Холын зочин манай сонины “Бүтээлч урлан”-г зорин ирлээ. Дүрслэх урлагийн гайхамшгийг ирээдүйн уран бүтээлчдэд таниулж, мэдрүүлэх хүндтэй үүргийг гүйцэтгэж буй эрхэм бол Орхон аймгийн 2006, 2019 оны мэргэжлийн аварга багш, Дархан овогт О.Болдбаатар юм. Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Алтангадас” одонт ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн зураг зүйн багшаар ажилладаг түүний бэлтгэсэн шавиуд техник технологийн улс, аймгийн олимпиад, уралдаанд амжилттай оролцдог. О.Болдбаатар багш ч сурагчдадаа хичээл заахын зэрэгцээ өөрийгөө байнга сорьж явдаг уран бүтээлч ажээ. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр техник технологийн улсын XX, XXIII олимпиадад амжилттай оролцож тус тус гуравдугаар байр эзэлж хошой хүрэл медаль хүртсэн байна. МУЭ-ийн гишүүн, Боловсролын тэргүүний ажилтан, дүрслэх урлагийн багш О.БОЛДБААТАРЫН энэ цагийн ололт амжилт, туршлагаас нь хуваалцсанаа уншигчдадаа хүргэе.
-Таны дүрслэх урлагт дурласан үеэс тань эхлэн ярилцъя. Юу таныг сэтгэлийг хөдөлгөж, хүсэл зорилгоо тодорхойлоход нөлөөлсөн бэ?
-Миний уран бүтээлч, багш болсон нь аавтай маань холбоотой. Аав маань Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт нимгэн төмөрчнөөр ажилладаг байсан. Төмрөөр усны торх, зуух, яндангаас эхлээд том барилгуудын салхивчийг хүртэл хийдэг гарын дүйтэй хүн. Заримдаа ажилд явахдаа намайг авч авдаг байсан. Нэг удаа аав бид хоёр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 100-аад км-ийн зайтай Уянга сумын Жаргалантын Битүүтийн амралт руу явсан. Тэнд очиж амралтын газрын барилгын дээврийг хийсэн юм. Тухайн үед аав минь надаар хэмжих ажлуудыг нь хийлгэснийг санаж байна.
Тэр болгон намайг хараа, гарын баримжаатай болгосон байх. Дээр нь манай удам уран дархчуултай. Тиймээс саяхан манай хамаатан садан, ахан дүүс хэлэлцээд овгоо Дархан болгосон. Тэгэхээр миний уран бүтээлч болох өгөгдөл удам судраас маань улбаатай. Хүүхэд байхаасаа л зураг зурж уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Баяр ёслол болгоноор ханын сонин хийдэг сурагч байлаа. Арван жилийн сургуулиа төгсөхдөө ангийнхаа монтажийг хийсэн. Монтаж дээрх ангийнхныхаа хөргийг тухайн үед харандаагаар зурж байсан. Энэ бүхэн намайг дүрслэх урлагт дурлахад нөлөөлсөн байх гэж би боддог. Наймдугаар анги төгсөх жилээ Дүрслэх урлагийн дунд сургуульд суралцъя хэмээн бодсон ч сурахыг хүссэн хуваарь манай аймагт ирээгүй. Тиймээс 1989 онд аравдугаар ангиа төгсөөд Улсын багшийн дээд сургуулийн дүрслэх урлаг, хөдөлмөрийн ангид элсэн орсон.
-Дүрслэх урлагийн олон төрлөөс алийг нь сонгон мэргэшсэн бэ?
-Реалист чиглэлээр сонирхон хичээллэж, уран бүтээлээ туурвисаар ирлээ. Дүрслэх урлагийн энэ чиглэлийг сонгоход Улсын багшийн дээд сургуулийн багш нар маань нөлөөлсөн. Яагаад гэвэл, тухайн үеийн багш нар ихэнхдээ реалист чиглэлээр зурдаг. Тэр тусмаа манай уран зургийн группийн багш, урлаг судлаач, доктор, профессор Ц.Эрдэнэцог ОХУ-ын Суриковын академийг дөнгөж төгсөөд ирээд байв. Багш маань реалист чиглэлээр зурдаг нь шавь нарт нь нөлөөлсөн. Би ч гэсэн реалист чиглэлээр, ихэвчлэн байгалийн сэдэвтэй, мөн хөрөг зураг зурж байгаа. Харин сүүлийн үед аж байдлын сэдэвтэй томоохон хэмжээний бүтээл туурвихаар зэхэж байна.
-Бие даан бүтээлдээ шамдах нэг хэрэг. Харин бусдын оюун санаанд урлагийн мэдрэмж суулгах амаргүй. Энэ амаргүй замаар явах сонголтыг яагаад хийх болсныг асуумаар байна?
-Аравдугаар анги төгсгөсөн ангийн багш маань намайг мэргэжлээ сонгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Багш энэ амаргүй мэргэжлийг сонгож шалгалт өг гэж зөвлөсөн учраас конкурс өгсөн. Улмаар ур чадварын шалгалтад 15 онооноос 14-ийг авч тэргүүлсэн. Мөн нийгмийн ухааны хичээлд 15, сүүлд нь орос хэлний шалгалт өгснөөр аймагтаа ирсэн нэг хуваарийг авч Улсын багшийн дээд сургуулийн дүрслэх урлаг, хөдөлмөрийн ангид элсэн орсон хүн дээ. 1994 онд сургуулиа төгсөж ирээд Орхон аймгийн нэгдүгээр сургуульд зургийн багшаар ажиллаж эхэлсэн.
Зургийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нээн хичээллүүлж шавь нар маань бүгд Улаанбаатар хотын “Анима” дүрслэх урлагийн коллежид элсэн орсноор багшийн хувьд урам орж энэ сургуульдаа тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна. Сурагчдаа дүрслэх урлагийн аль нэг төрлөөр гарын дүйтэй болгох, мэргэшүүлэх, тэдний хорвоог харах өнцгийг өөрчилж, урлагт дурлуулах хүндтэй ажил хүн болгонд заяахгүй, аз завшаантай. Тиймээс би багшийн ажилдаа дуртай. Хүүхдүүд маань ч багшаараа хичээл заалгах дуртай байдаг гэдэгт итгэлтэй байна.
-Арван жилийн сургууль бол авьяасын уул уурхай. Тэнд нээж, танигдаагүй заяамал өгөгдөлтэй хүүхэд олон. Харин тэдгээрийг нээн илрүүлж, зөв зүгт чиглүүлэх нь багшийн үүрэг байдаг. Өнгөрсөн хугацаанд та хэчнээн нуугдмал “эрдэнэ”-ийг олж нээв?
-Хүүхэд бол цав цагаахан цаас юм. Түүн дээр юуг “зурж” эхлэх нь багшаас шалтгаалдаг. “Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг” гэсэн үг бий. Миний хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд ойролцоогоор 5000 хүүхдэд дүрслэх урлаг, зураг зүйн хичээлийн боловсрол олгосноос энэхүү мэргэжлээр мэргэшсэн 100-аад хүүхэд байна. Тэд бүгд элсэлтийн ерөнхий шалгалтдаа тэнцээд энэ чиглэлээр суралцаж төгссөн. Одоо мэргэжлээрээ ажиллаж байна. Мэдээж энэхүү авьяасыг илрүүлж хөгжүүлэхэд багшийн арга зүй ихээхэн нөлөөтэй.
Би дүрслэх урлагийн бийргүй зурах аргыг сонгон сургалтаа явуулдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сойз, навч, хүний ногоо эсвэл хурууны хээг дардас болгон ашигладаг. Бийр ашиглахгүй байснаар хүүхдүүд чөлөөтэй сэтгэж сурдаг. Аливаа зүйлийг байгаагаар нь зур гэхээсээ илүү тухайн хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх үүднээс дүрслэх урлагийн бүхий л аргаар хийлгэхийг зорьдог нь миний онцлог. Мөн абстракт буюу хийсвэр сэтгэлгээний аргуудаар ажиллуулахыг зорьдог. Энэ нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд түлхэц болдог. Мэдээж бид дүрслэх урлагт суралцаж байгаа учраас цагаан толгой болсон натюрмортыг хэрхэн зурах вэ гэдэг сургалтыг явуулна. Үүний хажуугаар сэдэвт зохиомжууд гэх мэтээр сурагчдынхаа авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэн ажилладаг.
-Шавь нараас тань цөөнгүй нь улс, аймгийн тэмцээн уралдаанд амжилттай оролцсон байх. Тэдгээрийн заримаас танилцуулж болох уу. “Шавийн эрдэм багшаас” гэдэг дээ?
-Улс, аймгийн тэмцээн уралдаанд амжилттай оролцсон сурагч цөөнгүй бий. Юуны түрүүнд техник технологийн олимпиадын дүрслэх урлагийн төрөлд сурагчид маань хэрхэн оролцсон талаар товч мэдээлье. Энэхүү олимпиадад шавь нар маань жил бүр оролцдог бөгөөд Б.Тэлмэн 2006 онд аймагтаа түрүүлж, улсад шагнал тавдугаар байрт шалгарч байв. 2009 онд С.Балжинням мөн улсын хэмжээнд өрсөлдөж шагналт тавдугаар байр эзэлсэн. 2011 онд Дундговь аймагт болсон техник технологийн 15 дахь удаагийн олимпиадад Б.Сумьяа оролцож, улсад хүрэл медалийн эзэн болсноор дүрслэх урлагийн төрлийн анхны медалийг Орхон аймгийн Эрдэнэт хотод авчирсан.
Мөн улс, аймгаас уламжлал болгон зохион байгуулдаг уралдаануудад шавь нар маань амжилттай оролцож ирсэн. Тухайлбал, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын уралдаанд Б.Энхтунсаг маань түрүүлж байсан гэх мэтчилэн олон жишээг дурдаж болно. Зөвхөн энэ жил гэхэд 12а ангийн сурагч Намуунгэрэл техник технологийн олимпиадын дүрслэх урлагийн төрөлд аймагт гуравдугаар байр эзэлсэн. “Рояал” академиас зохион байгуулсан улсын хэмжээний олимпиадад тусгай байр, УИХ-ын гишүүн Д.Батлутын нэрэмжит зургийн уралдаанд түрүүлснээр СУИС-ийн дүрслэх урлагийн ангид суралцах эрхийн бичгээр шагнуулаад байна.
-Та ерөнхий боловсролын сургуульд 30 орчим жил ажиллажээ. Энэ хугацаанд өөрт хуримтлуулсан хамгийн үнэт зүйл нь юу байв?
-Хамт олон, найз нөхөд маань миний хувьд үнэт зүйл. Мэдээж 30 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, ур чадвараараа бахархаж явдаг.
-Багшлахын сацуу хувийн уран бүтээлдээ ч анхаарал хандуулжээ. Бие даасан үзэсгэлэнгүүдээсээ алийг нь онцлох вэ. Яагаад?
-Багшлахын зэрэгцээ чөлөөт цагаараа ур чадвараа дээшлүүлэх зорилгоор Орхон, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын зураач нартай хамтран зун, намрын судалбар ажилд жил болгон явж байна. 2017 онд баруун аймгуудаар зуны судалбар хийж, Алтай Таванбогд хүртэл явсан. Мөн Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын зураач нартай хамтран төвийн аймгуудаар явсан байна.
Ажилтай учраас өвлийн судалбарт хараахан явж амжихгүй юм. Энэ хугацаанд хамтарсан 10-аад үзэсгэлэнд оролцсон. 2020 онд “Усны үнэр” усан будгаар дагнасан анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн 2022 оны арваннэгдүгээр сард 50 насны ойдоо зориулан 50 зурагтай “Болд-50” үзэсгэлэнгээ үзэгчдэдээ өргөн барилаа. Дандаа шинэ бүтээлүүдээ дэлгэснээрээ онцлогтой. Ингэж Эрдэнэт хотын түүхэнд бие даасан хоёр ч үзэсгэлэн гаргасан багш одоохондоо надаас өөр байхгүй.
-Хамгийн сүүлд “Эрдэнэтийн хавар”-аар тантай уулзлаа. Урин цагийг өнгө будагтай нь авчирсан үзэсгэлэнд та ямар бүтээлээрээ оролцсон бэ?
-Орхон аймгийн зураач, урчуудын хамтарсан “Эрдэнэтийн хавар” үзэсгэлэнд “Морьд”, “Ойн чөлөө”, “Өглөөний цай”, “Шинийн 17”, “Сумын үдэш” бүтээлээр оролцож байна. Байгаль, хөрөг, абстрактаас гадна реалист чиглэлээр зураг болохоор үзэгчдээс ирэх асуулт олон байгаа бололтой. Үүнд нь уран бүтээлийн хувьд урамшиж баярлаад л явж байна.
-Хүн урмаар тэтгэгддэг. Хамгийн сүүлд та юунаас урам авсан бол?
-Уран бүтээлч хүнд урам их хэрэгтэй байдаг. Хамгийн сүүлд, 2019 оны техник технологийн улсын 23 дахь олимпиадад амжилттай оролцон гуравдугаар байр эзэлж их урамшлаа. Энэхүү олимпиадад 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 30 зураач, зургийн багш нар оролцсон. Улмаар тэргүүн, дэд болон 4-10 хүртэлх байрт Улаанбаатарын оролцогчид шалгарсан. Орон нутгаас миний бие шалгарсанд 21 аймгаас ирсэн багш нар ирж баяр хүргэж байлаа. Үүнийг одоо санахад хүртэл сайхан байна.
-Уран бүтээлчийн хувьд цаашдаа хийхээр төлөвлөж байгааг ажлыг тань асууж ярилцлагаа өндөрлөе гэж бодлоо?
-Өвөрхангай аймгийн үзэсгэлэнт байгалийг харуулсан томоохон хэмжээний бүтээл хийхээр төлөвлөсөн. Мөн удахгүй сургуулийн маань 50 жилийн ой болно. Ойн хүрээнд шавь нартайгаа хамтарсан үзэсгэлэн гаргана. Одооноос энэ ажилдаа бэлтгэх хэрэгтэй байна. Мөн өнгөрсөн 50 жилийн хугацаанд сургуулийг маань удирдаж байсан захирал, гүйцэтгэх захирлуудыг хамруулсан томоохон хэмжээний хөрөг бүтээл хийх бодолтой байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Миний уран бүтээл болон ажлын ололт амжилт, туршлагаас хуваалцаж түмэнд түгээж байгаа та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24555/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна