ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн мягмар гарагт “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллав. “Эрдэнэс Монгол” компани шинэчилсэн дүрмийн дагуу ТУЗ-өө шинээр бүрдүүлж,, охин компаниудын бүтцийг оновчтой болгон, шинэчлэлийн ажлууд хийж байгаа юм. Тус компанийн үйл ажиллагаатай танилцсаны дараагаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулав.
-“Эрдэнэс Монгол” компанийн дүрмийн шинэчлэлийн хүрээнд ажил хэр явагдаж байна вэ?
-Засгийн газрын хуралдаанаар баталсан дүрмийн өөрчлөлттэй холбоотой хэрэгжилт хэрхэн явж байна, ямар баг бүрдүүлсэн талаар компанийн үйл ажиллагаатай танилцлаа. “Эрдэнэ Монгол” компанийн үйл ажиллагааг сайжруулж, эдийн засаг үзүүлэх үр өгөөжийг нь дээшлүүлэхэд Засгийн газар анхаарч байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд тус компанийн дүрэмд хийсэн өөрчлөлтөөр нэгдэл компанийг бий болгохыг зорьсон. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол”-ын шууд удирдлагад “Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Монголросцветмент” ТӨҮГ-ийг харьяалуулсан. Үүнээс өмнө “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Ашид”, “Эрдэнэс силвер” “Эрдэнэс алт” зэрэг компани харьяалагдан, үйл ажиллагаа явуулдаг байсан. Өнөөдөр “Эрдэнэс Монгол”-ын харьяанд 21 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр компанийн харьяанд 18 компани үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Нийтдээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд 39 ТӨҮГ, ХХК, ХК багтаж иржээ. Шинэчилсэн дүрмийг эдгээр компанийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, стратеги төлөвлөгөөг нэгдсэн нэг удирдлага, менежменттэй болгохоор өөрчилсөн. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Монгол” нэгдэл санхүүгийн эх үүсвэргүй, удирдлага, зохион байгуулалт тогтворгүй, бие дааж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөргүй явж ирснээрээ хоцрогдолтой гэсэн дүгнэлтийг гаргасан. Харин өөрчлөлтийн үр дүнгээр менежментийн төлбөрийг охин компаниудаас татан төвлөрүүлж, стратеги төлөвлөлтийг нэгдсэн бодлоготой гаргах зорилт тавьсан. Бие даан хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр тодорхой, хөрөнгийн эх үүсвэрийг бий бүрдүүлэх чадамжтай болсноороо онцлог. Тодруулбал, “Гашуунсухайт авто зам” охин компанийн орлогоор саяхныг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн бол дүрмийн өөрчлөлтөөр менежмент хийх боломжоо нээсэн. 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл 30 орчим тэрбум төгрөг татан төвлөрүүлж, урсгал зардлаа дааж ирсэн. Тэгвэл менежментийн төлбөрийг авснаар 2023 оноос эхлэн багадаа 200 орчим тэрбум төгрөгийг төсөвтөө төвлөрүүлж, Монгол Улсын эдийн засагт ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж чаддаг боллоо.
Гуравдугаар сарын 29-нд орсон дүрмийн өөрчлөлтөөр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах хөрөнгө босгох, Монгол Улсыг төлөөлөн манай улсад хөрөнгө оруулах сонирхол бүхий компаниудтай харилцах боломжоо нээлээ. Энэ нь олон улсын статустай хөрөнгө оруулалт, менежментийн компани болох дүрмийн өөрчлөлтөө хийж чадсан юм. Ингэснээр “Эрдэнэс Монгол” компани цаашдаа Монгол Улсыг төлөөлж хөрөнгө босгох, төсөл хэрэгжүүлэх боломжтой болсон.
Цаашдаа “Эрдэнэс Монгол” компанийг хараат бусаар ажиллуулахыг зорьсон. Өмнөх ТУЗ-ийн бүрэлдэхүүнд төр 66 хувь, хараат бус 34 хувийг бүрдүүлж, шийдвэр гаргаж иржээ. Энэ нь “Эрдэнэс Монгол”-ын шийдвэрийг Засгийн газар, яамд гаргаж, хэрэгжүүлсэн байдаг. Тиймээс хараат бус төлөөлөл нэмэгдүүлж 49 хувь, төрийн төлөөллийг 51 хувь байхаар зохицуулалт хийсэн. Хараат бус гишүүдийн төлөөлөлд мэргэжлийн ур чадвартай, бизнесийн туршлагатай, олон улсын банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн төлөөллийг багтааж байна. Ингэснээр “Эрдэнэс Монгол” нь төрийн статустай, дабль стандартыг хэрэгжүүлдэг бус ур чадвар дээр суурилсан бизнесийн компани болон өөрчлөгдөж байна. “Эрдэнэс Монгол” компанийн 87 албан хаагчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлаж авсан нь үүний илрэл.
-Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг татан буулгах уу?
-Төрийн өмчийн компани ашиггүй ажилладаг гэсэн ойлголтыг арилгах хэрэгтэй. Төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компаниудад ур чадвар дээр суурилсан мониторинг явуулж, төрийн өмчийн үйл ажиллагааг бодитой тооцдог болно. Цаашдаа “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байгаа долоон охин компанийг татан буулгана. Үйл ажиллагаа ижил компаниудыг нэгтгэнэ.
-“Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноор төсөв хэмнэлт хэдий хэмжээний гарсан бэ?
-ТУЗ-ийн 270 гишүүний тоог 27 хүртэл бууруулах чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн шинэчлэлээр тус компанийн нүүрс болон зэсийн групп ТУЗ-тэй, бусад охин компаниуд нь ТУЗ-гүй болж байна. Энэ бүхнийг дагаад их хэмжээний төсвийн хэмнэлт гарна. ТУЗ нь жилд хоёр тэрбум төгрөгийн зардалтай байдаг бол гишүүдийн тоог багасгаж, цалинг цагаар тооцох системийг хэрэгжүүлснээр 0,5 тэрбум төгрөг болон буурна.
-“Эрдэнэс Тавантолгой” компанид томилогдсон Бүрэн эрхэт төлөөлөгчийн ажиллах хугацаа дуусгавар болж байна. Үргэлжлүүлэн ажиллуулах уу?
-“Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монгол Улсын эдийн засгийн 45 орчим хувийг бүрдүүлдэг нүүрсний салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй холбоотой хэд хэдэн бодлогын шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд валютын нөөцийг байх ёстой түвшинд хүргэж, эдийн засгийн эрсдэлээс хамгаалаад байна. Засгийн газраас нэгдүгээр сард гаргасан бонд төсөөлснөөс харьцангуй бага хүүтэй боссон. Ингэснээр эдийн засгийн эрсдэл арилсан.
“Эрдэнэс Тавантолгой” компанид Бүрэн эрхэт төлөөлөгч томилж ажиллуулсны үр дүн гарлаа. Энэ оны гуравдугаар сарын байдлаар 7.5 орчим сая тонн нүүрсийг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компани экспортолсон байна. Энэ эрчээрээ амжилттай ажиллаад дөрвөн улирлын дараа дүнгээ тооцвол “Эрдэнэс Тавантолгой” компани дангаараа 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Бүрэн эрхэт төлөөлөгч дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэл ажиллах хугацаатай. Харин цаашаа БЭТ-ийн хугацааг сунгах уу, хараат бусаар ТУЗ-ийг сонгож ажиллуулах уу, эсвэл гадаадын менежментийн багийг оруулж ирэх үү гэдгийг ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэнэ.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна