Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.04.07/ үдээс хойших нэгдсэн хуралдааны “Ерөнхий сайдын мэдээлэл”-ийн цагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Засгийн газар Монгол үндэстний оршин тогтнох амин чухал дархлаа болох үндэсний түүх, хэл, соёл, өв, уламжлалт зан заншлаа хадгалж хамгаалах, дэлхийн улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын хөгжил дэвшил, амжилтыг дэлхий дахинд сурталчлах, улс орныхоо гадаад нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Гадаад харилцааны сайд дурдаад, үндсэн мэдээллээ таван чиглэлийн хүрээнд хийв.
Нэн тэргүүнд, Засгийн газар Монгол Улсыг олон улсад сурталчлах стратеги төлөвлөгөөгөө баталж, олон улс дахь Сурталчилгаа мэдээллийн үндэсний хороог байгуулсан тухай тэрбээр дурдлаа. Нэгдсэн стратеги, төлөвлөгөө баталж хэрэгжүүлснээр Монгол Улсын дотоод, гадаад бодлого ардчилал шинэчлэлийн үйл явц Засгийн газрын бодлого шийдвэрийг таниулан сурталчлах, эерэг зөв ойлголт төрүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг тэлэх зэрэг давуу тал бий болгож буй хэмээн сайд онцоллоо. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхжүүлэх нэгдсэн стратеги, төлөвлөгөөг хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хүний эрх, ардчилал-сайн засаглал-цахим хөгжил гэсэн дөрвөн үндсэн зорилтын хүрээнд боловсруулсан байна. Эдгээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын талаар гадаадын жуулчдын болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц эерэг мэдээллийг олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол гаргаж байгаа юм байна. Тухайлбал, 2023 оны эхний улиралд олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн нийт 16 ярилцлага нийтлэгджээ.
Монгол Улсын Олон улс дахь Сурталчилгаа мэдээллийн үндэсний хороог өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдөр байгуулаад байгаа юм.
Хоёрдугаарт, Монгол Улсыг гадаадад сурталчлах үндсэн өнгө төрх, брэндингийг тодорхойлсон байна. Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, 2023 онд зохион байгуулах олон улсын чанартай 22 арга хэмжээний хуанлийг гаргаж дэлхий дахинд зарласан байна. Монгол Улсын нээлттэй байдал, зочлох заншлыг илэрхийлэн Welcome to Mongolia гэсэн үгийг түлхүүр үгээр сонгож, брэндингийн нэгдсэн өнгө төрх, загварыг 2022 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан талаар Б.Батцэцэг сайд мэдээллээ.
Гуравдугаарт, гадаад сурталчилгааг эрчимжүүлэх хүрээнд олон улсын тинк танк болон томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Си Эн Эн, Блүүмберг, Би Би Си, Файнаншл Таймс, Экономист, Нэйшнл Жеографик, Вандерласт зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн сувгуудтай хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээ хийж, одоогийн байдлаар, Си Эн Эн агентлагтай 18 сарын хугацаатай гэрээ байгуулан, Монгол Улсын талаар видео реклам түгээх, нийтлэл бичих зэрэг ажлууд хийж эхэлжээ. Олон улсад Монгол Улсын өсөн нэмэгдэж буй нэр хүнд, сурталчилгааны оновчлолоор 2021 оны байдлаар 4 000 хандалттай байсан бол 2022 оны эцэс гэхэд 7 200 болон нэмэгдэж, манай улсын талаарх эерэг сэтгэгдэл 2021 онд 12 хувь байсан бол 2022 оны эцсээр 28 хувь болжээ. Олон улсын хэвлэлүүд Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлт, дээд хэмжээний айлчлал, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн болон уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулж буй зэрэг дөрвөн гол сэдвийг голчлон хөндсөн байна. Түүнчлэн Кембридж Кингс байгууллага манай улс дахь хүний эрх, ардчиллын ололт амжилтын талаар, Өү Эс Эс Девелопмент Институт олон улсын тинк танк байгууллага Шинэ сэргэлтийн бодлогын талаар томоохон судалгааг тус тус хийж, гаргасан байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн сэтгүүлийн тусгай дугаарт манай улсаас дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын тухай болон өвийн чиглэлээр баримталж буй бодлого, стратеги, хамгаалалтын менежментийн талаар, ХБНГУ-ын Берлин хотын “Миний дүүрэг” сэтгүүл, Нидерландын Хаант Улсын “Дипломатик Ворлд”, Францын аялал жуулчлалын “Пети Фүттэй” сэтгүүлд Монгол Улсын талаар тусгай нийтлэлүүдийг англи, герман, франц хэлээр хэвлүүлж олон улсын томоохон үзэсгэлэн яармаг, соёлын өдөр зэрэг арга хэмжээний үеэр түгээсэн байна.
Дөрөвдүгээрт, үндэсний болон орчин үеийн урлаг, соёл спортын ололт амжилтыг таниулан сурталчлах ажил идэвхжжээ. Засгийн газрын 2022 оны 73 дугаар тогтоолын дагуу Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн биеналль, Каннын 75 дахь удаагийн кино наадамд Монголын уран бүтээлчид амжилттай оролцжээ. Эдгээр арга хэмжээний үеэр Монголын талаар олон улсын хэвлэлд 30 гаруй мэдээ, ярилцлага нийтлэгдэж, зарим улс оронтой соёлын харилцааг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хөтөлбөрийг байгуулсан байна.
Каннын кино наадмын үеэр Монгол Улсын 200 орчим кино уран бүтээлийг сурталчлах, худалдаалах боломжийг бүрдүүлжээ. Морин хуурын чуулга Японы алдарт Эн Эйч Кэй Холлд, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид ЮНЕСКО-ийн төв тайзнаа бүрэн бүрэлдэхүүнтэй тоглосон байна. ХБНГУ-д морин хуурын анхны наадмыг зохион байгуулж, Дэлхийн соёлын “Нүүдэлчин Монгол” фестивалийг Монгол Улсад хийсний дээр Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх баримтат киног англи хэлээр бүтээж Европын улс орнуудад толилуулжээ.
Монголд зочлох жилийн ажлын хүрээнд, Болгарын Софи хотод болсон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, Германы Штуттгарт хотноо болсон “Си Эм Ти Штуттгарт”, Хамбург хотноо болсон Райзен Караванинг, Унгарын Будапешт хотноо болсон олон улсын аялал жуулчлалын 45 дахь удаагийн үзэсгэлэнд тус тус оролцсон байна. Мөн Монгол, Хятадын Засгийн газар хооронд байгуулагдсан “Соёлын төв харилцан байгуулах тухай” хэлэлцээрийн дагуу Бээжин хотноо Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-ны дэргэд “Монголын соёл мэдээллийн төв”-ийг байгуулжээ.
Тавдугаарт, Монгол судлалыг хөгжүүлэх, гадаад дахь төвүүд, эрдэмтэн судлаачдыг идэвхжүүлэхэд анхаарч, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж байна. 2022 оны байдлаар дэлхийн 20 оронд монгол судлалын 22 төв, 600 гаруй судлаач ажил ажиллаж байгаагаас 200 орчим нь залуу судлаач нар байгаа юм. Тэднийг дэмжих, шинээр бэлтгэх зорилгоор зуны сургуулийг зохион байгуулж, гадаадын 10 улсын 17 их, дээд сургууль, судалгааны төвийн эрдэмтдийг хамруулжээ. Мөн гадаад улсууд дахь Монгол судлалын төвүүдтэй хамтын ажиллагааг идэвхжүүлж, ном бүтээлүүд хэвлэн гаргаад байгаа аж. Энэ онд Бүгд Найрамдах Эстони Улсын Тартугийн их сургуулийн Соёл судлалын хүрээлэнгийн Дорно дахин судлалын төвийн дэргэд Монгол судлалын тусгай тасаг байгуулахаар ажиллаж байгаа ажээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэлдээ, дэлхийн олон улсын харилцааны ээдрээтэй нөхцөл байдал, цар тахал зэргээс үүдэлтэй хүнд хэцүү цаг үед гадаад харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хүчин чармайлт шаардагдаж буйг дурдаад, гадаад сурталчилгааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, ахиц дэвшил гаргах шаардлага тулгарч буйг тэмдэглэсэн юм.
2023 онд Морин хуурын чуулгыг Австралийн Сиднейн дуурийн театрт, “Тамгагүй төр” жүжгийг Английн Лондон хотын Колизейн театрт тус тус тоглуулж, Баянмонгол чуулгыг Германд болох “Дэлхийн жааз фестиваль”-д оролцуулах ажээ. Мөн Францын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан-Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ” сэдэвт үзэсгэлэнг гаргах юм байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны “Ерөнхий сайдын мэдээлэл”-ийн цагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэлд тавьсан зорилтгүй, өнгөрсөнд байсан үнэлгээ, өнөөдөр хүрсэн үр дүнгээ хэмжсэн хэмжүүргүй, хүлээн авалт хийсэн, тэтгэлэг олгосон, нийтлэл хэвлүүлсэн, төлөөлөгчдийн газрууд руу тайлан илгээсэн гэх мэт төрийн анхан шатны мэргэжилтний ажлын тайлан шиг аар саар зүйлс байгаа нь харамсалтай гээд, Монголын гадаад сурталчилгааг ганцхан Чингис хаан яамтай яамгүй, төсөвтэй төсөвгүй хийсээр, Монгол Улсыг сурталчилсаар байна хэмээн ёгтлон өгүүлэв. Улс орнуудын гадаад харилцааны чанар хүртээмжийг паспортын индекс зэрэг үндэсний брэндийн индексүүдээр хэмждэг талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл онцлоод, Монгол Улсын гадаад паспортын индекс 100 орноос 70 орчимд байгааг анхааруулж, хөнгөлөлттэй, нэн хөнгөлөлттэй зорчих, визгүй нэвтрэх зэрэг хүчин чадлын үзүүлэлтүүд нь дээшлэхгүй байгаа талаар дурдав. Төгрөгийн ханш унаж, паспортын индекс буурсаар байгаагийн цаана монгол хүний үнэлэмж доошилсоор байна хэмээн тэрбээр хэллээ.
Дараа нь, Гадаад харилцааны сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Н.Ганибал нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд, монгол соёлыг дэлхий дахинд сурталчилж буй, урлагаар улс орноо таниулж яваа Хү хамтлаг зэрэг уран бүтээлчдийг дэмжихэд анхаарах, “Нээлттэй улс-нээлттэй бодлого”-ын хэрэгжилт, агаарын тээврийн либералчлал, нислэгийн тасалбарын үнийг бууруулах, дотоодын иргэний нислэгийг бий болгох, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, энэ салбарт зээл, санхүүжилт олгох, хөрш орнуудтай харилцах харилцаа зэрэг асуудлыг хөндөж, эдгээр чиглэлээр Засгийн газраас явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан юм.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.11 дэх хэсэгт заасны дагуу d.parliament.mn цахим хэлэлцүүлгийн платформоор иргэдээс Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан ирүүлсэн асуултыг МАН-ын бүлгийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, АН-ын бүлгийг төлөөлөн Ш.Адьшаа нар асуулаа. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн н.Дорждулам, гадаад сурталчилгаанд зориулан улсын төсөвт хэдэн төгрөг төсөвлөсөн, түүнийг хэр үр дүнтэй зарцуулж байгаа талаар асуусан бол Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн М.Ганзориг, гадаадад сурталчилгааны ажилд иргэдийн хүчийг ашиглах талаар юу хийж байгаа болон гадаад сурталчилгааны материалуудыг нийгмийн сүлжээнд байршуулах боломжтой эсэх, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны иргэн П.Болортоль агаарын тээврийн салбарын либералчлалын талаар асуусан байна. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн О.Очиржав, бусад улс дахь монгол туургатнуудтай харилцах хамтын ажиллагааг өргөжүүлж хэл соёл уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа, тус дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Бямба-Очир, тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулах ажил ямар байдалтай байгаа, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын гуравдугаар багийн иргэн Ч.Цогт-Очир, гуравдагч хөршийн бодлогыг эрчимжүүлэх талаар асуулт асууж, санал хэлсэн байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын хоёрдугаар багийн иргэн Н.Баярт шинжлэх ухаан технологийн салбарын хамтын ажиллагааны талаар асуужээ. Улсын Их Хурлын гишүүдийн болон иргэдийн асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын дэд сайд М.Батбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарий бичгийн дарга Н.Анхбаяр нар хариулт өглөө.
Гадаад харилцааны сайдын мэдээлэл болон холбогдох албан тушаалтны хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, гадаад сурталчилгааны ажлыг хариуцдаг төрийн нэгж байх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Оюутолгойн уурхай зэрэг бизнесийн үйл ажиллагааг Засгийн газар гадаадад сурталчилж буй нь зүйд нийцэхгүй хэмээн шүүмжиллээ.
Сайдын мэдээллийг сонсож, хэлэлцэж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа. Энэ долоо хоногт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын тус бүр хоёр төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн, мөн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилжээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг уншиж танилцууллаа.
Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг сэлгэн болон шинээр томилох тухай шийдвэрээ танилцуулав. Ерөнхий сайд танилцуулгадаа, Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн багц хууль Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны гурван талт хэлэлцээрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зөрүүг арилгах цогц шинэчлэл хийх зэрэг тухайн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Сангийн дэд сайд болон Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй туршлага нь нийцнэ гэж үзэж, түүнчлэн тус салбарыг эмэгтэй улс төрч удирдах нь илүү дэвшилттэйг харгалзан Хүрэлбаатарын Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэснээ дурдлаа. Мөн тэрбээр, Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар төрд ажилласан, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн корридорын яриа хэлцлийг ахиулах чиглэлээр ажилласан улс төрийн туршлагыг нь харгалзан үзэж Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Буяагийн Тулгыг томилж буйгаа танилцуулав.
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, С.Одонтуяа, Ц.Идэрбат нар Засгийн газрын тэргүүн болон сайд нараас асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа энэхүү томилгооны улс төрийн шийдэл, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх талаар асууж, хариулт авсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар цар тахлын үед манай улсын эдийн засгийн өсөлт хасах 4.7 хувь болж буурч байсан бол одоо 4.0 хувийн өсөлтэй байгаа болон экспорт сайжирч, улсын төсөв ашигтай болж буйг танилцуулав. Энэ сэргэлтээ хадгалж чадвал оны эцэст улсын төсвийн ашиг 1.0 их наяд төгрөг хүрэх бөгөөд давсан орлогыг юунд, хэрхэн зарцуулах вэ гэдгийг Улсын Их Хуралтай хамтран шийдвэрлэх, төрийн албаны тогтолцоог сайжруулах замаар албан хаагчдын цалин хөлсийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлдэг байхаар шийдвэрлэх боломжтой хэмээн хариулсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар эмэгтэй хүн томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлээд Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн С.Булгантуяад “хамгааллын сайд” гэж өөрийгөө ойлгож ажиллахыг зөвлөн, Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг хүссэн юм. Мөн тэрбээр, тэтгэврийг долоон жилийн цалингийн дунджаар тооцон тогтоож буйг таван жил болгох асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг захив. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Нийгмийн даатгалын багц хуульд анхаарлаа хандуулж ажиллахыг Засгийн газрын гишүүдээс хүсэж, энэ хуулийг хүлээж буй хүлээлт нийгэмд маш их байгааг сануулсан юм.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Тулгыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилох тухай 2023 он дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 68 тоот, Х.Булгантуяаг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилох тухай 69 тоот захирамжуудаа танилцуулсан юм.
Дараа нь, Засгийн газрын гишүүнээр сэлгэн болон шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна