын бүх гудамжийг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг гурван жилийн хугацаанд хийхээр төлөвлөн ажиллаж байна.
-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна