Ц.Нарангэрэл:Дангааршиж байгаа дэлхийд биднийг тод харагдуулах өгөгдлийн нэг нь бий биелгээ


Монголын ардын урлагийн төлөөлөл үндэстнийхээ язгуур урлагаа япончуудад толилуулж нэгэн үдшийг алга ташилтад бялхан өнгөрүүлсэн нь саяхан. Тухайн үед тайзнаа гарсан уран бүтээлчдээс монгол бүжигчин Ц.Нарангэрэлийг онцлон уншигчидтайгаа уулзуулна гэсэн бодол тээсэн минь биеллээ оллоо. Японд ажиллаж, амьдардаг тэрбээр Монголын биет бус өв, тэр дундаа захчин бий биелгээг өвлөн уламжлагч нэгэн. Икэлийн татлагадаа илүү тодордог баруун Монголын бий биелгээ хөдөлгөөний нарийн дэг жаягтай. Намба төрхийн хувьд дахин давтагдашгүй, гар болон цээжний хөдөлгөөн голын урсгал лугаа хэмнэлтэй. Бүжгийн ийм намбаар өдгөө уран бүтээлээ толилуулж буй Ц.Нарангэрэлтэй ярилцаад бий биелгээ бол биеэр үзүүлсэн амьдралын домог гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм.

 

-Японд Монгол Улсыг сурталчлах өдөрлөгийн үеэр таны бүжиглэхийг хараад уншигчидтайгаа уулзуулахаар зорьсон юм. Японд ирээд удаж байна уу?

-Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн намайг ярилцлагын зочноор урьсан танай сонинд баярлалаа. Би эгэл нэгэн монгол бүжигчин. Багаасаа хүсэж дурласан зүйлээ мэргэжлээрээ сонгон суралцаж уран бүтээлч болсон. Монголд мэргэжлээрээ ажиллаж байгаад Япон улсад ирснээс хойш 10 жил болж байна. Энэ хугацаанд бийгээ биелж, Монголын уран бүтээлчидтэйгээ тайзан дээр цөөнгүй гарсан. Монгол бүжиг миний амьдралын нэг хэсэг учраас энэ сэдвээр танай сонинд ярилцлага өгч байгаадаа туйлын баяртай байна. 

-“Шавийн эрдэм багшаас” гэдэг. Монгол бүжгийн урлагт шамдуулсан эрхэм багшаа танилцуулж болох уу?

-Би Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол Улсын консерваторид сурч бүжгийн жүжигчин мэргэжил эзэмшсэн. Сургуульд байхдаа хувь зохиолоор багштайгаа таарсан гэж боддог. Миний  багш Ц.Алтангэрэл Монгол Улсын Гавьяат жүжигчин, хүндэт профессор. Багшийнхаа удирдлага дор бүжгийн урлагийн охь шимэас шамдан суралцсан хүн дээ, би.   

-Монголын нэрийг олон улсад сурталчилж, танилцуулж яваа уран бүтээлчидтэй таныг нэг тайзан дээр гарахыг олонтаа харсан. Сургуулиа төгсөөд хаана, ямар бүтээлүүдэд бүжиглэж байв?

-Сургуулиа төгсөөд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга буюу одоогийн Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр ажиллахдаа Монголын сор болсон, урлагт хайртай, урлагаар биеэ чимсэн хүмүүстэй долоо, найман жил хамт байсан. Тэнд урлагаа хүндэлдэг эрхэм уран бүтээлчдээс суралцан мэдрэмж суусан гэхэд хилсдэхгүй. Бүжиглэсэн уран бүтээлийн хувьд тоочвол уншигчдаа уйдаачих байх /инээв/. Тэр үед хамгийн гоё санагддаг байсан зүйл гэвэл төрийн албан ёсны айлчлалын үеийн олон ч тоглолтод оролцсон. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гадаад айлчлалын үеэр БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ төдийгүй Европын орнуудаар явахад надад маш гоё санагддаг байв. Оролцон тоглосон бүтээлүүдээс “Нарны домог” бүжгийн жүжгийн Цэнхэр баатарын дүрийг би онцолно. Яагаад гэвэл, өмнө тоглож байснаас арай хүнд, өвөрмөц дүр байсан учраас надад их сонирхолтой санагдсан юм.  

-Бүжиг дэглээчдээс хэний уран бүтээлд түлхүү ажиллаж, тайзан дээр амилуулсан бэ?

-Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатарын дэглэн найруулсан “Жалам хар”, “Адуучин залуус”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатарын “Жороон жороо”, “Бие чинь болъё”, Монгол Улсын Гавьяат жүжигчин А.Даваахүүгийн “Салхит шувуу”, “Шилийн богд” гэх мэт бүтээлийг нэрлэж болно.  


-Монгол нутаг нутгийн бий биелгээ өөрийн дахин дав­тагдашгүй өгөгдөлтэй, харилцан адилгүй байдаг. Тэдгээрээс та алийг нь өвлөн үлгэрлэж байна вэ?

-Дангааршиж байгаа дэлхийд биднийг тод харагдуулах зүйл нь үндэсний тодотголтой өгөгдлүүд. Тэр дундаа бий биелгээ Монго­лоор хязгаарлагдахгүйгээр дэлхийд гайхагдаж байна. Би Ховд аймгийн Алтай суманд төрсөн. Мэдээ орсон цагаасаа л захчин ардынхаа бийгээ биелэхийг харж, биелж өссөн удмын өв тээгч. Тийм болохоор бийгээ биелэх өгөгдөл надад өвөг дээдсээс минь уламжлагдан ирсэн гэж боддог.       

-Та соёлын биет бус өвийг өв­лөн уламжлагчдын нэг. Үндэс­ний өв  соёлоо хөгжүү­лэхэд хэр­хэн анхаарч байна вэ?

-Би өмнө нь хэлсэн. Монгол бүжиг бол миний амьдралын салшгүй нэг хэсэг гэж. Би Япон улсад ирээд 10 жил амьдрахдаа монгол урлаг, өв соёлоосоо холдож зүрхлээгүй. Ер нь холдож чадахгүй юм билээ. Япончууд Монголын урлагт хайртай, их хүндэтгэлтэй ханддаг хүмүүс. Үүнийг олон зүйлээс олж харсан. 2018, 2020 онд Монголын урлагийн тоглолтыг дөрвөн газарт зохион байгуулахад биднийг ямар гайхалтайгаар хүлээж авсан гэж санана. Тухайн үед Монголоос “Хөсөгтөн” хамтлагийнхан ирж бидэнтэй хамтран Токио, Шизүока мужаар аялан тоглосон. Энэ тоглолтоо ирэх жилийн аравдугаар сард үргэлжлүүлэхээр зэхэж байна. Үүнээс гадна Япон улсын олон газар Монголын соёлын өдрүүд болдог. Тэдгээр өдөрлөгт би тогтмол оролцож Монголынхоо өв соёлыг танилцуулж яваа.       

-Таны ажиллаж, амьдарч байгаа Япон улсад Монголын үндэсний урлагийг сонирхон судалдаг хүн цөөнгүй байдаг. Энэ нь танд соёлын биет бус өвөө сурталчлахад дөхөм байдаг болов уу?

-Япончууд биднийг гаднын бусад хүмүүсээс арай өөрөөр харж, хүлээн авдаг юм шиг санагддаг. Монгол Улсыг Японд таниулсан хүмүүс бол сүмочид. Яагаад гэвэл, энд сүмогоо үздэггүй хүн бараг байдаггүй юм билээ. Тэд бас шагайн харвааг их сонирхдог. Намайг шагай няслахыг хараад зарим нь надаас сонирхон асуудаг юм.  Миний хувьд монгол шагайн харваагаар хичээллээд 10 орчим жил болж байна.  

-Монголынхоо ардын урла­гийг хажуугаас нь харахад нэг өөр. Холоос ажиглахад бас нэгэн сэтгэгдэл төрж байгаа байх гэж бодлоо. Энэ талаарх бодлоо манай уншигчидтай хуваалцаж болох уу?

-Гоё асуулт байна. Өв соё­лынхоо уурхай дотор нь байгаа хүн үнэт зүйлээ тодруулж хардаггүй. Энгийн зүйл мэт ханддаг. Гэтэл орчноо солиод холоос харахад ямар гайхалтай зүйлийг мэдэрч байснаа ойлгоогүй байдаг. Ийм бодол сүүлд нь төрдөг юм билээ.  

-Одоогоор Монгол руу явах төлөвлөгөөгүй ч эх орондоо очих нь тодорхой. Тэр цагт уран бүтээлчийн хувьд юу хийж бүтээе гэж бодож байна вэ?

-Мэдээж Монгол руугаа явна. Эх орондоо очоод өөрийн сурч мэдсэнээ өвлүүлэн үлдээхэд түлхүү анхаарна даа.  

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22