З.Уянга: Бүтээл болгон боловсрох цаг хугацаа, төрсөн өдөртэй байдаг


Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, СУИС-ийн хүндэт профессор З.Уянга “Бүтээлч урлан”-д маань тухаллаа. Уран бүтээлчийн хамгийн халуун дулаан, өөрийнхөө байж чаддаг орон зай болох урланд бидний ярилцлага өрнөв. Энэ нь ч “нүдээ олж”. График зураачийн маань хөрөнгө мөнгөөр үнэлж баршгүй эд зүйл энд л байна. Зургийн хэрэгсэл, хэдэн арван жилийн өмнө хийсэн эскизүүд, хэвлэлтээс гарсан шинэхэн ном зэрэг үзэж харах зүйл дэндүү олон юм. З.Уянга Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балетын “Зүүд” хэсгийг акватита техникээр бүтээсэн нь сая доллароор үнэлэгдэж байжээ. Эрхэм зураачийн энэ мэт балетын урлагтай холбогдсон нь ээжээс нь улбаатай. Учир нь, З.Уянгын ээж Монголын алтан үеийн балетын жүжигчдийн нэг Ю.Цэрмаа. Зураачийн баяр бахдал бүтээл болон цааснаа буусан нь хэдэн арван үзэсгэлэнгээр тоологдоно. Аавынхаа мэргэжлийг өвлөн, амьдралаа уран бүтээлтэй холбосон түүний ярилцлагыг хүргэе.

 

-Ярилцлагаа таны уран бүтээлчийн мөн чанараа олсон үеэс эхэлье гэж бодлоо. Ер нь та хэдийд өөрийн мөн чанарыг олсон бэ?

-Энэ хэцүү асуулт байна. Яагаад гэвэл, мөн чанар гэдэг нь үйл явц. Хүний уран бүтээлч болж боловсрох явц нь өөрөө мөн чанар юм. Тийм болохоор би “Яг тэр үед мөн чанараа олсон” гэж хэлж чадахгүй. Магадгүй өнөөдөр ч гэсэн мөн чанараа олж чадаагүй хайсаар байхыг үгүйсгэхгүй. Би Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгсөөд, дараа нь И.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид бар зургийн мэргэжил эзэмшихээр суралцсан. Алдартай сургуу­лийг төгслөө гээд “Би мундаг зураач боллоо” гэж бодоогүй. Зураачийн бүтээл бүрд оюун санаа тэлж, хөгжлийн явц үргэлжлэн, мэдрэх мэдрэмж нь хүртэл хөгжиж байдаг. Тиймээс хүүхэд байхаас эхлээд өнөөдрийн Уянга хүртэл миний уран бүтээлчийн мөн чанараа хайх үйл явц үргэлжилж байна гэсэн үг. Нөгөө талаараа уран бүтээлчийг аялагч гэж бодох юм бол миний аялал өрнүүн, сонирхолтой хэсэг дээрээ явж байна. 

 

Уран бүтээл хийх үйл явц надад баяр хөөр бэлэглэдэг

 

"Шивнээ" 65х95см ( ганц дардас) 2012 он

-Тэгвэл одоо хүртэл таны эрэл хайгуул үргэлжилсээр байгаа юм байна?

-Тийм ээ. Би их сониуч хүн. Шинэ технологи, эсвэл тоног төхөөрөмжийн талаар судалж мэдэх дуртай. Уран бүтээлээ олон төрлөөр, олон материал оролцуулан хийдэг. Зарим хүн намайг ойлгохгүй, шүүмжилдэг ч байж магадгүй. Яагаад гэвэл, өөрийгөө олсон хүмүүс нэг сэдвээрээ дагнан туурвидаг гэж ойлгодог уран бүтээлчид бас байдаг. Гэхдээ бүтээлч болгоны сонголт болон зорилго өөр байдаг тул би урлагийн бүтээл хийж байгаа хүн бүхний бүтээлд хүндлэлтэй ханддаг. 

Миний хувьд өнөөдөр надад юу хиймээр санагдана, ямар сэдвээр зурмаар байна түүнийгээ л хийдэг. Энэ миний аз жаргал. Уран бүтээл хийх үйл явц надад баяр хөөр бэлэглэдэг. Харин миний гараас гарсан бүтээл ямар болсныг урлаг судлаач, сонирхогчид болон цаг хугацаа л шүүн дүгнэх байх. Яг миний үеийнхэнд мөнгө төгрөг, эд баялаг сонин биш болдог юм байна. Бие зовлонгүй, өөртөө тухтай байхыг хүсдэг. Миний хамгийн их шуналтдаг зүйл бол зургийн хэрэгсэл. Манай зураач нар ч ихэвчлэн тийм байдаг болов уу. 

-Тухайн үеийн нийгэм таныг их хурцалжээ. Хор шарыг чинь хөдөлгөж, юм хийхээс өөр аргагүй байдалд оруулчихаж?

-Мэдээж хор шар уран бүтээлч хүнд байх ёстой зүйл. Гэхдээ надад тийм хор шар бараг байхгүй. Ганц урам хайрлаж тэтгэдэг байсан зүйл нь миний аавын итгэл байсан юм. “Миний охин авьяастай. Сайн зураач болно” гэж хэлдэг. Тэр бодол нь намайг уран бүтээлчийн замд хөтөлж аавынхаа хүслийг биелүүлэхэд дэм болж намайг хичээхээс өөр аргагүй байдалд хүргэсэн байх гэж боддог. Түүнээс биш бусдаас илүү гарах гэсэндээ, эсвэл хортой шартайдаа биш. Ямар ч уран бүтээлчид “Чи чадна” гэж хэлж өгдөг хүн хэрэгтэй юм билээ. Аав минь миний зурж байгаа зургийг хараад заримдаа уйлж суугаа харагддагсан. “Чи яаж ийм өнгө гаргаж, мэдэрч байна аа” гэнэ. Тэгж аавынхаа сэтгэлд нь хүрсэндээ би их баярладаг. 

Би хийж байгаа ажилдаа дэндүү дуртай, урлагт хайртай хүн. Миний эзэмшсэн графикийн мэргэжлийн эрэлт харьцангуй, манай монголчууд тэр бүр ойлгодоггүй. Зүгээр л би дэндүү дуртай учраас уран бүтээлээ хийдэг. Зураггүйгээр өөрийгөө төсөөлж чаддаггүй. Тийм болоод ч тэр үү, хэтэрхий олон зураг зурсан. Одоо жаахан амсхийгээд мэдсэн сурснаа хүмүүст зааж өгөх хэрэгтэй гэж бодсон. Бас зураг зурахдаа илүү их бодох ёстойг ойлгосон. 

-Айлын ганц охин аав, ээжийн хүлээлт гээд энэ бүхэн зарим талаараа танд дарамт болдог байв уу?

-Хүүхэд насанд тийм зүйлийн талаар бодохгүй шүү дээ. Одооныхоос өөр, “Чи тэгэх ёстой” гэсэн байдлаар бүх зүйлд хандана. Ер нь муу байх эрхгүй. Манай аав, ээж хоёр “Чи ганцаараа, чамд хэн ч туслахгүй. Өөрийгөө л авч явна” гэдэг байсан. Нэг бодлын энэ зөв хүмүүжил. Нөгөө талаар энэ тийм ч зөв бодол биш байж гэдгийг би одоо ойлгож байна. Яагаад гэвэл, бүх зүйлийг өөрөө хийгээд сурчихсан. Өвдсөн ч “Би даваад гарах ёстой” гэсэн байдлаар хариуцлагаа өөрөө үүрээд яваад байдаг. Тэр нь нөхөр, хүүхдүүдэд маань таалагддаггүй юм шиг байна билээ. Аргагүй биз дээ. 

-И.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийг төгсөж ирээд хувийн уран бүтээлд анхаарч ажил­лах боломж байсан ч мэд­сэн сурснаа бусадтай хуваал­цахыг илүүд үзсэн. Яагаад...?

-Би дипломоо онц дүнтэй хамгаалсан. И.Репиний ака­демийг ингэж төгсөнө гэдэг бол хэр баргийн хүний хам­гаалдаггүй эд л дээ. Тухайн үед Улаанбаатарт ирээд миний ажиллах газар тодорхой байсан. Гэтэл намайг төгсөж ирдгийн даваан дээр миний ажиллах хэвлэх үйлдвэрт ажлын орон тоо байгаагүй, би энд ирээд хийх ажилгүй болсон. Хэн ч арван жил мэргэжлээрээ сурчихаад ажилгүй, эцэг эхээсээ автобусны мөнгө горьдоод сууж чадахгүй шүү дээ. Тухайн үед яах учраа олохгүй, ажил хайгаад л байсан. Тэр үед Багшийн дээд сургуульд цагийн багшаар хэсэг ажиллаад дараа нь жинхэлсэн. Ингэж би оюутнуудад 1994 он хүртэл хичээл заасан. Оросоос шинэ, залуу боловсон хүчин ирчихээд багшаар шууд амлагдчихсан гэсэн үг. Ингэж амьдрал намайг багшлах ажилд шамдуулсан. 

-Тэгээд та яг хэдий үеэс хувийн уран бүтээлдээ анхаарал хандуулсан юм бэ. Эсвэл багшлах хугацаандаа бүтээлээ хийгээд л байв уу?

-Би 1994 онд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж Монголын урчуудын эвлэлийн хорооны нэрэмжит шагнал авсан. Урам орсон юм уу, дахиад нэг үзэсгэлэн гаргамаар санагдаад болдоггүй. Сургуулийнхаа захиралд энэ тухайгаа хэлээд нэг жилийн чөлөө хүсэхэд надад өгөөгүй болохоор ажлаасаа гарсан. Түүнээс хойш 2014 он хүртэл уран бүтээлээ хийсэн. Харин одоо бол СУИС-д багшилж байна. Намайг Багшийн дээд сургуульд багшилж байхад хүмүүс “Зураач болохгүй багш болох хүмүүст хичээл заалаа” гэдэг байсан. Яг миний ажлын орон тоо дүрслэх дээр байгаагүй. Тэгээд СУИС-ийн зарыг олж хараад гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөхөд намайг дэмжсэн. Тэд намайг багшлах дуртайг мэддэг болохоор миний багшлах саналыг зөвшөөрсөн хэрэг.

 

Шавь нартаа “Та нар дэлхийн хүмүүс” гэж хэлдэг

 

"Тайзны ард"95х65см ( холимог техник)

-Илрээгүй төрмөл авьяа­сыг олж өнгөлдөг ажлыг багш гэдэг. Одоо бол тантай адилхан уран бүтээл хийгээд явж байгаа шавь олонтой болсон уу?

-Багшийн дээд сургуулийн оюутнуудаа сайн мэдэхгүй юм. Харин СУИС-д багшилж байгаа 10 жил бол уран бүтээлч төрүүлэхэд бага хугацаа. Уран бүтээлч болох тийм амархан зүйл биш. Уран бүтээлч болохын тулд насан туршийн хөдөлмөр, боловсрол хэрэгтэй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд миний шавь нараас хэд хэдэн бүтээлч хүүхэд гарсан. Гэхдээ би тэднээс хэн нэгнийг нь онцолж хэлмээргүй байна. Яагаад гэвэл, тэд болоогүй, бүгд хөгжлийн явцдаа байгаа бөгөөд сурч мэдэх цаг хугацаа тэдэнд хэрэгтэй. 

Монголд номын зураач мэргэжлийг бий болгоод зургаахан жил болж байна. Номын зургийн зураачид дотроос миний шавь нар толгой цохиод явж байгаа гэдгийг бардам хэлнэ. Би оюутнууддаа “Үүнийг яг ингэж зур” гэж хэлэх дургүй. Тэр хүүхдийн ертөнцийг үзэх үзэл урлагаар хэрхэн илэрхийлэх, харах өнцгийг хөгжүүлэх нь миний ажил. Түүнээс биш уран зураг зурдаг гээд ганцхан зүйлээ нухаад байвал өнөөдөр хоцрогдсон. Дэлхий өөрөө тэс ондоо болчихоод байна шүү дээ. Тиймээс би шавь нартаа “Та нар дэлхийн хүмүүс” гэж хэлдэг. “Би Монголдоо...” гэж ярих асуудал өнөөдөр хоцорсон. Дэлхий хавтгай болчихсон. Хүүхдүүдийн үзэж харах зүйлийг дэлхийн түвшинд аваачихгүй бол утгагүй. Тэгэхээр англи хэлгүй хүн энэ нийгэмд хэцүүднэ. Яагаад гэвэл, гадаадын хэдэн хэлээр юм уншиж, мэдээлэл авна тэр хэмжээгээр тархи “задарч” байна гэсэн үг. Гэхдээ энэ цагийн хүүхдүүд мундаг, 2-3 гадаад хэлтэй байна. Ийм хүүхдүүдтэй ажиллаж байгаа хүн өөрийгөө байнга боловсруулах шаардлагатай байдаг. Үгүй бол хоцрогдоно. Гэхдээ ямар ч үеийнхэнд давуу болон сул тал байдаг. Энэ бол түүх юм.

-Уран бүтээлийн өсөн дэвших явцад таны ээжийн нөлөө их байсан. Театрын уур амьсгалыг мэдэрч, заримыг нь ургуулан бодож зургаараа илэрхийлнэ гэдэг хүн бүхэнд тохиох аз завшаан биш?

-Би үнэхээр азтай хүн. Түүнийгээ тухайн үед мэдээгүй. Миний л амьдрал шүү дээ. Одоо бодоход ойлгоогүй мөртлөө тийм сайхан амьдралыг туулчихсан байна. Дуурийн театр хүүхдийн хувьд үлгэрийн ертөнц. Намайг харах хүн байхгүй учраас театрт өссөн ч гэж хэлж болно. Манай аавын аав, ээж гадаадад байдаг. Ээжийн маань эцэг, эх эрт өнгөрсөн болохоор театр намайг хүмүүжүүлсэн. Дуурийн театрын давхар болгонд дуучид хоолойн дасгалаа уншина. Тэр нь надад ердөө таалагддаггүй байсан. Тэгсэн одоо би ямар ч дуучин, хөгжимчний  багахан алдааг сонсоод мэддэг. Өссөн орчин маань тийм болохоор алдаатай, алдаагүй гэдгийг өөрийн эрхгүй мэддэг болсон байгаа юм. Тэгэхээр хүүхэд байхдаа мэдэрч байсан бүхэн, балетын жүжигчдээс урлаг бол уйгагүй хөдөлмөрийн үр дүн гэдгийг ойлгосон. Тэсвэр тэвчээр маш их хөлс хүч гаргасны дараа гоё сайхан зүйл бүтдэгийг харсан. 

-Таныг хамгийн их “зовоо­сон” нь ямар нэртэй бүтээл байв?

-Яг санаандаа хүртэл хийхийн тулд зургаа зурах гэж нэлээд шанална. Ингэж бодох юм бол намайг хамгийн их шаналуулсан бүтээлүүд бол ээждээ зориулсан балетын анхны үзэсгэлэн. Төслөө бичээд жилийн өмнө үзэсгэлэн гаргах эрхээ авсан ч гараас бүтээл гарч өгөхгүй намайг их шаналгасан. Монгол урчуудын эвлэлийн хорооны танхимд үзэсгэлэн гаргах хугацаа дөхөөд байдаг. Хагас жил өнгөрлөө, нэг ч зураг байдаггүй. Тэр үед би урлангүй. Ажлаа гэртээ хийх гэхээр нэг л болж өгөөгүй.

 Өвөл зуслан руугаа нүүж, ганцаар байж нэлээд бясалгасны үндсэн дээр бага насны минь гоё дурсамжууд бодитоор нүдэнд минь үзэгдэж эхэлсэн дээ. Тэр үед би хүний тархийг гайхамшигтай санах ой юм байна гэдгийг ойлгосон. Хэсэг хугацааны дараа гар эвлээд эхэлсэн чинь надад тухайн үеийн балетын жүжигчдийн хөдөлгөөн, хувцас, хөгжим зэрэг бүх зүйл тов тодорхой өчигдөр үзсэн мэт болж өөрийн эрхгүй сэтгэл, гар, нүд гурав минь нийлэн байж тэрхүү үзэсгэлэнгээ гаргаж билээ. 

Зураг зурах явцад амандаа балетын хөгжмийг аялж суусан гээд бод доо. Ээж миний зургуудыг хараад бүр гайхсан “Чи миний энэ даашинз, гоёл гэх мэт зүйлийг яаж санаж байна аа. Би зургийг чинь хараад саналаа” гэсэн. Тэр үзэсгэлэнгээс хойш балетын бүтээл хийх сэдэл төрсөн гэж ойлгож болно. Одоо бол би шинээр балет зохиогоод зураад байгаа /инээв/.

 

Монголын балетын алтан үеийнхнийг бүтээлээрээ мөнхлөхийг хүссэн

 

-Энэ таны анхны үзэсгэлэн бил үү?

-Анхны үзэсгэлэн өөр, 1994 онд гаргаж байсан. Харин анхны балетын үзэсгэлэнгээ 2004 онд, ээжийнхээ 60 насны ойд зориулан гаргасан. Би нийтдээ 28 бие даасан үзэсгэлэн гаргасан. Тэдгээрийн 10-ыг зөвхөн балетад зориулан гаргасан байдаг юм. Ээжийнхээ үеийн дуурийн театр, Монголын балетын урлагийг бий болгосон алтан үеийнхнийг бодоод уран бүтээлээ гаргахыг хүссэн. Яагаад гэвэл, тэднээс энэ цагт юу ч үлдээгүй. Миний ээж бараг 20 жил балетын гол дүрүүдийг бүтээсэн. Гэсэн ч манай ээжийг тэд мартсан. Тиймээс ээжийгээ мартуулахгүй байхын тулд, ямар балетын жүжигчин байсныг сануулахын төлөө бүтээл хийе гэж бодсон. Би чинь зураач хүн шүү дээ. Энэ бодлоороо, энэ эрчээрээ би балетаар сэдэвлэсэн 10 үзэсгэлэн гаргасан байна. 

-Танд “би”-дээ баригдаж, хайрцаглагдаж явсан үе бий юү?

-И.Репиний академи төгсөж ирээд академик сургалт, соц хүмүүжилдээ баригдаж явсан үе надад бий. Тэр хайрцагнаас гарах гэж би долоон жилийг зарцуулсан. Их зовсон. Тэгж явсаар асуудал миний ертөнцийг үзэх үзэлд байгааг ойлгосон. Аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж авахаар шийдсэн. Тэгээд байгаад нь баярлаж явах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Үүний дараа би их аз жаргалтай болсон. Миний сэтгэж бодох хүртэл өөрчлөгдөөд чөлөөтэй болж эхэлсэн. 

Хүн машин биш гэж боддог. Харамсалтай нь энэ кибер, шинэ ертөнц хүнийг бас их өөрчилж байна. Хүн илүү өөрөөрөө байх боломж багасаж байнга завгүй юуны төлөө амьдарч буйгаа умартсан мэт... Чин сэтгэлээсээ хайрлаж, баярлаж, гомдож, уйлж, баяр баяслыг мэдэрдэг байхгүй бол уйтгартай машин шиг санагдаад байдаг юм. Урлагийн хүн болоод тэр үү бүү мэд. Надад уйтгартай, нэг хэвийн зүйлс таалагддаггүй. Би баясгалантай байж, инээх дуртай. Ямарваа юмыг хийвэл хийсэн шиг хийнэ. Дургүй бол хийхгүй. Гэхдээ уран бүтээлийн хувьд эхлүүлсэн зүйлээ дуусгаж санаа амардаг зантай. Энэ нь уран бүтээлч хүнд заавал байх ёстой чанар юм.

-Зарим хүн энэ асуултад хариулдаггүй. Таны бүтээлээс хаана, хэний цуглуулгад байгаа вэ?

-Швейцарт нэлээд хэдэн хүний цуглуулгад миний бүтээл байдаг. Ер нь гаднын орнуудад цөөнгүй бий. Монголд ч гэсэн уран бүтээлийн цуглуулгатай хүмүүс миний бүтээлийг авсан. Нэрийг нь хэлээд яах вэ дээ, нэлээд хэдэн улстөрчид миний бүтээл байдаг. 

-Улсын сан хөмрөгт таны хэдэн бүтээл байдаг вэ?

-Есөн бүтээл. Үүнээс ч олон байх байсныг заримыг нь өгөөгүй. Яагаад гэвэл, тухайн үед дэндүү хямдхан үнэлээд байсан юм. 

-Нийгмийн байдлаас бүтээлийн үнэлэмж шалтгаалах уу. Эсвэл бүхнийг уран бүтээлч тодорхойлж байна уу?

-Бүтээлийн үнэлгээг одоогоор уран бүтээлчид тогтоож байна. Тогтоосон үнээр худалдан авч байгаа тохиолдолд бодит үнэ юм шиг байгаа юм. Бодит бус үнэ бас байна. Бас юугаар ч үнэлэхээргүй бүтээлүүд байдаг. Уран бүтээлч хүн болгонд тийм зүйл байгаа. Уран бүтээлч хүн дахин давтагдашгүй зүйл хийснээ өөрөө мэдэрдэг байхгүй юу. Бүх зүйл цогцоороо гайхамшигтай байх ёстой. Бас өрсөлдөхүйц уран бүтээлчтэй байна гэдэг гоё. Байхгүй бол яах юм бэ. Ганцаараа мундаг байх юм уу, утгагүй биз дээ. Ер нь бол өрсөлдөгч байвал чи хөгжинө. Гэхдээ шударга, бие биенээ хүндэлдэг байх ёстой. 

-Та уран бүтээлээ аялалтай зүйрлэсэн. Тэгвэл та энэ аяллынхаа аль хэсэгт нь явж байна вэ?

-Ер нь хүн энэ амьдралаас ихийг хүсдэг боловч бүх юманд цаг хугацаа байдаг гэж би хардаг. Иймд өвөг дээдсийн хэлдэг байсан “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг сургаалын утга учрыг ойлгож эрүүл амьдрахыг хичээх болсон. Эрүүл саруул байж үр дүнтэй амьдарч, насан эцэстлээ зургаа зурахсан гэж хүсдэг, хийх ажил ч их байна. 20 жилийн өмнө хийсэн, шууд барьж аваад зурах эскизүүд байна. Тэдгээрээс эхлээд алинаар нь үзэсгэлэн гаргахаа бодож төлөвлөнө. Ер нь миний анзаарч мэдэрснээр бүтээл болгон өөрийн цаг хугацаатай боловсорч, төрсөн өдөртэй байдаг нь учиртай. Нэг бүтээл хийхийн тулд уран бүтээлчид олон удаа эскиз зурж байж тэр дотроосоо сонгон сайжруулж амилуулдаг юм. Би ирэх арваннэгдүгээр сард шавь нартайгаа хамтарч үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байгаа. Багш хүн өөрийн амжилтаас илүү шавь нарынхаа амжилтанд баярладаг юм байна билээ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24557/

 


0
angry
5
care
0
haha
10
liked
7
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.95
2024/10/06
0
0
Sejgiin avgai
Хариулах
139.5.216.74
2024/04/07
2
2
Unen tsaraigaa ingej nuuna gej baidagaa? Neg l ih bolovsorson gegeersen hun yag ugtaa bol oorigoo magtah ovchtei, jil bolgon minii unetei budag alga bolloo ta nar avsan gej oyutnuudasa neheed buderhiig n otood baij baidag.
Хариулах
Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 20 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө