Х.Нямбаатар: Ерөнхий сайд байсан шүү дээ, Ч.Сайханбилэг эх орондоо ирнэ гэж найдаж байна


Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж “5Ш” ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай уулзаж ярилцлаа.

 

-Засгийн газрын “5Ш” ажиллагаа ид үргэлжилж байна. “Шувуу” ажиллагааны хүрээнд гэмт хэрэгт шалгагдаж байгаад гадаад руу оргон зайлсан хүмүүсийг эрэн хайж эхэлсэн. Одоогоор хэдэн хүн Монголд ирээд байгаа вэ?

-Улсын хэмжээнд одоогоор 121 хүнийг гадаад улс руу оргон зайлсанд тооцож байна. Тэдний 29 нь АТГ-т, 92 нь ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд шалгуулж байхдаа оргон зайлсан. Эрүүгийн цагдаагийн албанд бүртгэлтэй нөхөд хүнийг санаатай алах, их хэмжээний залилан, хулгай дээрмийн хэргээр шалгуулж байхдаа оргосон. Одоогоор АТГ-т шалгагдаж байхдаа оргон зайлсан дөрвөн хүн ирсэн. Филиппинээс нэг хүнийг авчирсан, хоёр нь сайн дураараа ирсэн. Дөрөв дэх хүнийг хоёр долоо хоногийн өмнө авчирсан. ЭЦА зарим хүнийг олж ирэхээр олон улсын эрх зүйн “Extradition” буюу шилжүүлэн авах ажиллагааны дагуу бичиг, баримтын бүрдэл хийж байгаа. 

-Хүмүүсийн анхаарлын төвд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хоёр байна. Ч.Сайханбилэгийг шилжүүлэн авах асуудлыг АНУ-ын талтай хэлэлцэж байгаа гэсэн. Хэлэлцээрт ахиц гарсан уу?

-“Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн хайж байгаа хүмүүс хаана, аль улсад байршиж байгааг тогтоох ажил үргэлжилж байна. Манай улс өмнө нь нэг ч хүнийг хилийн гаднаас, авчирч байгаагүй.  Авчирсан нэг хүн бий. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шалгах гэж Францаас авчирсан Энхбат. Гэхдээ олон улсын жишгийн дагуу шилжүүлэн авах процесс явагдаагүй. Хууль бус үйлдэл болсон. Бид сая Филиппин улсын талтай олон улсын эрх зүйд мөрдөгддөг шилжүүлэн авах ажиллагааны процессыг хэрэгжүүлж Т.Бадамжунайг авчирсан. 

Ч.Сайханбилэгийн асуудлаар АНУ-д хүсэлт тавьсан. Одоогоор хариу ирээгүй байна. Би “Монгол Улсын Ерөнхий сайд байсан шүү дээ, Ч.Сайханбилэг эх орондоо ирнэ гэж найдаж байна. Тэр хүнд ийм хэмжээний ухаан байгаа” гэж боддог. Олон түмний нэхэл тавигдахдаа удаан. Үүнийг тэр ойлгоно гэж бодож байна. Засгийн газар Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвөөр дамжуулан гадаад улсад амьдардаг, Монгол Улсаас эрэн хайж байгаа хүмүүсийн мэдээллийг авч эхэлсэн. Энд тодорхой хүмүүсийн мэдээлэл ирж байгаа.

-Авлигын гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох ажлыг аль ч Засгийн газар эхлүүлж байгаагүй. Нийгэм энэ ажлыг Монгол Улс шударга, тэгш боломжтой тогтолцоонд шилжих эхлэл байгаасай гэж хүлээж байна. ХЗДХ-ийн сайдын хувьд үр дүнг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарласан “5Ш” ажиллагаа үр дүнд хүрнэ. Жишээ нь, Засгийн газар “Шүгэл” ажиллагаанд хамааралтай Шүгэл үлээгчийн тухай хуулийг парламентаар батлуулах гэж байна. Энэ хууль үйлчлээд эхлэхээр олон нийт, албан тушаалтны хууль бус үйлдлийн тухай мэдээллийг сөхөөд гаргадаг болно. Үнэн бодитой мэдээлэл өгснийхөө төлөө мөнгөн урамшуулал авна. Өөрсдийгөө хамгаалуулах тогтолцоотой болно. Энэ бол ардчилал хөгжсөн орнуудад байдаг жишиг. Энэ хууль бол авлигатай тэмцэх ажилд олон нийтийн хяналтыг оруулах механизм болно. Хууль хэрэгжихээр нийтийн албанд ажилладаг хүмүүс ч ёс зүйгээ сахиад, соёлжоод эхэлнэ. Үнэндээ нийтийн албанд бугшсан асуудлыг ярихад хүнд шүү дээ. Иргэдээс мөнгө авдаг асуудал замын цагдаа нараас эхлээд яригдана. Энэ хууль батлагдвал төрийн албанд олон нийтийн хяналт нэвтэрнэ. Алба хаагчид нь иргэдээс авлига авах аргагүй болно. Энэ бол ганцхан л жишээ. 

“Шилэн” ажиллагааны хүрээнд төрийн бүх байгууллагын санхүү, бичиг баримтыг нээлттэй болгож байна. Парламентаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг батлуулж, Боловсролын зээлийн сан, ХААДС-аас зээл авсан болон Богд уулын аманд газар авсан хүмүүсийг нийтэд мэдээллээ. Ашигт малтмалын бүх лицензийн эздийг гаргаж ирлээ. Төрийн өмчит компаниудын тайлан ил болж байна. Далд байсан бүх мэдээлэл ил болоод эхлэхээр тэгш биш зарчим олон жил үйлчилж ирсэнд иргэд дургүйцэн, зэвүүцэж байна. Зарим хүн Хөгжлийн банкнаас зээл авсан, хүүхдэдээ Боловсролын зээлийн сангийн зээл авч өгсөн, гэр бүлээрээ Богд ууланд газар авсан байх жишээтэй. Энэ чинь нийтийн тэгш боломж алдагдсан тод жишээ биз дээ. Бидний туулж өнгөрүүлсэн 30 жилийн алдааны нэг үр дагавар.

Харин “Шүүр” ажиллагаа бол төрийн албыг хувийн ашиг сонирхолдоо ашигладаг, орлогоосоо давсан хэрэглээтэй хүмүүсийг төрийн албанаас чөлөөлөхөд чиглэсэн. Ажил ч эхэлсэн. Зарим хүн өргөдлөө өгөөд гарсан. “Шилжүүлж авах” ажил буюу мөнгө, хөрөнгө шилжүүлэн авах ажил урагшилж байна. АТГ, Прокурорын байгууллагууд яг одоо Латви улсын Авлигатай тэмцэх болон прокурорын байгууллагатай хамтран Авлигын хэрэг нь шийдэгдсэн хүний Латвид байршуулсан 500 мянга орчим ам.долларыг шилжүүлэх хэлэлцээр хийж байна.

-Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог ирэх 30 жил рүү чирч оруулмааргүй байна гэсэн хандлага нийгэмд үүссэн. Алдаагаа давтахгүйн тулд бид юу хийх ёстой вэ?

-Би ганц статистик хэлье. Манай улсын ДНБ ердөө 14 тэрбум ам.доллар. АНУ-ын Нью-Йорк хотын Цагдаагийн газрын жилийн төсөв 13.5 тэрбум ам.долларт хүрсэн тохиолдол байдаг. Энэ хоёрыг харьцуулаад бод. Бид ийм жижигхэн эдийн засагтай улс. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын өмнө иргэдийнхээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, боловсрол, эрүүл мэндийн чанарыг сайжруулах, дэд бүтцээ босгох олон асуудал тулгарч байгаа. Шийдэхгүй удах тусам иргэдийн бухимдал нэмэгдэх нь тодорхой. Энэ бүгдийг шийдэхийн тулд Засгийн газар нэгдүгээрт, засаглалаа цэвэр болгох, хоёрдугаарт төрийн өмчит компаниудаа цэгцлэх ёстой. Улс төрийн намуудынхаа санхүүжилтийг ил тод, шилэн болгох ёстой. Мөнгөнөөс хамааралгүй сонгууль явуулдаг тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.

Үүнийг шийдэхийн тулд Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогоо тодорхойлж УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Энэ бол хөгжлийг хурдасгах, төлөвлөгөөтэй хөгжих боломжийг нээх бодлого юм. Монгол Улс 38 боомттой. Гэтэл ердөө хоёрхон боомтыг л төмөр замаар холбож чадсан. Уул уурхайгаас хэтэрхий их, 93 хувийн хамааралтай. Экспортын орлогоо эндээс л олдог. Мал аж ахуйн салбар нь тавхан хувийн экспорт хийдэг. Экспортын үлдсэн хоёр хувийг бусад салбар нь бүрдүүлдэг энэ эдийн засгийн бүтэц бол бидний хамгийн том бэрхшээл.

Түүхий эдийн үнэ унавал эдийн засаг хямардаг. Урд хөрш хилээ хаахад манай эдийн засаг дагаад хямардаг ийм эмзэг байдлаар бид цаашаа олон жил явахгүй. Улс орнууд бүх салбараа жигд хөгжүүлж байхад бид яагаад уул уурхайгаас хамааралтай байж,  эрсдэлийг туулах ёстой гэж. Тиймээс экспортын гарцаа нэмж, бусад салбараа тэгш хөгжүүлэх бодлого барьж байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, цэнгээнт аялал жуулчлалыг бий болгох том зорилтууд бий. Энэ утгаар УИХ-д Казиногийн хуулийн төслийг өргөн барьсан. Бооцоот морин уралдааны тухай болон Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг өргөн барьсан. Бидэнд ашиг олдог эдийн засгийн олон салбар хэрэгтэй байна. Одоо туулсан 30 жилийнхээ алдаа оноог дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлэх ажлаа зөв төлөвлөж, шийдэх ёстой. Нэг ёсондоо тогтолцооны шинэчлэл учраас энэ нь тийм ч амар зүйл биш гэдгийг хаана, хаанаа ойлгох хэрэгтэй.

 -“5Ш” ажиллагаанаас үр дүн гараасай гэж хүлээсэн ч нөгөө талдаа улс төрийн шоу болоод дуусах вий гэсэн эмзэглэл ч байна. Ийм шүүмжлэлд Засгийн газрын хамгийн чухал яамыг удирдаж байгаа сайдын хувьд таныг хариулт өгөх байх гэж бодож байна?

-Засгийн газар  кабинетын зарчмаар ажилладаг. Монгол Улсын Засгийн газрын гол бодлогыг зангидаж байгаа кабинетын тэргүүн, Ерөнхий сайд “5 Ш” ажиллагааг санаачлаад, үүрэг өгөхөд сайд нар хэрэгжүүлэхийн төлөө л ажиллах ёстой. Би даалгасан ажлыг үр дүнд хүргэчих юмсан гэж хичээж байна. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл,  Авлигын эсрэг ажлын хэсэг, “Оюу толгой” төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх зэрэг Засгийн газрын цөөнгүй Ажлын хэсгийг би ахалж байгаа. Заримдаа хоногийн 24 цаг хүрэлцэхгүй байх тохиолдол ч бий. Ажлаа сайн төлөвлөөд явж байна. Шүүмжлэл өрнүүлдэг хэсэг бидний ажлын сайн үр дүнг бараг дурсдаггүй. Гэхдээ гаднын, олон улсын байгууллагууд үнэлж байна. Жишээ нь, Монгол Улс  2020 онд Ази, Номхон далайн бүсийн байгууллага ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан. ФАТФ-ын 40 зөвлөмжийн 39-ийг богино хугацаанд биелүүлж, саарал жагсаалтаас гарч Монгол Улс бүс нутгийн орнуудад өндөр үнэлэгдсэн. Оюутолгой төслийн багтай хийсэн хэлэлцээр үр дүнд хүрсэн. Монголын ард түмэнд ирээдүйд үүсэх байсан 22 тэрбум ам.долларын өрийг Засгийн газар тэглэж, ашиг авах хугацаагаа наашлуулсан. Одоо ч хэлэлцээр үргэлжилж байна. Тодорхой үр дүн гарч байна. Хариуцсан ажилд гүнзгий орж, мэдэрч ажиллаж чадвал үр дүн гардаг гэсэн зарчмыг барьж ажилладаг.

-Та ХЗДХ-ийн сайдын албыг гурван жил хашлаа. Олон ч хэрэг төвөгтэй “ноцолдсон” байх. Анзаарч байхад монголчуудын авлигын нөлөөнд автамхай нийтлэг хандлага юу байна вэ?

-“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас хийдэг Авлигын төсөөллийн индексээр манайх хангалтгүй оноо авдаг. Энэ үзүүлэлтийг ахиулахын тулд  л авлигыг бууруулахаар ажиллаж байна. Хоёр долоо хоногийн өмнө гаднын зөвлөхүүдээс гурван цаг зөвлөгөө авсан. Улс орнууд “өгч, авалцдаг соёлын буруу хандлага”-ыг өөрчилж биш асуудлыг цогцоор нь нийгэм, эдийн засагтайгаа уялдуулан шийдэж байж авлигаасаа ангижирдаг юм байна. АТГ хүмүүсийг барьж хориод асуудал шийдэгдэхгүй. Эдийн засаг өсөж, компаниудын засаглал сайжирч, хууль шүүхийн тогтолцоо эрүүлжиж, цахимд шилжиж, төрийн албан хаагчид ёс зүйн хандлагаа эрс өөрчилж байж л энэ асуудлыг шийднэ.

Жишээ нь, “Транспэрэнси интернэшнл”-ийн зөвхөн нэг интекатор нь Дэлхийн банкны репорт. Дэлхийн банкны репорт дотроо 49 асуумжаар задарч байна. Тиймээс яг энэ байна гээд өнөөдөр нэг юм хэлэх ямар ч боломжгүй. “Транспэрэнси интернэшнл” маш олон интекатораас репорт авч манай дүнг тавьдаг. Ганцхан  репорт нь дотроо 49 задардаг гэхээр тэр асуумжид багтаж байгаа бүхнийг өөрчлөх, тодорхой байгууллагуудаа бэлтгэх ажлыг хийх шаардлагатай болж байгаа биз. Жишээ нь, манай бизнес эрхлэх үеийн индекс маш доогуур байдаг. Үүнийг сайжруулах ажил хийнэ. Мөн манай “хэрэг маргаан шийдэх процесс” хэтэрхий удаан. Хурд нэмэх хэрэгтэй болно. Гэх мэт бид асуумж бүрд чиглэсэн өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлж байж л засаглалаа сайжруулна.

-С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдан ял авсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийгэмд эсрэг, тэсрэг байр сууриуд гарч эхэллээ. Хэрэг хэрэгсэхгүй болгох ямар шалтгаан байв?

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хүмүүсийг эрүүдэн шүүсэн хэрэг шийдэгдсэний дараа Монгол Улсын Ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон өөрт байх эрхийнхээ хүрээнд УДШ-д “Тухайн хэрэгт шинэ нөхцөл байдал үүслээ. Энэ хэргийг дахин хянаж үзнэ үү” гэдэг асуудлыг тавьсан. УДШ алдаатай шийдвэрээ засаж шийдвэрлэсэн. Прокурор, мөрдөн шалгах байгууллага ч ажлаа хийж “Хавтаст хэрэгт хүн амины хэргийг энэ гурван хүн үйлдсэн гэх нотлох баримт цуглараагүй байна. Тэднийг эрүүдэн шүүсэн” гэдэг асуудлыг гаргаж, яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгосон. Гэм буруугийн зарчим бол Эрүүгийн хэргийн үндсэн зарчим. Хангалттай нотлох баримтгүй байхад гэм буруугүй хүмүүсийг яллаж, хэлмэгдүүлсэн алдаагаа л төр зассан. Энэ хэргийг уншиж, судлаагүй, мөрдөөгүй, шалгаагүй хүмүүс зөв, буруу шийдсэн гэж ярих нь учир дутагдалтай.

-Талийгаачийн гэрт малгайгаа мартсан өдрөөс хойш С.Зоригийн амь насанд хамаарах дуулианд нэр холбогдож, хардагдаж ирсэн Э.Бат-Үүл төрөөс 25 тэрбум төгрөг нэхэмжилнэ гэж мэдэгдсэн?

-Энэ бол Э.Бат-Үүл гэдэг хувь хүний асуудал. Энэ хэргийг шийдэх үед хэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр, хэн Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм. Энэ хэрэгт холбогдуулан хэн Э.Бат-Үүлд Эрүүгийн хэрэг үүсгэснийг тодорхой ярих ёстой. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрх иргэн бүрд бий.    

  Д.Отгонжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/


0
angry
3
care
0
haha
9
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 17 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 20 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 20 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 20 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 20 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 20 цагийн өмнө
SDY Calling you... 20 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 20 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 21 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 21 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 21 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22