Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Цагаан эрэг” уран сайхны киноны гол дүрийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ч.Очгэрэл бүтээжээ. Дэлгэцийн бүтээлд хааяахан гарахдаа өөрт ногдсон дүрээ жинтэйхэн амьдруулчихдаг тэрбээр тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй. Үг хэлээрээ бус үйл хөдлөл, ажилласан дүрээрээ ямар жүжигчин гэдгээ илэрхийлэхийг хүсдэг нь түүний онцлог гэлтэй. Найруулагчийн итгэл хүлээлгэн өгсөн дүрийг гаргахын тулд өөрийгөө хэрхэн дайчилдаг нь ярианаас нь илт. Дөрвөн хүүхдийн ээж, авьяаслаг бүсгүйн инстаграм, фэйсбүүк хуудсыг олон хүн дагадаг төдийгүй түүнээс үлгэр дуурайл авдаг ээж, охид бүсгүйчүүд цөөнгүй байдаг юм.
-Кино зохиолтой танилцсан үеэс тань ярилцаж эхэлье. Хэрвээ тааруухан зохиол таарсан бол татгалзах байсан биз?
-Киноны зохиол бэлэн болоход хамгийн түрүүлж танилцдаг хүн нь найруулагч. Хэрвээ найруулагчийн санаанд буусан зохиол болсон байвал тэр үеэс киноны гол дүрд хэнийг тоглуулах талаар бодож эхэлдэг. Түүний дараачаас гол болон туслах дүрүүдэд жижиг хэсэг болон хүрснээр жүжигчдийн ажил өрнөнө. Кино бүтэх эхлэлийг товчхон ярихад энэ. Намайг анх киноны зохиолтой танилцахад цаг үеэ оносон сэдэвтэй бүтээл юм шиг санагдсан. Ер нь жүжигчин хүн аль болох сайн зохиолтой кинонд тоглох сонирхолтой байдаг. “Цагаан эрэг” энэ хүлээлтээс давсан байсан учраас кино зохиол нь надад таалагдсан. Бас найруулагч Ц.Амартүвшинтэй үе тэнгийн, “100 жилийн эморол” кинонд хамтран ажиллаж байсан болохоор татгалзах шалтгаан байгаагүй.
-Найруулагч бол кино багийнхны хувьд маэстро. Энэ хүний хэлснээр кино зохиол дэлгэцийн бүтээл болно. Тийм болохоор нэг нэгнээ ойлгохгүй бол ажил урагшлахгүй?
-Бүтээлээс бүтээлийн хооронд туршлагажиж өнөөдөр ч суралцсаар явна. Энэ мэт олон зүйлээс шалтгаалан өмнө нь хамтарсан найруулагчтай ажиллахаар надад амар санагддаг байж магадгүй. Дээр нь найруулагч бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Ц.Амартүвшингийн хувьд хамтран ажиллаж байгаа кино багийнхантайгаа дандаа ярилцдаг. Энэ нь бидэнд дүртэйгээ ажиллахад дөхөм байдаг юм.
-Хөндлөнгөөс найруулагчийн гол дүрийн сонголт оновчтой санагдсан. Ялангуяа хөндөж байгаа сэдэвт тохирсон хосыг тэр “Цагаан эрэг”-т нийлүүлж чаджээ. Харин та юу гэж бодож байна вэ?
-Санал нэг байна. Жүжигчин Э.Тодгэрэлийн төрх, гадаад байдал дүртэйгээ тохирсон. Бас чадварлаг мэргэжлийн жүжигчин. Би хэн нэгнийг дүгнэж цэгнэдэг хүн биш. Өөрийн өнцгөөс партнёраа харахад Э.Тодгэрэл дүрийнхээ шугамыг сайн авч явж чаддаг юм байна гэж бодогдсон. Ингэж найруулагчийн оновчтой хийсэн дүрийн сонголтууд илүү наалдвал үзэгчдийг автуулж чаддаг.
-Шил шилээ даран гарах дэлгэцийн олон бүтээлээс “Цагаан эрэг”-ийн ялгарах онцлог нь юу байх вэ?
-Хэн ч үзсэн үнэнээс гажихгүй кино болж чадсан. Алсыг харагчаас ойр тойрныхоо бүх зүйлийг харах боломжтой. Яг түүн шиг амьдралын хувьд бүх зүйлээ хараад мэдэх боломжтой үе, түүн дотроо гэр бүлийн харилцааг гаргаж байгаа учраас бүхнийг “будаг”-гүйгээр харуулсан гэж би бодож байна. Мэдээж уран сайхны кино учраас уран сайхны зүйл гарах нь ойлгомжтой. Гэхдээ илэрхийлэх гэсэн гол зүйл нь амьдралын үнэнээс гарсан үед илэрхийлэх гэсэн санаа хол тасрахгүй л болов уу. Тэгээд ч “Цагаан эрэг” киног бид арай өөр өнгө төрхтэйгөөр гаргахаар анхнаасаа зорьсон. Нуршсан их харилцан яриа, текстгүй. Киног үзэхэд үйл хөдлөл, өрнөл нь аваад явчихаар бүтээл болсон. Бас нэг зүйл нь донтолтыг харуулснаараа онцлогтой. Хүн ямар нэгэн зүйлд донтсон бол гарах амаргүй шүү дээ гээд зогсохгүй бол ам халаад киноныхоо үйл явдлыг ярих нь /инээв/.
-Хэсэг хугацаанд нам жим байж байгаад “Цагаан эрэг”-т тоглолоо. Хамгийн эхний урмын үгийг хэнээс сонсов?
-Киногоо театрт гаргахын өмнө үзлэгт оруулахад сайн үнэлгээ авсан. Үүнээс их урам авчээ, одоо бодоход. Киночид худал магтаалыг амнаасаа унагадаггүй. Манай киног “сонирхолтой, өвөрмөц, өмнө нь гараагүй” гэж хэлэхийг сонсоод илэрхийлэх гэсэн зүйлээ гаргаж чадсан юм байна гэж өөрийн эрхгүй бодогдсон.
-Танд уран бүтээлийн санал ирдэг ч хүлээж авдаг нь цөөн. Яагаад өөрийгөө цензурдэж, хатуу шаардлага тавьдаг юм бэ?
-Би аль болох цөөн кинонд тоглохыг хичээдэг. Ар араас нь олон кинонд тогловол надаас юм гарахгүй байж магадгүй. Нэг жилд хоёр дүр дээр ажиллахад хангалттай гэж боддог. Тэр хоёртоо хамаг чадлаа зориулан найруулагчийн надад өгсөн итгэлийг алдахгүй байх юмсан гэж хичээдэг. Ингэж ажилласан нь надад амар. Сэтгэл хангалуун байж чаддаг юм.
-Энэ байдал нөгөө талаараа хүлээлт үүсгэдэг. Таны тоглосон дүрийн ялгарах байдал нь нэмэгдсэнээр дэлгэцийн бүтээл илүү урт наслах боломжийг бүрдүүлдэг байж магадгүй юм.
-Нөгөө талаар найруулагч жүжигчиндээ асар их итгэдэг. Гэтэл тоглосон кино нь үзэгчдэд хүрээд удаагүй байхад тэр жүжигчний дүр бүтээсэн өөр нэг кино гараад ирвэл сонин биз дээ. Ойр ойрхон кинонд тоглохоор үзэгчдийн дүрээ хүлээж авах боломжийг алга болгочихдог юм шиг... Тэгэхээр киног залуурдах гол дүрийг найдаж өгсөн хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй, ёс зүйтэй байх нь чухал гэж би боддог. Тэгээд ч кино их сонин. Анхандаа сайн бүтээл үү, тааруу кино юу гэдгийг мэдэх боломжгүй. Харин нээлтээ хийснээс хэдэн жилийн дараа мэдрэгддэг. Хэн нэгэн хүн “Таны тэр киног үзсэн. Тийм сэтгэгдэл төрж байсан” гэсэн мэссэж ирдэг. Энэ нь нэг талаараа найруулагчийг үнэлэх үнэлгээ болдог.
-“Цагаан эрэг” нээлтээ хийгээд хэд хонолоо. Кино багийн хамтын ажлынхаа үр дүнг ямар байгаасай гэж хүлээж байна вэ?
-Ажиглахад киног үзэх сэдэл төрүүлэх арга хэлбэр харилцан адилгүй. Хүмүүсийн амнаас ам дамжин хүрч киноны танхим руу хөтөлдөг. “Чи тэр хүнийг буруугаар ойлгож байсан бол тэр киног үзээрэй. Эсвэл тэр киноны дүр амьдралд ойр учраас үзээд ухаарал өгөхөөр болсон” гэдэг ч юм уу. Манай кино яг тийм хэлбэрээр үзэгчдийг урин дуудаад байгаа юм шиг санагдсан. Гэхдээ би бидний бүтээсэн киног заавал үзээрэй гэж хэлэхгүй. Кино театрт гарч байхад нь амжиж үзэхгүй ч дэлгэцээр, эсвэл IPTV-д орохоор үзэж болно. Тэр үед үзээд мэдрэмж авч байвал бидний ажил бүтэж буй хэрэг юм.
Хүмүүс энэ киноноос юу авах вэ гэж асуудаг. Амьдралынхаа цаг гучин минутыг нэг кинонд зарцуулна гэдэг нь таны анхаарлыг өөр зүйлд, өөр ертөнцөд аваачиж байгаа хэрэг. Сайн кино нүд, чихийг чинь цаг гучин минут төгс хуурдаг. Хамгийн гол нь хугацаа ямар байхаас үл шалтгаалан таны анхаарлыг татаж байгаа бол тухайн бүтээлийг үзсэний хэрэг гарч байна гэсэн үг.
Кино хүнд мэдлэг, мэдээлэл, мэдрэмж гэсэн хэдхэн чухал зүйлийг өгдөг. Манай киноны хувьд үзэгчдэд мэдрэмж өгөх байх. Хүн бүрийн харах өнцөг өөр. Тогтсон зүйл гэж үгүй учраас өөр өөрийнхөө дүгнэлт хийж манай киног үзэх байх.
-Эмэгтэй хүний зовлон жаргал, баяр баясал, бас нийгмийн үзэгдлүүдийг зоригтойгоор гаргасан киноны дүр тантай хэр уялдав?
-Гэрийн эзэгтэйн дүр гэдэг утгаараа надад илүү ойр байлаа. Яг л энэ насан дээрээ ажиллах дүр шиг санагдсан. Гэнэн биш, гэхдээ түүхий ногооноороо ч биш.
Кино урлаг руу ороход амархан. Харин энэ салбарт байнга орших хэцүү
-Өнгөрсөн жилүүдийн нам жим байсан хугацаанд гарсан таны өөрчлөлтөөс сонирхмоор байна?
-Сэтгэл санааны хувьд их хүчтэй болсон байх. Ер нь кино урлаг руу ороход амархан. Харин энэ салбарт байнга орших хэцүү юм билээ. Аль нэг сургалтад хамрагдахаас илүү амьдралд тохиолдож байгаа зүйлсээсээ туршлага авдаг, ажигладаг. Урлагт арын хаалга гэж байхгүй. Чадваргүй бол хаягдана. Ямар нэгэн байдлаар чадвар эсвэл сэтгэл харагдаж байж цааш хөдөлнө. Тэгж чадахгүй бол энэ салбараас арчигдана.
-Тайзны бүтээлд тоглох бодол бий юү?
-Тайз, дэлгэцийн уран бүтээл хоорондоо асар том ялгаатай. Үүнээс надад тохирох нь дэлгэцийн бүтээл гэж бодсон. Тиймээс одоо ч уран бүтээлээ хийгээд явж байна. Өмнө нь тайзны уран бүтээлд тоглох санал тавьж байсан. Гэхдээ тайзны уран бүтээлд тоглох тийм ч амар зүйл биш. Тиймээс би тайз, дэлгэцийг хослуулан авч явдаг уран бүтээлчийг гайхалтай авьяас чадвартай гэж боддог. Тэднээр бахархдаг. Миний аз гэх үү, дэлгэцийн бүтээлүүдэд тоглохдоо үнэхээр сайн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан. Тэр хүмүүсээс жүжигчний уран чадварын зүйлүүдээ сурна. Зохиолоо авсны дараачаас өөрөө өөртэйгөө ажиллана. Зохиолоо гар дээрээ авснаас хойш өдөр шөнөгүй бэлдэнэ. Тольтой ажиллана. Инээж, уйлж, дуулж үзнэ. Үнэхээр дэлгэцийн бүтээлд хайртай, тоглох дуртай болохоор түүнд өөрийгөө сорих дуртай. Хүнгүй орчинд өөртэйгөө тулж ажилладаг. Магадгүй тийм болохоор нэг их стресстдэггүй байх.
Амьдралын хэмнэл маань надад бэрхшээлтэй санагддаггүй
-Таны дуулсан “Losing control”-ыг хэдхэн цагийн өмнө сонслоо. Мэдрэмжээр доторлож бас нэгэн өөр Очгэрэлийг гаргаад иржээ. Тэгэхээр бид цаашид дуучин Очгэрэлтэй уулзана гэж ойлгож болох уу?
-Киноныхоо дууг дуулсан. Гэхдээ дуучин болох амаргүй. Хүмүүс намайг дууны чиглэлээр авьяас чадвараа сориод үз гэхээр нь өөрийгөө гололгүй оролдлого хийсэн, үзсэн. Цаг нарны хувьд уран бүтээлчээс маш их зүйл шаарддаг. Дуучдыг гаднаас харахад дуулах амархан юм шиг санагддаг байх.
Гэтэл амьдралынхаа олон зүйлийг хойш тавьж урагш алхдагийг би зах зухаас нь мэдэрсэн. Наад зах нь хоолойгоо бичүүлэхэд өлсгөлөн, эсвэл цатгалан байж болохгүй гэх зэргээр хариуцлага их шаарддаг юм билээ. Тиймээс дуугаа жаахан хойш тавьсан байгаа. Одоохондоо тоглосон уран бүтээлийнхээ киног дуулах зэргээр л хязгаарлаж байна. Гэхдээ дуучин болно гэдэг дуулахаас тэс ондоо зүйл. Ер нь дуулдаг хүн бүр дуучин болдоггүй. Юм мэдэхгүй хүн их юм ярина. Дуулаачийн талаар мэдэхгүй хүмүүс л амархан гэж ярьдаг байх.
-Хүүхдүүд тань харьцангуй бие даасан болохоор танд уран бүтээлдээ түлхүү анхаарах боломж өгч байна уу?
-Би дөрвөн хүүхэдтэй. Бараг бүгдээрээ биеэ даасан. Тэгэхээр надад жүжигчний карьертаа анхаарах боломж олдож байгаа цаг хугацаа. Гэхдээ би жүжигчний карьераа эхлүүлэхдээ одоогийнх шигээ байсан. Урлаг, ээж болох хоёр маань зэрэгцээд явж байсан болохоор амьдралын хэмнэл маань надад бэрхшээлтэй санагддаггүй. Бүгдийг байх ёстой зүйл шиг хүлээн авсан болохоор түүндээ түүртээгүй. Өнөөдөр кинондоо тоглоод явж байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна