Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.04.11) хуралдаан 77.8 хувийн ирцтэйгээр 11 цаг 30 минутад эхэлж, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтов. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулаа.
Засгийн газраас Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт 12 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны арван хоёрдугаар 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо шилжүүлсэн юм. Байнгын хороо 2022 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийг байгуулах тогтоолыг баталсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд, Ш.Адьшаа, М.Оюунчимэг нар ажиллаж байгааг тэрбээр танилцуулав.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан d.parliament.mn системээр иргэдээс 158 саналыг ирүүлжээ. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй хамтран дээрх төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 85 томьёоллыг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын 14 томьёоллыг ажлын хэсэгт хүргүүлснийг ажлын дэд хэсэг нэгбүрчлэн хэлэлцсэн байна. Мөн Эдийн засгийн байнгын хороо салбарын яамтай хамтран 2023 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт 12 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагын төлөөллүүдийн саналыг авчээ.
Ингээд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын 72 томьёолол, найруулгын 3 саналыг боловсруулсан байна. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын 24 томьёоллыг бэлтгэснээ Х.Ганхуяг гишүүн танилцууллаа.
Нэн тэргүүнд төсөл дэх нэр томьёонуудыг дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон салбарын төлөөллүүдийн гаргасан саналын хүрээнд өөрчлөх нь зүйтэй хэмээн үзэж, саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна. Мөн тур операторуудаас тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр аялал жуулчлалын мэргэжлийн холбоо буюу нийт эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Төсөлд Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулахаар тусгасан байсныг ажлын хэсэг шаардлагагүй хэмээх үзэж, хасах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн гэв. Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсийн талаар зохицуулалтыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах болон бусад өөрчлөлтийг тусгажээ. Отголох цэгтэй холбогдох зохицуулалтад зарим өөрчлөлт оруулахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан байна. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зүйл, заалт хоорондын нийцлийг хангахын зэрэгцээ зарим зарчмын өөрчлөлтийг тусгасан саналуудыг бэлтгэсэн байна.
Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дахь татвартай холбоотой асуудлаар тодруулга хийж, байр сууриа илэрхийлэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг зөвхөн Засгийн газар санаачилна” гэж заасан байдгийг сануулаад ажлын хэсгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд боловсруулсан байгааг хэллээ.
Иймд ажлын хэсгээс татвартай холбоотой гаргасан санал нэг бүрээрээ Засгийн газраас санал авах ёстой гэдгийг Б.Жавхлан гишүүн хэлээд, энэ шалтгаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 56.2 хувь нь дээрх горимын саналыг дэмжсэн тул өнөөдрийн Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна