Дээд боловсролын тухай хуулийн дэд ажлын хэсгийн гишүүн Х.Тамиртай ярилцлаа.
-Дээд боловсролын хуулийн төсөлд орж байгаа онцлог юу вэ?
-Дээд боловсролын зорилгоос эхлээд хууль бүхэлдээ концепцын хувьд суралцагч төвтэй болсон. Тухайлбал, дээд боловсролоор иргэнийг нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, дэвшилтэд шинэ санаа, инновацыг хөгжүүлэх, бүтээлчээр ашиглах, олон соёлын орчинд ажиллаж амьдрах чадвартай, ёс суртахуунтай болгож төлөвшүүлэхийг чухалчилж байгаа юм. Ингэхдээ эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх, оюуны бүтээл, судалгааны ёс зүйг дээдлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдлыг дэмжих, хамтын сайн засаглалыг хөгжүүлэх, улс төрөөс хараат бус байх зарчмуудыг баримталсан гэж үзэж байна. Жишээ нь, засаглалын хувьд улс төрөөс хараат бус болж салбарын сайд томилдог бус, удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилон, хуульд заасан үндэслэлээр чөлөөлдөг болж байна. Мөн тогтолцооны хувьд 2025 оноос дээд сургууль байхгүй болж, цаашид их сургууль, коллеж гэж байна.
Үйл ажиллагааны хүрээ, сургалт, судалгааны чиглэл, сургалтын хөтөлбөр, суралцагч төгсөгчийн тоо, бусад холбогдох үзүүлэлтэд үндэслэн судалгааны их сургууль, сургалт голлосон, тодорхой чиглэлээр судалгааны үйл ажиллагаа явуулдаг их сургууль, мэргэжлийн тодорхой чиглэлээр төрөлжсөн их сургууль гэж ангилах зохицуулалт орж байна. Тэдгээрт тавих шалгуур, шаардлагын техникийн зохицуулалтыг Засгийн газраар тогтоож батлан хэрэгжүүлэхээр туссан зэрэг олон шинэ зохицуулалт туссан. Энэ бүгд чанарын төлөөх үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт болно гэж үзэж байна. Цаашилбал, сургалтын хөтөлбөрөөр зэрэгцээ болон шаталсан хэлбэрээр суралцах, хөтөлбөр дүйцүүлэн тооцох боломжийг өргөтгөх, сургалтыг олон шийдлээр зохион байгуулах, санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох, сургалт судалгааны ажлыг гүйцэтгэл, үр дүнд суурилсан байдлаар санхүүжүүлэх гэх зэрэг шинэчлэл энэ хуулиар хийгдэж байна.
-Манай улсад их, дээд сургууль олширч, энэ хэрээр дээд боловсрол эзэмшиж байгаа залуус ч жилийн жилд нэмэгдэж байна. Гэтэл салбартаа мэргэжлээрээ ажиллаж байгаа нь хэр вэ?
-Тийм ээ, манай улсад нэг үе 200 гаруй их, дээд сургууль байсан. Өнгөрсөн хичээлийн жилийн эхэнд 90 орчим их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан. Сүүлийн жил гаруй хугацаанд дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд БШУЯ-наас чанарын хяналт, шалгалт явуулж 25 дээд сургуулийг бие даан сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй, шаардлага хангахгүй байгаа гэж үзэн гэж сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг сайдын тушаалаар цуцалсан. Мөн 20 гаруй сургуульд зөрчил дутагдал арилгах тухай албан шаардлага хүргэсэн байгаа. Бид дээд боловсрол эзэмшүүлэхдээ багшлах хүний нөөц, байр сав, лаборатори орчин гээд капиталын нөөц, бүртгэл тооцоо, сургалтын зохион байгуулалтыг шийдэх технологийн нөөц гээд олон шаардлагыг хангах ёстой. Энэ шаардлагыг хангахгүй мэргэжлийн багш, орчин, технологийг шаардлагыг бүрдүүлэхгүйгээр сургалтын үйл ажиллагаа цаашид эрхлэх боломжгүй болно. Цаашид мэргэжлийн болон техникийн боловсролыг түлхүү анхаарч, сайн сурч байгаа нь шатлан суралцах тогтолцоог ч шинэ хуулиар нэг мөр болгож байгаа гэж ойлгож болно.
Өнөөдөр сул ажлын байр их болж, мэргэжилтэй чадварлаг ажилтан олдохгүй, хүний нөөцийн хомстолд орсон байна. Үүнийг их, дээд сургуулиуд зах зээлийн эрэлттэй уялдуулан элсэлт аваагүй, сургуулийн орлогоо бүрдүүлэхийн тулд суралцагчийн сонирхолд хөтлөгдөн элсэлт авч, ажлын байранд илүүдэлтэй байгаа мэргэжлээр төгсгөж ирсэнтэй шууд холбон ойлгож болно. Үүнд төрийн, эдийн засгийн зохицуулалт ч дутагдсан тал байна. Үүнийг нэн даруй өөрчлөх шаардлагатай. Энэ зохицуулалт ч шинэ хуульд туссан.
-Суралцагчид хүссэн мэдлэг, мэргэшлээ дээд боловсролоос авч чадаж байна уу?
-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх тал дээр их, дээд сургуулиуд хөтөлбөрөө шинэчилж байгаа хэдий ч мэргэжлийн холбоод, ажил олгогчийн оролцоог хангах, ажлын байран дээрх сургалт, дадлагын тогтолцоог сургалтад нэвтрүүлэх, түншлэгч болон оролцогч талуудтай хамтран ажиллах тал, эрх зүйн зохицуулалт дутмаг байсан. Цаашид сургалт судалгааны үйл ажиллагааг суралцагчийн эзэмшсэн байх мэдлэг, чадварыг тодорхойлж, тухайлбал үр дүнд суурилан зохион байгуулах, хүрсэн түвшинг үнэлэх, чанарын хэмжих, хөндлөнгийн үнэлгээний системийг иж бүрэн нэвтрүүлэх, үр дүнг баталгаажуулах тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж дээд боловсролын тухай хуульд чанарын хяналт, баталгаажуулах тогтолцоог иж бүрэн тусгасан. Үндсэндээ суралцагчийн тухайн мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж ажлын байранд шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшсэн эсэх, дээд боловсролтой иргэний хандлага, ёс суртахуун, төлөвшсөн төгсөгчийг бэлтгэн гаргаж байгаа эсэхийг хянан магадлах тогтолцоог хэрэгжүүлнэ.
-Дээд боловсролын салбарт эрэлттэй ямар мэргэжил байна вэ. Ихэвчлэн МСҮТ-ийн бэлтгэгдсэн мэргэжилтнүүд өнөөдрийн зах зээлд амьдрал ойр суралцаж байх шиг, эзэмшсэн мэргэжил нь ч эрэлттэй.
-Үнэн. Өнөөдөр улсын хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах тэргүүлэх мэргэжлийн чиглэл, мөн хүний нөөцийн хомстол үүссэн эрэлттэй мэргэжлийн чиглэлийн чиглэл, хөтөлбөрөөр суралцагч, нийт суралцагчийн 20 гаруй хувь байна. Өөрөөр хэлбэл, дээд боловсролын 145000 гаруй суралцагчийн 70 гаруй хувь нь тэргүүүлэх, эрэлттэй бус мэргэжлээр суралцаж байна. Эрэлттэй мэргэжлээр суралцах нь ирээдүйд ажлын байртай, орлоготой болж, салбарын болон улс орны боловсон хүний зохистой байдал бий болж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах болно.
-Хасах шаардлагатай мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн индекс бий юү? Хэр оновчтой байгаа вэ?
-Өнгөрсөн хичээлийн жилд БШУ-ы сайдын 160 дугаар тушаалаар мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн индекс шинэчлэн батлагдсан. Энд хөтөлбөрийн давхардлыг арилгах, мэргэжлийн чиглэлийг оновчтой тогтоох ажлыг хийсэн. Батлагдсан индексийн дагуу их, дээд сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох ажил хийсэн бөгөөд 1280 гаруй хөтөлбөрийг сургалтын тусгай зөвшөөрлөөс хасалт хийсэн. Ингэснээр хэт нарийвчилсан хөтөлбөрийг үндсэн мэргэжлийн чиглэлтэй уялдуулах, давхардал арилгах, түвшин болон мэргэжлийн чиглэл зөрсөн хөтөлбөрийг тохируулан оновчлох, техникчийн түвшний хөтөлбөрийг бакалаврын түвшнээс хасах зэрэг ажлууд хийгдсэн нь суралцагчийн ирээдүйд ажиллах мэргэжлийн чиглэлийг тодорхой болгосон гэж ойлгож болно. Өнөөдөр сургалтын тухайн хөтөлбөрөөр суралцаад ажил мэргэжлийн ангилал тодорхойлолтын ямар ямар ажлын байран дээр ажиллах боломжтой талаарх лавлагаа, мэдээллийн сан бүрдүүлэх ажил хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, суралцагч, эцэг эх, ажил олгогч болон дээд боловсролын оролцогч талуудад тухайн ажлын байранд ажиллахад ямар хөтөлбөрөөр суралцах ёстой талаар тодорхой мэдээлэлтэй болно гэж ойлгоно.
-Дээд боловсролын хууль батлагдсанаар шаардлага хангаагүй зарим сургуульд яах вэ. Сургалтын чанар хэр сайжрах вэ?
-Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал хуульд тодорхой туссан тухай дээр өгүүлсэн. Дээд боловсролын байгууллагад тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг Засгийн газраар батлан мөрдөх юм. Тэрхүү шалгуурыг хангаж, чанарын төлөө ажиллах нь дээд боловсролын сургалтын байгууллагуудад тавигдаж байгаа шаардлага болно. Тавьж буй чанарын шаардлага хангаж ажиллахгүй бол цаашид сургалт эрхлэх боломжгүй болох нь ойлгомжтой.
-Их, дээд сургуульд багшлах боловсон хүчин хэр хангалттай вэ. Зарим багш үндсэн сургуулиасаа гадна хувийн сургуулиудад цагаар багшилдаг. Энэ нь тухайн сургуулийн суралцагчийн сурлагын чанарт сөргөөр нөлөөлөх тал ч анзаарагддаг.
-Тийм ээ. 40 гаруй их, дээд сургууль хэрэгжүүлж байгаа, хөдөлмөрийн зах зээлийн хувьд эрэлттэй биш, суралцагчийн сонирхон олноор суралцаж байгаа мэргэжлийн хөтөлбөрт эрдмийн зэрэг цолтой, мэдлэг чадвартай багш нарын эзлэх хувь хангалтгүй, дутагдалтай, 4-6 сургуульд тухайн хөтөлбөр хариуцан ажиллаж байгаа тохиолдол ч байсан. Энэ байдал бол мэдээж сургалтын чанарт муугаар нөлөөлнө. Үүнийг хянах, чанарыг үнэлэх зорилгоор их, дээд сургуулиудын гүйцэтгэлийн үзүүлэлтийн нэгдсэн санг үүсгэх, дээд боловсролын эрэмбэ, чансаа тогтоох, чанарын үнэлгээ хийх ажлыг БШУ-ы сайдын тушаал гарч энэ хавар эхлүүлсэн. Ирэх намар эхний үр дүнг олон нийтэд ил тод зарлах байх. Цаашид аль сургууль, ямар хөтөлбөр чанартай талаарх мэдээллийг эрэмбэ чансаа тогтоох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн байгууллагатай хамтран олон нийтэд нээлттэй хүргэж байх тогтолцоо бүрдүүлэн ажиллах болж байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24556/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна