Олон улсын Арбитрын шүүхийн цор ганц монгол гишүүн


Амжилтад хүрсэн олон арван түүхийн талаар бид уншигчидтайгаа хуваалцсаар ирсэн. Энэ дугаартаа ч бас нэгэн сонирхолтой түүхийг яриулахаар зочноо урилаа. Түүнийг Одсүрэнгийн Номинчимэг гэдэг. Арван хэдхэн настай охин хүсэл мөрөөдлөөрөө даль жигүүр хийн арлын орныг зорихдоо хамгийн шилдэг сургуульд нь тэтгэлгээр сурна хэмээн өөртөө амлаж. Хэлний бэлтгэлийн дараа өгсөн шалтгалтандаа хамгийн өндөр үнэлгээ авсан нь түүнийг зорилгынх нь захад хүргэж Токиогийн их сургуулийн Хуулийн факультетын оюутны ширээтэй “нөхөрлүүлжээ”.

 

-Хүн бүр өөрийн гэсэн давтаг­дашгүй түүхийг бүтээж байдаг. Тий­мээс хамгийн түрүүнд танаас зорилгоо хэзээ, хэрхэн тодор­хойлсныг асуумаар байна?

-Би Говь-Алтай аймагт төрж, хүүхэд насаа Улаанбаатар хотод өнгөрүүлсэн. Нийс­лэлийн арван жилийн II сургуульд сурсан, энгийн л нэг айлын хүүхэд. Сургуульд байхдаа математик, физикийн олимпиадад оролцдог гайгүй толгойтой хүүхдийн нэг нь байсан. Тиймээс наймдугаар ангиа төгсөөд МУИС-ийн харьяа байгалийн ухааны төрөлжсөн сургалттай дунд сургуулийн физикийн ангид элсэн орсон. 1990-ээд онд шилжилтийн үед нийгэм, эдийн засаг хэцүүхэн л байсан. Энэ үед аав, ээж маань намайг өөрийгөө аваад явах чадалтай хүн болоосой гэж хүсдэг байсан учраас миний боловсролд их анхаарал хандуулдаг байсан юм. Математик, физикийн хичээлдээ сайн хүүхэд яагаад эрх зүйч болсныг сонирхож магадгүй. 1998 онд Сэргээн босголт банкийг “Голомт” банктай нийлүүлэхтэй холбогдсон асуудлаар УИХ-ын чуулганы хуралдааныг телевизээр шууд дамжуулж байхыг би үзлээ. Дунд сургуулийн хүүхэд надад ойлгоход маш хэцүү яриа өрнөж байсан. Харин үйл явдлыг хуульч хүн хэн ч сонссон ойлгомжтой, логик дэс дараалалтайгаар тайлбарлахыг хараад би энэ хүн шиг мэргэжилтэй болох юм бол хэцүү асуудлыг ойл­гомж­той ярьж, бодож, сэтгэдэг болно гэж бодсон хэрэг. Тэр үеэс л хуульч болъё гэдэг шийдвэр гаргасан.

-Токиогийн их сургуульд хүссэн хүн бүр сурах боломжгүй, босго өндөртэй. Харин та тэр сургуулийн Хуулийн факультетад тэтгэлгээр сурсан монгол оюутнуудын нэг нь. Тэтгэлэгт хамрагдахын тулд өөрийгөө хэрхэн дайчилсан бэ?

-Япон руу явахаас өмнө би МУИС-ийн Хууль зүйн сургуульд элссэн. Тухайн үед Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломж байсан болохоор шал­галт өгч тэнцээд хоёрдугаар курсээсээ явсан. Японы хамгийн сайн сургуульд нь сурна гэсэн зорилго ч тавьсан. Очоод япон хэл мэдэхгүй учраас эхний нэг жил хэлний бэлтгэлд сурсныхаа дараа шалгалт өгч Токиогийн их сургуулийн Хуулийн факультетын хуваарь авсан, эхний даваагаа гайгүй давчихсан гэсэн үг. Тэндээ дөрвөн жил бакалавртаа сураад тэтгэлгээ сунгах боломжтой байсан учраас харьцуулсан эрх зүйгээр магистрын зэргээ хамгаалсан. 

Өөрийгөө дайчлах тал дээр гэр бүл, тэр дундаа аавын маань сургаал, зөвлөгөө их. Хүн зорилго тавиад түүнийхээ төлөө хичээвэл зорилгодоо хүрч чадна гэж итгэдэг. Миний хувьд гадаадад сурах хүсэлтэй байсан. Харин аав, ээж маань тэр өндөр төлбөрийг төлөх боломжгүй тул сайн сурч байгаад тэтгэлэгт хамргадах нь л цорын ганц арга зам гэж бодоод тэтгэлгийн шалгалтандаа сар орчим төвлөрч бэлдэж байсан. 

-Мэргэжлээрээ гадаадын томоо­хон байгууллагад ажиллах боломж танд нээлттэй байсан атал яагаад эх орондоо ирж ажил­лах шийдвэр гаргасан юм бэ?

-Ер нь анх Япон руу явахдаа л Монголдоо буцаж ирж ажиллана гэсэн зорилготой байсан. Миний хамрагдсан Монгол, Японы Засгийн газар хоорондын гэрээний дагуу өгдөг тэтгэлгийн гол зорилго нь Монгол Улсад чадварлаг боловсон хүчин бэлдэхэд Япон улс туслах. Япон улс өөрөө XIX зуунд Мейжигийн үед баруунд олон оюутан илгээж сургаад эргээд улсаа шинэчлэлд хөтөлсөн түүхтэй. Миний хувьд доктороор үргэлжлүүлэн сурах боломж байсан ч практик туршлага хуримтлуулж, эзэмшсэн боловсрол, мэргэжил маань хүний амьдралд хэрхэн хэрэг болохыг биетээр мэдрэхийг хүссэн. Ингээд 2010 онд эх орондоо ирсэн юм. 

Тухайн үед Монголын эдийн засаг сэргэчихсэн, гадаадад сурсан хүмүүс эх орондоо ирж байсан үе шүү дээ. Намайг Монголд ирэхэд “Мицубиши” корпорац Монголд дөнгөж салбараа нээж таарсан. Тэр үед би ашигт малтмалын төсөл болон хуулийн асуудал эрхэлсэн ажилтнаар анх ажилд орж турш­лага хуримтлуулсан. Жилийн дараа хуульчийн шалгалтаа өгөх үед Лондон, Вашингтон хотод төвтэй “Хоган Ловеллс” олон улсын хуулийн фирм Монголд оффисоо нээхэд нь орж, хуулийн фирмийн карьераа эхлүүлж байлаа. Тэндээ гурван жил ажиллаад Нью-Йорк хотод байдаг Колумбийн хуулийн сургуульд сурсан. Энэ сургууль маань АНУ-ын Айви Лиг буюу хамгийн өндөр нэр хүнд, уламжлалтай сургуулийн нэг. Олон улсын эрх зүйгээр хамгийн сайн сур­гууль гэгддэг. Миний мэдэхээр энэ хуулийн сургуулийг дөрвөн мон­гол оюутан сурч төгссөн байдаг. 

-Америкийн эрх зүйн сис­темийн юу нь таны сонирхлыг татсан юм бэ? 

-Би олон улсын хуулийн фирмд ажиллахдаа эх газрын эрх зүйгээс гадна Америк, Английн эрх зүйн системийг сайн мэддэг, энэ хуулиар нь зөвлөгөө өгөх давхар эрхтэй байх нь чухал, тэгж байж олон улсын түвшний хэлцлүүдэд сайн ажиллана гэж бодсон. Иймээс Нью-Йорк мужийн хуульч болох зорилго тавьсан юм. Тэнд сурсныхаа дараа Нью-Йоркийн хуульчийн шалгалтаа өгч тэнцээд хуулийн фирмийнхээ Парис дахь оффист ажиллахаар явсан. Анхандаа бол Улаанбаатараас Парист шилжин ажиллаж байгаа гэсэн статусаар олон улсын арбитрын багт нь ажилласан. Хэсэг хугацааны дараа Парисын оффисын дарга маань надад тэнд үлдэж багийн нэг гишүүн болж ажиллах санал тавьсан. Би тэр үед миний сурч мэдсэн юм Монгол Улсад маань л хамгийн их хэрэгтэй, үр нөлөөтэй ажил хийх боломжтой гэж бодсон учраас Монголдоо илүү өргөн далайцтай ажиллах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. 

-Одоо та УИХ-ын даргын зөв­лөхөөр ажил­ладаг. Энэ албаны онцлог юу вэ?

-Тийм ээ, одоо би УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байна. Өмнө нь ажиллаж байсан бизнесийн сектор болон томоохон дэд бүтцийн төслүүдэд хуулийн зөвлөөгөө өгөх, хууль хэрэглээний асуудлыг анхаарч ажиллаж байснаас мэдээж ялгаатай. Миний хувьд одоо хууль тогтоох байгууллага талаас буюу хууль батлах явц, процесс болон томоохон хуулиуд дээр төвлөрөн ажилладаг. Би УИХ-ын даргын зөвлөх болохоос өмнө УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. Улсын Их Хурлын Тамгын газрын ажил бол их чимхлүүр ажил байдаг. Тиймээс тэргүүлэн ажиллаж байгаа хүний хандлага чадвар их чухал санагддаг. УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд эмэгтэйчүүдийг маш их дэмждэг, жендэрийн соёл, мэдрэмжтэй хүн. Үүнийг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар анх удаа эмэгтэй хүн томилогдон ажиллаж байгаагаас бас харж болох байх.

-Энэ их ажлын хажуугаар сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, ялангуяа эмэгтэйчүүдийнхээ мэд­лэг боловсролд үнэтэй хөрөнгө оруу­лалт хийдэг юм билээ. Магад­гүй энэ нь таны зорилгуудын нэг байх?

-Би сурч мэдсэнээсээ залуус­тайгаа хуваалцах юмсан гэж боддог. 2016 онд Парисаас буцаж ирээд гэр бүлтэй болж, ээж болсон. Түүний дараа ажиллангаа МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшлахдаа оюутнуудыг хэлэлцээр хийх чадвар, арбитрын тэмцээнд бэлтгэдэг хөтөлбөрийг сургуульдаа бий болгосон. Үүнийг манай оюутнууд шинэ соргогоор хүлээн авч олон улсын тэмцээн уралдаанд оролцдог болсон. Оюутнуудаасаа “Таны хичээлийг аваад л хуульч мэргэжлийг сонгосон нь зөв байж гэж анх удаа бодлоо” гэж хэлэхийг сонсоод би их урам авч байсан юм. Ер нь би оюутнууддаа хичээл заах дуртай, тэднээс ажлын түвшинд хамтрагч болоод явж байгаа жишээ цөөнгүй байна. 

Үүнээс гадна намайг төрийн албан хаагчдын манлайллын хөтөл­бөрт ментороор урьж оролцуул­сан. Миний хувьд төрийн албанд ажилласан хугацаа тийм ч урт биш. Гэхдээ би эмэгтэйчүүддээ шинэлэг зүйл юу байна, тэдэнд өөрийгөө хөгжүүлэхийн тулд юунд анхаарах ёстой, тулгарч буй бэрхшээлийг хэрхэн зохицуулах боломжтой талаар өөрийн сурч мэдсэнээсээ хуваалцах зорилгоор ментороор ажилласан юм. 

-Та Социал демократ Монголын эмэг­тэйчүүдийн холбооны дэд ерөн­хийлөгчөөр сонгогдон ажил­лаж байгаа. Хамгийн олон эмэгтэйг эгнээндээ нэгтгэсэн холбооны удирдлагын хувьд улс төр дэх эмэг­тэйчүүдийн оролцооны талаарх бодлыг сонсмоор байна?

-Миний хувьд холбооныхоо гадаад харилцаа, улсын хамтын ажил­лагааг хариуцан ажиллаж бай­гаа. Олон улсын туршлагаас суд­лах, холбооныхоо гишүүн эмэг­тэйчүүдийг хамгийн сүүлийн үеийн мэдлэг мэдээллээр цэнэглэж тэд­ний оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдол өгөн ажиллахаар төлөв­лөөд байна. 

Эмэгтэйчүүд “За яах вэ” гээд хойш суух бус “Би чадна” гэсэн итгэл­тэйгээр оролцож чадах тэр орчныг бий болгох шаардлага мөн тулгараад байгаа юм. Тогтол­цоог бүхэлд нь сайжруулж эмэгтэй­чүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлснээр бид анхаарал дутаад байгаа салбарууд, дотор нь орж харж чадахгүй үлдээгээд байгаа асуудлуудыг бүрэн ойлгох, түүнд шийдэл гаргах боломжтой гэж би хардаг.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/


3
angry
0
care
1
haha
15
liked
4
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22