МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.
-МАН 30 дахь Их хурлаараа баталсан Жендэрийн талаар баримтлах бодлогоо хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
-МАН-ын 100 жилийн ой 2021 онд болсон. МАН 30 дахь Их хурлаа хуралдуулж, өнгөрсөн зуунаа дүгнэж, шинэ зуунд социал демократ үзэл баримтлалаа улс төрийн хүчин болохоо тодотгон зарласан юм. Энэ хүрээнд жендэр, хүний эрхийн асуудлыг онцгойлон анхаарч, бодлогоо батлуулсан. МАН 30 дахь Их хурлаас баталсан бодлого, шийдвэрээ хэрэгжүүлж байна.
Олон улсын социал демокат үзэл баримтлалтай орнууд нийгмийн төлөөллийг шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд бүрэн оруулж ирэхийг чухалчилдаг. Тухайлбал, орон нутаг, Засгийн газар, УИХ-ын түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг хувь тэнцүү оруулж ирэх нь системийг баримтлах нь XXI зууны социал демократ үзэлтэй дэвшилтэт нам гэдэг шалгуурт тэнцэнэ. Тийм ч учраас МАН жендэр, хүйсийн тэгш харьцааны асуудлыг бүхий л бодлого, шийдвэртээ оруулахыг зорьж байна. Энэ хүрээнд улс төрийн намуудаас анх удаа Жендэрийн эрх тэгш байдлын тайланг анх удаа боловсруулж, Жендэрийн үндэсний хороонд хүргүүллээ. Хууль нь 2011 онд батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, тайланг гаргаагүй явж ирсэн юм билээ. МАН 30 дахь Их хурлынхаа дараагаар судалгаа хийж, хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Цаашлаад МАН мөрдөх бодлогын баримт бичигтээ Жендэрийн талаарх баримтлах бодлогын төсөл боловсруулж,шат шатны байгууллагуудаар хэлэлцүүллээ. Энэ бодлогын баримт бичиг батлагдсан намын дүрэмд өөрчлөлт оруулна. Тухайлбал, Жендэрийн бодлогын баримт бичиг батлагдвал Хяналтын Ерөнхий хорооны дэргэд Жендэрийн дэд хороог байгуулах талаар дүрмийн төсөлд тусгасан. Жендэрийн талаарх мэдлэгийг цогцоор олгох сургалтыг зохион байгуулж ирлээ.
Энэ хаврын чуулганаар Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэн батална. МАН эдгээр хуульд жендэрийн талаарх бодлого, зөвлөмжүүдийг тусгахаар манлайлан ажиллаж байна. Жишээлбэл, Сонгуулийн тухай хуулийн төсөлд холимог тогтолцоогоор явуулж, нэр дэвшигчийн доторх аль нэг хүйсийн тоо 30 хувиас багагүй байна гэж тусгалаа. Пропорцианалиар орж ирсэн нэрсийн жагсаалтын хүйсийн тэнцвэр 50:50 хувь байна гэдэг заалтыг Засгийн газраас оруулж байна. УИХ-ын хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг хэлэлцэн батална. Хууль хэлэлцэн батлагдахад энэ талаар цогц ойлголттой болох сургалтыг зохион байгуулж, хэлэлцүүлгийг хийж байна.
-Гүйцэтгэх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай байна. Харин шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй гэж шүүмжилдэг. Бусад улс оронтой харьцуулахад манайх жендэрийн улс төр дэх манлайллаараа аль түвшинд явна вэ?
-Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлалаараа манай улс доогуур явж байна. Парламентын засаглалтай 100 гаруй улс орнуудаас манайд 80 орчимд жагсах байх. Бид үүнийг өөрчлөх ёстой. XXI зуунд дэлхий нийтийн хандлагыг дагаж чадаагүй улс төрийн хүчин өрсөлдөхөд хүнд. Энэ утгаараа бид үзүүлэлтээ урагшлууах зорилтыг тавьж байна. 2012 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Ингэхэд ардчилсан парламентыг бий болгосноос хойшх 30 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр түвшинд хүрсэн байдаг. Бид энэ амжилтаа улам илүү бататгах нь манай намын зорилго юм.
-Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг тэнцүү байлгах, сонгуульд нэр дэвшигчийн аль нэг хүйсийн харьцаа 30 хувиас багагүй байх хууль төсөл дэх заалт хэр дэмжигдэх бол? Яагаад гэвэл өнөөдөр МАН парламентад олонх байгаа.
-Одоо манай парламентад эрэгтэйчүүд олон байгаа. Бид эрэгтэй улстөрчдөдөө маш сайн ойлгуулах хэрэгтэй. Социал демократ үзэл баримтлал дээр тогтсон нийгэмд шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд ахмадууд, эмэгтэйчүүд, залуучууд, тусгай хэрэгцээтэй хэсгийн төлөөлөл гээд бүх нийгмийн төлөөлөл байх ёстой. Нийгмийн бүх төлөөллөөс бүрдсэн парламентаас зөв шийдвэр гарах үндэс бүрдэнэ.
-Улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлснээр ямар өөрчлөлт гарна гэж үзэж байна вэ?
-Нийгэмд тулгамдсан маш олон асуудал бий. Энэ асуудлуудыг шийдвэрлэхэд тал бүрийн дуу хоолойг хүргэснээр шийдэл нь алдаагүй гарна. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олноор орж ирснээр авлигын индекс буурдаг гэж олон улс үздэг. Аливаа асуудалд уян хатан шийдвэр гарах магадлал өндөртэй байдаг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгоход хууль, эрх зүйн орчноор дэмжих нь зүйтэй.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна