Монголч эрдэмтэн Мацуда Таданори: Азийн зууны хөгжлөөс монголчууд битгий хоцроосой


Монголын уран зохиол судлаач, монголч эрдэмтэн Мацуда Таданори хэмээх эрхмийг монголчууд сайн танина. Тэрбээр “Хөх тэнгэрийн орны зохиолчидтой уулзсан минь” тэргүүт олон арван бүтээл туурвиж, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг гадаадын иргэдээс анх удаа хүртсэн нэгэн. Түүнийг гэргий зохиолч, орчуулагч С.Хишигсүрэнгийн хамт Монголд ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

 

-Та хоёр Монголд ирээд нэлээд хэд хоножээ. Зорьж ирсэн ажил нь бүтэмжтэй байна уу?

-Бид хоёр Монголд ингэж удаан хугацаагаар ирдэггүй. Энэ удаа харин гурван долоо хоногийн хугацаатай ирлээ. Монголд ирээд ажил хэрэг болгох хэд хэдэн зорилго байлаа. Бүгдийг нь яриад яах вэ. Нэг зорилго нь эндээс хүмүүсийг Япон руу аваачиж суралцуулах юмсан, аятайхан газар ажиллуулах юмсан гэсэн бодол байна. Миний эхнэр монгол хүн. Бид Японд маш завгүй амьдардаг тул иймэрхүү юм бодох ч зав цаг гардаггүй. Би өөрөө монголч эрдэмтэн. Монголын төлөө хийсэн юм маань гэвэл Монголын тухай олон ном гаргасан. Олон өгүүлэл бичсэн.

 Харин Монголын залуучуудад, хүн ардад би тийм тус хүргэсэн гэх юм надад байгаагүй. Зөвхөн тэнд л монголчуудыг танилцуулах чиглэлээр өөрийнхөө чаддаг юмыг хийгээд л явсан. Сүүлийн үед би Японд очоод тэдэнтэй эн зэрэгцээд, тавьсан шаардлагыг нь хангах монгол залуусыг сургах юмсан, дэмжих юмсан гэж бодож байна. Монгол хүн тийм их чадвартай мөртлөө яагаад Японд ажиллаж чадахгүй байна вэ гэж боддог. Уг нь чадна шүү дээ. Чадлаараа олсон мөнгөө бүгдийг нь зөвхөн эцэг, эхдээ явуулах биш өөртөө зарцуулж, түүндээ эзэн болж цуглуулаад, Монгол Улсдаа хэрэгтэй юм хийх чадвартай хүмүүс болоосой гэж бодож байна. Монгол бол баян орон. 

Ашигт малтмалаараа дэлхийд эхний аравт орно. Гэтэл түүнийгээ түүхийгээр нь гаргаад байна. Монголын уул уурхайн салбарт хэдэн залуус ажиллаж байгаа, ажлын байр ямар байгааг би мэдэхгүй. Монгол залуус Японд очоод ажиллах юм бол түүхий эдээ шууд гаргахгүй, үүнийг бид ингэж боловсруулах юм байна гэдэг ур чадварыг эзэмшээд ирнэ. 

-Японд ажлын байр хэр хангалттай вэ. Тэр тусмаа гадаадын иргэд ажил­лах нөхцөл, боломж ямар байна вэ?

-Сургууль төгссөн залууст ажлын байр хангалттай. Үүгээрээ Монголоос эсрэг. Өөрөөр хэлбэл маш хүртээмжтэй, бас сонголттой. Японд Монголоос ялгаатай нь оюутнууд гуравдугаар сард сургуулиа төгсөөд дөрөвдүгээр сард шууд ажилд ордог. Сонирхолтой нь гуравдугаар курсийн оюутнуудын 55 хувь нь нэгээс хоёр ажлын байртай, төгсөх курсийн оюутнуудын 70 хувь нь хоёроос гурван ажлын байртай болсон байдаг. Яг төгсөх үед нь зургаа, долоон байгууллага манайд ирээч, манайд ажиллаач гэж санал тавьдаг. Ажлын байр хангалттай. Энэ нь нэг талаас Японы иргэдийн насжилттай холбоотой. Хөдөлмөрийн насныхны эзлэх хувь багассанаас ажлын байр олноор гарсан. Тиймээс өмнөх жилүүдээс эсрэгээрээ оюутнууд цалин өндөртэй, нөхцөл орчин сайтай ажлын байр сонгох боломжтой болж байна. Урьд нь тийм байгаагүй. 

Компаниуд чадварлаг, авхаалжтай хүмүүсийг ажилд авах хүсэлтэй. Гэтэл  тийм хүмүүс аль хэдийн ажлын байртай болсон байдаг. Тиймээс Японы компаниудад ажиллах хүч маш их дутагдаж байна. Ажиллах хүчээр цангаж байна гэж ч болно. “Тоёота” компани л гэхэд 600 мянган ажилчинтай. Гэхдээ тэднийд сайн ажилчин хэрэгтэй л байгаа. Япон гаднаас чадвартай залуусыг авах сонирхолтой, тэгэхээс ч өөр аргагүй болж байна. Яагаад  гэвэл ажиллах хүч дутагдалтай. Энэ орон зайд эхэндээ солонгосууд орж ирсэн.

Тэд өөрсдийн эх орондоо ажиллахаас илүү Японы компанид ажиллах сонирхолтой болсон. Солонгост ийм хүсэлтэй залуус улам олон болж байгаа юм билээ. Яагаад гэвэл дэлхийн хамгийн алдартай компани, үйлдвэрүүд Японд байна. Өмнөд Солонгост “Самсунг-аас өөр тийм үйлдвэр байхгүй. Японы үйлдвэрүүд дэлхийд ноёрхож байна. Гэхдээ тэр компаниуд ажиллах хүчээр дутагдаад эхэлсэн. Учир нь залуучууд ховор, хөгшчүүд давамгай болсон. Японд ажиллаж, сурч байгаа тоогоороо солонгосуудын дараа хятадууд орно. Сүүлийн үед тэдний араас вьетнамууд бичигдэж эхэллээ. Тэд Японд олноор ажиллаж байна. Японд гурван сая гаруй гадаадын иргэд ажил хөдөлмөр эрхэлж байгаа. 

-Монголчууд Японы компаниудад ажиллахад гол бэрхшээл нь юу байна вэ?

-Үүнд хоёр, гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, эцэг, эх нь хүүхдүүдээ гадаадад сурч, ажиллахад нь эх орондоо ир гэж дууддаг. Хоёрдугаарт, монгол оюутнууд Японы компаниудад ажиллах чадвараар дутмаг. Тэдэнд гологдож байна. Гэхдээ би бүгдийг нь тийм гэж хэлэхгүй. Тэнд очоод япончуудтай эн зэрэгцээд ажиллаж байгаа хүмүүс бий. Ямар ч компанид орсон таван зэрэглэлийн шалгалт авдаг. Хятадууд тэрийг давж тэнцээд ажилд ордог. Тэд их авхаалжтай, амьдрах чадвартай, тэсвэртэй. Тэд компаниудын шалгалт, шалгуурыг давж гараад, япончуудтай зэрэгцээд ажиллах чадвар суусан байдаг. Ингээд бүх юмыг нь сураад Хятаддаа очоод сурсан мэдсэнээ хэрэгжүүлээд ажилладаг. 

Яг үүн шиг япончуудтай зэрэгцээд л шалгалтыг нь давах юм бол монголчууд мөнгөтэй болно, хоёрдугаарт чадвартай болно. Тэгээд эх орондоо ирэхэд эдийн засгийн бэрхшээлгүй болно. Харамсалтай нь тэгж чадахгүй байна. Энэ нь л бусад орноос ялгаатай байна даа. Японд очиж суралцсан хятадуудын 60-70 хувь нь тэндээ үлдэж, Япон компаниудад ажиллаж байгаа. Монголчуудын нэг хоёрхон хувь нь л тэгж чадаж байна. Улсын зардлаар ч бай, эсвэл эцэг эхийнхээ мөнгөөр ч бай, тийм их өндөр зардалтай очиж сурсны ашгийг гаргаж чадахгүй байна. Тэгээд Монголдоо хүрч ирээд ажилгүй болж байна. 

-Ажиллах хүчнээр цангаж байгаа Японы зах зээл дээрх орон зайг ашиглахын тулд монголчууд яах ёстой вэ? 

-Японд ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ тоогоор вьетнамууд  хятадуудыг даваад байна. Жилд 200-300 мянган вьетнам иргэд Японд очиж ажиллаж байна. Индонезийн залуучууд бас их ирж байна. Индонез хурдтай хөгжиж, Азийн улс орнуудаас тэргүүн байранд гарч ирсэн шүү дээ. Тэдний араас непалууд, лаосууд, камбожууд хүч түрээд ороод ирж байна. Азийн улс орнууд хурдацтай хөгжиж байхад монголчууд үүнээс хоцорч болохгүй. Одоогийн байдлаар бол хоцорч байна. 

Би Монголыг судлаад, монголч эрдэм­тэн нэр зүүгээд 55 жилийн нүүр үзэж байна. Анх 1980 оны намар ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуайн урилгаар Монголд ирж байсан. Тухайн үед Азид бичиг үсэг үл мэдэх байдлыг бүрэн халсан гурван орон байв. Тэр нь Япон, Тайвань, Монгол. Хятадын тариачид бичиг үсэг мэдэхгүй, гарын үсгээ ч зурж чаддаггүй л байсан. Төв Азид бичиг үсэг мэдэхгүй иргэдтэй олон улс орон байлаа. Непалууд бүр хол хоцрогдсон байсан. Гэтэл одоо непалууд Азид тэргүүлээд эхэллээ. Тэд Японд гологдохгүй ана мана ажиллаж  байна шүү дээ. Лаос, камбожууд ч гэсэн түрээд ороод ирж байна. Тэд нар уг нь Японд сураггүй байсан улс.

Монголч эрдэмтний нүдээр харахад монголчууд Японы зах зээлд хөл тавих, хөгжлийн өгөөжийг нь хүртэх эхний бөгөөд сүүлчийн боломж яг одоо л байна. Үүнээс хоцорч болохгүй. Японы компаниуд, том том үйлдвэрүүд нэг их тусгай мэргэжил, авьяас чадвар өндөр гэхээсээ илүү тухайн ажлыг маш сайн гүйцэтгэж чадах, захирлуудынхаа үгэнд ороод ажиллах тийм боловсон хүчнийг л хүсэж байна.

Би дээр хэллээ. Хятадууд бичиг үсэг нь ч ойролцоо юм, өөрсдөө ч сүрхий амьдрах чадвар сайтай ч юм. Тэд нүх болгоныг боломжоор нь тултал ашигладаг. Тэдний араас тайландууд, вьетнамууд түрээд орж ирж байна. Уулын мухарт байдаг непалууд бүр хүчтэй түрэн орж ирлээ шүү дээ. Япончуудын тавьж байгаа шаардлагуудыг непалууд бүрэн хангаж чадаж байна. Непалууд ухаалаг, заасан юмыг дор нь сурдаг, компанийн дүрэм журам, удирдлагуудын үүрэг даалгаврыг яг таг биелүүлдэг. Гэтэл миний нүдээр харахад монголчууд тэднээс хамаагүй ухаантай шүү дээ. Энэ жижигхэн боломжийг монголчууд ашиглаж чадахгүй бол дахин ингэж орж ирж чадахгүй. Ийм боломж олдох ч үгүй. Энэ бол эхний бөгөөд эцсийн боломж. 

-Монголчууд Японы хөдөлмөрийн зах зээлд, боловсролын салбарт, өрсөлдөөний талбарт гарахдаа юун дээр алддаг юм бол?

-Монголчууд биеэ тоодог. Би мэдэж байна л гэдэг. Бас хүний үг сонсдоггүй. Мөн тэсвэргүй. Миний бодлоор монголчууд багаар ажиллахдаа муу. Танин мэдэхүйн бус ур чадвар гэдэг хүнд их чухал. Өөрөөр хэлбэл, өөртөө итгэх, бусадтай нэгдэж хамтарч ажиллах, өөрийгөө хянах, тэсвэр тэвчээртэй байх чадварыг эзэмшсэн байх ёстой. Энэ тал дээр анхаараасай. Монголчуудад бас нэг дутагдал байдаг. Нэг юм хэлэхээр “Би бол монгол, энэ бол монгол” гээд өөрсдийгөө тусгаарлаад байдаг. Гэтэл өнөөдөр дэлхийн хөгжилтэй орнуудтай өрсөлдөхийн тулд би чадна, би дэлхийд гарна гэж зорих ёстой. Гэтэл Д.Нацагдоржийн бичсэн  хуучин хүүгээс ялгарахгүй болчихоод байна. Тэрийг л давж чадахгүй юм бол хөгжихгүй. 

Өнөөдөр Азийн хөгжлийн эрин үе ирээд байна. Энэтхэг, Хятад гээд хүн амын тоогоороо Ази түрээд гараад ирлээ. Эдийн засгийн хөгжлөөрөө Ази дэлхийд тэргүүлэх нь ойлгомжтой болчихлоо. Улс төрийн байдлаараа бол харин мэдэхгүй. Авлигад автаад байна. Чингис хаан найман зууны тэртээ дэлхийн талыг эзэлсэн шүү дээ. Гэтэл яагаад Монголын үр сад дэлхийн тавцанд гарч ирж чадахгүй байгаа юм бэ. Монголын эрин үе эхлэх ёстой. Өнөөдөр монголчуудад маш их боломж, эрх чөлөө байна. Өөрсдөө зорьвол бүтэхгүй юм үгүй. Монгол сүмочид л япончуудын шаардлагыг биелүүлж чадаж байна. Тэд сүмогийн оргилд нь гарчихсан. Харин бусад салбарт монголчууд гарч чадахгүй байна. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Эцэг эх нь араас нь байнга утасдаастай, ир гэж дууддаг. Хоёрдугаарт, тэд сурахын төлөө яваа мөртлөө үр хүүхэд, эхнэр, нөхөр гээд гэр бүлээ дагуулаад оччихдог. Энэ нь амжилттай сурах, ажиллахад нь нөлөөлдөг. Гэхдээ одоо гэр бүлээрээ Японд очиж суралцах, ажиллах иргэдэд маш гоё боломж нээгдэж байна. 

Энэ юу вэ гэвэл суралцах болон ажил эрхлэх, ур чадвар эзэмших зорилготой гурван жилийн виз гаргана. Тэр визийг авч чадвал гэр бүлтэйгээ очих боломж нээгдчихсэн. Урьд нь тийм боломж байгаагүй. Япон урьдныхаа хатуу шаардлагуудыг болиод тавьдаг шалгуур нь арай зөөлрөөд эхэлж байна. Гэр бүлтэйгээ ирэх боломжтой болж байгаа. Мөн заавал япон хэлийг бүрэн төгс эзэмших ёстой гэдэг тэр шалгуур нь зөөлөрсөн. Тиймээс би одоо л алтан боломж тохиолоо гээд байгаа нь ийм учиртай. 

-Визийн энэ хөнгөлөлтийн талаар дүрэм журам гарсан уу?

-Ирэх жилийн дөрөвдүгээр сард хууль батлагдана. Ингэснээр Японы компаниуд гаднын улс орнуудаас ажиллагсад авах маш өргөн боломжууд нээгдэнэ. Маш олон ажлын байр гарна. Дахин хэлэхэд одоо л эхний бөгөөд эцсийн боломж монголчуудад байгаа. Гурван жил ажиллах визтэй болох юм бол гэр бүлээ аваачих боломжтой болно. Дэлхийн 200 гаруй улс орноос хамгийн аюулгүй байдлыг хангасан, хамгийн амгалан тайван, элдэв аюул осол гэмт хэрэг хамгийн бага орон бол Япон. Харин Японд ажиллаж байгаа гадаадын ажилчид янз бүрийн гэмт хэрэг гаргадаг. 

Тухайлбал, вьетнамууд нийлж хулгай хийдэг. Хятадууд хүн амины гэмт хэрэг үйлдсэн тохиолдол гарч байсан. Гэтэл монгол хүмүүс Японд гэмт хэрэг үйлдсэн гэж би л лав сонсоогүй. Энэ бол монголчуудын хувьд ололттой тал нь. Японд очиход монголчууд бол гайгүй хүмүүс гэсэн итгэл байгаа. Урьд нь Япон жижигхэн арлын орон, хаалттай ертөнц байсан учраас өөрсдөө бүхий л зүйлээ хийж чаддаг болсон. Тиймээс гаднаас хүн оруулж ирдэггүй, хэрэг тарьдаг, итгэл алддаг гэдэг үүднээс бусад улс орны иргэдэд хаалттай орон байсан. Японд өнөөдөр гадаадын ямар орны хүмүүс гэмт хэрэг үйлдэж байна вэ гэдэг маш том судалгаа байдаг. Тэр дотор монгол хүн тийм хэрэг үйлджээ гэсэн мэдээлэл байдаггүй. Тийм учраас өнөөдөр монголчуудад боломж байгаа. Би Монголд их сургууль төгссөн оюутнууд 100 хувь ажлын байраар хангагддаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Ер нь л  үгүй байх. Тийм болохоор Японд очоод ур чадвар суугаад, хангалттай цалин хөлс аваад, биеэ авч явах чадвартай, мөнгө төгрөгөө хуримтлуулах аргад эртхэн шиг суралцаж байвал сайн гэж зөвлөх гэсэн юм. 

Японы нэг давуу тал нь гадаадынхан гэж ад үздэггүй. Харин гадаадынхныг хүндэлдэг. Японд очсон хүмүүс мэдэх байх. Япончууд бусдад мэддэг юмаа зааж өгөх юм сан гэж боддог хүмүүс. Япон бол аргагүйн эрхэнд гадаад ажилчдад тавих шаардлагуудаа зөөлрүүлж, хуулиа ч өөрчилж байна. Энэ хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. Больж ч магад. Тэгэхээр одоо л гэж хэлж байгаа юм. Монголчууд лаос, камбож, непалуудаас хоцрох юм бол харамсалтай. 

-Японд сурч, ажиллахад хэлний бэрхшээл бий. Үүнийг хэрхэн давах вэ?

-Монголоос Япон руу ажилчид гаргаж байгаа япон хэлний сургалтын төвүүд нэлээд байгаа. Энэ дотроос “Тоба маркет” ХХК, “Гэйт” гэж сургалтын төв надад таалагдсан. Бие биедээ итгэл төрсөн. Энэ компанид туслая гэж бодож байна. Одоо бол сургалтын төвүүд монголчуудыг Япон руу гэрийн асрагчийн болон барилгын ажилд л явуулаад байгаа. Миний бодол бол монголчуудыг ажиллах нөхцөл нь илүү аятайхан, цалин нь өндөр ажилд зуучилж, тохилог орон байртай болгох, амгалан тайван байдлыг нь бүрдүүлэх, тэнд очоод сайн ажиллаж, суралцах нөхцөлөөр хангаж өгөх юмсан гэж бодож байгаа. 

Би бол Монголын утга зохиол судлаач, монгол судлаач эрдэмтэн. Гэхдээ Японд үүгээрээ амьдрах аргагүй. Япондоо би халуун рашаан судлаач, халуун рашааны буудлуудын сүлжээтэй. Монголоос яг одоо гаргаж байгаа ажилчид тэр буудлуудад ажиллаж чадахгүй. Тэнд маш өндөр шаардлагатай. Тиймээс монголчуудыг тэр шаардлага, шалгуурт тэнцдэг болоход нь л туслахыг хүсэж байна. Японы халуун рашааны том том зочид буудлууд дээд сургууль төгссөн залуучуудыг л авдаг. Дөнгөж төгссөн оюутнууд үг дуулгавар сайтай, ажилд идэвхтэй, чих зөөлөн байдаг. Ер нь хэл мэдэхгүй бол Японд ажиллахад хэцүү. Зам, барилгын ажил хийлээ гэхэд аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын заавраа мэдэхгүй, тэрнээсээ болж осол аваар гаргах эрсдэлтэй. Осол гарвал тухайн компанитай хариуцлага тооцдог. 

Монголчууд Японд ирээд шалгуурт нь тэнцээд сайн ажиллавал хэнээс ч дутахгүй. Монголоос ирээд Токиод инженер мэргэжлээр их сургууль төгссөн нэг монгол залууг зургаан том компани ажилд авъя гэсэн. Тэгээд хамгийн нэртэй компанийг сонгож, улмаар тус компанийн Африк дахь салбарт ажилласан. Түүнд Дубайгаас манайд ажиллаач гэсэн хүсэлт ирсэн. Тэгэхээр монгол хүмүүс чадвартай. Тэр залуугийн ээжид нь би хэлсэн. Мөнгөө сайн цуглуулаарай. Маш их ур чадвар эзэмшээрэй, сайн суралцаарай. Маш их хичээж сурах хэрэгтэй шүү. Тэгээд дараа нь Монголдоо очоод яг тийм компани байгуулаад, дотоодын ажилчдыг бэлтгээрэй гэж хэлсэн. 

-Японд гаднын улс орны иргэд ажил­лахаас гадна их, дээд сургуульд нь олноор суралцдаг. Аль улсаас хамгийн олон оюутан суралцаж байна вэ?

-Японд 1000 гаруй их сургууль байгаа. Томоохон сургуулиудынх нь оюутны тоо 100 мянга хүрдэг. Тэдний бараг тал нь хятадууд байдаг. Японы их сургуулиуд маш өндөр шаардлагатай байсан ч одоо гайгүй болсон. Мөнгөө л төлж байвал элсэж болно. Төлбөр нь харин их өндөр. Хятадаас жилд 300 мянган оюутан Японы их дээд сургуульд элсдэг. Тэдний 80-90 хувь нь төгсөөд Японы үйлдвэр, компаниудад ажилд ордог. Харин монголчуудын 90 хувь нь нутаг руугаа ирдэг. 

Монголчуудаас яагаад та нар ийм хурдан нутаг руугаа буцаад байгаа юм бэ, яагаад энд тэсдэггүй юм бэ гэж асуухаар “Япончууд хэтэрхий жижиг сажиг юман дээр нягт нямбай ханддаг. Тэрийг нь гүйцдэггүй” гэж ярьдаг. Хүн л юм чинь тэрийг сурах л ёстой, давах ёстой. Өнөөдөр алдарт хүрсэн монгол сүмочид тэр хатуу дүрэм журмыг давсан шүү дээ. Тиймээс сүмогийн магнайд нь явж байна. Монгол хүмүүс, монгол оюутнууд хичээвэл чадна. Тэсэх л ёстой. Өөр спортын төрлөөр монголчууд Японд толгой цохиж байгаа юм алга. Монголчууд сүмод яаж мундаг байна тэрэн шиг япончууд АНУ-ын бэйсболын спортод тэргүүлж байна. Бэйсболчин Отони Шохэ гээд залуу байгаа. Тэр бол америкуудыг хол давсан. Сүүлийн 100 гаруй жилийнх нь амжилтыг эвдчихсэн, үнэхээр гайхагдаж байна. Үүн шиг янз бүрийн салбарт монгол залуучууд хүч үзэх боломжууд байгаа.

Г.Санчир

Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24555/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 2 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22