УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Ганбат танилцууллаа.
Тэрбээр, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд 10.2 сая тонн нүүрс олборлож, 13.0 сая тонн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг анх удаа зохион байгуулж, нийт 7 удаагийн арилжаагаар 416.0 мянган тонн нүүрсийг 53.9 саяар борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдлээ. Түүнээс гадна “Тавантолгой” ХК-иас 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох нийт 13.9 сая доллар буюу 48 тэрбум төгрөгийг “Эрдэнэс таван толгой” ХК-д шилжүүлэн бүрэн төлж барагдуулав. Мөн Цанхийн баруун уурхайн 3 жилийн хугацаатай гэрээний хугацаа 2023 оны 3 дугаар сард дууссан тул шинээр тендер зарласан. Шинэ тендерийн төсөвт өртгийг бууруулж хэмнэж чадсан.
Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 588.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулж, үүнээс зөвхөн бүрэн эрх төлөөлөгч томилогдсоноос хойш 495.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.5 сая тонн нүүрс ачууллаа. Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого, ашигтай ажилласан жил болж байна. Түүнээс гадна санхүүгийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд компанийн өрийн дарамтыг бууруулж, ашигтай ажиллагааг нэмэгдүүлсэн гэх зэргээр танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж. Батжаргал, Т.Аубакир, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд асуулт асуулаа. Тухайлбал, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч цаашид хэр хугацаагаар үүргээ гүйцэтгэх вэ, нүүрсний чанар, стандартыг хэрхэн сайжруулах вэ, нүүрсийг сорчилж борлуулах байдлыг хэрхэн өөрчлөх вэ, 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах талаар хэрхэн ажиллах талаархи асуултуудыг асуусан.
Уул уурхайн сайд Ж.Ганбаатар, “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанид Засгийн газар цаашид ямар менежмэнт явуулах, үр ашгийг дээшлүүлэх талаар ярилцаж байна. Энэхүү бодлого тодорхой болох хүртэл бүрэн эрхт төлөөлөгчийг сунгаж ажиллуулахаар ярилцаж байна. Бүрэн эрхт төлөөлөгчийн оронд менежмэнтийн нээлттэй баг бүрдүүлэн ажиллах боломжтой. Нүүрсний чанар стандартыг сайжруулахад хамгийн чухал нь нүүрс угаах үйлдвэрийг ашиглалтад яаралтай оруулах ёстой. Цаашид нүүрсний үнийг 170 ам.доллараас доош буулгахгүйгээр борлуулах гэрээг байгуулна. Уул уурхайн биржийн тухай хууль хэрэгжихээр урт хугацааны гэрээг байгуулж, ажиллана гэв.
Засгийн газрын Онцгой бүхэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Ганбат, 1072 хувьцааны ногдол ашиг болгож, 2019 онд 96 мянган төгрөг, дараа нь цар тахлын үе буюу 2020-2021 ондуудад мөн ногдол ашиг олгосон. Компанийн үр ашгийг нэмэгдүүлж, менежмэнтийг сайжруулснаар ногдол ашиг олгох боломжтой. Гэхдээ нүүрс угаах үйлдвэр ашиглалтад оруулсны дараа ашиг нэмэгдэж, нүүрсний экспортод том ахиц гарна. Мөн нүүрсийг зөвхөн сорчилж бус эрчим хүчний нүүрс, хагас коксжсон нүүрсээ борлуулах гэх мэт менежмэнтийг хэрэгжүүлснээр компанийн үр ашгийг нэмэгдүүлэх боломтой хэмээн хариуллаа.
Байнгын хорооны гишүүд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг үүргээ сайн гүйцэтгэн ажиллаж байгааг үнэлээд цаашид компанийн үр ашгийг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангахад анхаарч ажиллах хэрэгтэй гэх зэрэг санал хэллээ.
Дараа нь Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулсан. Танилцуулагатай холбогдуулан гишүүд асуулт, асууж хариулт авлаа.
Тус байнгын хорооны хуралдаанаар 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 10 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар хэлэлцээд, Засгийн газарт чиглэл болгох тухай тогтоолыг баталлаа.
Тогтоолд, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдах ажлыг эрчимжүүлэх, мөн зах зээл дэх төрийн оролцоог багасгах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн боловсруулж, өргөн мэдүүлэх болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, мөн биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэн, арилжааг олон улсын жишигт нийцүүлж, нээлттэй, ил тод зохион байгуулахад анхаарах зэргээр тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна