“Монголчуудын зуу зуун жилийн хүсэл тэмүүлэл”
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ жилийн Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ “Эдүгээгээс 800 жилийн тэртээ, 1220 онд Эзэн Чингис хаан зарлиг буулгаж, Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг байгуулж байсан их түүхийг сэргээж, эртний төрт улсуудын ариун гал голомт болох хүн төрөлхтний соёлын өв Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг Төрийн тэргүүн гаргасан. Энэхүү монгол түмний их түүхэн бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгоход УИХ, Засгийн газар хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг баярын энэ өдөр ард олондоо дуулгахад таатай байна” хэмээн айлдсан. Төрийн тэргүүн мөн “Их Монгол Улсын гал голомт, эртний нийслэл Хархорум хот монгол түмний эв нэгдэл, сүр хүчний бэлгэдэл, сайн цагийн угтал болон дахин сүндэрлэж, монгол төрийн гал голомт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээнд өнө мөнхөд мандан бадарч байх болтугай. Энэ бол монголчууд бидний зуу зуун жилийн хүсэл тэмүүлэл байсан юм” хэмээн онцолсон.
Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн түүхт ойг тохиолдуулан Их хааны эш хөргийг хүндэтгэн залж, суу алдар, билиг сургаалыг нь дээдлэн шүтэж байх тухай зарлиг буулгаж, “Чингис хаан” хаад, язгууртны музейн өндөр үүдийг нээж, өргөн түмнийхээ хүртээл болгосон билээ. Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг энэ үйл хэргийн үргэлжлэл гэж болно.
Хагас жил гаруйн өмнө буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг гаргасан нь УИХ, Засгийн газрын түвшинд ажил хэрэг болон хэрэгжиж байгаа юм. Энэ оны эхээр Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг хариуцсан Үндэсний хороо, Бүтээн байгуулалтын захиргаа тус тус байгуулагдан ажиллаж эхэлсэн. Одоо Хархорум хотын ТЭЗҮ болон бусад судалгааны ажлууд хийгдэж буй.
Шинэ нийслэлийн шийдэл
Хархорум хотыг сэргээн байгуулах нь монголчууд бидний зуу зуун жилийн хүсэл тэмүүлэл байсан гэж Төрийн тэргүүн хэлсэн. Энэ хүсэл тэмүүлэл 1990-ээд оны ардчиллын он жилүүдэд эргэн сэргэсэн гэж болно. Хархорум хотыг шинээр сэргээн байгуулах асуудлаар 1990 оноос хойш хэд хэдэн удаа УИХ, Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулагдан ажилласан байдаг. Анх 1998 онд Хархорум хотыг сэргээн байгуулах ажлын хэсгийг УИХ-ын түвшинд байгуулжээ.
Үүний дараа 2005 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр шийдвэр гаргаснаар хот байгуулах ажил нэлээд эрчимжжээ. Тухайлбал, Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулж, Орхоны хөндийд аль хэсэгт нь хүн ам суурьшиж суурьшлын томоохон бүс бий болох боломжтойг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах, түүнийг дагасан ус, хөрс, агаарын судалгааны ажил хийгдэж байсан аж. Энэ хүрээнд шинэ Хархорум хот байгуулах газарт хөшөө дурсгал болгож шав тавьж ч байв.
Гэвч тэгсгээд энэ ажлуудын эрч саарч, улмаар зогсчээ. Харин 2019 онд УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичигт “2021-2030 онд Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж тусгаснаар шинэ Хархорум хотыг бүтээн байгуулах асуудал бодлогын түвшинд дахин яригдаж эхэлсэн юм. Ийнхүү Монгол Улсын шинэ нийслэлийн тухай үзэл баримтлал төрийн бодлогод тусан, улмаар бодитоор хэрэгжихээр болов.
Дэлхийн олон соёлын хот, дээдсийн зарлигтай Хархорум
Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархорум хотын түүх хүн төрөлхтөнд нууцлаг хэвээр байсаар өнгөрсөн зууны босгыг давсан юм. Эзэнт гүрний үед Монгол нутагт ирж, их хаадын өргөөнд ойр шадар бараалхаж явсан гадаадын жуулчдын аян замын тэмдэглэлээс өөр бодитой, барьцтай баримт, мэдээлэл ховор байв. Харин 1990-ээд оноос хойш, ялангуяа шинэ зуун гарсаар Хархорумыг дотоод, гадаадад шинжлэх ухааны үүднээс сонирхон судлах болсон юм. Ийм сонирхлыг өдөөсөн археологийн дурсгал олдсон нь Хархорумын түүхийг тодосгож өгчээ. Энэ тухай тодруулбаас Монголын нутаг дахь эртний бичгийн дурсгалуудыг илрүүлэх, судлах, утгыг тайлах “Бичээс” төслийг Монгол, Японы судлаачид 1994 оноос эхэлжээ. Судалгааны багийнхны онцлох нэгэн олдвор нь Чингис хаан Хархорин хотыг байгуулах тухай 1220 онд гаргасан зарлигийг тэмдэглэсэн хөшөөний эмтэрч, хугарсан хэсгүүд байв.
Ийнхүү Хархорум хотын үүсэн байгуулагдсан түүхийн сэжим учиг тодорчээ. Уг археологийн олдворыг судлан шинжилснээр дараах мэдээлэл тодорхой болсон байна. Тэр нь эдүгээгээс 803 жилийн тэртээ, Эзэн Чингис хаан их ор суусны 15 дугаар он, тийн дарагч хэмээх төмөр луу жил буюу нийтийн тооллын 1220 онд их хаан Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг монгол түмний ариун гал голомт, Орхон голын уудам хөндийд байгуулах зарлиг буулгаж байжээ. Ийнхүү Их Монгол гүрний нийслэлийг Орхон голын хөндийд байгуулах болсон нь эртний түүхийн олон сэжмийг их хаан тунгаан болгоосон хэрэг байв. Ер нь Монгол аймгууд асар хүчирхэг байх үедээ Орхоны хөндийд нийслэлээ байгуулдаг байсан нь түүхэнд үлджээ. Орхон голын хөндийд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний Луут хот, Жужаны Мөөмт хот, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Уйгурын Хар балгас, Тахай балгас хэмээх нийслэл хотууд сүндэрлэж байсан монголчуудын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг билээ.
Хархорум хотыг цогцлоон хөгжүүлэх их хааны зарлиг, түүнийг ёсчлох үйл хэргийг Өгэдэй хаан нэр төртэй үргэлжлүүлж, 1235 оны хөхөгчин хонин жилийн хавар Түмэн амгалант ордныг барьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Ингэснээр архитектурын өвөрмөц шийдэлтэй, уран барилгын шилдэг хэв маяг шингэсэн орд өргөөнүүд, Мөнгөн мод тэргүүт урлагийн гайхамшигт бүтээлүүд, их хотын өнгө төрхийг илэрхийлсэн хэрэм, оргилуур, усан татаал зэрэг чухал байгууламжуудтай, нүүдэлч монголчуудаас дэлхийн хотуудын түүхэнд үлдээсэн томоохон дурсгал болон хөгжжээ. Улмаар Гүюг, Мөнх хаадын үед хотын суу алдар дэлхий даяар түгэн мандсан түүхтэй. Эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт өрнө дорнын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцэлдээнийг зогсоож, дэлхий ертөнцөд Pax Mongolica буюу “Монголын их амар амгалан”-г тогтоон, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл, урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан юм.
Ийнхүү Их Монгол Улс тухайн цаг үед дэлхийн улс төр, эдийн засгийн төв байсныг гэрчлэх түүх, соёлын өв бол эртний нийслэл Хархорум хот. Хархорум хот асар богино хугацаанд өрнөн дэлгэрч, өргөжин тэлж, олон газрын эрдэмтэн мэргэд, уран бүтээлчид, гар урчууд, худалдаачид, орон орны хаад язгууртны элч төлөөлөгчид аж төрж, морилон саатдаг дэлхийн соёл иргэншлүүдийг холбосон гүүр, Евразийн худалдаа арилжааны төв болжээ. Археологийн судалгаанаас харахад, эзэнт гүрэн нь хот сууринтай, нарийн зохион байгуулалт бүхий засаг захиргааны нэгжтэй, соёл, боловсрол өндөр төвшинд хөгжсөн, шашин, соёлын олон янз байдлын ардчилсан зарчим тогтож байсан нь илэрхий байдаг. Мөн өрнө, дорныг холбосон Хархорум хотод Ислам, Христос, Буддын зэрэг олон шашинтан нэг дор зэрэгцэн амьдарч, худалдаа наймаа хийж, өөр хоорондоо ойлголцон, харилцан эв нэгдэлтэйгээр оршин байв. Есөн хэлийн хүн зон дайн байлдаан, зөрчил тэмцэлгүй амар амгалан аж төрөх боломжтойг нотлон харуулсан, хүн төрөлхтний түүхэн дэх “Энх тайвны бэлгэ тэмдэг” байсан гэж хэлж болохуйц хот нь Хархорум байлаа.
Хархорум хотын талаар Ромын пап IV Иннокентийн элч Плано Карпини, Персийн түүхч Ата-Малик Жувейни, Францын хаан IX Людовикийн төлөөлөгч Гийом де Рубрук, Италийн худалдаачин Марко Поло, Ираны түүхч Рашид ад-Дин зэрэг дэлхийн нэртэй түүхч эрдэмтэд, элч төлөөлөгчдийн ном бүтээл, аяллын тэмдэглэл, түүнчлэн “Монголын нууц товчоон”, “Юань Улсын судар”, “Мин Улсын судар” зэрэг чухал түүхэн сурвалж, “Хархорумын гэрэлт хөшөө” зэрэгт тодоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайлбал, Гийом де Рубрук “Хархорум хотыг орд харш, засаг захиргааны байшин барилгуудтай, олон улс орны Амбан сайдын төлөөлөгчийн газартай, худалдаа наймааны захууд, гар урлал, үйлдвэрийн газруудтай космополитан буюу олон соёлын дэлхийн хот” хэмээн тодорхойлж байжээ.
Мөн Сирийн түүхч Аль-Умари 1340 онд Хархорум хотыг дүрслэн бичихдээ “… гайхамшигтай сайхан хот, Эзэн хааны цэргийн дийлэнх нь байрладаг томоохон хуаран, үнэт гоёмсог, сүлжмэл эдлэл, тансаг эд агуурсын төв” гэжээ. Дээрх түүхэн сурвалжийн мэдээ сэлтэд үндэслэн Германы нэрт археологич, профессор Ханс-Георг Хюттель “Хархорум хот Монголын Их эзэнт гүрний нийслэл хот болохын хувьд Эзэнт гүрний харьяанд байсан олон үндэстэн угсаатны соёл, шашин шүтлэгийн янз бүрийн урсгалыг өөртөө агуулж байсан халуун цэг, дундад зууны үеийн Төв Азийн ертөнц дэх дахин давтагдашгүй онцлог бүхий төвлөрөл байсан юм.
Аливаа шинэлэг, таньж мэдэхгүй юм бүхэнд туйлын нээлттэй, хүлээцтэй ханддаг Монголын хаадын хичээл зүтгэлээр Хархорум хот нь XIII-XIV зууны үеийн олон соёлын нэгдэл болж байсан” гэж бичсэн байдаг. Олон зуун түүхэн сурвалж, археологийн судалгааны баримт нотолгоонд үндэслэн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо 2004 онд Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалуудыг хүн төрөлхтний түгээмэл үнэ цэнт соёлын өв мөн болохыг хүлээн зөвшөөрч, “Соёлын дурсгалт газар” ангиллаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан билээ.
Орхоны хөндийд өрнөх бүтээн байгуулалт
Орхоны хөндийд Хархорум хотыг шинээр байгуулах ажил гараанаас гараад хагас жилийн хугацаа өнгөрч байна. Нийт 156 мянган га газрыг хотын бүсийн эдэлбэр газарт авч, 6000 га газарт 500 мянган хүн амтай Хархорум хотыг байгуулахаар төлөвлөөд байгаа. Хархорум хотыг шинээр байгуулах тухай УИХ-ын тогтоолд Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоох, холбогдох хууль тогтоомжийн дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам, тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, Шинэ Хархорум хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төсөвлөн үе шаттайгаар авч хэрэгжүүлэх асуудлыг тусгасан. Энэ хүрээнд 2023-2030 онд Хархорум хотыг байгуулахтай холбоотойгоор үе шаттай хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаад байна.
Шинэ хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, хууль тогтоомжийн хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авахаас л энэ бүх ажил эхэлнэ. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр дэд бүтэц, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах зэрэг ажилд Засгийн газраас 11.4 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 50 тэрбум төгрөгийн төсвийг гаргах юм.
Шинэ Хархорумыг эко, ухаалаг хотын концепциор хөгжүүлэх ТЭЗҮ, ерөнхий төлөвлөлт хийгдэх ёстой. Хархорум хотын ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг БНСУ-тай хамтран эхлүүлэхээр болсон бол Шинэ Хархорум хотод олон улсын зэрэглэлтэй нисэх онгоцны буудал байгуулахад Турктай хамтрахаар 2018 оноос ажлаа эхэлсэн юм байна. Үүнтэй холбоотойгоор Туркээс судалгааны ажлын хэсэг хоёр удаа манай улсад ирж салхины урсгал, ерөнхий зураг төслөөс эхлээд байгаль цаг уурын нөхцөл байдал хангагдах эсэхийг судалсан аж. Мөн хурдны галт тэрэг, дөрвөн эгнээ хагас хурдны авто замыг ч төлөвлөх юм байна.
Улаанбаатар Хархорин хоорондоо 360 км зайтай. Шинэ нисэх онгоцны буудал, хурдан галт тэрэгтэй болчихвол Улаанбаатар-Хархорумын хооронд 20 минутаас цагийн дотор ирж очих боломжтой болно. Энэ мэт дэд бүтцийн шийдлүүдийг хийж өгч байж хүмүүс тэнд очиж амьдарч, суурьшил бий болно. Тэгж гэмээнэ хүн амын тэн хагасаас илүү нь дөрвөн уулын дунд шавааралдан сууж буй Улаанбаатарын төвлөрлийг сааруулна. Ийм том зургаар харвал Шинэ Хархорум хот Монгол Улсын дараагийн 50-100 жилийн хөгжлийн шийдэл байх бүрэн боломжтой. Төрийн тэргүүний хувд Шинэ Хархорум руу Ерөнхийлөгчийн институт, хууль шүүхийн байгууллага, зарим их, дээд сургуулийг шилжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, шинэ Хархорум бол түүх, соёл, аялал жуулчлалын, төрийн захиргааны, боловсролын байгууллага төвлөрсөн эко хот байх юм. Ийм бодлого, төлөвлөлт, концепцийн хүрээнд Орхоны хөндийг бүхэлд нь хамруулж судалгаа хийж эхэлжээ. Энэ хүрээнд одоогийн Эрдэнэ зуугаас эхлээд Тоглохын тал буюу Хүннүгийн Луут хотын хэсгийг бүхэлд нь судалж байгаа аж.
Эхний ээлжид гурван газарт хүн амын суурьшлын бүс байж болох юм гэсэн судалгаа ч гарчээ. Нэгдүгээрт, Хархорин сумын хойд талд байдаг Орхоны Онгоцон ухаад 40 гаруй мянган га газрыг барилгажуулж болох юм. Хоёрдугаарт, Уйгурын Хар балгас гэж ярьдаг Түрэгийн хөшөөг хамруулж Орхон голын баруун, зүүн хоёр эргийг дагасан 140 мянган га газар, үүнээс хойшлоод Архангайн Өгий нуур, Хотонт, Тоглохын талд 40 гаруй мянган га газрыг барилгажуулж хот байгуулах бүрэн боломжтой гэсэн судалгааны дүгнэлтийг урьдчилсан байдлаар Монгол Улсын эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын түвшинд гаргаж ирсэн байна. Энэ судалгаан дээр түшиглээд 200 гаруй мянган га газрыг барилгажуулж болох гэсэн үндэслэл гарч, хаана нь ямар байршилд хот байгуулах боломжтойг судалж байгаа юм байна.
Орхоны хөндий 30-40 км өргөнтэй, 100 гаруй км үргэлжилдэг. Энэ хөндий дэх түүх, соёлын дурсгалт газруудыг яаж авч үлдэх, археологийн судалгаануудаа хэрхэн хийх, хаана нь барилгажуулж газрын хөрсийг нь хөндөж болох юм гэдгээ нарийвчилж гаргана. Мөн Хархорин сумаас хойш Орхон голын усны эх үүсвэрийг дагуулж судалгааны ажлууд хийгдэж байгаа юм. Ийнхүү Орхоны хөндийд бүтээн байгуулалт удахгүй өрнөх нь. Шинэ Хархорум хот ирээдүйн Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг илтгэсэн, оюун санаа, шинжлэх ухаан, соёл, боловсрол, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн XXI зууны хөгжлийн шинэ төв болох цаг айсуй.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24557/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна