Социал демократ Монголын залуучуудын холбооны VI бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Бага хуралд танхимаар 106, цахимаар 117 гишүүн оролцож, 76 хувийн ирцтэйгээр хуралдав. Хуралдааныг тус холбооны дэд ерөнхийлөгч Т.Сайнжаргал даргалж, тэргүүлэгчээр Удирдах зөвлөлийн гишүүн Т.Халиунаа ажиллалаа. Бага хурлыг УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, СДМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал нээж, “Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн юм. Хурлын үеэр СДМЗХ-ны 2022 оны шилдэг аймаг, нийслэл, дүүрэг, байгууллагыг шалгаруулж, Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, сонгож, мөн гурван дэд ерөнхийлөгчийг сонгов.
Н.Учрал: Ёс зүйтэй шинэ нийгэм бүтээнэ
СДМЗХ өнгөрсөн онд хийсэн ээлжит бус их хурлаар Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо нэрээ Социал демократ Монголын залуучуудын холбоо болгон шинэчилж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Олон улсын байгууллагууд тогтвортой хөгжлийн зорилтод оруулж байгаа хувь нэмэр, үр дүнгээр нь гүйцэтгэлийг үнэлдэг болсон. Тиймээс ч СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн дэргэд Тогтвортой хөгжлийн зөвлөлийг байгуулж, шинэ тогтолцоо руу оруулахаар ажиллаж байгаа аж. Энэ зөвлөл тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад социал демократ залуучууд ямар үүрэг оролцоотой байх хандлагын өөрчлөлтийн бодлого барьж ажиллаж байгаа юм байна. СДМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал:
-МАН-ын үнэт зүйл бол төрийн бус байгууллагынхаа ур чадвар дээр ордог улс төрийн хүчин гэж ойлгодог. Бид залуусыг шат шатанд нь бэлтгэж, академикаас илүү амьдралын ухаантай болгодог. Намын дэргэдэх залуусын байгууллагад орсноор нийгмийн хамгийн том боловсрол авч чадсанаараа сэтгэлээ, цаг хугацаагаа зориулж ажилласаар ирсэн. Өнгөрсөн 26 жилийн түүхийг манай залуучуудын холбооны үе үеийнхний хамтын эв санааны нэгдэл дээр тулгуурлаж бүтээсэн. Бид шат шатандаа хүний нөөц бэлтгэдэг үндсэн үүргийн өмнө ирээд байна.
Шинэ мянганы үе ирж, 2000 онд төрсөн хүүхдүүд өнөөдөр 23 нас хүрлээ. 1990 оны залуучууд холбоондоо нэгэн үеийг өнгөрүүлсэн. Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо ямар байх талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Манай дэргэдэх холбоодын ажил тогтвортой чиглэлд уялдсан. Ирээдүйн нэр дэвшигчийг бэлтгэх сургалтыг бид аймгаар тойрч хийж байлаа. Өнөөдөр нам дагасан хүн бүр муухай биш, төрд байгаа албан хаагч бүр хулгайч биш гэдгийг ялгаж салгах хэрэгтэй байна. Тиймээс нэр дэвшигчийн үнэт зүйл, ур чадвар, зөв хүн байх, Социал демократ үзэл баримтлал, Шинэ зуун-дэвшилтэт бодлого зургаан хэлэлцүүлэг сургалтыг орон даяар хоёр үе шаттай зохион байгуулна. Энэ сургалтад хамрагдсан залууст нээлттэй сонгон шалгаруулалт явуулна. Ингээд бүх шатны сонгуульд нэр дэвших бололцоотой 500 залууг МАН-ын Удирдах зөвлөлд оруулна. СДМЗХ-ны гишүүн байна гэдэг асар том хариуцлага, нэр хүндтэй байх ёстой.
Бид дараагийн их хурал хүртэл Тогтвортой хөгжлийн зөвлөлөөрөө дамжуулж, залуусаа бэлтгэнэ. Намын дэргэдэх Стратеги академи, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнтэй хамтраад гурван сарын хугацаанд сургалт явуулна. SDY академи “Зөв монгол хүний есөн шинж”-ийг гаргаж ирнэ. Энэ есөн шаардлагыг хангасан зөв хүмүүсийг шат шатанд дэмжиж, 21 аймаг, есөн дүүргийн 500 залууг тодруулах юм.
Ерөнхий сайдын захирамжаар “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын хоёрдугаар зорилгыг тодорхойлсон. Ирэх 30 жил “Олборлолтоос оюун санаа руу” чиглэнэ. Эдийн засгийн шинжлэх ухааныг эргэлтэд оруулж, инновац хийнэ. Монгол Улсын ирээдүйн 30 жил бол инновацын үйл ажиллагааг дэмжсэн, оюун санаагаа олборлосон он жил байна. Үүнийг дижитал шинэчлэл хурдасгана. Дижитал шинэчлэлийг ашигладаг улс бүтээмжийг нэмэгдүүлж, хүнийг цөөлж, хэмнэлтийг бий болгож, цөөн, чанартай, өндөр цалинтай төрийн албан хаагчидтай, эрүүл нийгмийг бүтээдэг. Бид “1000 залуусын уулзалт”-аа зохион байгуулж, шат шатны сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулах саналуудаа нэгтгэн боловсруулна.
Одоо бид Тогтвортой хөгжлийн зөвлөлийг СДМЗХ-ны Удирдах зөвлөлөөс тусдаа байгуулсан. Энэ зөвлөлийн залуус ёс зүй, судалгаа, тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх Ерөнхий нарийн бичгийн даргын гол баг байх юм.
СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Галсанг томиллоо
СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил өөр ажилд томилогдсонтой холбогдуулан чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.
Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо нэрийг СДМЗХ болгон өөрчилсөн түүхэн он өнгөрсөн жил тохиожээ. Энэ хүрээнд Хот, хөдөөгийн хөгжлийн хөтөлбөр, Шинэ сэргэлт, Хүний эрх, Авлигатай тэмцэх, Тэтгэврийн шинэчлэл, Дижитал эдийн засаг гэсэн бодлогын тогтоолоо баталсан юм. Дээрх тогтоолыг Тогтвортой хөгжлийн зөвлөлөөрөө хэрэгжүүлэх юм байна. Өнгөрсөн онд “Өглөөний уулзалт”-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Монголын төмөр зам” зэрэг байгууллагад хийж, туршлага солилцсон. Тус холбооны ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу “Гэрэлт эхлэл” төслийг хэрэгжүүлжээ. Эрүүл мэндийн салбарт чиглэсэн энэ төслийн хүрээнд эмч, сувилагч нарын өрөөг тохижуулсан байна. Эхний ээлжинд Улсын I, II эмнэлгийн амралтын өрөөг нөөц бололцоогоо ашиглан тохижуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд тус холбоо идэвхтэй оролцож, 25000 мод тарих санаачилга дэвшүүлжээ.
Бага хурлын үеэр СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох ёслолын ажиллагаа явагдлаа. СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Болдбаатарын Галсанг томиллоо. Тэрбээр ажлаа хүлээн авахдаа “Би Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны зүй ёсны үргэлжлэл болсон Социал демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг энэ холбоонд өөрийн амьдралын бүхэл бүтэн нэг үеийг зориулсан Б.Оргил даргаасаа хүлээн авч байна. Яагаад гэвэл энэ холбоонд гишүүн, тэргүүлэгч, дарга, Хяналтын хороо, Ерөнхий нарийн бичгийн дарга хийсэн түүх бол зөвхөн таных шүү. Танд талархал дэвшүүлж, цаашдын үйлсэд амжилт хүсье” хэмээв.
Мөн бага хурлаар СДМЗХ-ны дөрвөн дэд ерөнхийлөгчийг сонгов.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна