​ Т.Ням-Очир: Боловсролын бодлогын төв нь хөтөлбөр биш хүүхэд байна


УИХ-ын чуулганаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг өнөөдөр эцэслэн батална. Үүнтэй холбогдуулан Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа. 

 -Боловсролын ерөнхий хуулийг УИХ хэлэлцэн батлах гэж байна. Хэлэлцүүлгийн үеэр энэ хуулийн төсөл анх өргөн баригдсанаасаа хэр өөрчлөлт орсон бол?

-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийг 2020 оны аравдугаар сараас эхлэн олон нийтээр хэлэлцүүлсэн. 2021 оны зургадугаар сарын 24-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан байдаг. Өнгөрсөн хугацаанд хуулийн төсөлд сайжруулалт орж, эцсийн хэлэлцүүлгээ өнгөрсөн долоо хоногт хийж, УИХ-аар батлагдах шатандаа орлоо. Хуулийг боловсруулахдаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсрол эзэмшихэд гарч буй ирээдүйн чиг хандлага, ялангуяа сургалтын зохион байгуулалт, арга хэлбэрт гарч байгаа өөрчлөлт, үүнтэй холбогдуулан тухайн салбар болон улс орон хэрхэн бэлэн байх тухай зохицуулалтыг тусгахыг зорьсон. Боловсролын ирээдүйн хөгжлийн чиг хандлагад гарч байгаа өөрчлөлтийг судалж, өөрийн орны онцлогт тулгуурлан боловсруулсан учраас УИХ-аар хэлэлцэх явцад хуулийн төсөлд харьцангуй бага өөрчлөлт орсон. 

Яагаад гэвэл тэгш байдлыг хангах, хэнийг ч боловсролын гадна орхихгүй байх, тэгш хамран сургах, тэгш боломжийг бүрдүүлэх хуулийн зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгсөн. Ялангуяа боловсрол эзэмшихтэй холбогдож үүсэх салбарын болон салбар хоорондын үйл явц, зохицуулалтыг тодорхой болгосон. Энэ хууль батлагдсанаар олон дүрэм, журам хэрэгжих, ойлгомжгүй харьцаануудыг багасгахад анхаарсан. Тиймээс өөрчлөлтүүд харьцангуй бага. Энэ удаагийн Боловсролын багц хуулийн онцлог нь Боловсролын ерөнхий хуульдаа зарчмын, бодлогын гол асуудлаа тусгасан. Дагалдан батлагдах салбар хуулиудад үйл ажиллагааны шинжтэй зохицуулалтаа хийх зарчмаар зохицуулагдсан учраас харьцангуй уялдаа холбоотой байлаа. 

-Хууль батлагдсанаар сургал­тын чанарт хэр ахиц гарах бол. Хүүхдүүдийн хоцрогдлыг бууруу­лах чиглэлд тодорхой заалт тусгасан уу?

-Хэнд үйлчилгээ үзүүлж байгаа вэ? гэдэгт энэ хууль хариулт өгнө. Хуульд иргэн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшигчийн чиг үүргийг суралцагчийн хөгжил, төлөвшил, сурлагын ахиц, амжилтыг дэмжих, тэдний хэрэгжүүлэх үйл ажиллагаа талаас нь илүүтэй тусгаж өгсөн. Цаашдаа хууль хэрэгжээд эхлэхээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, багш, боловсролын байгууллагын ажилтан нэг бүрээр чиг үүргийн нарийвчилсан зохицуулалт тусгасан. Тухайлбал, хуульд хоцрогдолтой хүүхэдтэй хэн, хэрхэн, яаж ажиллах талаар зохицуулалт бий. Тиймээс хүртээмжээс чанар руу илүү анхаарч, чанарт өөрчлөлт гарна. 

 -Хүүхдүүдэд боловсролыг хэр тэгш, хүртээмжтэй олгож байна вэ? Тухайлбал, сурлагын хоцрогдолтой хүүхдүүдийг анги дэвшүүлсээр төгсгөх үү?

-Бид хүүхдүүдийг сургаж, хөг­жүүлж, төлөвшүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэг байгуулж байна. Тиймээс бодлогын төвд хөтөлбөр биш хүүхэд өөрөө байх ёстой. Хүүхдийг бодлогын төвөө болгохоор тухайн хүүхдийг цогц хөгжүүлэх бүхий л зохицуулалт явна. Хүүхдүүд бүгд 100 хувь онц сурах албагүй. Гэхдээ хүүхэд бүр зөв, сайн хүн болон төлөвших, нийгэмдээ үүрэг, хувь нэмрээ оруулдаг хүн болж хөгжих ёстой. Энэ чиглэлд л гол анхаарлаа хандуулж, бодлогын төвд хүүхдээ авчирч, хөгжүүлж, сурлагын амжилтыг нь ахиулахад юуг анхаарах талаар хуульд тусгасан. 

 

ЕБС-ийн хичээлийн тоог цөөрүүлж, багшийг хөрвөх чадвартай болгоно

 

-Хууль батлагдсанаар сургалтын агуулга хэр өөрчлөгдөх вэ. ЕБС-д заадаг хичээлийн нэр төрөлд өөрчлөлт оруулах уу?

-Одоогийн хүчин төгөлдөр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр хүүхдийн тоо өсөн нэмэгдэж байгаа энэ үед багшийн хэрэгцээг хангахад хэцүү. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хот хөдөөгийн ялгаатай байдлыг богино хугацаанд арилгахад хүнд. Ялангуяа сумдад одоогийн хөтөлбөр, төлөвлөгөөгөөр хичээллэж, одоогийн шаардлагаар багшийн хомстолыг арилгана гэвэл өрөөсгөл. 

2025 онд дунд, ахлах ангийн хүүхдүүдийн тоо 56 хувиар, 2030 онд 71 хувиар тус тус өснө. Өөрөөр хэлбэл, жил бүр ЕБС-ийн хүүхдүүдийн тоо 40 мянгаар нэмэгдэж, 2025 он гэхэд ЕБС-ийн хүүхдийн тоо 800 мянгад хүрнэ. Тиймээс одоогийн хөтөлбөрт тусгасан дунд ангид заадаг 19-22 нэр төрлийн хичээл хэвээр байвал багшийн хэрэгцээг нөхөх хэцүү. Тиймээс Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуульд Сургалтын хөтөлбөрийн менежментийн циклийг нарийвчлан тусгасан. Тухайн хөтөлбөр батлагдаад хэрэгжвэл сургалтын тогтолцооны үргэлжлэх хугацаатай тэнцүү байна. Явцын дунд сайжруулалт хийнэ. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд заах агуулгыг хуульчилсан. Цаашдаа агуулга, хөтөлбөрийг илүү интеграцчилж, тухайн нэг ангид, нэг түвшинд орох хичээлийн тоог цөөрүүлж, багшийг илүү хөрвөх чадвартай болгох чиглэлд боловсролын хөгжил явах зохицуулалтыг хуульд тусгалаа.

Мэдээж, хууль батлагдаад хэрэгжихээр бусад хуулиудад сургалтын хөтөлбөр, агуулгын талаар заалт тусгадаг байдал хумигдана. Энэ хууль батлагдахаас өмнө бусад 21 хуулиар ЕБС-д ийм хичээл, тийм хөтөлбөр орно, ийм агуулга заавал сурах ёстой гэдэг зүйлийг тусгадаг байсан. Салбар яам хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай учир янз бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургуулиудад “шахдаг” хандлагатай олон жил явсан. Харин одоо сургуульд заах хөтөлбөр агуулгыг зөвхөн Боловсролын ерөнхий хуулиар тодорхойлно.

-ЕБС-ийн хүүхдийн тоо жил бүр 40 мянгаар нэмэгдэхээр хичээл гурван ээлжээр үргэлжлэх үү. Хотод анги дүүргэлт ихтэй, орон нутагт сул байдаг. Сургуулийн хүртээмж, багш, боловсон хүчний нөөцийг яаж хангах вэ?

-Монгол Улс өргөн уудам нутагтай, тархай бутархай байршилтай. Өргөн уудам нутагтаа суурьшиж амьдардаг, мал аж ахуй, хөдөө аж ахуй зонхилсон орон. Улсын хэмжээнд орон нутагт анги дүүргэлт бага, улсын хэмжээнд бага ангид 30 орчим, дунд, ахлах ангид 27-28 хүүхэд л суралцаж байна. Гэхдээ төвлөрсөн төв суурин газарт, ялангуяа нийслэлд анги дүүргэлт өндөр байна.

2005-2006 оны хичээлийн жилд Монгол Улс 10-аас 11 жилийн тогтолцоонд, 2008-2009 оны хичээлийн жилд 11-ээс 12 жилийн тогтолцоонд шилжсэн. Тодруулбал, 12 жилийн боловсролын тогтол­цоонд бүрэн шилжсэнээс хойш шилжилтийн үеэ бүрэн даван туулаад 4-5 жил л болж байна. Сургууль элсэх нас 8, 7, 6 болсон. Энэ хэрээр сургуульд хамрагдах хүүхдийн тоо илүү нэмэгдсэн. Үүний цаана хүртээмжийн асуудал хөндөгдөж байна. 

Ойрын хоёр жилд ЕБС төгсөх хүүхдийн тоо 35-40 мянга, нэгдүгээр ангид элсэн орох хүүхдийн тоо 78-80 мянга байна. Гурван жилийн дараа буюу 2025-2026, 2026-2027 оны хичээлийн жилээс эхэлж төгсөх хүүхдийн тоо 65-70 мянга, элсэх хүүхдийн тоо 70 мянга болох юм. Элсэлт, төгсөлтийн харьцаа ойртоно гэсэн үг. Энэ хүртэл бид хүртээмжийг нэмэгдүүлсээр байна. Хамгийн гол хүндрэл нь Улаанбаатар хот, зарим нэг төвлөрсөн аймаг, хотод асар өндөр ачаалал ирэх юм. 

Хаана хэрэгцээ шаардлага байна, тэнд бодлогоо хэрэгжүүлнэ. Тийм учраас хүүхдүүдийг гурван ээлжид шилжүүлж, өндөр ачаалал өгөхгүй байхад төр, засаг бодлогоо хэрэгжүүлнэ. Тийм учраас Засгийн газрын тогтоол гарсан. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд “сургуулийн хэв шинж, бүтцийг төлөвлөхдөө аймгийн болон сумын Засаг дарга дур мэдэн шийдэхгүй. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болон сургуулийн зураглалд тулгуурлан шийдвэрлэнэ” гэж заасан. 

 

Бид ахуйдаа дарагдаж, амьдралдаа баригдаж хүүхдийн хөгжих насыг хойшлуулж болохгүй

 

-Хөдөө орон нутагт, тэр дундаа малчны хүүхэд зургаан настайгаас нь сумын төвд сургуульд сургахаар эцэг, эхээсээ хол, балчирдаад байна гэсэн шүүмжлэл гарч ирсэн. Хүүхдийн насны ангилалд ямар нэг зохицуулалт орсон уу?

-Хуулийн төслийг анх өргөн барихдаа сургуулийн өмнөх насыг 3-5, сургуульд элсэх насыг малчны хүүхэд биш бол 6 настай байхаар зохицуулалт хийсэн. Хэлэлцүүлгийн явцад цэцэрлэгт элсэх насыг 2-5 насаар хуучин хэвээр хадгалах, хөгжлийн бэрхшээл, хүндэтгэх шалтгаантай бол сургуульд 7 настай элсүүлж болох заалт тусгасан. Дээр нь гэрийн сургууль буюу homeschooling-ийн зохицуулалт оруулсан. Гэхдээ бид нэг зүйлийг маш сайн анхаарах ёстой. Тархи судлалын шинжлэх ухаан хөгжиж байна. Хүүхдийг аль болох бага наснаас нь хөгжүүлбэл үр дүнтэй болохыг судлаачид нотолсон. Дэлхийн улс орнууд энэ чиг хандлагыг баримталж байгаа тохиолдолд бид ахуйдаа дарагдаж, амьдралдаа баригдаж хүүхдийн хөгжих насыг хойшлуулж болохгүй. Тийм учраас энэ хуулийг дагалдаж гарах дүрэм, журам илүү нарийвчлалтай гарах байх. Хэрвээ эцэг, эх хүсэлтээр нэг жил хүүхдийг өнжөөсөн тохиолдолд хүүхдийн хөгжлийг хэрхэн хариуцахад анхаарна. Аль болох зургаан настайд нь сургуульд элсүүлбэл үр дүнтэй. Долоон настай хүүхдээ элсүүлбэл хүүхэд бусдаасаа нэг жилээр хоцролттой явна. 

-Homeschooling-ийг тодруу­лахгүй юу. Ямар хэлбэрээр сургах вэ?

-Хүнд, хавсарсан хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт гарцаагүй, тодорхой хүүхдэд гэрээр боловсрол олгоно. Энэ тохиолдолд ээж, аавд нь халамжийн, эрүүл мэндийн, боловсролын гэх мэт шаардлагатай зардлыг нь олгох боломжийг хуулиар нээнэ. Эцэг, эх, асран хамгаалагчид нь зориулсан олон хувилбартай гэр бүлд зориулсан сургалт, зөвлөгөөг бий болгоно. Үүний дараа эргээд хүүхдийн эзэмшсэн мэдлэгийг баталгаажуулах ёстой. Энэ нь Монголд анх удаа хэрэгжих хуулийн зохицуулалт учраас дүрэм журмыг нарийвчлан батална. 

-Хуульд хот, хөдөөгийн боловс­ролын ялгааг арилгахад хэрхэн анхаарсан бол?

-Тэгш боломж олгох, хүн бүрд тэгш хамран сургах асуудал тусгагдсан. Үүнд хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс хамаарсан бүх зүйл байна. Онцгой авьяастай, үндэсний цөөнхийн... гэх мэт бүх асуудлыг цогцоор нь харж байна. Тэгш хамран сургах, тэгш боломж гэсэн хуулийн шинэ концепц орж ирж байна. Хот, хөдөөгийн ялгааг арилгах гол зүйл нь санхүүжилт. Санхүүжилтээр дамжуулж ялгаатай байдлыг арилгана. Боловсролын ерөнхий хуулийн 40-43 дугаар зүйлд энэ талаар тодорхой тусгасан. 

-Төрийн болон хувийн сургуу­лийн хөтөлбөрийн ялгаа хэвээр байх уу?

-Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуульд нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг олгоно. Олон улсын гэх мэт хөтөлбөрийн эрх аваад, нэмэлт өндөр төлбөр шаардаж байгаа сургуульд хувь­сах зардлыг хязгаарлана. Үүнд салбарын хяналт тавина. 

-Манайх өнөөдөр Цөм хөтөл­бөрийг хэрэгжүүлж байна. Хууль батлагдсанаар шинэ хөтөлбөрт шилжих үү?

-Тухайн хөтөлбөрийг хэн нэгэн гарч ирээд өөрчилдөг зүйлийг хуулиар арилгаж байна. Ямар нэг хөтөлбөр батлагдвал 10-12 жилийн менежментийн циклээ заавал давдаг байна. Хэрвээ дараагийн хөтөлбөр хэрэгжүүлэх бол өмнөх хөтөлбөрийн үр дүнгээ хэмжиж, судалгаа хийж, нотолсны үндсэн дээр хэрэгжүүлнэ. 

Тиймээс одоо хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөр 2013-2014 оны хичээлийн жилээс бага боловсролд хэрэгжиж эхэлсэн. 10 жилийн цикл нь 2023-2024 оны хичээлийн жилд дуусна. Дараагийн хөтөлбөрийн үзэл баримтлал батлагдахад бэлэн болсон. БШУЯ дараагийн хөтөлбөрийн циклээ эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. 

 

Засгийн газраас багш нарын нийгмийн баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 

-Багш, боловсон хүчний нийгмийн асуудалд хууль эрх зүйн талаасаа ямар бодлогоор дэмжих вэ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөдөөгийн сэргэлтээр орон нутагт шилжин суурьших багш нарт ипотекийн зээлийг гурван хувиар олгох ажил хэрэгжиж байна? 

-Хуульд багш нарын нийгмийн баталгаатай холбоотой тодорхой заалт туссан. Өмнөх хуульд байсан заалтыг илүү тодотголоо. Санхүүжилт, нийгмийн баталгаатай холбоотой заалтуудыг ихэвчлэн Боловсролын ерөнхий хуульд тусгалаа. Учир нь, Боловсролын ерөнхий хууль бусад салбар хуулийнхаа эх хууль. Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн, дээд боловсролын бүх түвшинд үйлчлэх нийгмийн баталгааны ерөнхий заалт орсон. Засгийн газраас багш нарын нийгмийн баталгааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашдаа багш нарын нийгмийн баталгаа болох орон сууц, ипотекийн зээл, бусад халамж, дэмжлэг уг хөтөлбөрөөр шийдэгдэнэ. 

-Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа авдаг боллоо. Энэ нь хүүхдийн сурлагын чанар, хөгжилд эергээр нөлөөлж байна уу?

-Энэ хуулиар боловсролын үнэлгээ, хяналт шинжилгээ, сурал­цагчийн үнэлгээтэй холбоотой тухайлсан зүйл, заалт оруулж өгснөөрөө онцлогтой. Боловсролын үнэлгээ, хяналт шинжилгээ бол суралцагчийн сургалтын чанарыг баталгаажуулж, багш, суралцагчийн хөгжлийг дэмжих, боловсролын бодлого, төлөвлөлтийг сайжруулахад чиглэж байна. 

Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалт, гүйцэтгэлийн үнэлгээ хуулиар баталгаажиж байна. Цааш­даа зөвхөн элсэлтийн ерөнхий шалгалтаар биш боловс­рол өөрөө хөндлөнгийн үнэл­гээтэй. Хөндлөнгийн үнэлгээнд тул­гуурласан урамшууллын системтэй, ажил сайжруулах менежмент, механизмтай болно. Энэ хүрээндээ ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авч, суралцагчийн эрхийг хамгаалах, хөгжих, суралцах боломжийг дэмжихэд чиглэж байна. 

-Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлгийн явцад англи хэлний хичээлийг хэддүгээр ангиас нь заах асуудлаар УИХ-ын гишүүд болон нийгэмд маргаан дэгдлээ. Энэ хичээлийг яагаад хуульчилсангүй юү?

-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль эцэслэн батлагдахад хуульд “ЕБС-д судлах гадаад хэл нь сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд заасан хэл байна” гэж тусгасан. Сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Засгийн газар батлахаар заасан. Засгийн газраар үзэл баримтлалыг батлах нь олонхоор шийдвэрлэх, хамтын шийдвэрийн нэг хэлбэр. 

-Гадаад хэлийг хүүхдүүдэд сур­гах нь зөв ч нөгөө талаар эх хэлээ­рээ зөв бичихгүй байна, багш нар муу зааж байна гэсэн шүүмж­лэл дагалддаг. Хуульд монгол хэлээрээ зөв бичиж, ярих талаар тусгасан уу?

-Цэцэрлэг, ЕБС-д судлах сургал­тын хөтөлбөрийн агуулгыг тухайлан зааж өгсөн. Үүнд эх хэл, бичиг, уран зохиолын агуулга үндсэн чиглэл болж орсон. Эх хэлээ хамгийн сайн сурсан хүүхэд бусад хэлийг сайн сурна. 

-Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах хүртээмжийг нэмэгдүүлэхэд ямар зохицуулалт тусгасан бол. Мөн хоолны чанар маргаан дагуулдаг. Энэ талаар хуульд ямар заалт тусгасан бэ?

-Одоо мөрдөгдөж байгаа Бага, дунд боловсролын хууль 2002 онд, Сургуулийн өмнөх боловсролын хууль 2008 онд батлагдсан. Энэ хоёр хууль зарчмын хувьд багш, удирдах ажилтны гүйцэтгэх үүрэг ойролцоо. Иймээс хуулиудыг нэгтгээд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль болгон боловсруулсан. 

Шинэ хуульд таван настай хүүхдийг заавал цэцэрлэгт хамруулах, таван настай хүүхдэд заавал заах багц цагийн хэмжээ агуулга гээд олон зүйл тусгасан. 

Мөн цэцэрлэг болон цэцэрлэг дундын сэтгэл зүйч, хоол зүйч байх заалт шинээр оруулж байна. Хүүхдийг бид багаас нь зөв хүн болгон өсгөж хүмүүжүүлэхийн тулд нийгэм сэтгэл зүйн тогтвортой байдал, эрүүл мэнд, эрүүл хооллолтын талаар мэдлэг чухал. Боловсролын ерөнхий хуульд хоолны зардалтай холбоотой зохицуулалт орсон. 

-Энэ хууль батлагдан хэрэгж­сэнээр боловсролын салбарт ямар шинэчлэл гарах вэ?

-Хуулийг бүх түвшиндээ нэг мөр ойлгож, боловсролын оролцогч бүх талууд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Хууль батлах бол нийт ажлын 10 хувь, харин нэг мөр ойлгож, зөв хэрэгжүүлэх нь нийт ажлын 90 хувь. Тийм учраас бүх нийтэд энэ хуулийг сурталчлах, зөв хэрэгжүүлэх механизмыг заах, дагаж гарах дүрэм, журам ямар нэг салаа утгагүй байхад боловсролын салбарын бүх судлаач, багш нар, эцэг эхчүүд нэг тал болж ажиллах хэрэгтэй. Боловсролын салбарын бүтээгдэхүүний үр дүн 10-20, 30 жилийн дараах Монгол Улсын хөгжлөөр тодорхойлогдоно.

 Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24556/


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын үйл хэрэгт ахмадуудын оролцоо, үүрэг асар их 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: SDY залуучуудын хөгжил, оролцооны тэргүүлэгч байгууллаг… 1 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг үргэлж дэмжиж ир… 1 цагийн өмнө
Залуучууд, эмэгтэйчүүд чуулж, ахмадууд асуудлаа хэлэлцлээ 1 цагийн өмнө
Ерөөл, буян бялхсан номтой өдрүүд 1 цагийн өмнө
Биржийн борлуулалт нэмэгдэж, бодлогын хүү буурсныг зарласан долоо хоно… 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 2 цагийн өмнө
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эх… 18 цагийн өмнө
Хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ Өчигдөр
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… Өчигдөр
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… Өчигдөр
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалт… Өчигдөр
Д.Сарандулам: Бид таныг дэлхийн боловсрол эзэмшихэд гүүр болж чадна 2024/09/18
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 2024/09/17
Монголбанк инфляцыг таван хувь болгох зорилт дэвшүүлжээ 2024/09/17
Амьдралын тойрог буюу “Хорооллын нас” 2024/09/17
Энэ жил 429 мянган тонн улаанбуудай хураан авахаар тооцоолжээ 2024/09/17
Л.Баяр: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн юм 2024/09/17
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ 2024/09/17