-Тэрбээр дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэг болох Жексоны балетын олон улсын конкурст амжилттай оролцлоо-
Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчин Өлзийжаргалын Мөнхжинтэй онлайнаар холбогдож сэтгэгдлийг нь сонслоо. Сонгодог театрын тод “өнгө”, залуучуудын төлөөлөл болсон тэрбээр АНУ-ын Миссисипи мужийн Жексон хотод болсон балетын олон улсын уралдаанд амжилттай оролцсон юм. Дэлхийн сор болсон бүжигчидтэй нэгэн тайзнаа гарсан Ө.Мөнхжин шилдгийн шилдгүүдтэй авьяас, ур чадвараараа өрсөлдөж дөрөвдүгээр байрт шалгарлаа. Түүний гаргасан амжилтаар бахархаж, “Монголын сонгодог урлагт ийм “эрдэнэ” байдаг юм шүү” гэж бусдад гайхуулмаар санагдсаныг нуух юун. Жексонд болж өнгөрсөн балетын олон улсын уралдаанд газар газрын 320 бүжигчний хүсэлтийг хүлээн авснаас 100 гаруйхад нь урилга илгээсэн бөгөөд тэднээс 99 нь шалгаруулалтад оролцжээ. Улмаар олимпын системээр шалгаруулалт явуулахад 14 бүжигчин финалдсаны нэг нь Ө.Мөнхжин байв. Өмнө нь Москвагийн балетын олон улсын уралдаанд амжилттай оролцож “Дипломант” болсон нь түүний ямар түвшний бүжигчин гэдгийг илтгэх биз ээ.
-Дэлхийн балетын хамгийн нэр хүндтэй уралдааны нэг Жексоны олон улсын уралдаанд амжилттай оролцсон танд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Энгийн нэгний хувьд 20 гаруйхан нас бол дурлаж, шатаж, алдаж, мөрөөдлийнхөө төлөө галзуу юм шиг зүтгэдэг үе. Харин 20 гаруйхан нас балетын жүжигчдийн хувьд карьерын оргил үеийн эхлэл байдаг юм болов уу?
-Тийм ээ, балетчин болох хүүхдүүдийг 10-тайгаас нь бэлтгээд 18 насанд нь төгсгөдөг. Энэ нь манай мэргэжлийн онцлогийн нэг хэсэг юм. Бид 20-оод насандаа мэргэжлийн бүжигчин болчихдог. Ид карьерын маань эхлэл тавигдаад, мэргэжилдээ өдрөөс өдөрт сайжирч илүү ихийг хийхийг хүсэж, цаг минут бүрийг зааландаа үр бүтээлтэй өнгөрөөдөг гэж ойлгож болно.
-Сургуулиа төгсөж ирээд удаагүй байхад Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр танд өөрийгөө нээн харуулах хариуцлагатай даалгавар өгсөн нь “Хунт нуур” балет байсан. Богино хугацаанд дүрийнхээ зан төлөвийг бүрэн илэрхийлэхийн тулд дотоод хүнтэйгээ хэрхэн ажилласан бэ?
-Ханхүү Зигфридийн дүрийг бүтээх нь сургуулиа дөнгөж төгссөн надад маш том сорилт байсан. Гэхдээ бидний хувьд тайзан дээр өөрийн характерыг харуулах биш, 100 гаруй жилийн өмнө бичигдсэн дүрүүдийг гаргаж үзэгчдэд хүргэхэд мэргэжлийн чадвар оршдог.
-Амьдралын дийлэнх цагийг сурч, бэлтгэлийн зааланд өнгөрүүлдэг балетчдын амжилтад хүрэхдээ дэнчин болгодог зүйл нь цаг хугацаа гэж би боддог юм. Багаасаа олон жил хичээллэсний үр дүнгээ тайзан дээр гараад бүрэн утгаар нь үзэж, мэдэрч чадахгүй бол өнгөрсөн цаг хугацаа хайран санагдана. Харин та цаг хугацааны талаар ямар бодолтой явдаг бол?
-Мэдээж тийм. Гэхдээ би хувьдаа зөвхөн тайзан дээрээс биш бэлтгэл, цаашлаад театртаа өнгөрүүлсэн цаг минут бүрээсээ таашаал авч, хайрлаж амьдрахыг илүүд үздэг. Ялангуяа цар тахлын үед театрт өнгөрүүлсэн цаг минут бүр ямар үнэтэй байсныг илүү ойлгуулсан.
-Ээжийн тань сонголт мэргэн байж та ОХУ-д балетын жүжигчнээр суралцахаар явсан. Гэхдээ та хувьдаа ямар бодолтой байсан бэ?
-Тэр үед би хүүхэд байсан. Ямар мэргэжлээр сурах гэж байгаагаа ч мэдэхгүй “Оросод сурна, гадаад руу явна” гэж л баярласан санагддаг юм.
-Дуурийн театр шижигнэсэн залуусаар боловсон хүчнээ зузаатгаж, хэний ямар ч бүтээлийг амилуулсан “хөл алдахааргүй” болсон. Үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, өөрийгөө хурцлах үе тулгардаг л байх?
-Манай залуу үе хоорондоо өрсөлдөөнтэй ч түүнийг давсан нөхөрсөг харилцаатай. Бидний хэн нэгэн дебютээ хийх гээд бэлтгэж байхад нь сэтгэл санаагаар дэмждэг. Мөн алдааг нь хэлээд, засахад нь тусалж зөвлөөд явдаг.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таныг Монголд ирэхээр дахин уулзъя.
Б.Сэлэнгэ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна