З.Төмөртөмөө: Залуучуудыг дэмжиж, боломж олгох нь чухал



Нийслэлийн Засаг даргын орлогч З.ТӨМӨРТӨМӨӨТЭЙ ярилцлаа.


-Та ажилгүй иргэдийг ажлын байртай болгох асуудалд, ялангуяа залуучуудыг дэмжих чиглэлд нэлээд анхаарч ажиллаж байна. Хамгийн сүүлд эхлүүлсэн ажлын тань талаар яриагаа эхлүүлье?
-Хөдөлмөр эрхлэлт бол зөвхөн нийслэл Улаанбаатар хотын бус улс орны хэмжээнд тулгамдаж буй гол асуудлын нэг. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 32 мянган иргэн ажил хөдөлмөр эрхлээгүй гэсэн статистик бий. Насны хувьд 15-34 насны залуучууд 46.1 хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд мэдлэг чадвартай мэргэжилтнүүд гадагшаа явах нь нэмэгдсэн. Энэ урсгалыг багасгах, мэдлэг чадвартай боловсон хүчнээ эх орондоо ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлд анхаарах цаг болжээ.
Нийслэлийн нийгмийн салбар хариуцдаг орлогч даргын хувьд санал санаачилга гаргаж, оюутнуудтай уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. Салбар бүрээр нь хувааж, найман удаагийн уулзалт зохион байгуулсан. Эдгээр уулзалтын гол зорилго нь Засгийн газрын бодлого, чиглэлийг дэмжиж төр, иргэн хоёрын уялдаа холбоог сайжруулах явдал юм.

Өөрөөр хэлбэл, төр нь нээлттэй, иргэн нь хариуцлагатай байх системийг бүрдүүлэх. Нийслэл том бүтэцтэй гэдгээрээ онцлогтой. Бид зөвхөн бодлого боловсруулж, холбогдох шийдвэрийг гаргахаас илүүтэй маш сайн хэрэгжүүлэгч учраас  анхан шатны нэгжүүдийн уялдаа холбоог хангаж, сайжруулах чиглэлд нэлээд анхаарч ажиллаж байна.


-Салбар бүрийн оюутан залуустай уулзахад тэд тулгамдаж буй асуудлынхаа тухайд ямар санал хэлж байна вэ. Тэдний хэлж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл байна уу? 
-Бид эхний ээлжид нийслэлийн Соёл урлагийн байгууллагын харьяа газрын бүх даргатай хамт тухайн салбарын чиглэлээр сурч буй оюутнуудтай уулзаж, санал солилцсон. Оюутнууд сурах хугацаандаа амралт, чөлөөт цагаараа эзэмшиж буй мэргэжлээрээ цалинтай дадлагажих, мөн цагаар ажиллавал мэдлэг туршлагатай сайн мэргэжилтэн бэлтгэгдэж гарна. Яг үнэндээ анагаахын сургуулийн оюутнуудыг аль нэг газарт зөөгч, угаагч хийлгэхийг хүсэхгүй байна. Тиймээс тэднийг мэргэжлийнхээ дагуу ажиллаж, мэдлэг туршлага хуримтлуулах боломжоор хангах нь зүйтэй. Гэхдээ зөвхөн анагаахын биш бүх салбарын оюутнуудыг ийм боломжоор хангаснаар боловсон хүчний дэвшил бий болно.  
Оюутнуудад тулгамдаж буй олон бэрхшээл байсны нэг нь нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих. Үүнийг Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагууд хамтарч, шийдвэрлэсэн. Ингэснээр оюутнууд нийтийн тээврээр сард 22 удаа үнэгүй зорчдог байсан бол одоо 44 удаа зорчих боломжтой болсон. 


-Холбогдох талууд уулзаж, санал бодлоо солилцох нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх эхний алхам. Дараагийнх нь тухайн уулзалт цуглаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх явдал байдаг. Та бүхний уулзалтын үр дүн хэзээ гарах вэ?  
-Залуучуудын сэтгэлгээ, аливааг харах хандлага өөрчлөгдсөн байна. Тэд төр засгаас бэлэн халамж хүсэхээс илүүтэй бодит ажлын байртай болохыг, мэргэжлээрээ ажиллах нөхцөл бүрдүүлэхийг хүсэж байна. Оюутнууд сурч байх хугацаандаа мэргэжлээрээ ажиллаж мөнгө олох, дадлага туршлага хуримтлуулах хүсэл сонирхолтой байдаг юм билээ. Тиймээс бид боломж бололцоондоо тулгуурлан энэ систем рүү орох ажлыг эхлүүлээд байна. Эхнээсээ тодорхой, бодит үр дүн гарч байна. Тухайлбал, соёл урлагийн чиглэлээр сурч буй оюутнуудыг уран бүтээлийн тоглолтоо хийх, дадлагажих боломжийг бүрдүүлэхийн тулд Соёлын төв өргөө болон дүүргийн соёлын орднуудыг үнэ төлбөргүй болгосон. Ингэснээр соёл урлагийн сургуулийн оюутнууд хамтарч, Соёлын төв өргөөнд тайлан тоглолтоо хийлээ. 
Хамгийн чухал нь цалинтай дадлага хийх, цагаар ажиллах хүсэлт гаргаж, бүртгүүлсэн анагаахын оюутнууд эхнээсээ ажилдаа орсон. Бие болон сэтгэл санаааны хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүрээнд, сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж буй асуудал хүн бүрийн сэтгэлийг зовоож байна. Тиймээс тэдгээр оюутан харьяа хороо, өрхийн эмнэлэгтэй хамтарч, гэр хорооллын зорилтот бүлгийн айл өрхийн хүүхдүүдэд үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд анхан шатны тусламж үзүүлж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Үзлэгээр хүчирхийлэлд өртсөн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тухайн хүүхдийг дараагийн шатны эрүүл мэндийн төв болон холбогдох шат шатны байгууллагад нь хүлээлгэн өгөх юм.   
-Анагаахын сургуулийн оюутнуудын хувьд том боломж гарчээ. Тэгвэл бусад салбарын сургуулийн оюутнуудыг цалинтай дадлагажуулах, цагаар ажиллуулах боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ?  
-Бүх сургуулийн оюутнуудыг ийм боломжоор хангахын тулд тодорхой ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Батлан хамгаалахын салбарын оюутнууд “Эх оронч сурагч” аяллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулж, хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээ суулгах юм. Үүнээс гадна хөдөө аж ахуйн оюутнуудыг дэмжиж, газар тариалан эрхлэх боломжоор хангаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, төмс хүнсний ногоо тариалж практикт суралцах боломж бүрдүүлэхийн тулд  үр үрсэлгээ, талбай зэргийг нь шийдэж өгсөн. 


-Тодруулбал, хаана, ямар байдлаар тариалалт хийх вэ? 
-“Улаанбаатар агро парк” буюу Сонгинохайрхан дүүрэгт төмс, хүнсний ногоо тариалах зориулалттай 43 га талбай газар бий. Тухайн газарт төмс, хүнсний ногоо тариалах хүсэлтэй зорилтот бүлгийн буюу өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг бүртгэсэн. Тэднээс 18-59 насны нийт 650 хүнийг сонгон авч, талбай хуваарилж өгөх ажлыг зохион байгуулж байна. Үүнд хөдөө аж ахуйн чиглэлээр сурч буй 100 оюутан багтаж байгаа. Сонгогдсон хүмүүст ногооны үр үрсэлгээг нь өгөхөөс гадна усалгааны системийг мөн шийдэж өгч байна. Тухайн хүмүүс мэргэжлийн аграномичийн заавар зөвлөгөөний дагуу ногоогоо тарьж, ургуулна. Тухайн талбайн хажууд мөн хүнсний зориулалттай 35 хүлэмжийг өрхийн аж ахуй эрхлэх хүсэлтэй зорилтот бүлгийн хүмүүст хариуцуулж өгч байгаа. 


-Тарьж ургуулсан хүнсний ногоогоо хаана, яаж худалдан борлуулах вэ гэдэг том асуудал бий. Энэ талд дэмжлэг үзүүлэх боломжтой юу?
-Энэ асуудлыг бид шийдсэн. Тэд намар ургацаа хурааж аваад тодорхой хэсгийг нь өрхийн хэрэглээндээ зарцуулах боломжтой. Харин үлдсэн төмс, хүнсний ногоогоо худалдан борлуулах задгай талбайг нь үнэгүй гаргаж өгнө. Бид өрхийн аж ахуйг хөгжүүлэхийн тулд энэ мэт байдлаар дэмжиж байна. Яагаад гэвэл, манай улс хүнсний ногоо, ялангуяа нарийн ногооны дийлэнхийг импортоор авдаг учраас бид одоо нөөц боломждоо тулгуурлаж, мөн давуу байдлаа ашиглан дотооддоо үйлдвэрлэдэг болох ёстой. 
Ерөнхийдөө халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж ажиллаж байна. Ажил, орлогогүй тухайн иргэнд бэлэн хоол

, мөнгө өгөхөөс илүүтэй насан туршид нь хэрэгтэй хөдөлмөрт татан оролцуулах, сургах нь чухал юм. 
-Төмс, хүнсний ногоо тариалах бүх боломжоор хангаж буй нь үнэхээр бодит дэмжлэг болжээ. Цаашид ийм байдлаар бусад дүүрэгт энэ ажлыг хэрэгжүүлэх үү. Төлөвлөсөн зүйл юу байна вэ?  
-Судалж байна. Алслагдсан дүүрэгт хэрэгжүүлэх боломж бий. Гэхдээ жишиг болгож эхлүүлсэн ажлын үр дүнгээс шалтгаална. Тухайн газарт дахин хэрэгжүүлэхдээ энэ жил хамрагдсан хүмүүсийг дахиж оруулахгүй. Бусад хүнд боломж олгоно.  Хүмүүс ажил хийх хүсэл сонирхолтой ч учраа олохгүй байна. Зарим нь мэдээ мэдээлэл дутмаг байна. Тиймээс иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөх, чиглүүлэх, төлөвлөсөн бизнесээ эхлүүлэхэд нь дэмжих нь чухал. 
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон хөтөлбөр, 28 арга хэмжээг хэрэгжүүлснээр 21.4 мянган ажлын байр бий болсон байна. Тухайлбал, байнгын 8000, түр 7000, цагийн 8.4 мянган ажлын байр бий болсон гэсэн тоон мэдээлэл бий.


-Залуучууд их, дээд сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй ч ажил олгогчийн шаардлага, ялангуяа “ажлын туршлага” гэдэгт бүдэрч, өөр сонголт хийх тохиолдол байдаг.  Үүнийг л шийдэх хэрэгтэй болов уу?  
-Яг үнэн. Дөнгөж сургуулиа төгссөн хүнд яаж ажлын туршлага байх вэ дээ. Оюутнууд онолын мэдлэгийг хангалттай авч байгаа. Харин практикт сургах л чухал учраас үүнийг шийдэх эхлэлийг бид тавьсан. Шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулиар ч оюутнуудад ийм боломж нь нээгдсэн. 
Залуу хүний хувиар харахад Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шаардлага шалгуур, мерит зарчим залуучуудад тийм ч ээлтэй биш. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.  Мөн цалин хангамжийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үздэг. Эдгээрийг шийдэхээс гадна мэдлэг, чадвартай боловсон хүчнийг урьж ажиллуулдаг жишиг тогтоох хэрэгтэй. Төрийн байгууллагад ажиллах хүсэлтэй залуучуудын зоригийг мохоож болохгүй. Мэдлэг чадвартай, хийж бүтээж чадаж л байвал ажилласан жил, нас, хүйс үл харгалзан хариуцлагатай ажилд томилдог л байх хэрэгтэй. Хуульд уягдаж, олон жил ажилласан, туршлагатай  байх ёстой гэх мэт шаардлага залуучуудад тавих нь буруу гэж боддог. 
Залуу хүн учраас залуучуудыг дэмжиж ажиллахыг хичээдэг. Амьдралд хөлж тавьж буй оюутан, залууст тодорхой, бодит дэмжлэг үзүүлэхгүй, боломж бололцоо олгохгүйгээс болж ажилгүйчүүдийн эгнээ тэлдэг. Эсвэл гадагшаа явдаг.  Тиймээс залуучуудад боломж олгож, шинэ санаачилга хэрэгжүүлэх нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Цаашид хот залуучуудыг дэмжиж, залуучуудаар хүч сэлбэнэ. Хотын үндсэн бодлого бол залуучуудын дуу хоолойг сонсож, тэднийг дэмжиж, боломж олгоход чиглэж байна. Бид залуучуудад ээлтэй байх концепцын хүрээнд ажиллаж байна. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилд орохын тулд танил тал хайх шаардлагагүй, төрийн байгууллагуудын төлөөлөл өөрсдөө ажлын байраа оюутнуудад танилцуулж, санал болгодог тогтолцоог нэвтрүүлж буйгаараа онцлогтой. Засгийн газраас ийм чиглэл баримталж байгаа. 


-Жижиг дунд болон гарааны бизнес эрхлэгч залуучуудын хувьд хамгийн гол дэмжлэг нь  санхүүжилт.  Төрөөс олгодог дэмжлэг тусламж, зээл яг эзэндээ хүрч чадаж байна уу гэдэг асуудал бий?  
-Төр хаалттай гэж иргэд шүүмжилж байгаа нь буруу биш. Олон жил үргэлжилж байгаа ч хүмүүс тэр бүр мэддэггүй төслийн санхүүжилтийн дэмжлэгийн талаар хөндөж, ил болгосон. Гэхдээ би “жижиг асуудал хөндлөө” гэж шүүмжлүүлсэн. Яг үнэндээ энэ төслийн талаар сонсоогүй, мэдэхгүй хүн олон байдаг юм билээ. Энэ асуудлыг ил болгож, уриалснаар өрсөлдөх залуучуудын тоо эрс нэмэгдсэн шүү. Өнгөрсөн онд 478 залуу бүртгүүлж, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 18 багийн 36 шилдэг залуу шалгарч, тус бүр 10 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авсан. Ер нь бол мэдээлэлд арай ойр хүмүүс нь л үүнийг авдаг байсан юм билээ. Төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг аль болох олон нийтэд нээлттэй зарлаж, сонирхож буй хүмүүс нь шударгаар өрсөлдөж авдаг зарчмыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. 
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжиж байгаа. Хамгийн сүүлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, их хэмжээний мөнгө гадагшаа урсахаас хамгаалж чадсан. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн орчин бол нэлээд сайжирсан. Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүний хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх боломжтой. 


-Төр засгаас хэчнээн сайн бодлого шийдвэр гаргасан ч хэрэгжүүлэх шатанд очоод гацдаг, улмаар төрийн байгууллага иргэн хоёрын хооронд үл ойлголцол, зөрчил үүсдэг асуудал бий. Тиймээс төрийн байгууллагуудын уялдаа холбоог илүү сайжруулах хэрэгтэй болов уу?  
-Санал нэг байна. Зарим шийдвэр хэрэгжүүлэх дунд, доод шатандаа очоод гацдаг тал бий. Төр засгаас гаргаж буй бүх шийдвэр оновчтой гэж хэлж чадахгүй. Тухайн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд бодит хөрсөн дээрх асуудлыг ойлгож байж л шийдвэр гаргах нь зөв. Талууд урд урдаасаа харж, асуудлаа ярьж санал солилцож байж шийдвэр гаргах нь илүү бодит байдаг. Хэрэгжүүлэхэд ч үл ойлголцол, зөрчил гарахгүй.  Хотын дарга өнгөрсөн долоо хоногт бизнес эрхлэгчидтэй уулзсан. Асуудлаа мэддэг, биеэрээ туулсан хүмүүсээс л бодит санал санаачилга урган гардаг. Үүнийг шийдвэр гаргагчид бодлого чиглэлдээ тусгах чиглэлийг барьж байна. 
Улаанбаатар хот том, тулгамдаж буй асуудал олон. Тухайн асуудлыг жижиг, том, чухал, чухал биш гэж ялгахгүйгээр гарц шийдэл эрэлхийлж, жишиг болох зарим ажлыг эхлүүлээд байна. Нэг дарга ширээний ард сууж байгаад л шийдвэр гаргаж,  хэрэгжүүлэхийг үүрэгддэг байдлыг халж байгаа. Өрөөнөөсөө гарч, хөрсөнд бууж ажиллах ёстой. Би ийм л зарчим баримталдаг. Миний албан тушаал бол нийслэлийн салбар хариуцсан менежер. Дарга гээд л хэдэн хүн өрөөндөө дуудаад загнадаг ажил бол биш. Салбар хоорондын уялдаа холбоог хангаж, хотын даргын бодлого чиглэлийг иргэдэд таниулах, хүргэх үүрэгтэй.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 18 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 21 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 21 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 21 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 21 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 21 цагийн өмнө
SDY Calling you... 21 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 22 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 22 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 22 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 22 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22