Дэлхийд данстай монгол палеонтологич


...Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би... гэсэн шүлгийн мөртийг мэдэхгүй хүн ховор. Цэрдийн галавын үед буюу 80 сая жилийн тэртээ чийглэг уур амьсгалтай хөндий, цэнгэг устай нуур цэлэлзсэн Монголын говь үлэг гүрвэлийн диваажин байв. Анчин Велокираптор, урт хүзүүт Зауропод, хуягт Анкилозавруудын мөр одоогийн Баянзаг, Төгрөгийн ширээд үлджээ. Судлаачдын мөрөөдөл болсон үлэг гүрвэлийн олдворууд хар захын наймаачдын шуналыг татдаг нь харамсалтай. 

Буруу гараар орсон олдвор, хууль бус наймааны эсрэг тэмцэж, хар зах дээр худалдаалж байсан үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь буцаах ажлыг эхлүүлсэн судлаач бол палеонтологич, доктор, профессор Минжингийн Болорцэцэг юм. 

Доктор М.Болорцэцэг зоримог судалгаа, хайгуулын төслүүдээр шинжлэх ухааны тулгамдсан асуудлуудыг шийдсэн эрэл хайгуул хийсэн эрдэмтэнд олгодог “Wings WorldQuest” шагнал, палеонтологийн судалгаа, боловсролын салбарын шилдэг бүтээлийн төлөөх Рэймонд М.Альфын нэрэмжит шагналыг тус тус хүртжээ. Мөн “BBC Horizon”, “The Giant Screen Films”-ын баримтат кинонд түүний судалгааг онцолж, “National Geographic”, “Earth Magazine”, “The Atlantic”, “The Scientist”, “Smithsonian” сэтгүүлд нийтэлсэн байдаг. 

 

Үлэг гүрвэлийн эрхийг хамгаалагч 

Үлэг гүрвэлийн чулуужсан сан гэгддэг говиос 90 гаруй төрлийн үлэг гүрвэлийн олдвор нээн илрүүлсэн. Эдгээр нээлт нь нь үлэг гүрвэлүүд өндөглөдгийг баталж, дэлхийн палеонтологийн түүхэнд эргэлтийн цэг болсон юм. Рой Чапман-Эндрюсийн баг хоёрхон жилийн дотор үлэг гүрвэлийн 100 гаруй олдвор илрүүлж, Америкийн байгалийн түүхийн музейд хүргэжээ. Нөгөөтэйгүүр Рой Чапман-Эндрюс палеонтологийн судалгааг Монголд эхлүүлсэн ч түүний экспедиц олдворуудыг эх орноос нь хууль бусаар зөөж болдгийг давхар “тунхагласан”. Эндрюс шинжлэх ухааны нээлтээ зарлахад Монголын чулуужсан баялаг дэлхийн цуглуулагчдыг хошууруулж, хар захын худалдаа үүссэн. Монгол Улсын нутгаас олдсон чулуужсан олдвор төрийн өмч бөгөөд экспортлохыг хатуу хориглодог хуультай. Гэсэн ч үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг хууль бусаар хил давуулан дуудлага худалдаанд оруулсаар байна. 

Холливудын жүжигчин Николас Кейжийн худалдаж авсан Тарбозавр Батаарын олдвор дэлхийг шуугиулсан. Ингэж Тарбозавр Батаар дэлхийн хамгийн алдартай үлэг гүрвэл болсон. 44 сая ам.долларын үнэтэй Батаарыг Монгол Улсын өмч болохыг гарцаагүй баримтаар баталсан учир АНУ-ын Цагаачлалын алба, Гаалийн албанаас эх оронд нь буцаажээ. Үүний төлөө Монголын төр түүнийг “Алтан гадас” одонгоор шагнасан билээ. Үлэг гүрвэл цуглуулагчдад үнэ цэнтэй мэдээлэл улам бүр тархсанаар хууль бус малтлага, хулгай ч ихэсжээ. Дуудлага худалдааны газрууд ч энэ зах зээлийг тойрсонгүй. “Кристи” дуудлага худалдааны газар 2020 онд Стэн гэж нэрлэсэн Тиранозаурус Рексийн араг ясыг 31.8 сая ам.доллароор худалдаж өмнөх дээд амжилтыг эвджээ. 

Стэн 2025 онд нээлтээ хийх Абу Дабийн байгалийн түүхийн музейн онцлох үзмэр болох юм. Дэлхийд алдартай Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийн ихэнх нь хэн нэгний хувийн цуглуулгад байсан гэдэг. Сонирхол нэмэгдсэнийг Парист үлэг гүрвэлийн худалдаа эрхэлдэг “Giquelo” дуудлага худалдааны газрын палеонтологийн мэргэжилтэн Иакопо Бриано дуу нэгтэй баталсан. Тиранозаурус нэгэн цагт олзоо агнадаг байсан говь одоо түүний араг ясыг хайсан буруу гарынхны олз болсон. Алдартай дуудлага худалдааны газрууд дээжийн судалгаандаа “Монголоос гаралтай” гэсэн шошго тавихаас зайлсхийж, Төв Ази гэж тойруулж будилуулж эхэлжээ. Гарал үүслийг тодорхойлсон дээжийн бичиг алтны сорьц шиг чухал ч чулуужсан олдворуудыг экспортлох хуулийн ялгаанаас болж будилаан үүсдэг гэнэ. АНУ болон Европын зарим оронд сорьц нь тухайн газрын эзэмшигчийн өмч бөгөөд өөрийн үзэмжээр зарж, экспортлох боломжтой. 


БНХАУ 2004 оноос хойш чулууж­сан олдворыг экспортлохыг хориг­ложээ. Дуудлага худалдааны үзэсгэлэнгийн танхимд байгаа араг ясны хэд нь Цэрдийн галавынх, хэд нь хуурамч болохыг палеонтологичид л тогтооно. Нөхөн сэргээлтийг хэт ягаан туяа эсвэл рентген туяагаар шалгадаг аж. Монголын болон Хойд Америкийн нутгаас олдсон ижил төрлийн олдворыг ялгахад бэрх. Хулгайлагдсан 30 олдворыг Монголоос илрүүлснийг баталж, Монгол руу буцаахаар АНУ-ын эрх баригчдыг уриалж, зорилгодоо хүрсэн М.Болорцэцэг судлаачаас хэрхэн нотолгоо цуглуулсныг тодруулахад “Монголоос олдсон үлэг гүрвэлийн яс цайвар өнгөтэй байдаг бол Хойд Америкаас олдсон яс бараан өнгөтэй байх нь бий. Монголын говиос олдсон Батаар Хойд Америкийн Тиранозаурусаас толгойн ясны хэмжээ хэлбэр зэргээрээ ялгаатай байсан. Батаар бол хулгайн замаар хилийн чанадад гарсан олдворуудын нэгэн жишээ. Хүмүүс Батаарын хэрэг ганцхан хоногийн дотор өрнөсөн мэт ойлгодог. 

Үнэндээ удаан үргэлжилсэн асуудал. Манай улс палеонтологийн олдворууддаа даанч гамгүй ханддаг ч мэргэжлийн хүний хувьд сэтгэл өвдөх юм” гэв. “Кристи” ордон Хонконгод худалдаанд гаргахаар төлөвлөж байсан Т.Рексийг Стэний хуулбар болохыг палеонтологичид тогтоосны дараа эргүүлэн татсан. Уг явдлаас хойш моодонд орсон махчин үлэг гүрвэлийн үнэ ганхаж эхэлжээ. “Sotheby's” ордны 15 сая ам.доллароор үнэлсэн Т.Рексийн гавлын ясыг 6.1 сая ам.доллароор худалджээ. Дуудлага худалдааны газрууд Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэнгийн сэдэвт арга хэмжээ зохион байгуулж зах зээлээ хадгалахаар хичээж байна. Тухайлбал, “Giquello” ордон 2024 оны хавар мөстлөгийн үеийн сорьцын хямдралтай худалдаа зарлажээ. Хар захын ханш бага зэрэг хөөсөрсөн тул сайхан цаг ирж магадгүй гэж палеонтологичийн хувьд горьдож сууна. 

 

Эрдэмтэн аавын охин 

Монгол Улс мэргэжлийн палеон­тологичдоо 1960 оноос Москвагийн их сургуульд бэлтгэж эхэлсний нэг нь Болорцэцэгийн аав Ч.Минжин байв. Ч.Минжин судлаачийн илрүүлсэн 400 сая жилийн өмнөх чулуужсан шүр говь нутаг далайн нэг хэсэг байсныг нотолдог. Аавынхаа нөлөөгөөр Монголд хэдэн сая жилийн өмнө ургамал, амьтад хэрхэн хөгжиж байсныг судлах хүсэлд автан өсжээ. Түүнийг дунд сургуулиа төгсөхөд Монголын их сургуулиуд палеонтологийн сургалт явуулдаггүй учир геологийн чиглэлээр суралцсан байна. Энэ тухайгаа “Аавын номын тавиурт байх мэргэжлийн ном, сэтгүүлийг сонирхон үзэж уншдаг байв. Аавыгаа дагаж ажил дээр нь очиж, хичээлийн танхим дахь эртний амьтдын зураг, загвар болон олдворуудыг нь харж өссөн минь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Геологийн чиглэлээр сурсан ч палеонтологич болох зорилготой байсан. Аав их сургуулийн цорын ганц багш, миний зөвлөх байлаа. Бид аав, охиноос эхлээд багш, шавь байв. Аав минь байнга дэмжиж, тусалдаг байсан нь мэргэжлээ эзэмшихэд их дэм болсон” хэмээн ярьсан юм. Ч.Минжин профессор 1996 онд Америкийн байгалийн түүхийн музейн палеонтологич Майк Новачек, Марк Норелл нараар ахлуулсан судалгааны багт уригджээ. 


Тухайн үед магистрын зэргээ хамгаалаад байсан М.Болорцэцэг тэдний тогоочоор ажиллажээ. Хоол бэлтгэхээс илүү эрэл хайгуул хийж, хөхтөн амьтан, үлэг гүрвэлийн олдворуудыг илрүүлэхэд оролцсон түүнийг Новачек, Норелл нар Нью-Йорк хотын их сургууль, Америкийн Байгалийн түүхийн музейн хамтарсан докторын хөтөлбөрт урьжээ. Англиар бараг ярьдаггүй, гадаад орон үзээгүй, хээрийн судалгаанд хамт ажилласан палеонтологичдоос өөр таних хүнгүй түүнд Нью-Йорк хот шинэ содон газар байв. Тэрбээр өрнөдөд палеонтологийн чиглэлээр мэргэшсэн Монголын анхны судлаач болсон тухайгаа “Би тэр үед ТИС одоогийн ШУТИС-т магистрт суралцахдаа Геологийн Төв лабораторийн палеонтологийн секторт эрдэм шинжилгээний ажил хийж байлаа. Аав тэр секторийг удирдаж байсан юм. Америкийн байгалийн түүхийн музейн экспедиц 1990-ээд оны эхээр Монголд ирж, би судалгааны багт нь 1996 оноос орж ажилласан. Докторын судалгааны ажлаа Нью-Йорк дахь Америкийн байгалийн түүхийн музейд хийсэн. Дараа нь Монтана мужийн их сургуулийн харьяа байгалийн түүхийн музейд судалгаа хийсэн. 

Түүний ажлын хамгийн сонирхолтой хэсэг нь хээрийн судалгаа. Ямар нээлт хийхээ урьдчилан таамаглах боломж­гүй, санамсаргүй адал явдлаар дүүрэн үе. Гэхдээ шинжлэх ухааны нээлтээс илүү хээрийн судалгаанаас асар их эрх чөлөөг мэдэрдэг аж. Харин сэтгэл хөдөлгөм хээрийн судалгаанаас авчирсан чулуужсан олдворуудыг нарийвчлан тогтоох лабораторийн ажил хариуцлага шаарддаг гэнэ. Палеонтологийн шинжлэх ухааны ач холбогдлыг судлаачийн хувьд “Палеонтологийн шинжлэх ухаан эртний амьдралыг судалдаг. Цаг хугацааны хувьд хэдэн сая жилийн өмнө аялан эртний амьдралын талаар мэдлэгтэй болох боломжийг энэ мэргэжил надад олгодог. Киногоор бол “Юрийн галавын цэцэрлэг”-т гардаг төсөөлөл бууна. 

Зарим хүн палеонтологи, архео­ло­гиийн шинжлэх ухааныг ялгадаггүй. Палеонтологи бол байгалийн шинжлэх ухаан, эртний амьтан, ургамал, организмыг судалдаг. Археологи нийгмийн шинжлэх ухаан бөгөөд хүнтэй холбоотой, хүн төрөлхтний хийж бүтээсэн эртний соёл иргэншлийг судалдаг. Ер нь палеонтологи эрт өнгөрсөн цагийн амьдралыг судалдаг ч одоо болж байгаа уур амьсгалын асуудалтай холбоотой судалгаанд чухал үүрэгтэй. Дэлхийн дулаарал геологийн цаг хугацаанд болж байсан. Үүнтэй холбоотойгоор амьтад, организмууд хэрхэн дасан зохицох эсвэл устаж сөнөснийг бид судалсны үндсэн дээр одоо болж байгаа дулаарал хүн төрөлхтөн болон хүрээлэн буй амьд ертөнцөд хэрхэн нөлөөлөх урьдчилсан таамаг гаргаж болно” хэмээлээ.

 

Хамгийн сайн хамгаалалт бол мэдлэг 


Мэдлэг, олдвор хоёр эрэлт хэ­рэг­цээтэй болсон учир 2007 онд Монголын үлэг гүрвэлийн судалгааны хүрээлэнгээ байгуулж, бүс нутгуудад музейн сургалт зохион байгуулахад зориулж 46 мянган ам.долларын санхүүжилт босгожээ. Тус байгууллага нь шинэ олдворуудыг илрүүлж, Монголын палеонтологичдыг сургаж, алслагдсан нутгийн хүүхдүүдэд боловсрол олгодог.

Хэдийгээр Монгол Улс палеон­тологийн уурхай, хамгийн баян нутаг дэвсгэр ч үлэг гүрвэлийн талаар мэддэг хүүхэд цөөхөн. Тэрбээр “Хашаа татаад олдворуудаа хамгаалж чадахгүй. Ард түмэн чулуужсан олдворын үнэ цэнийг мэддэг болсон цагт л бодитоор хамгаална. Үлэг гүрвэлийн олдворыг зарж байгаа хүмүүс ямар ч мэдлэггүй байдаг. Бид хүүхэд бүрт хүрч, Монголын шинжлэх ухааны түүх бол үнэт өв бөгөөд хууль бусаар хил давуулах ёсгүйг ойлгуулахыг хүсдэг. Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд авчирснаар монголчууд Велокираптор, Прото­цератопс, Овираптор зэрэг амьтдын нэрийг Америкийн жирийн нэгэн хүн Трицератопс, Т.Рекс, Стегозаврыг хэлдэг шиг амархан дууддаг болно. Харамсалтай нь, манайд олон нийтийн мэдлэг музейн сан хөмрөгт цоожтой байна. 

Үүнийг нээлттэй болговол ядаж соёлын өвийн талаарх мэдлэг дээшлэхээс гадна сан хөмрөгт байгаа зүйлээ олон нийтийн мэдлэгт хадгалж хамгаалах боломж бүрдэнэ. Олон нийт музейн сан хөмрөгт юу байгааг мэдэх нь ямарваа нэг зүйл алдагдаж, худалдагдах гэж байхад өөрийн өв соёлоо хаана ч явсан таньж мэдэж, хууль бус үйл ажиллагааг мэдээлэх боломж бүрдэнэ” гэсэн юм. М.Болорцэцэгийн эх орондоо хэрэгжүүлсэн онцлох төсөл бол Баянзаг, Төгрөгийн ширээ зэрэг газарт үлэг гүрвэлийн олдворыг хамгаалах цэцэрлэгт хүрээлэн, олон нийтэд түшиглэсэн музей байгуулсан явдал юм. Америкийн байгалийн түүхийн музейд ажилласан арвин туршлагаа ашиглан Хойд Америк, Монголын музей, их дээд сургууль болон бусад байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны гүүр болсон. 

Доктор М.Болорцэцэг говиос долоо хоногийн дотор 67 үлэг гүрвэлийн олдвор нээн илрүүлснээрээ палеонтологийн түүхэнд алдартай. Палеонтологичдын судалгааг үлэг гүрвэлээр л хязгаарлаж болохгүй. Тэд чулуужсан шүр, яст мэлхий, хөхтөн амьтад зэрэг эртний бүх организмын үлдэгдлийг судалдаг аж. Энэ салбарт өдгөө аль улс тэргүүлэх болсныг доктор М.Болорцэцэгээс сонирхвол “Хятад улс тэргүүлэх болсон. Хятадын палеонтологийн нөхцөл 20 жилийн өмнө манайхтай төстэй байлаа. 

Улсаас нь салбарыг нь дэмждэггүй, ач холбогдлыг нь тэр бүр ойлгодоггүй байсан гэсэн үг. Тэгтэл БНХАУ өнөөдөр энэ сал­барын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх болсон нь үндэсний палеонтологичдоо дэмжиж, бэлт­гэсний ач. Хятадын төр бодлогоор ба­рууны орнуудад палеонтологийн чиг­лэлээр мэргэжилтэн бэлт­гэж, дадлагажуулсан. Мөн гадаа­дад ажиллаж амьдардаг мэргэ­жилт­нүүдээ эргүүлэн татаж байна. Миний мэдэх хоёр, гурван хятад эрдэмтэн эх орондоо ажиллах болсон. Хилийн шугамны цаахна талд Эрээн хотод үлэг гүрвэлийн музей байна гээд бодохоор Хятад улс палеонтологийн шинжлэх ухаанд ямар их анхаарал хандуулсан нь ойлгомжтой. 

Судалгааны хэд хэдэн төв байгуулж, олон улсын сэтгүүлд хятадын эрдэмтэд багаараа ажиллаж байна. Өмнө нь Хятадын олдвор дээр голдуу барууны эрдэмтэд ажилладаг байсан бол одоо бие даан бүтээлүүдээ хэвлүүлдэг. Хятадын Засгийн газар ийнхүү боловсон хүчнээ бэлтгэх, судлагааны төв, хүрээлэн байгуулах, олдворуудаа хадгалах музей нээхээс гадна Үндэсний экспедицийг санхүүжүүлж байна. Сүүлийн жилүүдэд Хятадаас дэлхийд шагшигдах олдворууд олдож байна. Тухайлбал, өдтэй динозаврууд байна. Хятадын төр ганцхан палеонтологи гэлтгүй шинжлэх ухааны бусад салбараа дэлхийн хэмжээнд хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа” хэмээснийг манай төр, бодлого боловсруулагчид анхааралдаа аваасай.

 Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24557/


0
angry
6
care
0
haha
13
liked
6
love
0
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 22 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 22 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 22 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр