ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай ярилцлаа.
-Энэ жилийг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарлалаа. Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт ямар бодлого баримталж ажиллах вэ?
-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан жил бүрийн хаврын тариалалтын өмнө чуулж, тулгамдсан асуудал, гарц шийдлээ хэлэлцдэг. Энэ удаагийн чуулган олон зүйлээр онцлогтой боллоо. Учир нь бид энэ оныг “Тариалангийн сэргэлтийн жил” хэмээн тодорхойлон, зарлаж байна. УИХ-аас Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолыг батлан гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллах нь манай яам болон газар тариалан эрхлэгчдийн хүлээх үүрэг, хариуцлага гэж хүлээн авч байгаа. Энэ тогтоолын хүрээнд олон төрлийн хөнгөлөлт, дэмжлэгийг газар тариалангийн салбарт анх удаа авч хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна. Тухайлбал, үр тариа эрхлэгчдэд 90 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно.
Энэ нь жилийн 5-6 хувийн хүүтэй, 2-5 жилийн хугацаатай байх юм. Харин хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоос гадна шинээр зоорь барихад 90 тэрбум, усалгаатай газар тариалан эрхлэгчдэд 40 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Мөн 232 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зориулан олгохоор болоод байна. Манай салбарынхан өмнө нь арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авдаг, энэ нь эргээд зээлийн дарамтад орох зэрэг олон эрсдэлийг дагуулдаг байсан. Тэгвэл одооноос жилийн таван хувийн хүүтэй зээл авч, үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна. Газар тариалан эрхлэгчдээ төрөөс ингэж хөрөнгө санхүүгээр дэмжихээс гадна гаалийн болон импортын, тарифын дэмжлэгийг мөн үзүүлэхээр бодлогоо тодорхойллоо. Төрийн зүгээс газар тариалан эрхлэгчдээ “Баялаг бүтээгчид” гэж үзэж байгаа учраас хамгаалалтад авч байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, гаднаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн орж ирдэг байдлыг хязгаарлах бодлогыг цаашид баримтална. Газар тариалан өөрөө боловсруулах үйлдвэрийн үндэс болж байдаг. Ерөөсөө газар тариалангийн салбараа хөгжүүлснээр тухайн оронд мал аж ахуйгаас гадна гахай, тахианы аж ахуй зэрэг бүхий л туслах аж ахуй хөгжих бүрэн боломж бүрддэг. Тиймээс нэг талаас эдийн засгийн утгаар нь энэ салбарыг харахаас гадна нийгмийг авч явдаг том салбар гэж харах хэрэгтэй. Газар тариалангийн салбар өөрөө байнгын болон түр хугацаагаар маш олон хүнийг ажлын байраар хангаж, бий болгож байдаг том салбар шүү дээ.
-Газар тариалангийн салбарт ямар учраас сэргэлт шаардлагатай гэж үзэв. Сэргэлтийг хэрхэн тодорхойлсон бэ?
-Манай тариаланчид бол хийж, бүтээж чаддаг хүмүүс. Цагтаа бид жилдээ нэг сая хүртэлх тонн ургацыг хураан авч, гадагш экспортод гаргаж байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр бидний өмнө нь үзүүлж байсан энэ амжилт хоёр дахин багассан буюу жилдээ 400-гаад мянган тонн ургац хурааж авдаг дүн мэдээтэй байна. Тиймээс бид тариалангийн салбарт сэргэлт гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Тийм ч учраас энэ жилээс эхлээд улам их ургац хураан авахад төр бодлогоо чиглүүлж байна гэж ойлгож болно. Ерөөсөө ард иргэдээ дотоодын цэвэр, эрүүл хүнсээр хангахад хүнс, хөдөө аж ахуйнхан хамгийн чухал үүргийг гүйцэтгэхээс гадна бусад салбараа манлайлан ажиллах бүрэн боломжтой. Бидэнд ийм нөөц, бололцоо бий. Өмнө нь манай салбарынхан арилжааны банкны өндөр хүүтэй зээлээс үүдэлтэйгээр дандаа хасах баласнтай гардаг байсан. Тэгвэл төрөөс энэ салбарт онцгойлон анхаарал хандуулж, олон төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулж эхлэх учраас энэ салбарт сэргэлт гарна гэж үзэж байгаа юм. Ковидын өмнөх жилд хүнсний ногооны хангамж 45 хувьтай байсан бол энэ жил 73 хувьд хүрсэн.
Тиймээс бид ойрын хоёр жилийн хугацаанд хүнсний ногоог гэхэд дотоодоос 100 хувь хангах бүрэн боломжтой. “Тариалангийн сэргэлтийн жил”-ийн хүрээнд бид гурван үндсэн бодлогыг баримтлан ажиллахаа зарлаж байгаа юм. Үүнд нэгдүгээрт, тариалангийн салбарын эрх зүйн орчны сэргэлтийн хүрээнд Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай, Тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл болон Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна. Хоёрдугаарт, тариалангийн салбарын санхүү, хөрөнгө оруулалтын сэргэлтийн хүрээнд нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны банкуудын эх үүсвэрээр 3-5 жилийн хугацаатайгаар олгох санхүүжилтийн гэрээг байгууллаа. Гуравдугаарт, хүний нөөц, залуу тариаланчдын сэргэлтийн хүрээнд салбарын тэргүүлэх мэргэжлээр их, дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцахаас гадна хөдөө аж ахуйн салбарт залуучууд агро гарааны бизнес эрхлэхийг дэмжсэн дэмжлэг үзүүлэх аяныг зохион байгуулахаар бодлогоо боловсруулаад байна.
-Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг цаашид ямар байдлаар хамгаалах вэ. Хэдийгээр манайхан дотооддоо хангалттай үйлдвэрлэж байгаа ч импортын бүтээгдэхүүний хэрэглээ буурахгүй байгаа шүү дээ?
-Манай улс импортын татвар багатай буюу тавхан хувь шүү дээ. Ногоонд 15 хувь байна. Татварын энэ хэмжээг цаашид 20-30 хувьд хүргэхээр төлөвлөөд ажиллаж байна. Ингэхдээ аажим аажмаар буюу ойрын хоёр жилийн хугацаанд импортын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьж байна. Ингэснээр гаднаас чанарын баталгаагүй ногоо оруулж ирэх, ард иргэд маань гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаагүй химийн бодисоор бордсон ногоог хэрэглэхгүй байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Үүний зэрэгцээ бид цаашид үр тариа эрхлэгчдээ хамгаалах бодлогыг мөн баримталж байна. Учир нь бид өмнө нь дотоодын үйлдвэрлэгчид улаан буудайгаа хурааж авах үед нь буюу намрын ургац хураалттай зэрэгцүүлээд маш их хэмжээний буудайг гаднаас оруулж ирдэг байлаа шүү дээ.
Гэтэл энэ нь эргээд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлэх, хөдөлмөрийг нь цалгардуулах зэрэг олон сөрөг үр дагавартай байсан учраас гаднаас буудай оруулж ирдэг байдлыг 2022 оноос таслан зогсоох ажлыг эхлүүлээд байна. Өөрөөр хэлбэл, дотооддоо тарьж ургуулсан буудайг худалдан борлуулж дуустал гаднаас оруулж ирэхгүй байхаар болсныг дуулгахад таатай байна. Харин дотоодын хэрэгцээнд хэрвээ дутагдал үүсвэл тэр хэмжээгээр буюу шаардлагатайгаа оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн. Ингэж байж бид дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ. Ингэхгүй болохоор буудайгаа тарьж, ургуулсны дараа борлуулах тал дээр маш их асуудал үүсдэг нь нууц биш. Тариаланчдын хувьд энэ нь толгойн өвчин болсон байсан бол энэ жилээс асуудалд цэг тавьж байна гэж ойлгож болно. Дотооддоо үйлдвэрлэж чадаад байгаа атлаа борлуулалтад асуудал үүсдэг байж болохгүй. Ингэж бид үндэсний баялаг бүтээгч, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдээ төрийн хамгаалалтад авах юм. Үүний үр дүнд бид ойрын хоёр жилд төмс, хүнсний ногоо, тариагаа 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
-Энэ жилийн хувьд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хүрээнд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос хангах зорилт тавьсан. Энэ бодлогын дор үндсэн зорилтоо дэвшүүлэн ажиллаж байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яах вэ. ХХААХҮЯ-наас боловсруулан хэрэгжүүлж буй бүхий л ажил улс орны хэмжээний том бодлоготойгоо уялдаж явна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс хүнсний хувьсгалыг санаачлан эхлүүлсэн. Энэ хүрээнд хүнсний зүйл болон газар тариалангийн 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татвар таван хувьтай байгааг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн манай улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орохдоо амласан амлалтын хүрээнд импортын татвар таван хувьтай байгааг 20 хувьд хүргэхээр бодлогоо чиглүүлэн ажиллаж эхэлсэн.
Ерөөсөө аливаа улс орон хүнсний үйлдвэрлэгчдэдээ мөнгө, санхүү олгохоос гадна импортын татварын босгыг өндөрсгөж байж хамгаалалтад авдаг жишигтэй. Манай улс ч мөн олон улсын энэ жишгийн дагуу импортын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Бид үндсэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд өөрсдийн хийж чаддаг зүйлсээ ам.доллар, юаниар худалдан авсаар ирлээ шүү дээ. Гаднаас ингэж бэлэнчилж авч байгаа нь өнөөдөр хямд өртөгтэй мэт боловч маргааш гэхэд л валютын ханшийн өсөлтөд өртөх, улмаар эдийн засгийн хувьд хямралд орох эрсдэлийг байнга дагуулж байдаг. Тиймээс чадах бүхнээ дотооддоо үйлдвэрлэж, тарьж ургуулж байж энэ эмзэг байдлаас, хямралаас гарах боломж бүрдэнэ.
-Хүнс, хөдөө аж ахуйн салбарынханд олон төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх юм байна. Эргээд үр дүнд нь хэрхэн хяналт тавих вэ?
-Арилжааны банкны зээлийн жилийн хүү 18-19 хувьтай байгаа. Харин хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарынханд жилийн 5-6 хувийн хүүтэй зээлийг олгож эхэлснээр үлдсэн хувийг төр даана гэсэн үг. Арилжааны банкуудын тухайд аливаа зээлийг чиглэсэн зориулалтын дагуу олгохгүй байх хандлага гаргадаг байсан. Өөрөөр хэлбэл, банкны зүгээс үйлдвэрлэл эрхлэгчдэд маш өндөр шалгуур тавьдаг учраас манай салбарынхан шаардлагатай зээлийг авч чадахгүйгээс зорьсон хэмжээнд тариалан эрхлэх боломж нь хязгаарлагдах тохиолдол үүсдэг байсан. Тийм учраас ХХААХҮЯ-наас тэрбум төгрөгөөс дээш хэмжээний зээл авах тохиолдолд гурвалсан гэрээ байгуулж ажиллахаар болсон. Энэ нь эргээд үйлдвэрлэл эрхлэгчдэд банкууд зээл олгодоггүй байдлаас хамгаалах, тухайн компани аж ахуйн нэгжүүд маань зээлээ зориулалтын дагуу зарцуулж чадаж байгаа эсэхэд хяналт тавих зорилготой юм. Ингэснээр яг газар тариалангийн салбарт хөнгөлөлттэй зээл очих боломж бүрдэнэ.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өрнөсөн цар тахал болон Орос, Украйны асуудлаас үүдэлтэйгээр аливаа улс орон хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангадаг байх нь ямар чухал вэ гэдгийг бодитоор харуулж байна шүү дээ. Тийм учраас бид өмнө нь хийж бүтээж чадаж байснаасаа ухрах бус улам ажилттайгаар, бодитоор хэрэгжүүлэх шаардлага тулгарсан энэ цаг үед хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болох тал дээр онцгойлон анхаарал хандуулж байна. Ингэж бид газар тариалангийн салбараа төрийн бодлогоор дэмжиж, хүнсний хэрэгцээгээ дотооддоо үйлдэрлэдэг болж чадахгүй бол гаднаас хараат бус байх боломжгүй. Ерөөсөө гаднаас бүх зүйлийг авдаг болчихвол төрийн дархлаа алдагдах аюултай учраас төр энэ салбарт тусгайлан анхаарал хандуулахаас аргагүй.
-Чуулганд оролцогчдын зүгээс салбарын хүний нөөцийн асуудлыг ихээхэн хөндсөн. Нарийн мэргэжлийн боловсон хүчний тоо жилээс жилд цөөрч байгааг хэлж байна. Энэ тухайд салбар яамнаас ямар бодлого боловсруулан ажиллаж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд орон нутгийн иргэд хот суурин газар бараадах болсон нь араасаа олон асуудал дагуулж байна. Үүний нэг жишээ нь манай салбар хүний нөөцийн дутагдалд орсон асуудал болчихоод байгаа юм. Газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр ажиллах залуу боловсон хүчний тоо жилээс жилд цөөрсөн статистик гарах болсон. Тиймээс салбарын яамны зүгээс энэ чиглэлд тусгайлан анхаарч эхэлсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит гадаад болон дотоодын тэтгэлэгт хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг хамруулан сургахад анхаарч байна. Мөн чадварлаг фермерүүд болон компанид залуучуудыг дагуулан дадлагажуулах ажлыг зохион байгуулахаар болж байна. Мөн агроном болон газар тариалангийн холбооныхонтой хамтраад ХХААХҮЯ-наас сургалтуудыг аймаг, суманд очиж зохион байгуулж эхэлсэн. Ер нь бид залуучуудыг аль болох тогтвор суурьшилтайгаар хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллуулах тал дээр анхаарч, салбар холбоодтойгоо хамтран ажиллаж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна