​ “Мянган гарт”, түмэн бүтээлтэй багш

unen
4 цагийн өмнө

Өглөөний цэнгэг агаар өрөөний цонхоор зуны хөнгөхөн сэвшээ хөлөглөн орж ирэх нь сэтгэлд нэн тааламжтай. Гудамжаар холхих хүмүүсийн яриа там тум сонсогдох бөгөөд хөнгөн тэрэгний моторын жигдхэн анир мөн сонорт өртөх ажаам.  

 

Урианхайн Хар хуурчид овгийн Цэрэнгийн Ядамжав 

“Монголын үнэн” сонины редакц мөн үү” гэсэн нэлээд өвгөжөөр хоолой сонсогдохуй 70 жаахан гарсан болов уу гэмээр хөнгөн шингэн алхаатай буурал үсээ арагш илсээр орж ирсэн нь Цэрэнгийн Ядамжав гуай байлаа. Цөс ихт урианхай түмний он цагийн бичээс, орхигдож мартагдсан ургийн хэлхээс, орчин цагийн урлагийн түгээгч болж яваа буурай өчүүхэн гэж даруухнаар тодотгосон уран бүтээлийнхээ дээжийг сонирхуулахаар зорьж иржээ. МУБИС-ийн зураг хөдөлмөрийн ангийн 65 жилийн түүх 86 настай багшаар биежин өмнө минь сууж байлаа. Энэ түүхийн эхлэл 1956 онд Ардын зураач Л.Гаваа гэдэг хүнтэй Баян-Өлгий аймгийн Толбо сумын залуу хүү Ц.Ядамжав танилцсанаар эхэлжээ. МУБИС-ийн зураг, хөдөлмөрийн анги 1958 онд нээгдэхэд Ардын зураач Л.Гаваагийн зөвлөснөөр орж суралцаад 1962 онд төгсөхдөө дипломынхоо ажлыг мөн л зураач Л.Гаваа гуайгаар удирдуулсан нь их хүнтэй ойрхон ажилладаг байжээ гэдэг бодол төрүүлнэ. 

Чадварлаг мэргэжилтнээр үргэлж дутагдаж байсан шинэ залуухан бүрэн эрхт улс гадаад мэргэжилтэн урьж залуусаа сургаж бэлтгүүлдэг байж. Зураг хөдөлмөрийн ангийн цаашдын хувь заяаг даатгах хариуцлагатай ажилд сонгогдож бэлтгэгдсэн хүн нь Ц.Ядамжав гуай. ЗХУ-ын мэргэжилтэн багш С.Ф.Строгановын залгамжлуулан үлдээсэн шавь нь суралцаж төгссөн ангидаа багшлах томилолт өвөрлөн эргэж ирснээсээ хойш даруй 53 жил нэг л орон тоон дээр “Томилов”, “Тэтгэвэрт суув” гэдэг хоёрхон тушаалын хооронд ажиллаж амьдарсан ховорхон оногдох хувь тавиланг үүрчээ. 

Дүрслэх урлагийн багш гэдэг оюутнуудад дүрслэх урлагийн бүх л чиглэлээр зааж сургах чадвартай байх ёстой. Яагаад гэвэл багш хүн учраас хэмээн хүүрнэх зуураа зарим хүн гавьяа байгуулаад гавьяат болдог бол би 53 жил тасралтгүй нэг орон тоон дээрээ ажиллаад гавьяат болсон хүн шүү гээд хошигноод авч байна. Ц.Ядамжав гуайн барьж ирсэн уран бүтээлийнх нь дээжийг бид үзэж сонирхон, аргагүй л бүтээлч хүн юм даа хэмээн ярилцсанаар урланд нь зочлох хүсэлт тавьж зөвшөөрөл авлаа. Бид уулзах цаг товлож, эргэн баяртай уулзахыг ерөөлцсөөр үдэж мордуулав.  

 

Таван төрлийн бүтээл төрөх урлан 

“Базарын Балдан гэдэг нэг зураач байлаа. БНХАУ-д зураг урлалаар суралцаж байгаад улс төрийн байдлаас болоод төгсөж чадаагүй ирчихсэн. Мундаг бар зураач л даа. Энэ хүн намайг бар зурагт уруу татсан даа” гэсээр Ц.Ядамжав гуай урландаа урьж орууллаа. Монгол Улсын баатар Дүгэрийн Нянтайсүрэн, Хөдөлмөрийн баатар хоньчин Зундуйн Очир нарын алдарт­ны хөргийг бар зургийн аргаар урласан нь өрөөнд нь байна. Хоньчин баатрын хөргийг урлах гэж бүтэн өдөр хамт хонь хариулж, нүднийх нь санааширсан харцыг л анаад явж. Мал маллагаа, голч, холч ухааны жишээ болсон баатрын дүрийг тэр л харцаар илэрхийлж болох юм шиг санагдаад байсан гэдэг. 

Сийлбэрч Д.Гэвшээхүү модон сийлбэрийн дөр суулгаж өгснөөс хойш мань эр огт зүгээр суухаа болилоо. Анхныхаа сийлбэрийг гараас гарган “Морьтны наадам” гэж нэрлэсэн байгаа юм. Морь гэхээр ухаанаа тавих шахдаг Монголд төрсөн эр биз дээ. Эрийн гурван наадмаас хурдан морийг сонгож, морьт харваа, саадтай харайлт, эмнэг булгиулахыг нэмж чимэн бүтээл болгов. Урлаж дуусаад харжээ суутал улам ихийг хийх хүсэл төрөөд болохоо болилоо. “Бүжиг” нэртэй сийлбэр дорхноо л бэлэн болов. Түүний урласан “Бүжиг” сийлбэрийг хараад Н.Цүлтэм Мон­голын урчуудын эвлэлийн хорооны гишүүн байж болох хүн гэж 1968 онд бүртгэж авсан юм билээ. Тухайн үеийн урчуудын эвлэлийн гишүүн бол­но гэдэг уран бүтээлч хүнд далавч, жигүүр орчин үеийнхээр бол турбо суулгуулчихсан юм шиг болно биз дээ. 

Дараагийнхаа уран бүтээлээр Монголчуудын оюун санаа, ур ухааны охь болсон 21 дарь эхийн нэг “Ногоон дара эх”-ийг амлан авсан нь олон хүнийг гайхширалд оруулсан нь баараггүй. Арга ч үгүй биз анхдугаар Богд ариун мутраараа тэг татаж, ур жаягийг нь дэглэж амрагхан бүсгүйнхээ мутраар баримжаалсан агуу бүтээл болохоор арга ч үгүй биз. Гэхдээ модоор шүү дээ. Богд хааны ордон музейд байх эх хувилбараас нь тэг, жаягыг нь хуулбарлаж 72 сантиметрийн хэмжээтэй бурхныг 52 сантиметрийн хэмжээнд авчраад сийлж орхилоо. Залуу, хийж бүтээхийн дон тусчихсан хүн урлаг бүтээлээ өөр яах гэсэн юм. Модоор хийнэ гэдэг шавар, гуулиар цутгахаас илүү ур дүй шаардах нь мэдээж. Энгийн хүний нүдээр харахад саваагүй гэмээр, эсвэл элдэвтэй гэдэг ч билүү. Уран зургаар дипломоо хамгаалж эхэлсэн бол бар зураг, модон сийлбэрээр ур ухаанаа сорьж эхэлжээ. 

 

Дэлүүн Толбын дэлгэр уудам хөндий, Саруул гүний Урианхай албатууд 


Өмнөх ширээнд маань хоёр эмхэтгэл, нэг ном байна. Зохиогч нь Монгол Улсын Гавьяат багш Ц.Ядамжав гэжээ. Цөс ихт урианхай түмний он цагийн бичээс, орхигдож мартагдсан ургийн хэлхээс хэмээн нийтлэлийн эхэнд тодотгон өгүүлсний учиг энд тайлагдах буй за. “Алтай Саруул гүний хошууны урианхайчууд” хэмээх миний урдах ном хоёр дахь дэвтэр нь юмсанж. Үүгээрээ хошуу нутгийн түүхч гэдэг номын алдар ч хүртсэн буурай. Тэрбээр урианхай түмний түүх, уг шагийн бичээс, газар орны байршил хийгээд түүхэн нэрийг олж тогтоох үйлсэд ханцуй шамлан ороод чамлахааргүй амжилт олж, багагүй зүйл бүтээсэн. 

Дэлүүн Толбын уудам хөндий, Саруул гүний хошууны газар орны нэр өөрчлөгдөн казах болж байгаа нь түүхийг уламжлан таниулах, газрын зурагтай зөрчилдөн аялагч, жуулчдыг төөрүүлж мэдэх үр дагавартай юм. Зохиогч номондоо “Уг нь газар зүйн нэр, нэршлийг түүхэн уламжлалаар нь хадгалах асуудлыг хуульчилан тогтоох учиртай” хэмээн сануулан тэмдэглэжээ. Саруул гүний хошуу, Толбо нуурын тулалдаан зэрэг түүхэн үйл явдал болсон газруудыг олж тэмдэглэх ажлыг гардан хийж хошууны хүрээ байсан газарт гэрэлт хөшөө босгосон байдаг. 

 

Аниргүйн дунд урган ургасаар... 


“...Алив. Чи энийг нэг хараадах даа” гэсээр өвгөн багш намайг хөтлөн их эзний хөрөг зургийн өмнө авч ирэв. Эхлээд би нэг их анзаарсангүй хөрөг зураг л байна, түүх хүүрнэх юм болов уу хэмээн бодож зогсов. Өвгөн багш зураг руу нэг, миний нүүр өөд нэг харж зогссоноо үлмэдэг инээмсэглэснээ “Би сүүлийн үед уран зураг, бар зураг, сийлбэр, баримлаа ч орхисон. Сүүлийн үеийн барилгын хана гэж дуу чимээ гаргахаар нэвт сонсогдоод хажуу айлууддаа төвөг болох янзтай. Одоо би юу хийж байна гээч...” хэмээн үгээ залгиснаа нүдээ жийтайлган инээж мөнөөхөн эш хөргийг заав. Хөөх. Ахин, дахин заагаад байсан нь ийм учиртай байж. Мань элдэвтэй эр их эзний эш хөргийг уран хатгамалаар урлаж орхиж. 

Зурмал юм шиг л харагдсан шүү дээ гэж намайг уулга алдахыг хүлээж байсан мэт баясгалантай нь аргагүй инээгээд, уулга алдсаныг минь өөгшүүлэн цааш дагуулан өөр бүтээлүүдээ харуулан тайлбарлаж эхлэв. Ёстой нэг уран бүтээлч хүний баяраар бахардаж байх шиг байна. Аргалийн эврээр хийсэн ясан сийлбэр ямар ч уран яруу харагддаг юм бэ. “Миний энэ мэт угалзын эврээр их сийлбэр хийсэн, дараа нь чулуугаар сийлбэр хийсэн” гээд л хөөрөлхөн яг л хүүхэд шиг болж орхих нь сонин. Ээжийгээ чулуунд сийлснээ сүүлд хүрлээр цутгуулж авчээ. Юун таван төрөл, хэчнээн ч төрлийн урлаг болоо вэ. Ноднин жилийн зун нутгаа эргэнгээ Алтай таван Богд орсон гэнэ. Аяллынх нь тэмдэглэл “Таван богдын туульс” нэрээр уран хатгамал болон буужээ. Мөсөн голууд ороосон сүрт ноён оргилуудаар дэвсгэр хийж аргаль, угалз ямар нэгэн сэжиг авч, үргэх маягтай ханарчээ. Хадны ёроолд эрээн цоохор ирвэс мяраан гэтэж олзоо харуулдана. 

“Гурван баатар” нэртэй уран хатгамал. Их Монгол Улсыг бай­гуулахад онцгой хувь нэмэр оруулсан Сүбээдэй баатар, түүний хөвүүн Урианхадай жанжин, түүний хөвүүн Ачу баатар билээ. Нэгэн гэр бүлийн гурван баатар 100 жил дамжин Монголын эзэнт гүрний таван хаанд зүтгэсэн цэргийн жанжид байсан баатарлаг тавилан учраас онцгойлон сонгож, зохиомжлон урласан гэнэ. 

Ингээд дээрээс нь цаасан цоолбор, уран хатгамал, ясан сийлбэр, чулуун сийлбэр. Ээж хүнийг мянган мутарт бурхантай зүйрлэдэг сэн, Ядамжав багш мянган гартай, түмэн уртай хүн санж. Бараг 90 шахсан уран бүтээлчийн урлангаас өөрөөсөө ичих нүүртэй, өрөөлд гайхуулах яриатай гарах шив. Тархи хөгшрөх биш дээ тийм ээ, Ядамжав гуай.

Трамп Төмрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/


0
angry
2
care
0
haha
11
liked
10
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 12 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 15 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 15 цагийн өмнө
Товчхон 15 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 18 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 19 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 19 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 19 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 21 цагийн өмнө