Дуурийн урлагт 70 жилийн тэртээ хөл тавьж, Монгол Улсын театрын түүхийг бичилцсэн эрхэм уран бүтээлчтэй ярилцлаа. Балжиннямын Банзаржав гуай өдгөө 80 гарсан ч “Цар тахлаас өмнө хоолой минь цуцаагүй байсан. Ковидоор өвдөөд жаахан онцгүй боллоо” хэмээн хуучилж сууна. Дэлхийн сонгодог дуурийн гурван ноён оргил “Чио Чио Сан”, “Тоска”, “Фауст”-ын гол дүрийг бүтээсэн сопрано манай улсад цөөн. Д.Намдагийн “Шарай голын гурван хаан” дуурийн Рогмагуа хатан, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаа, Д.Лувсаншаравын “Хан бүргэд” дуурийн Норовлхам, “Шивээ Хиагт” дуурийн Гэрэл, “Нүцгэн ноён” дуурийн Бундмаа, Л.Мөрдоржийн “Жаргал” дуурийн Жаргал, “Хөхөө Намжил” дуурийн Уянга, Их хатан, Гуногийн “Фауст” дуурийн Маргарита, Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн Берта, Б.Сметаны “Худалдагдсан бэр” дуурийн Маженка, Ж.Пуччинигийн “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, “Тоска” дуурийн Флора Тоска, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Мерседес, Ж.Вердигийн “Травиата” дуурийн Анина, “Русалка” дуурийн Ольга зэрэг 20 дуурийн дүрийг бүтээсэн нь театрын архивт үлджээ.
-Дуурь байтугай театрын урлаг Монголд төдийлөн дэлгэрээгүй 1950-аад онд Найрал дууны ангид шалгуулж байжээ. Театр яагаад таныг тэгтлээ татсан юм бэ?
-Би эмээ, өвөөтэйгөө Завхан аймагт өссөн, хөдөөний хүүхэд. Дуучин болохыг багаасаа мөрөөдсөн. “Хүрэн толгойн сүүдэр”, “Цомбон туурайтай хүрэн” зэрэг бэсрэг уртын дуу сураад хүүхдийн үсний найран дээр дуулдаг охин байлаа. Аав минь нам, төрийн хариуцлагатай алба хашдаг. Намайг 15 настайд, Хөдөө аж ахуйн сайдаар томилогдож биднийг Завханаас нүүлгэж, хотод авчирсан.
Урлагийн хүн болох хүсэл сонирхлоо ээждээ үргэлж хэлнэ, шамдуулсаар 1955 онд театрт шалгуулсан юм. Насаа нэмж шалгаруулалтад ороод Найрал дууны ангид тэнцсэн. Оройн сургуульд суралцаж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан. Гурван жилийн дараа жаахан тоогдоод “Шарай голын гурван хаан” дуулалт жүжгийн Рогмагуа хатны дүрийг бүтээсэн. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайтай нэг тайзнаа гарсан гэхээр жаахан гэлтгүй зоригтой байж.
-Найрал дууны ангиас дуулалт жүжигт тогложээ. Найруулагчдын хараанд өртөж, гоцлол дуучны замналаа эхлүүлэхэд ямар байв?
-Төрийн концертод 1962 онд гоцлоод дараа нь Их тэнгэрийн хүлээн авалтад дууллаа. Ю.Цэдэнбал дарга, Улс төрийн товчооны гишүүдийн урд дуулахдаа гараа хаана тавихаа ч мэдэхгүй сандарч билээ. Тэр хүлээн авалтад дуулаад л найрал дууны ангиас солистын эгнээнд шилжсэн. Болгарын консерваторид сурах үүд хаалгаа тэгэхэд л нээсэн болов уу. Түүний дараахан Финландын нийслэлд болсон дэлхийн залуучууд, оюутны их наадамд уртын дуучин Н.Норовбанзад гуайтай хамт оролцлоо. Тэнд хэдэн хүнтэй баг үлдэж Унгар, Румын, Чех, Болгар гэсэн социалист орноор аялан тоглосон. Болгарт байхад “Софийн консерваторид шалгуулаад тэнцвэл үлдэж суралц” гэсэн бичиг Соёлын яамнаас ирлээ.
Миний амьдралын хамгийн сайхан үе Болгарт өнгөрчээ. Болгар дуурийн урлагаараа Италийн дараа орно. Дэлхийн сонгодог дууриудыг үзэж, нүд тайлсан. Бас ханьтайгаа танилцсан юм. Нөхөр минь архитектор хүн байсан, даанч эрт бурхан болсон. Сургуулиа 1967 онд төгсөж ирээд Дуурийн театрт гоцлол дуучнаар оров. Дуурийн театр, Драмын театр, Ардын ансамбль гэсэн мэргэжлийн урлагийн гурван том байгууллага байлаа. Монголын дуурийн урлаг эрчимтэй хөгжсөн 1950-аад онд найрал дууны ангид 1960-1993 онд гоцлооч байлаа. 1960, 1970 онд театрт тавьсан дэлхийн сонгодог болон үндэсний дуурийн гол дүрийг бүтээжээ. Монголын ард түмэнд урлагийг сурталчилж, соён гэгээрүүлэх нь бидний үндсэн ажил байв.
Театрын жилийн орлого, улсын төлөвлөгөөг биелүүлэх гэж хөдөөгүүр аялан тоглоно. Бүх аймгаар тоглосон. Заримдаа задгай машин дээр суугаад явдаг байлаа. Сүүл үед автобустай болсон. “Учиртай гурван толгой”, “Шарай голын гурван хаан”, “Хан бүргэд” дуурийг бүтнээр нь тоглоно. Дуурь анх удаа сонссон хөдөөний хүмүүс жиг жуг инээнэ. Гэсэн ч тэр л он жилүүдэд үндэсний хэмжээний төдийгүй дэлхийн хэмжээний олон сайхан дуурийг Монголын тайзнаа тавьсан.
-Та үе үеийн сайхан дуучидтай хамтран дуулсан байх. Тэдний дундаас алтан партнёр гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Д.Банди, А.Хавлааш, Ц.Дагванамдал, О.Лувсандамдин, Амар, Б.Готов, Г.Хайдав багштайгаа дуулж байлаа. Д.Бандитай “Чио Чио Сан”, “Тоска”, “Шивээ Хиагт”, “Хан бүргэд” дуурьт хамт дуулсан. Болгарт хамт төгссөн Л.Эрдэнэбулган, Амар нартайгаа их сайхан хоршдог байсан. Тэр үеийн уран бүтээлчид бусдадаа алдаа дутагдлыг нь шударгаар хэлж, зааж зөвлөж, залуус нь ч ахмадынхаа үгийг хүлээж авч, хүндэлнэ. Энэ гоё хүмүүс одоо хорвоогоос буцсан ч сэтгэлд тод үлджээ. Театр бидний хоёр дахь гэр байсан. Амьдралын богинохон цаг хугацаанд тэдэнтэйгээ амжиж ажилласан минь зол юм.
-“Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаад дуулсан юм билээ. Энэ тухайгаа дурсвал?
-Нансалмаад дуулж байхад Хоролмаагийн дүр бодогдоод болдоггүй. Хоролмаагийн дүрийг ажиглана, ноотыг нь харж судаллаа. Үг, ноотоо цээжлээд, нүүрээ будаад тайзан дээр гарч “Учиртай гурван толгой”-д дуулдаггүй. Дүрийн сургуулилт хувцсаа яаж өмсөх, тайзан дээр хэрхэн алхаж, биеэ авч явахаас эхэлдэг. Нүд унагам сайхан Нансалмаа, Хоролмааг надаас өмнө Л.Цогзолмаа, Д.Пүрэвсүрэн, П.Цэвэлсүрэн, А.Загдсүрэн, В.Сүрэнхорлоо нарын аваргууд өөрийнхөөрөө бүтээсэн. Нансалмаа бол хориод насны, монгол эмэгтэйн бүхий л сайхан зан чанарыг шингээсэн гоё дүр.
Харин Хоролмаа арай эгчмэд, хайр дурлалынхаа төлөө яахаас ч буцахгүй эмэгтэйг төлөөлдэг. Ийм л ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон хоёр сайхан дүрийг муу бүтээж хэрхэвч болохгүй. Тэр үед бид хүссэн дүрдээ тоглох боломжтой, чөлөөтэй байж. Д.Лувсаншарав багш хормейстер, уран сайхны удирдаачаар ажиллаж байхад олон сайхан дуурь тавьсан. Багшийг Ардын ансамбль руу шилжсэний дараа Дуурийн театрын бодлого алдагдсан даа.
-Дуурийн дуучид их залуудаа Гавьяатын цол тэмдгээ авдаг. Аав тань Улс төрийн товчооны долоон гишүүний нэг байсан. Охиноо ид дуулж явахад нь Ю.Цэдэнбал даргад нөлөөлж, БНМАУ-ын төрийн дээд шагналуудыг олгуулах хэмжээний эрх мэдэл байсан шүү дээ?
-Миний аав 75 нас хүртлээ төрийн алба хашсан. Төрийн концерт, Их Тэнгэрийн хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр аавынхаа урд дуулахдаа их л сандардаг байж билээ. Тэр үед гавьяатын босго өндөр байсан. Аав бид хоёр арын хаалга гэж мэддэггүй л байж дээ. Хүссэн шагналаар минь шагнуулах эрх мэдэл аавд байсан, би ч албан тушаалыг нь ашиглах бүрэн боломжтой байлаа. Гэхдээ тэр үед шагнал тоодоггүй, уран бүтээлээр “өвчилж” явсан.
Сопрано хоолойтнуудын мөрөөдөл “Чио Чио Сан”, “Тоска”, “Фауст” дуурийн гол дүрийг бүтээснээрээ омогшдог. Сонгодог дуурийн гурван оргилын нэг “Фауст”-ыг манай театр 1969 онд тавихад Маргаритагийн дүрд П.Цэвэлсүрэн гуай анх дуулсан. Дараа нь М.Найдалмаа бид хоёр дуулсан. “Фауст” хоёр цаг гаруй үргэлжилдэг том дуурь ч удалгүй, театрын хөтөлбөрөөс хассан. “Чио Чио Сан”, “Тоска”-гийн гол дүрд 1984 онд тохиолоор дуулсан юм.
Ж.Чулуун багш надад итгэж “Чио Чио Сан”-ы дүрийг өгсөн. Найрал хөгжимтэй хоёр удаа бэлтгэл хийгээд “Эрвээхэй хатагтай”-д гарсан. “Чио Чио Сан”-д дуулах ямар аймаар гэж санана. Одоо ноотуудаа хараад “Бурхан минь, би яаж энэ дээд өндөр ноотыг авсан юм бол” гэж гайхдаг. Энэ дуурьт Уртаа ганцаараа дуулдаг байсан. Би ноотоо хараад, пянзаар сонсдог байлаа. Миний толгойд бүх зүйл байсан учраас даваад гарсан. Х.Уртнасан эмнэлэгт хэвтээд “Тоска”-д дуулсан юм. Яах вэ “Тоска”-г пянзаар сонсож байсан учраас удирдаачтайгаа зөрөлгүй партуудаа дуусгасан хэрэг. Найруулагчтайгаа сайтар ажиллаж чадаагүй учраас жүжиглэлт талаасаа дулимаг болсон гэж боддог. Ер нь би өөрийгөө чамладаг зантай.
-Хэрвээ Ардын жүжигчин Х.Уртнасан гуай эмнэлэгт хэвтээгүй бол танд “Тоска”-д дуулах боломж олдохгүй байжээ. Мэргэжлийн дуучдын өрсөлдөөн таны үед хэр байв?
-Магадгүй. “Чио Чио Сан”, “Тоска”-д дуулах нууцхан хүсэлтэй, ноотыг нь хараад явдаг байсан олон сопрано гол дүр авч чадаагүй шүү. Одоо бол бүгд л дуулж байна. Тоглолтын дараа гоцлол дуучид өрөөндөө дарс задлаад, баяраа хийдэг уламжлалтай. “Тоска”-д дуулсны дараа удирдаач Жаамаа “Банзайг ингэж дуулна гэж бодоогүй” гэж магтаад л, Д.Жаргалсайхан “Та нар ийм сайхан дуучныг гаргаддаггүй” гээд хавчдаг маягийн юм ярьсан. Тоглолтын дараа театрын дарга жижүүрийн толины хажуу хананд “Гоцлол дуучин Б.Банзаржав “Тоска”-гийн Флорагийн дүрд амжилттай дууллаа” гэсэн баярын хуудас гаргасан.
Бүх хүн харсан. Хэд хоногийн дараа хэн нэгэн нь авчихсан байсан. Гоцлол дуучдын дунд өрсөлддөг хүн байсан л байх. Гоё л дуулахыг хүсдэг байснаас хэн нэгэнтэй өрсөлдөж, дүр булаацалдаж явсангүй. Надад хоолой байсан. Үндэсний болон дэлхийн сонгодог 20 дуурьт дуулсандаа сэтгэл өег явдаг. Дуучны дуулах хүслийг өдөөж, оргилуулдаг дуурийн урлаг гайхалтай шүү. Тэр оргилсон сэтгэлээрээ дүр бүтээхэд хамт олон чухал байдаг. Ж.Чулуун, Ч.Жамсранжав гэж аугаа хоёр удирдаач ажиллаж байлаа. Манай театрт Оросоос концертмейстерууд ирж бидэнд зөвлөдөг байсан. Сүүлд Л.Халиунсүрэнтэйгээ ажилласан.
-Таны аав Д.Балжинням Их Британид суусан манай анхны Бүрэн эрхт Элчин сайд. 1963 онд хатан хаанд итгэмжлэх жуух бичгээ барихын өмнөхөн авахуулсан сайхан зураг нь байдаг. Та аавыгаа байхад Их Британид очсон уу?
-Би Болгарт оюутан байсан. Аав минь ганцаараа Лондон явсан. Хөрөнгөтөн оронд хамаагүй зорчиж болдоггүй хатуу цаг байв. Тэр байтугай манай театрын найрал дууны анги Англид фестивальд уригдахад бид явж чадаагүй. Хэрвээ явсан бол Г.Хайдав багштайгаа “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаад дуулах байсан. Англид явахаар бэлтгэж багштайгаа авахуулсан зураг одоо ч бий. Багш “Манай Банзай дээшээ колоратурный, доошоо меццо дуугарч чадах гайхалтай хоолойтой” гэж магтахад урамшдаг байлаа.
-Таны дуулсан бүтээлүүд радиогийн “Алтан фонд”, телевизийн архивд байдаг уу?
-“Есөн эрдэнийн орон”, “Талын бэлчээр”, “Цэцэгт цэнхэр алчуур” дууг бичүүлсэн ч дараа нь арчигдсан юм билээ. Бидний үед хальс олддоггүй, ховрын бараа байлаа. Миний дууг арчаад дараагийн дуугаа бичдэг цаг байж.
-Тэтгэвэрт гарна гэдэг дуурийн дуучдын туулах ёстой хүнд давааны нэг гэдэг. Танд тэр даваа бас л бэрх байсан уу?
-Нийгмийн шилжилтийн үед юун дуурь мантай, театр ч эзэнгүйдсэн. А.Бүтэд тэргүүтэй бидний хэдэн дуучныг 20 жил ажилласан гэдэг заалтаар 1993 онд хүчээр тэтгэвэрт гаргасан даа. Нэг орой гэрийн утсанд дуудлага ирлээ. Тэгсэн “Банзаржав гуай, таныг тэтгэвэрт гаргасан. Маргааш ирэх хэрэггүй, бичиг баримтуудыг тань дүүрэг рүү шилжүүлсэн” гэж хэлсэн. Хар нялхаараа театрт орсон надад ямар муухай санагдсан гээч. Миний хоолой цуцаагүй, дахиад дуулах нөөц байсан. Соёл урлагийн их сургуульд 10 жил, Хөгжим, бүжгийн коллежид 10 гаруй жил багшлаад одоо гэртээ сууж байна.
-1960, 1970-аад оны урлагийн бүсгүйчүүдийн ганган, дэгжин гэрэл зургууд байдаг. Та загварлаг бүсгүй байв уу?
-Тухыайн үеийнхээ л моодоор хувцаслахыг хичээнэ. Гадагшаа тоглолтоор явахдаа хувцсаа авна. Нүдээ контурдаж, үсээ овоолдог байлаа. Манай үеийнхэн кинонд их тоглосон. Би хөдөө өссөн болоод ч тэр үү ичимхий. Ичээд олны хэсэгт зураг авахуулсан ч хүний араар орно. “Хань” кинонд эмч нарын зөвлөгөөний хэсэгт тоглохдоо хүртэл араасаа зураг авахуулсан байдаг.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24555/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна