“Маск”-ийн Заанаа тайзан дээрээ гялалзаж байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн дүрээ амьдруулсаар явна. Түүний харах өнцөг сэтгэлгээний бүтээл рүү чиглэжээ. Цагийн эргүүлэгт сааталгүй өөрийгөө шинэчилж, тайзан дээрээ “амьдарч”, бүтээлдээ шунан дурлаж яваа Монгол Улсын Гавьяат жүжигчин П.ЭРДЭНЭЗААНЫ ярилцлагыг хүлээн авна уу.
-Таны тайзтай нөхөрлөсний 30 жилийн ойн босгон дээр бид ярилцаж байна. Зурвасхан бодоход юу сэтгэлд тань тод санагдаж байна вэ?
-Тайз юм даа. Тайзан дээрээ ажилласаар байгаад нэг л мэдэхэд 30 жилийг ардаа орхижээ. Би 1994 онд СУИС-аа төгссөнөөс хойш мэргэжлээрээ тасралтгүй ажиллачихаж. Миний уран бүтээлийн дийлэнх хувь нь тайзны бүтээл байна. Сургуулиа төгсөөд тайзан дээр гарахдаа ямар жанрын бүтээл байсан ч хамаагүй хүч үзнэ гэсэн бодолтой байсан. Энэ үзэл бодлыг толгойд минь суулгасан хүн нь миний хайртай багш Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр. Багш маань “Жүжигчин хүн бүхий л зүйл рүү хөрвөх чадвартай байх ёстой” гэж хэлдэг байв. Цаг хугацаагаа түрүүлж харсан гэмээр багшийн минь хэлсэн үг одоо ч тод хэвээрээ.
Сүүлийн жилүүдэд би дэлгэцийн бүтээлд хүчээ сорьж байна. Бодвол дэлгэцийн бүтээлд Заанаа хүлээн зөвшөөрөгдөх гээд байгаа юм болов уу, хэлж мэдэхгүй юм. Ямар ч гэсэн хүмүүс уран бүтээлд тоглуулах санал тавих боллоо. Хүмүүсийн дунд хошин урлагийн жүжигчид хошин урлагтаа л байх ёстой. Хошин урлагийн жүжигчин гэхээр тусдаа байх ёстой юм шиг өрөөсгөл ойлголттой байдаг. Гэтэл тийм зүйл хаана ч байдаггүй. Ямар ч жанрт хөрвөх чадвартай байж жүжигчин гэдэг алдрыг авч явна шүү дээ.
-Өнгөрсөн 30 жилийн туршлага, алдаа оноо таныг олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин болгосон. Харин та өөрийгөө энэ их урлагийн хаахна яваа гэж боддог вэ?
-Би жүжигчин болчихлоо гэж бодоход хэцүү. Жүжигчин бол хүний сэтгэл зүйг судалдаг мэргэжил. Хүний дотоод сэтгэлийг бие, оюун ухаанаа дамжуулан илэрхийлэх арга ухааныг эзэмшсэн хүн. Гэтэл хүн тааварлашгүй амьтан. Дотоод сэтгэл зүйг танихад тийм ч амар биш. Магадгүй 100 жил болсон ч хэн нэгэн хүнийг танилгүй өнгөрч болно. Харин жүжигчний мэргэжил бол тэрийг хайж хүмүүст дэлгэж үзүүлэх гэж оролддог “хайгуулч”. Гэхдээ хүссэн нэгэн нь нүүрээ будаж, элдэв хувцас өмсөөд тайз, дэлгэцээр гарвал жүжигчин болдоггүй.
Мэргэжлийн сургуульд нь сурсан би ч гэсэн хийсэн зүйлдээ сэтгэл ханасан юм алга. Туршлага сууж, харьцангуй ухааны цар хүрээ тэлж байна. Тиймээс одоо илүү хүнд, сэтгэлгээний бүтээл рүү орж байна. Ийм жанрын бүтээл рүү орох цаг үе нь ч болсон. Одоо өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх ёстой. Тамирчнаар бол сэтгэл зүйн хувьд байнгын формд байх хэрэгтэй үе. Ингэж “амьтай” явахгүй бол зогсоно. Зогсчихвол ямар ч сорилтод орж чадахгүй.
-Ингэж бодоход хүргэсэн, таныг уруу татсан бүтээлийг “Гэм зэм” гэж таамаглаж байна. Тайзан дээр та үнэхээр гялтганаж байсан шүү?
-Баярлалаа. “Гэм зэм” жүжигт тоглохын тулд би Достоевскийг бүрэн судалсан. Энэ эрхмийг судална гэдэг тухайн үеийн нийгмийг бүрэн судалж байна гэсэн үг. “Гэм зэм” жүжигт тоглосноор өөрийгөө шинээр нээсэн. Үзэл бодол, сэтгэл зүй, жүжигчний уран чадварын тал дээр дахин нэг их сургууль төгссөн хэмжээний өгөгдлийг олж авсан. Гэхдээ их сонин, “Гэм зэм” жүжгийг тавина гэж мэдээгүй байхдаа би зохиолыг нь уншсан байсан. Магадгүй ингэж цэнэглэгдсэн болохоор дүртэйгээ ажиллахад илүү ойр дөхөм байсан байх. Түүнээс биш өмнө нь “Гэм зэм”-ийг уншаагүй бол яах ч байсан юм, бүү мэд.
-Тэр үеийн энергийг одоо ч танаас мэдэрч байна. Яг л илүү ихийг хийхийн төлөө шунан дурлаж байгаа юм шиг?
-Би сэтгэлгээний, чөлөөт хэв маягт дуртай жүжигчин. “Гэм зэм”-ээс хойш драмын хоёр, гурван кинонд тоглолоо. Жүжигчний хувьд ч арай өөр өнцгөөс юмыг харж байна. Залуу байхад гоё шоу, энтертайнменттай бүтээлд тоглож байсан бол одоо ажилласан туршлага, нийгмийг харах өнцөг нийлээд ирэхээр арай өөр төрлийн юм хиймээр санагддаг болж. Жүжигчин хүн амьдралтай ойр байж тэндээс олон зүйлийн талаар ойлгож ухаарна. Харин амьдралаас хол байж ерөөсөө болохгүй. Яагаад гэвэл, бид тайзан дээр хэн нэгний дүрийг бүтээдэг. Амьдрал их сонирхолтой, баялаг. Багш маань “Чи үхэн үхтэлээ эрж, хайна. Жүжигчний мэргэжил тийм сонин” гэж хэлдэг байсан. Тэр үнэн л юм байна.
-Дүрээ эрж хайж явахдаа жинхэнэ өөрийгөө олсон нь хэзээ бол?
-Жүжигчин хүн зан характертайгаа ойролцоо юм хийх амархан. Гэтэл өөрөөсөө өөр хэн нэгнийг бүтээх тийм ч хялбар биш. Миний хувьд азаар өөрөөсөө тэс ондоо хүнийг, эсрэг зан төрхтэйгөөр бүтээсэн байдаг. Хүмүүс намайг хошин урлагийн жүжигчнээр харж хүлээн авдаг. Хөгжилтэй, алиа хошин, үсэрч наадсан байдлаар төсөөлдөг. Гэтэл би амьдрал дээр тэс өөр. Энэ нь нэг талаараа зөрчилддөг. Гэхдээ би үүнээс өөрийгөө жүжигчин хийж чадаж байгаа юм байна гэж боддог. Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа гуайг “Үер” кинонд тоглосных нь дараа хүүхдүүд “Урвагч” хэмээн чулуу шидэж байсан гэдэг. Энэ нь тэр хүний дүрээ тултал гаргасны илрэл. Ер нь жүжигчин хүн өөрөөсөө зугтаж бүтээлүүдээ хийж байвал мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн үг юм. Гэтэл өөрийн материал дээр тоглоод байвал уйтгартай биз дээ.
Үзэгчид бол хамгийн шударга шүүгчид. Тэд хуурахыг мэднэ
-Таныг ажиглахад ч гэсэн ногдсон дүрээ тултал хийхийн тулд өөртэйгөө маш их ажилладаг юм шиг санагддаг. Магадгүй энэ мэргэжлийн онцлог байх?
-Жүжигчин бүр өөрийн гэсэн арга барилтай. Миний хувьд эхлээд тоглох дүрийнхээ мэдрэмжийг авахыг хичээдэг. Тэр мэдрэмжийг авч чадвал цааш ажиллахад хялбар. Мэдрэмж авч чадахгүй бол худлаа болно. Уран бүтээл хийх болгонд хүн хөгжиж байдаг. Үзэгчдэд хүргэхийн тулд тэгж ажиллахаас ч өөр арга байхгүй. Яагаад гэвэл, үзэгчид гэдэг бол хамгийн үнэн, хамгийн шударга шүүгчид. Тийм учраас үзэгчдийг хэзээ ч хуурч болохгүй. Тэд хуурахыг мэднэ.
-“Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт орохын тулд өөрийгөө тодорхой хэмжээнд бэлтгэх шаардлагатай болсон уу?
-Үнэнийг хэлэхэд надаас хэтийдсэн ажил. Миний хувьд хамгийн том сорилт болж байна. Анх өөрийгөө яагаад сориод үзэж болохгүй гэж бодсон. Түүнээс хойш чадлынхаа хэрээр сайн оролцохыг хичээж байгаа. Бас ийм сэргэлт авсан үедээ өөрийгөө дахин сорих, уран бүтээл хийх ч бодолтой явна. Жүжигчин Эрдэнэзаан өөрийнхөө дотоод ертөнц юу юм бэ гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна. Мэргэжлийнхээ утга учрыг ойлгоод ирэхээр шунаж эхэлдэг. Бүтээл үлдээх юмсан гэсэн бодол төрөх болжээ.
-Танд бүтээл хийх нөөц, бааз нь хангалттай байгаа гэж бодож байна. Оюутны байрнаас нөхөрлөсөн андаас эхлээд одоо хамт ажиллаж байгаа дүү ч бий?
-Манай “Маск” продакшны залуус бүгдээрээ 40 гарсан, идэр насандаа яваа уран бүтээлчид байна. Залуучууд маань бие даагаад уран бүтээлээ хийгээд эхэллээ. Цаг хугацаа тийм л хурдан юм. Үүнийг ойлгож цаг үеэ мэдэрч явахгүй бол уран бүтээлч хүн зогсоно. Нэг хэв маягт баригдана. Өөрийгөө үргэлж хөгжүүлж, цаг үеэ мэдэрч явахгүй бол болохгүй. Залуучуудаас сурах зүйл олон байна. Тэдний хандлага, ертөнцийг харах өнцөг, үзэл бодол өөр болсон. Тиймээс тэдэнд хүрч ажиллахын тулд залуусын ертөнцийг ойлгож судлах хэрэгтэй. Жүжигчин хүн амжилтыг ганцаараа гаргадаггүй. Багийн ажиллагаа маш чухал.
Хамтран ажиллаж байгаа хүмүүсээ байнга хүндэлж, хайрладаг байх хэрэгтэй. Тэгж чадвал тэдэнтэйгээ амжилтад хүрнэ. Түүнээс биш “би, би, би” гээд байвал дуусна. Би мундаг гээд байвал удахгүй төгсөнө. Бидний мэргэжлийн онцлог багаар ажилладаг. Багаар ажиллахын тулд ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй, нэг нэгнээ хайрлаж хүндэлдэг байх ёстой.
-Зарим хүн нэрд гараад ирэхээрээ замаасаа хазайдаг тал бий. Танд тийм үе байсан уу?
-Залуу насанд омголон, сагсуу байдаг. Үүнийгээ би буруутгахгүй. Яагаад гэвэл насных. Надад ч тийм үе байсан. Би ч гэсэн хүн. Надад алдаа оноо бий. Гэхдээ хүн өөрийгөө буруу алхаад байна уу, зөв яваад байгаа юу гэдгээ ойлгодог байх хэрэгтэй. Хүн нас насандаа байна. 30 настай хүн 50-тай юм шиг байгаад яах юм бэ. Тэнэгтдэг насан дээрээ тэнэгт. 30 насандаа омголон, сагсуу, бяртай байгаад 40-тэйдээ ухаараад, 50-тайдаа төлөвшөөд явах л ёстой. Ер нь тэгээд аль ч насанд зөв явах л хэрэгтэй. Нас бол нас. Гоё шүү дээ.
-Олны танил эрхмүүдийг аль ч цагт элдэв яриа, цуурхал дагаастай явдаг. Үүнийг та хэрхэн хүлээж авдаг вэ?
-Залуу байхад эмзэглэдэг байсан. Одоо бол тоохгүй. Хямраад яах юм бэ. Хүнд шүүмжлэл хэрэгтэй. Тиймээс шүүмжлэлийг хүлээж авна. Хатуу ч гэсэн үнэнийг сонсох хэрэгтэй. Энэ насанд ирэхээр үнэн худлыг ялгаж сурдаг юм байна. Бас магтаалд дургүй хүн гэж юу байх вэ. Худал, хөөргөсөн биш, үнэн магтаалыг сонсох сайхан. Хүн урмын амьтан учраас магтаалын үг сонсоод сэтгэл сэргээд л ирдэг юм.
-Танд зам зуурын найз олон байв уу. Заяаны анд нөхөр олон таарав уу?
-Надад найз нөхөр олон бий. Багын андаас эхлээд “Маск” продакшны найз нар маань байна. Бид гурвын амьдрал, уран бүтээл хамтдаа бүдэрч, өсөн дэвшиж ирсэн. Ер нь тэгээд хамтарч ажиллана гэдэг амьдрал, хувь заяа нэгдэж байна гэсэн үг. Унавал хамтдаа унана, босвол хамтдаа босно. Түүний тулд нэг нэгнээ маш их хайрлах хэрэгтэй болно. Бид сайхан ажиллаж байна. Ямар ч гэсэн хүссэндээ хүрч олон сайхан уран бүтээл хийлээ. Бид 17 жил хамт ажиллалаа. Тэгэхээр хамтарч ажиллана гэдэг тоглоом биш. Цаана нь амьдрал явдаг. Гурван хүний нэг нь л халтирвал гурвуулаа халтирна. Тийм болохоор бидний нөхөрлөл нэг талаараа хариуцлага байдаг.
-Хөл хөдөлгөөн их, шуугиантай нөхцөлд та ажилладаг. Заримдаа завсарлага авмаар санагдсан үедээ хаана цагийг өнгөрүүлэх дуртай вэ?
-Би гэр амьтай хүн. Чөлөөт цагаараа гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг илүүд үздэг. Заримдаа гэрийнхнийгээ “Гараач ээ” гэж хэлтэл нь гэртээ байдаг. Өөрөө шуугиан, бужигнаантай орчинд ажилладаг учраас боломж гарвал ая тухтай, намуухан газар амарч байхгүй бол болдоггүй.
-Хүнээс гэр бүлийн хүмүүжил харагддаг. Та нэлээд дэг журамтай айлын хүүхэд шиг санагдсан. Ээж тань таныг хариуцлагатай болгож өсгөсөн юм болов уу?
-Намайг “Тэгж өсгөсөн, ингэж өсгөсөн” гэж хэлмээргүй байна. Манай аав насаараа удирдах ажил хийсэн. Ээж маань чанар шалгагч инженер, мастер мэргэжилтэй. Ийм нэгэн айлд өссөн, гурван хүүхэдтэй айлын бага нь. Ах, эгч хоёртой. Хүмүүс айлын бага нь эрх гэдэг. Гэхдээ би тийм байгаагүй. Ах, эгч хоёр маань сургуулиа төгсөөд явчихсан, би гэрийнхээ ажил, хоол ундаа хийдэг хүүхэд байсан. Манай аав, ээж нэг их загнадаг төрлийн хүмүүс биш. Манай аав их шаардлага өндөртэй ажлаа хийдэг мөртлөө хүнийг ойлгодог. Хамт ажиллаж байсан хүмүүс нь одоо хүртэл манайхаар орж гардаг. Аав маань надад “Хүнд итгэсэн бол араас нь хөөцөлдөөд хэрэггүй. Дараа үр дүнг нь харах хэрэгтэй” гэдэг.
-Хэдэн настай байсан ч сэтгэлийн гүнд уяатай байдаг, хамгийн зөөлөн, дулаан хэсэг нь ээжийн тухай бодол байдаг?
-Ээж маань 2012 онд бурхан болсон. Манай ээж их нийтэч, олонтой хүн байсан юм. Хамаатан саднуудаа холбодог хүмүүс байдаг даа. Ээж минь яг л тийм хүн нь. Би хамаатан садныхаа бүх мэдээллийг ээжээсээ авдаг байсан. Одоо ч тэр бүхэн алсаржээ. Миний ээж бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн байсныг хүмүүс дурсан ярьдаг.
-Хүн өөрийнхөө хийж чадаагүйг үр хүүхдээрээ гүйцэлдүүлэхийг боддог. Харин та...?
-Би хүүхдүүдээ хүссэнээр нь байлгах дуртай. Хүн дуртай зүйлээсээ л аз жаргалыг мэдэрдэг. Тиймээс хясаж боож болохгүй. Хүүхдээ заавал сүрхий хүн болгох гээд зүтгүүлэх зөв биш. Мэдээж эцэг, эхийн хувьд зөвлөгөө өгнө. Гэхдээ өөрийнх нь үзэл бодол, сонголтыг хүндлэх хэрэгтэй гэдгийг амьдралын явцад ойлгосон.
-Таныг өвөө болсон гэж сонссон. Зээ охин нь том болж байна уу?
-Ой зургаан сартай ач охинтой. Манайх гэдэг айл өнөр өтгөн болж байгаа.
Ховор жүжигчний шавь нь болсон би их азтай хүн
-Та багшийнхаа талаар их ярьдаг хүн. Дурсах хүн олон байвал төдий чинээгээр хүмүүсийн ой тойнд тод үлддэг болохоор би танд их баярладаг юм?
-Би өөртөө “Багшийнхаа нэрийг үргэлж сайнаар дуудуулж явах болно” гэж амласан. Сайн жүжигчин болж багшийнхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө одоо ч гэсэн хичээж байна. Би их азтай хүн. Яагаад гэвэл маш ховор жүжигчний шавь болсон. Багш маань дахин давтагдашгүй жүжигчин. Тийм хүнээс номын дуу сонсоно гэдэг хэр баргийн хүнд заяах хувь тохиол биш. Одоо бол “Ямар гоё дотоод сэтгэлийн хүчтэй, уран нарийн хийцтэй, арга ухаантай жүжигчний шавь болсон юм бэ” гэдгээ ойлгож байна.
Залуу байхад мэдэхгүй. Багш их зүйлийн талаар ярьсан. Гэтэл тухайн үед ярьж байсан нь одоо надад алт шиг үнэтэй. Яагаад гэвэл, би жүжигчний амьдралыг биеэрээ туулж байгаа учраас. Багш нэг л анги төгсгөсөн. Тэндээс шавь нар нь гэж гарын таван хуруунд тоологдох хүн байдаг. Жүжигчнээр ажиллаж байгаа нь гурав, дөрөв бий. Багш маань шавь нараараа маш их бахархдаг хүн байсан.
-Ярилцлага өндөрлөх дөхөж байна. Хамгийн сүүлд таны хичээллэж байгаа холимог тулааны талаар асууя?
-Тамирчин дүү маань намайг олон улсын хэмжээний мастер Батлхагватай танилцуулсан юм. Уулзаад жингээ хасах зорилготойгоо хэлэхэд “Хурдан турахыг хүсвэл би тантай ажиллахгүй. Тогтмол, зөв аргаар жингээ хасахыг хүсвэл надтай ажиллаж болно. Гол нь та тууштай байж чадах уу” гэж асуусан. Түүнээс хойш би холимог тулааны урлагаар хоёр жил хичээллэж байна. Одоогоор 20 кг хассан. Одоо турах гэхээсээ илүү тулааны урлагаа ойлгож хичээллэж байгаа. Миний зорилго нэгдүгээрт, эрүүл байх. Эрүүл байна гэдэг нэг талаараа хариуцлагатай байхыг хэлж байгаа хэрэг. Хоёрдугаарт, жүжигчин хүн байна, өөрийгөө өөрчилье гэж бодсон. Зорилгоосоо ухралгүй тууштай байж чадсан. Мэдээж амар байгаагүй. Одоо жингээ хасаж эрүүлжээд сэтгэл санаа өөдрөг, спортоор хичээллэхийн гайхамшгийг мэдрээд байж байна. Цаашдаа ч тууштай хичээллэнэ. Хүүхдүүдийг спортоор хичээллээсэй гэж бодох болсон.
-Сонирхогчдын тэмцээнд оролцоод үзэх юмсан гэсэн хүсэл байна уу?
-Хорхой хүрдэг л юм. Гэхдээ мэргэжлийн үүднээс болохгүй. Тулаанд оролцохгүйгээр хэм хэмжээндээ тууштай хичээллэнэ гэж бодож байна.
-Тулааны спортын дөртэй болно гэдэг цаашид адал явдалт кинонд тоглох боломж бүрдэнэ гэсэн үг?
-Тэгэлгүй яах вэ. Энэ миний хувьд шинэ боломж. Би одоо 50 настай ч 40-тэй хүний ачаалал авах хэмжээний бэлтгэл хийж, ачаалал даах чадвартай болсон. Өөр жанрын уран бүтээлд тоглох хэмжээний ачааг дааж чадахаар болж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24555/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна