​ Хүний дотоод сэтгэлийг хөндөж, ухаарал нэмэх их хүч хөгжмийн зохиолчдод оршдог


Монголын соёл, урлагийн салбарт авьяас билиг, хөдөлмөр бүтээлээ олон жил зориулж, хөгжмийн урлагт туульсын төрлийн шинэ урсгал чиглэл гарган, орчин цагийн рок поп хөгжмийг хөгжүүлэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, их түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” хөгжмийн бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

“Дуудах нэрийг эцэг, эх нь өгдөг. Дуурсагдах алдрыг өөрөө олдог” гэсэн монголчуудын сургамжит сайхан үг байдаг. Амьдралаар нотлогдсон энэ үгний эзэн олон боловч “Сайн нэрийг хүсэвч олдохгүй. Муу нэрийг хусавч арилахгүй” гэдэгчлэн хоосон хүсэл мөрөөдөл аар саархан зүйлээр алдрын оргилд хүрнэ гэж үгүй. Чухамдаа “Цэцэг байж гэмээ нь услахад ургадаг шиг, цэцэн билигт ном байж гэмээ нь уншихад ухаардаг” шиг аливаа хүн чадах бүхнээ чанартай хийж, чадварлаг бүтээж байж сая сайн нэр, сайхан зам мөрийг олно.

Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжав тийм л нэгэн. Түүнийг монголчууд тун сайн мэднэ. Бүр ерийн иргэнээс Ерөнхийлөгч хүртлээ л мэддэг. Л.Балхжав Ленинградын Театр, кино, телевизийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр дүүргэж, телевизийн салбарт он удаан жил найруулагч, уран сайхны удирдагч, захирлын албыг хашсанаас “Улаанбаатар” телевизийг тасралтгүй 30 гаруй жил даргалан, төгс төгөлдөр, бүтээлч хамт олныг бий болгож чадсан гавьяатан. Тэрбээр энэ олон жил хариуцсан байгууллагаа гэгээлэг сайхан өнгө төрхтэй, өөдрөг сайн авч яваа нь ёстой л хүчирхэг хамт олны цаана чадварлаг том удирдагч байдгийн бодит жишээг үлгэрлэн үзүүлсэн буюу. Тухайлбал, “Улаанбаатар” телевизийг урагштай, ухаантайхан удирдаж яваа өнөр айлын эцэг болох Л.Балхжав захирлыг Менеж­ментийн холбооноос жилд нэг л хүнд олгодог “Шилдэг менежер” өргөмжлөлөөр шагнасан бол уран бүтээлчид нь “Гоо марал”, “Алтан шонхор” наадмын тэргүүн шагналыг удаа дараа хүртэж, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тодруулсан “Шилдэг телевиз”, “Шилд­гийн шилдэг телевиз”-ээр дахин дахин шалгарч, Монгол Улсын урдаа барих цөөхөн телеви­зийн нэг болсныг яав ч дурдахгүй өнгөрч боломгүй ээ. Өдгөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа  санаачилсан “Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шил­­дэг бүтээл болон шилдэг теле­­виз, радио шалгаруулах урал­даан”-д шилдгийн шилдэг теле­ви­зээр “Улаанбаатар” телевиз шал­гарч, үзэгч түмнээ баярлуулсан юм. 

Л.Балхжав дөрөв дэх засаглал хэмээн нэрийддэг хэвлэл мэдээллийн байгууллагыг удирдаж буйн хувьд сэтгүүл зүйг чухалчлан сэтгүүлч, хөтлөгчийн сургалтын төв байгуулж, TV ZONE сэтгүүл, “Улаанбаатар” телевизийн гурван суваг, FM-90.5 радио байгуулахын зэрэгцээ олон жүжиг, кинонд хөгжим дуу бичиж, кино найруулан, төсөл наадам санаачилж, сонгодог болон ардын язгуур урлаг, рок попын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан. Бие даасан 30-аад цомог бүтээж, уран бүтээлээрээ бүхий л тайз дэлгэц, радио телевизийг тэгш дүүрэн эзэгнэж буйг харахуй үнэхээр магтаад, бахдаад баршгүй. Жинхэнэ Дархан аваргын энтэй уран бүтээлч, аргагүй л цагийн эзэлнэ гэдэг энэ биз ээ. 

Ер нь хувь хүн хамт олны нийгэмд гүйцэтгэж буй ажил үйлс, амжилт ололт бүхэн ямагт түмний нүднээ ил байдаг. “Манай Балхаа дарга” хэмээн үргэлж хүндэлж явдаг үе үеийн уран бүтээлч нөхөд нь түүний хэнтэй ч ижил тэгш, дотно зөөлөн харилцдаг, ухаалаг даруу зан, хөдөлмөрч чанарыг ихэд биширдэг юм билээ. Ингэж хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг амтлан, цаг үргэлж бусдын хайр хүндлэлд оршиж “Төрдөө данстай, түмэндээ нэртэй” явах гэгч юутай сайхан. Чухам л хүн ямар үр тарина, түүнийгээ хураадаг гэдэг л энэ. Түүнд албан тушаал, алдар цол, авьяас билиг, арвин бүтээл, асар том нэр хүнд гээд сайн сайхан зүйл тун ч их. Гэсэн ч олноос илүүрхэж огтхон ч боддоггүй, олон зангаар хувирч хувьсдаггүй энгийн төлөв байдал нь түүний хүн ухааны ховор сайхан чанарыг илтгэнэ.

Тэрбээр зөвхөн хамт олныхоо бүтэц, зохион байгуулалт, ахуй амьдралд нь анхаараад зогсохгүй бас өөрийн баялаг урын санг бүтээн цогцлоож, үзэгч сонсогчдын нүд чихийг байнга баясгаж яваа гайхалтай хөдөлмөрч, бүтээлч хүн. “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино”, “ Агуу урлагийн амин сүнс, амьд хэл гэдэг ердөө л хөгжим” хэмээсэн онч мэргэдийн тодотгол байдаг. Л.Балхжав тэр л урлагийн чухлыг урлагийн хэлтэй нь хослуулан “Зүрхэнд гэрэлтэх од” анхны музыкл кино, ”Шувууд буцах намар” зэрэг 20 гаруй уран сайхны кино, арваад жүжгийн хөгжмийг бүтээж, цөөнгүй уран сайхны кино болон баримтат кино найруулснаар “Балхаагийн кино” гэсэн шинэ тодотгол бий болов. Ялангуяа үзэгчдийг шуугиулсан “Содура” уран сайхны кино нь хүмүүний үхэх төрөхийн үнэн хийгээд хүн байгалийн хосгүй шүтэлцээ, унаган нутаг, уул ус, ургамал амьтнаа хамгаалж, анд нөхөд, амраг сэтгэлээ хайрлах, хүний дотоод мөн чанарыг тун чиг сайн харуулсан, маш сонин содон өвөрмөц кино болсон юм. Иймээс ч Канны кино фестивальд оролцох урилга хүлээн авчээ. Урьд нь “Хожмын дурсамж”, “Легница 750”, “Батхаан” зэрэг баримтат кино нь олон улсын Ямагата кино наадамд шалгарч байв. Мөн морин хуурын тухай “Говийн домог” уран сайхны кино бүтээсэн нь түүх өв соёлын үнэт бүтээл болсон төдийгүй тэрхүү хуурын татлагын яруу тансаг аялгуу нь хүний дотоод сэтгэлийн далд нандин чавхдасыг хөндөж, бид Монгол газар шорооноо төрж, монгол хүн болсны их аз учрал ид бахыг өөрийн эрхгүй бодогдуулж санагдуулсан билээ. 

Төрийн шагналт, найруулагч Л.Балхжав киноныхоо хөгжим, сэдэв, агуулгыг туульсын хэлбэрт оруулсан нь өв соёлыг түгээн дэлгэрүүлсэн ховор үнэт бүтээлүүдийг буй болгосон юм. Жишээлбээс, “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” зэрэг үзэгчдийн сэтгэлд хүрч хоногшсон томоос том кинонуудыг нэрлэж болно. Түүний туульсын бүтээлүүд “Буриад басган Дангина” кино төслөөр өдгөө ч үргэлжилж байна. Судлаад үзэхэд түүний нийт уран бүтээлийнх нь 70 гаруй хувь эх орны сэдэвтэй бөлгөө. Л.Балхжав туульсын кинонуудынхаа ерөнхий продюсер, зөвлөх найруулагч, хөгжмийн зохиолчоор ажилласан нь түүнийг ямар агуу авьяастан болохыг нягт харуулсан үзүүлэлт ажгуу. Зуунаас зуун дамжин, цагийг эзэгнэн алдаршиж яваа жинхэнэ эгэлгүй авьяас билигт эрхэм хүмүүн Л.Балхжав таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж явах болтугай.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, урлаг судлалын ухааны доктор профессор, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, “Хөгжим гэдэг авьяасаар төдийгүй ухаанаар бүтдэг урлаг” гэж нэгэнтээ хэлсэн юм. Тэгэхээр Л.Балхжав хөгжмийн зохиолч унаган авьяасаа ухаанаараа тордож, урт настай уран бүтээлээ туурвих үүд хаалгаа нээж, амжилтад хүрсэн нь лавтай. Түүний хөгжмийн олон бүтээлийг Улсын филармонийн симфони оркестр, Үндэсний урлагийн их театрын Төрийн их найрал, Морин хуурын чуулга гэх мэтчилэн урлагийн хамгийн том бүрэлдэхүүн тоглосон бөгөөд дан хөгжмийн бүтээлүүд нь МҮОНРТ-ээс эхлээд Монголын бүхий л телевизүүдээр байнга эгшиглэж, мөнхийн бүтээл болох “Алтан сан хөмрөг”-т өөрийн орон зайг нэгэнт эзэлжээ. Дуу хөгжмийн ертөнцөд Л.Балхжавтай хамт дөрөө хоршин нийлсэн хэн боловч олонд танигдаж, алдар цолонд хүрдэг нь хэн ч хүлээн зөвшөөрөх нууцгүй үнэн. “Сайныг дагавал сарны гэрэл”, “Алтны дэргэдэх гууль шарлана” гэдэг л энэ болов уу.

Хөгжмийн зохиолч Л.Балхжав анх Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангийг Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъянгийн удирдлага дор төгсөж, удалгүй морин хуурын, морин хийлийн гоцлолууд зохиосноор их урлагт эргэлт буцалтгүй хөл тавьсан гэдэг. Энэ л үед Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Пүрэвдоржийн “Амин нутаг” шүлгэнд аялгуулсан анхны дууг нь Ардын жүжигчин Д.Самбуу, “Инээмсэглэл”, “Камертон” болон Соёлын гавьяат зүтгэлтэн, дуучин Н.Ганхуяг, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, С.Жавхлан нар өөр өөрийн өнгө аясаар дуулжээ. Хамтлаг дуучдыг ийн хуйлруулсан урт настай уг дуунаас хойш, хөгжмийн зохиолчийн тоолж баршгүй олон сайхан дуу ар араасаа хөвөрч “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” улсын уралдаан бий болж, өнөө цагт MY VOICE хэмээн нэрийдэж уламжлал болон зохиогдсоор байна.

Хөгжмийн ая айзмаар хүмүүний дотоод сэтгэлийг хөглөх их хүч гагцхүү хөгжмийн зохиолчдод байдаг болохоор 20 жилийн турш тасралтгүй тоглогдож буй Монгол Улсын Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт жил бүр Улаанбаатарын хамгийн том концертын танхимыг дуунд хайртай үзэгчдээр дүүргэдэг нь хөгжмийн зохиолчийн нэр төр, чадал чансааг бүрэн илтгэм үү. Мөн улс төрийн намууд өөрийн нэршигдсэн дуутай болохыг нэрт хөгжмийн зохиолчоос хүсэмжлэхэд ямар ч намын харьяалалгүй тэрбээр бүгдийнх нь хүндэтгэлийг болгоон “Өглөө шиг эх орон”, “Бурхан эх орон”, “Наран мандах эх орон”, “Өнө мөнхийн эх орон”, “Амин хайрын эх орон” зэрэг дууг бүтээсэн байдаг.

Ямартаа ч хүний сэтгэлийг хөг­лөн уяраах хөгжмийн эгшиг гэдэг юутай увдистайг хэлэх юун... Тэрхүү увдисыг бүтээгч Монголын хөгжмийн ертөнцийн ноён оргилууд болох аугаа Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, Г.Бирваа, Э.Чой­дог, Ц.Намсрайжав, Н.Жан­цан­норов, Б.Шарав нарын эрхмийн залгамж болох энэ цагийг эзэлсэн эрхэм бол нэрт хөгжмийн зохиолч Л.Балхжав юм. Түүнийг нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Орчин цагийн С.Гончигсумлаа гуайн үүргийг Балхаа л гүйцэтгэж байна” хэмээснийг зориуд онцлууштай. Хэнийг хэн, хэнээр зүйрлэн жишив гээд бодохуй Л.Балхжав мэргэжлийн дэндүү дээд түвшний хөгжмийн зохиолч гэдэг нь илт. Тиймээс ийм хүний сэтгэл оюунаас омогшин оргилох хөг аялгуу “Гайхамшигтай” байхаас ч яах билээ.   

Алив хүнийг аав, ээж нь төрүүлдэг ч авьяасыг нь байгаль ээж хайр­ладаг болохоор энгүй авьяас тээж, эгэлгүй бүтээл туурвих аваас тэр “Монголын баялаг”. Тухайлбаас, энэ цаг дор урлагт баялаг ундруулагч, дундаршгүй авьяастан, дуусашгүй бүтээлийн эзэн бол Л.Балхжав бөгөөд тэр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Ү.Хүрэлбаатар, Ц.Хулан, До.Цэнджав нартай дийлэнх дуугаа хийдэг ч түүнд найрагч анд  дэндүү олон тул зөвхөн дууны бүтээл нь зуу зуугаар нэмэгдсээр өдгөө бүтэн мянгад хүрчээ. Ингэж мянгаар тоологдох дуутай хүн “Миний дуунууд хэчнээн цаг хугацаа орон зайг туулан танд хүрч, баясал гуниг ухаарлын алиныг нь авчрахыг би таашгүй” хэмээх нь зүй ёс ажгуу.

Эрт болон эдүгээгийн зарим яруу найрагч, хөгжмийн зохиолчдод эзэнтэй дуу гэж байдаг. Тэгвэл 40 гаруй жил ханилан суугаа сайн гэргий, сайхан бүсгүй Ё.Ариунаадаа зориулж “Хайрын дээд хань”, “Үзэсгэлэнт минь”, “Нандин учрал” зэрэг дуугаа бүтээсэн нь “Номин талст” хамтлаг, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Т.Ариунаа нарын дуулснаар хит дуу болжээ. Ер нь Балхаагийн дуунууд хүний зүрх сэтгэлд ямагт хүрч, хэн ч чих тавин сонсохгүй байхын аргагүй соронзоддог нь түүний иртэй уртай их авьяасынх гэлтэй. Тэрбээр Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Ө.Уянга нарын дуулсан, Төрийн шагналт, Соёлын гавьяат жүжигчин, яруу найрагч Ц.Бавуудоржийн үг “Гүрэн Монгол чинь хүлээнэ” дууны түүх оршоосон том шүлгэнд яруу тансаг аялгуу зохируулж, монгол хүний элгэмсүү хайлган сэтгэлийг илэрхийлсэн шүлгийн санааг хөгжмийн эгшгээр уясаан, бодол ухааралд хөтөлсөн гайхалтай дуу бүтээснийг яахан мартах билээ. Ямартаа л түүний дууг дуулаагүй л бол “дуучин” биш гэх ойлголт дуучдын дунд хургахав. Балхаа маш олон дуучин, хөгжмийн зохиолчийг тодотгон гаргаж, нэр алдарт хүргэсэн хэмээн рок попынхон ярьдаг. Ийнхүү тэр дууны сайнаар шинэ залуу дуучдыг олж, нээж, олонд таниулж, дууны урлагийг хөгжүүлэх үйлсэд тууштай зүтгэсээр л...

Хөгжмийн зохиолчийн эх орон, хөдөөгийн сэдэвт бүтээлүүд нь нүдэнд харагдтал сэтгэлд гүн буудаг нь тэр хүүхэд байхын л морь унаж, хөлсөлж, адуу манаж, хонь хариулж тэр ч бүү хэл тарвага агнаж, хадлан хадаж сурсных буюу хөдөөгийн амьдрал дунд өвөө, эмээгийндээ байнга зуншдаг байсантай нь холбоотой биз ээ. Мөн монгол аялгуу урлах ур ухааныг ч эндээс олсон нь дамжиггүй ээ. Тухайлбал,  яруу найрагч С.Оюунчимэгийн шүлгэнд зохиосон “Талын монгол айл” дууг сонсоход л уудам цэлгэр их талын анир чимээгүйн дунд ганц хоёр, гурав дөрвөөрөө налайн байх мөөгөн цагаан гэрүүд, эргэн тойронд нь амар амгалан идээшлэх мал сүрэг гээд яг л хөдөөгийн сайхан тэр чигээрээ дүрслэгддэг. Өөрөөр хэлбэл, монгол хүний сэтгэлийг огшоон, самсааг шархируулах үзэсгэлэнт хөдөөгийн даан ч сайхныг хөгжмийн хэлээр уран зураг адил тод томруун харуулсан юм. Ийм сэдэвтэй өөр нэгэн дуу бол дуучин Э.Төрмандахын дуундаан аархаж омогшин дуулсан, Төрийн шагналт, яруу найрагч Ш.Гүрбазарын шүлэг “Хутагтын хурд” дуу. Энэ дуу хөгжмийн зохиолч Л.Балхжавын бас л гайхамшигт дууны нэг. Чухам л дууны гурван жигүүрийн чадал чансаа, “Нар” зөв сүлэлдэн нийлж, дуу гэмээнэ “Дуу” болсон “Сор” бүтээл...

Хүний дотоод сэтгэлийг хөндөж ухаарал нэмэх агуу их хүч гагцхүү хөгжмийн зохиолчдод илүүтэй оршдог болохоор сайн найрагчийн сайхан шүлэг, сайн дуучны сайхан дуу хоолойг тэр л тодотгон гаргадаг бус уу. Хэдийгээр Л.Балхжав мэргэжлийн, дээд түвшний хөгжмийн зохиолч байлаа ч, нэг хүнээс яаж тийм их тооны тэнгэрлэг аялгуу төрнө вэ. Мөнөөх төрмөл авьяас гэдэг нь л тэр байх...

 Г.Отгон

/Сүхбаатарын одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө