Дотоодын аялал жуулчлал сэргэж монголчууд эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газруудыг үзэх сонирхол эрс нэмэгдсэн. Найз нөхөд, гэр бүлээрээ аялал зохион байгуулж, эмх цэгцтэй, дэг журамтай, соёлтой, боловсон аялах нь орчин үеийн чиг хандлага болсон гэхэд хилсдэхгүй. Аяллаар юу үзэж, ямар сонирхолтой адал явдалтай учирдаг нь хэн хүнд сонирхолтой л байх болов уу.
Ийнхүү дотоодын аялагчдын очих дуртай байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж, сонирхох зорилго өвөрлөн бидний хэдэн нөхөд аян замд гарлаа. Аяллын тов говийн бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрууд. Хувийн бэлтгэлээ базааж, хүлгийн тэнхээг шалган холын аянд дөрөө жийв. Улаанбаатар хотоос өмнө зүгт 200 гаруй километр давхиад Дундговь аймгийн Адаацаг сумын Бага газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт цогцолбор уулын барааг алсаас харан хүлгийн жолоо татлаа. Эндээс алс замын итгэлт анд цардмал замаас салах цаг иржээ. Харуй бүрий нөмөрч харанхуй өтгөрч эхэлсэн тул жолооч эргэлзэж байна. Эндээс цардмал замаа дагаад 70 километр яваад Дундговь аймгийн төв Мандалговь орж хоноод өглөө буцаж ирэх үү, эсвэл цардмал замаасаа салаад 74 километр явж уулаа бараадаж хонох уу гэдэг сонголттой тулгарав.
Хэдэн хормын дараа засмал замыг эргэлзээтэйгээ хамт орхиод зассан юм шиг толийсон замаар үргэсэн зээр шиг дэгдэж эхлэв. Туулын усыг туучиж, тунгалаг усанд нь булхаж өссөн надад цагаан дэрстэй хөндийг уруудан баруун зүгт давхиад байгаа бололтой санагдана.
Говийн үдэш цагаан гэгээ тэнгэрийн хаяанд уяатай. Намхан толгодын гоо төрх тосон бийрээр зотон даавуунд уран зураачийн яруухан гараар зурагдах мэт харах нүдийг минь жаргаанхан байна. Морьтой хүн харагдахааргүй өндөр ургасан цагаан дэрс, мараа, тогтоол холилдон цайрах өргөн хоолойг уруудан давхихад торох юм үгүй ажээ. Километр тутамд машины гэрэлд "нүд" орж ирэх бөгөөд хярсны зөнжигүүд л ойр, ойрхон шогшиж яваа харагдах. Өдийд бие даах болоогүй санагдах юм, арай би насанд хүрсэн хярсыг зөнжиг гэж хараагүй байгаа. Эндхийн малчид уул, толгодын орой бараадаж буудаг юм байна. Өдөртөө их халдаг болохоор тэр болов уу. Малчин айл бүрийн гадаа явуулын чирдэг сууц байх. Ийм сууц зуны отор нүүдэл ихтэй говь нутгийнханд хэрэгтэй л эд.
Бага газрын чулуу хаа холоос бараагаа нэг харуулж аваад нуугддаг хачин уул байна. Үдшийн гэгээ тасрахгүй л бол хэлбэр дүрсээр нь харанхуйд ч таних гэж хаа холоос сайн харж аваад хөдөлсөн юм. Харагдах бараа алга.
Цардмал замаас салаад удаагүй таарч зүг заасан нутгийн жолооч гүйцэж ирээд, хөтөлж давхив. Жуулчны хүрээ рүү салдаг уулзварыг зааж өгнө гэсэн юм. Урд орон жирийлгэж явснаа зогслоо. Гүйцээд очтол машинаасаа бууж, гайхсан байртай толгойгоо маажиж зогсоно. За энэ ч төөрсөн бололтой гэсэн бодол андуу байсангүй. Ингээд бид холоос гэрэл нь цайвалзан харагдах Адаацаг сумыг бараадаж хонохоор боллоо. Оройноос өглөө сэргэг гэдэг дээ.
Явган аялагчдын диваажин Бага газрын чулуу
Адаацагт нар мандав. Газрын чийг наранд ууршиж манан болон дэгдэх аж. Адуу тургилан, худаг руу дэргэтэл хатиран ирж, алсаас саалийн үнээд дэлэнгээ дааж ядан, тугалаа мөрөөсөн мөөрсөөр наашлах нь Монголын хөдөө нутаг амар амгалангаа зарлан мэндчилж байна. Өглөөний цай бэлтгэх зуур эд зүйлээ цуглуулан ачаалж хөдлөхөд бэлэн болов. Шатахуун түгээгүүрийн нойрмог түгээгчээр банкаа дүүргүүлээд нүднээ содон тусах Бага газрын чулууг бараадасхийгээд хөдлөв.
Бага газрын чулуу гэх байгалийн үзэсгэлэнт цогцолбор алсаас нэгэн цул уул мэт боловч үзэх харах юм ихтэй үнэхээрийн цогцолбор ажгуу. Ам бүр нь өөр тогтоц, үзэсгэлэн гоог илэрхийлэх агаад судаг, сархиаг бүхэнд нь норсон аньсага мэт чийгтсэн цул боржин чулуудын завсраар уулын тунгалаг шанд бултасхийн үзэгдээд шургана. Зэрлэг бут, таана, хөмүүлийн үнэр зөөлөн сэвшээ хөлөглөн ирж сэнгэнээд л. Хөл хөнгөрчээ. Байгалийн гоо үзэмж ямар ч хүний дотоод тамирыг сэргээдэг бололтой. Өөгүй мөлгөр хадыг эвлэгхэн нь аргагүй өрсөн мэт, араасаа налуу толгодын оройд гарахад тун чиг амархан юм.
Хаднаас хадны хооронд яг л арван хэдтэй хүү мэт дэгдэн цэцэгсийн үнэрийг шунамхайран сорж зүрхнийхээ ёроол руу мэдрэмж юүлэх нь жаргал авай. Бага газрын чулуунд Жаргалантын агуй, Сөдөтийн ам, Нүдний рашаан, Гэр хад гэх мэт жуулчдын сонирхлыг татах газар олон ажээ. Уулын зүүн өмнө Гэр хад хэмээх жижгэвтэр хаднаа хүрлийн үеийн сүг зураг байдаг гэнэ. Анчин түүвэрлэгчийн үед нэгэн отгийн галаа манаж үлдсэн эр янгир, нум сум, хүн, нохойтой төстэй жижгэвтэр амьтныг сийлсэн нь өнөө бидний үед ховор үзмэр болжээ. Гэр хаднаас холгүй өөр нэг хаданд хоёр буга дүрсэлсэн байх бөгөөд 170 сантиметр урт, 90 сантиметр өргөнтэй энэ зураг Дундговь аймгийн хэмжээнд томоохон олдворт тооцогддог гэнэ.
Бага газрын чулуунд Болорын агуй бий. Социалист нийгмийн үед болор олборлож байсан уурхайг хааж агуй үлджээ. Чулуун хадны доогуур хурын ус урсдаг хоёр метр орчим голчтой том амтай, эгц доош гүнзгийрсэн энэ агуй 18 метр үргэлжилдэг. Агуйн эргэн тойрон гүйлс ургадаг, хавар зуны цагт цэцэглээд маш сайхан харагддаг гэж нутгийн хүмүүс сонирхуулав. Жаргалантын агуйгаас нэг километр орчимд эгц элгэн хаданд зориуд өрөмдсөн мэт харагдах хагас метр орчим гүн нарийхан цооног нүхэнд хурын ус тогтсоныг нутгийхан Нүдний рашаан гэдэг. Нүдний өвчин, харалган хүмүүст ач тустай.
Бага газрын чулуу хэмээх энэ их ууланд аргаль, янгирын сүрэг хуйлран, ар бэлээр нь зээрийн сүрэг бэлчих бөлгөө. Аялал зугаалганд дуртай хүмүүс Бага газрын чулуунд олон хоногийн үүргэвчтэй явган аялал хийхэд тун тохиромжтой санагдав. Бие даан аялах чадвартай хүмүүс майхнаа үүрээд хээрээр хоноглоод явбал сайхан байх. Аялагчид үр хүүхдүүдтэйгээ ирэх бол маш анхаарал болгоомжтой байвал зохих болов уу. Харахад намхан мэт мөлгөр хадны орой өөд хүүхдүүд томоогүйтэн авирвал осолтой санагдлаа. Бидний дараагийн буудал Сүм хөх бүрд.
Яруу найраг, утга уянгын шүншигтэй Сүм хөх бүрд
Нэр нь хүртэл утга уянга эгшиглэх ажгуу. Их үдийн наранд, цайвалзан долгилох зэрэглээ бүжин, арал дээрх хуучин сүмийн туурь бодолд дарагдан суугч их хүмүүн эгшигт шувуудын ганганаа анирдан байх мэт сүрлэг, ихэмсэгхэн дүнхийх амой. Үзэсгэлэнт бүрдийн дунд орших жижиг арал дээр XVI-XVII зууны үед барьсан чулуун сүмийн туурь шувууд, зэгст нуурын мандал хийгээд даяанч дэглий, өнчин хунтайгаа хоршин хүмүүний сэтгэлийн мянган утсыг хөглөн эгшиглүүлэх яруу найраг болно. Сүм хөх бүрдээс сөгнөсөн сархад үнэртэж шүлгийн шад мөртүүд сонсогдох мэт.
Нуурын зэгсэнд цагаан дэглий мэлхий отон үүрэглэж ил задгай уснаа түмэн хэлийн шувууд шуугин ганганалдсаар аянчдыг угтана. Даяанч дэглий яг л фото модель мэт хөдөлгөөнгүй зогсон аялагчдын хужирхайг тэнийтэл зургаа авахуулж байна. Нуурын эрэг хөвөөг эмжин сүмийн зүг одсон цардмал зам тавьсан байх ба тойруулан барьсан төмөр хашаатайгаа адил сэтгэл дутсан эзний харалган нүд хараагүй бололтой нурж холтрон бутарчээ. Сүм хөх бүрд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд байдаг сурагтай. Хариуцлага, сэтгэл дутсан л санагдлаа.
Нууранд ганц өнчин хун 50 жил ганцаар амьдарч байгаа гэнэ. Нутгийн хөгшидтэй таарвал асууж хууч сонсоно гэж бодсон ч амжсангүй. Анх XVI зууны үед Төвөдийн ноёны хүү монголчуудаар бариулсан боловч барилгын нурууг тавьж амжилгүй баривчлагдан эх орондоо буцжээ. Ийнхүү оройгүй сүм үлдэж, хожим хэд хэдэн удаа дээвэр хийсэн боловч тухай бүрд аянга бууж эвдлээд байсан тул дээвэргүй үлдсэн гэх домог буй. Хожмоо говийн догшин ноён хутагт энэхүү оройгүй үлдсэн тууринд “Саран хөхөө” жүжгээ тоглуулж байсан гэдэг.
Байгалийн сайхан, түүхийн үнэт дурсгалыг үзэж сонирхож, амрахаар жилдээ 3000 орчим гадаад, дотоодын жуулчин, аялагч ирдэг гэнэ. Миний бодлоор Сүм хөх бүрдийн ойр орчмыг урлаг, уран сайхан, яруу найргийн төрлөөр сэдэвчлэн зохион байгуулж жилдээ нэг удаа урлагийн тоглолт, яруу найргийн наадам хийж хөгжүүлмээр санагдах. Хуучин сүмийн ардхан барьсан шинэ сүмд хоёр яруу найрагч лам шүлэг дуудан суувал хэчнээн хүний сэтгэл татагдах бол хэмээн мөрөөдөн мушийснаа энд дурдахад юунд буруудах билээ. Дундговь аймгийн есөн гайхамшгийн нэг Сүм хөх бүрдийг дэлхийн яруу найргийн төв болгон хөгжүүлэх болтугай.
Экстрим, эрх чөлөөг мэдрүүлэгч Цагаан суварга
Дундговь аймгийн Хулд сумаас урагш салсан цардмал замын 144 дэх километрээр зүүн салаад 30-аад километр явахад Цагаан суварга орно. Шороон зам руу ороод л бидний хөөрүү дэврүүн, утга уянгын аялал шууд л экстрим болж эхэллээ. Говийн хатуу дагжуур хөрс эвдэрч, дэржигнүүр ихтэй, сул шороотой замыг бий болгожээ. Зөөлөн явах ямар ч боломжгүй тул хурдлахаас өөр сонголтгүй. Сул шороон дээр шарваж, дэржигнүүр дундуур давхисаар талын дунд барьсан жуулчны баазад давхиж хүрэв.
Хөлслүүлэх өрөө сураглаж үнэ ханшийг нь асуувал “Хоногийн хоёр хоолтой, халуун ус, душ, жорлонтой өрөөг 560 мянгаас 800 мянгын хооронд үнэлдэг. Гэхдээ манай өрөөнүүд бүгд дүүрсэн. Бүр хоёр гурав хоногийн захиалга дүүрсэн байгаа” гэв. Энд ирсэн аялагчдын 70-80 хувь нь гадаадын буюу Япон, Өмнөд Солонгосын жуулчид гэнэ. Тэдэнд өвс ургамал, мод бут, гол нуураас илүүтэй нүд алдам цэлгэр уужим хөндий хязгааргүй эрх чөлөөг мэдрүүлж нүүрэн дээр мэт харагдах оддын анивалзаа сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг нь лавтай. Дэргэдэх эрдэнээ мэддэггүй гэдэгчлэн бид өөрсдийн хязгааргүй эрх чөлөөг мэдэрдэггүй юм биш үү.
Цагаан суврага орчмын байгалийн тогтцыг бартаат замын хоёр, дөрвөн дугуйт мотоциклийн уралдаан, экстрим аяллын чиглэлээр ашиглаж, хөгжүүлэх юм бол гадаадын ийм төрлийн сонирхолтой аялагчид хошуурах нь лавтай.
Ер нь Дундговь аймгийн аялал жуулчлалын газар байгалийн өвөрмөц тогтоц, түүх дурсгалаа сэдэвчилсэн чиглэлээр хөгжүүлбэл болох юм шиг санагдаад байснаа өгүүлээд Ёлын ам хүрэх аяллаа үргэлжлүүлье.
Монголын Жанжиажэ Говь гурван сайхан, Ёлын ам
Хулд сумаас урагш 120 дахь километрээс эхлээд газар гандуу цагаан болж эхлэв. Үе үехэн шороон хуй эргэлдэж замын хажуугаар үхсэн малын сэг зэм үзэгдэх нь сэтгэлд тээртэй. Засмал замаар давхисаар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт байх Говь гурван сайханы нурууны байгалийн өвөрмөц тогтоц бүхий Ёлын ам руу орж ирэв. Гандуу цайвар цагаан уулс барсын арьсан хэвнэг хөдөрсөн мэт харагдах нь мөнх ногоон арц толбо мэт ургаснаас болжээ. Ам өгсөөд л янгир, тоодогтой таарсан нь ховорхон тохиох аз байлаа. Сүрлэг том эвэрт тэх эгц хадан оргилд цөөвтөр сүргээ ажин халдлагаас сэргийлэх мэт зогсоно. Даваа давж хэсэгхэн уруудаад авто зогсоолд хүрэв. Эндээс гурван километрын цаахантай байх мөсөн хонгилтой хадан хавцал хүрэхийн тулд 20 мянган төгрөгөөр морь хөлсөлж унана. Буцахдаа өгсүүр тул алхахаас халшран морь хөлсөллөө. Талбайгаас хөдөлж, хушуу тойроод л дуу алдав. Ийм сүрлэг, гоо үзэсгэлэнгийн хослолыг хараад эрхгүй нулимс мэлмэрдэг юм байна.
Эгц, эгц цавчим өндөр хадан халил дундуур уулын цэнгэг горхи урсаж, үүлэнд тулам өндөр хадан оргилууд дээгүүр ёл элин халих нь үзэгдээд л. Ямар азаар би монгол хүн болж төрөв өө хэмээн эрхгүй уулга алдан бахадмаар гоо үзэсгэлэн тэр ажгуу. Хавцал уруудах тусам нарийссаар мөсөн хонгил байх хэсэгт ирэхэд хоёр морьтой хүн зөрж гарамгүй болох аж. Гадаад, дотоодын аялагч, жуулчдаар хавцал дүүрчээ.
Мөсөн хонгил дээр зогсож, доогуур нь мөлхөж зургаа татуулах хүмүүсийн нүд сэтгэл ханамжаар дүүрэн гялалзана. Ийм байгалийг үзэх гэж монголчууд өмнөд хөршийн Жанжиажэ хотыг зорьдог. Гэтэл бидэнд өөрсдийн Жанжиажэ байна. Дэлхийн аялагчдыг Монголд аялуулах гэж урихаасаа өмнө бид эхлээд саваа бэлдэх ёстой. Зөвхөн говийн хоёр аймгийн нутагт байх түүх дурсгалын үзэсгэлэнт нутгуудаар явахад л ийм бодол төрж байна.
Ёлын амыг машины зогсоолоос эхлэн дүүжин тээвэр, явган гүүр гэдэг хоёр сонголттойгоор мөсөн хавцалд хүргэдэг болгоод, эгц хадан оргилуудыг шилэн гүүрээр холбож, уулын тагтад урд талаараа нэвт харагддаг шилэн хаалттай жижиг байшингууд барьчихвал “валют уутлах” боломжтой санагдана.
Байгаль ч цэвэр онгон төрхөө сэргээж гоо үзэсгэлэн нь улам төгс болох биз. Ер нь говийн хэдэн аймгаа төрөлжсөн аялал жуулчлалаар хөгжүүлбэл уул уурхайгаас олдог орлогоос илүү валют олох боломж дүүрэн байна. Монгол гэдэг дэлхийн сүүлчийн нүүдэлчид, онгон дагшнаараа гоёж, дэлхийн брэнд болох болтугай хэмээгээд тэмдэглэлээ өндөрлөе.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24557/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна