Хот бол цэг биш. Амьдралын шугам. Хүн төрөлхтний түүхийг даган хот өөрчлөгдөж ирсэн. Одоо цагт амьдралын хурд, хүсэл эрмэлзэлд суурилан хөгжиж байна. Хэдэн зуун жилийн өмнө орчин үеийн нийслэлүүд зах, худалдааны хороололдоо төвлөрдөг байв. Өөрөөр хэлбэл, худалдаа, гар урлалын төв болсон цайзууд ирээдүйн нийслэлүүдийн суурь юм. Ирээдүйд хотыг хиймэл оюун ухаан, өндөр технологийн талбар гэж олон хүн төсөөлдөг. Гэхдээ сорилтуудыг даван туулах гэсэн эрмэлзэл хотын хөгжлийг өөрчилж магадгүй. Тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлтийн өмнө хүн төрөлхтөн хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн загваруудыг эрэлхийлж байна. Энэ жишгээр Арабын элсэн цөлөөс Фүжи уул хүртэл шинэ хотуудыг барьж эхэлсэн. Оршин суугчдын ая тух, хөрөнгө чинээгээ гайхуулах тэрбумтнуудын мөрөөдөл, байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс болж ирээдүйн хотууд тун өвөрмөцөөр сүндэрлэж байна.
Газар доорх амьдрал
Амьдрал газрын гадарга дээр өрнөдөг нийтлэг төрх үеэ өнгөрөөж байна. Ирэх 100 жилд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж газар доорх хотууд хөгжих бололтой. Европын нийслэлүүд гүний бүтээн байгуулалтыг өрнүүлээд уджээ. Газар доорх төмөр зам, метро, зогсоол, худалдааны төвүүд, музейн үйл ажиллагаа аль хэдийн эхэлсэн. Одоо орон сууцны хороолол барих л үлдлээ. Газар доорх хөгжлийг дараах долоон хотын баримтаар жишээлдэг. “Телеграф” сонин Австралийн Кубер Педиг дэлхийн хамгийн хачирхалтай хотоор нэрлэжээ.
Уурхайчдын энэхүү сууринг 1920-оод онд байгуулсан бөгөөд абориген хэлнээс орчуулбал цагаан хүний хонгил гэсэн утгатай. Өмнөд Австралийн хэт халуун уур амьсгал, нутгийн зэрлэг динго нохойн дайралтаас сэргийлж орон сууцыг газар доор барьжээ. Кубер Педид уурхай, байшин, ресторан, кафе, дэлгүүр, сүм хийд оршуулгын газар гээд хотын орчныг бүрдүүлсэн. Оршин суугчид нь оройн сэрүүн цагт хөл бөмбөг, гольф тоглохоор газар дээр гардаг байж. Молдавын уурхайчдын Криково хотын бүтээн байгуулалтыг 1960 онд зогсоож, дарсны үйлдвэр байгуулжээ. Гиннесийн номд бичсэнээр 240 километр квадрат талбай бүхий Кубер-Педи бол дэлхийн хамгийн том дарсны зоорь юм.
Хүйтэн дайны үед Англид барьсан Берлингтон цогцолборт 4000 хүн 90 хоног газар дээр гарахгүйгээр амьдрах боломжтой. Хотыг 2004 онд Их Британийн Батлан хамгаалах яамны тусгай тайлангаар нээлттэй болгожээ. Газар доорх хотын Азийн жишээ бол Бээжин. Мао Зэдун бөмбөгдөлтөөс хамгаалах байр барих тушаалыг 1969 онд өгчээ. Цуу яриагаар хонгилд байшин, сургууль, биеийн тамирын талбай байдаг. Газар доорх цогцолборыг ашиглаагүй бөгөөд 1980-аад оны сүүлээр стратегийн ач холбогдлоо алдсан. “National Geographic” сувгийн мэдээлснээр газар доорх цогцолборт нэг сая орчим хятад хүн амьдардаг аж.
Жуулчдыг татах зорилгоор Канадын нийслэлд “Ла Вилле” газар доорх худалдааны төвийг 1962 онд барьсан. 32 км үргэлжлэх газар доорх сүлжээ 120 тусдаа орцтой. Тунисын өмнөд хэсэгт орших Матмата хэмээх жижиг сууринд хүмүүс олон зууны турш амьдарч байна. Ромчуудын халдлагаас сэргийлж барьсан барилгууд нь өдгөө архитекторын дурсгал болжээ. Москва хотын газар доорх бүтээн байгуулалт XV зуунд эхэлсэн гэдэг. 350 объект бүхий өрөө, худаг, шат, газар доорх гарц, оршуулгын газруудын мэдээллийг системчилжээ.
Тэрбумтнуудын аархал
Дэлхийн супер баячууд орд харш, дарвуулт онгоц, тийрэлтэт онгоцноосоо уйджээ. Тэд түүхийг шинээр бүтээж, олон зуун мянга, сая оршин суугчдад зориулсан хот байгуулахаар өрсөлдөж байна. Хот бол дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр өсөн нэмэгдэж буй хүн төрөлхтний олонх нь амьдардаг учраас шинэ хэв маягийг эрэлхийлэхээс аргагүй. Чинээлэг хүмүүсийн зорилго янз бүрийн шатандаа хэрэгжиж байна. Саудын Арабын хунтайж Мохаммед бин Салманы 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай Неом хот цөлд сүндэрлэнэ.
Хотын нэр нео буюу шинэ гэсэн үгнээс гаралтай. Үндсэн төсөл болох "The Line" хос цамхгийн барилгын ажил эхэлсэн. Энэ бол 500 метр өндөр, 170 километр урт толин тусгал мэт хоёр барилга юм. Нарны зай хураагуур, салхин үүсгүүрийн хотыг цахилгаанаар хангана. Тэнгэр баганадсан цамхгуудын хооронд ногоон байгууламжтай авто машингүй гудамж байна. Хиймэл оюун ухаанаар хотыг зохицуулах аж. “Уоллмарт” худалдааны төвийн гүйцэтгэх захирал асан, тэрбумтан Марк Лори Америкийн элсэн цөлд ирээдүйн Телоса хотыг байгуулахаа зарласан. Тэрбээр хөрөнгийн ялгаа тэгш бус байдлыг үүсгэдэг гэж үздэг. Тиймээс ирээдүйн хотынхоо үзэл баримтлалыг тэгш байхаар төлөвлөжээ. Телос хот нийгмийн шинэ бүтэц болох юм. Хотын газар дээр иргэд байшингаа татвар, түрээсгүй барьж, оюутан бүр хамгийн сайн боловсрол эзэмшиж, эрүүл мэндийн тогтолцоо төлбөргүй байх гэнэ. Телос хотын хөрөнгө оруулалт 400 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.
Хот Афины ардчиллыг санагдуулам бөгөөд телос гэдэг нь грекээр зорилго гэсэн утгатай. Телосын бүх нийтийн хурал нээлттэй, хүртээмжтэй байж, иргэд шийдвэр гаргах болон төсвийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй гэнэ. Төлөвлөгөөний дагуу 2030 онд 50 мянга, 2050 он гэхэд таван сая оршин суугч амьдрах юм. “Уолл стрийт журнал” сонинд Илон Маскийн барьж буй шинэ хотын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнгөрсөн гуравдугаар сард анх нийтэлсэн. Техаст барих “Снэйлбрүүк” хотыг Маскийн компаниудын ажилчдад зориулж прагматик байдлаар төлөвлөжээ. Сансар огторгуйг байлдан дагуулах хүнд дэлхийн хот яагаад хэрэг болов. Эх сурвалжид бичсэнээр Илон Маск суурин газрын менежментийг хялбарчилж, хүнд сурталтай тэмцэхийг хүсчээ. Маскийн ажилчид сард 2200 биш 800 ам.доллароор байр түрээслэж, ажилдаа ойрхон амьдрах юм.
Тахлын дараах Азийн мегасити
Ирээдүйн хотууд ямар байх тухай зөгнөлт зохиол, хүүхэлдэй, уран сайхны кинонд олон талаар төсөөлсөн. Хүрээлэн буй орчин, нийгмийн бүтэц тэр ч байтугай хүн хүртэл өөрчлөгдөнө гэж хардаг. Малайзын "O2 Design Atelier" товчооны архитекторууд цар тахлын дараах хот төлөвлөлтийг Азид хөгжүүлэхээр ажиллаж эхэллээ. Тэд сансар огторгуйн шийдлийг санал болгож байна. Тэнгэр баганадсан барилгуудын доод давхарт тахлаар өвдсөн хүмүүсийг хүлээн авах эмнэлэг байгуулахаар шийджээ.
Төлөвлөгөөнд дүрсэлснээр хот нисдэг капсулаас бүрдсэн хэд хэдэн цамхагтай байх бөгөөд бүх барилгууд нь гүүрэн сүлжээгээр холбогдох юм. Ийнхүү газар чөлөөлснөөр байгалийн унаган төрх сэргэж, ой модод ургах орчин бүрдэнэ. Төслийг санаачлагчдын ярьснаар манай гараг дээр минут тутамд 48 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг аж. Үйлдвэр, технологийг байгальтай хослуулах зорилготой хотыг Хятадын баруун өмнөд мужид барих гэнэ.
Сычуань мужийн төв Чэнду хотын ойролцоо их сургууль, лаборатори, шинжлэх ухааны хүрээлэн бүхий дагуул төвийг OMA, “Gerkan Marg & Partners” тэргүүтэй алдартай фирм хамтран барина. Шинжлэх ухаан, технологийн хотын төслийг дижитал дүрслэлээр танилцуулсан. Бүтээн байгуулалтыг “Тяньфу” олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо барина. Энэ бол Бээжин, Шанхайн дараа орох олон улсын нисэх буудал юм. Японы Фүжи уулын бэлд Вовен хэмээх ухаалаг хотыг байгуулж байна. Шинэ технологид зориулсан “амьд” лаборатори гэсэн шошготой уг хотыг “Тоёота”-ийн охин компани “Woven Planet” санхүүжүүлжээ. Энэ нь дэлхийн анхны програмчилсан хот болно. Ухаалаг шийдлүүдийг туршихын зэрэгцээ хүн байгальд халгүй амьдрах орчныг бүрдүүлжээ.
Шизүока мужид шинээр барьж байгуулж буй хотод оршин суугчдын ая тухыг хиймэл оюун ухаанаар хангаж, автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл зэрэг шинэлэг зүйлүүдийг нэвтрүүлэх аж.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна